| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/03674/И |
| Дугаар | 210/МА2024/01442 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01442
2024 07 19 210/МА2024/01442
Б.И.Ц.У.Г УТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01460 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.И.Ц.У.Г УТҮГ-ын нэхэмжлэлтэй
А.Р ХХК-д холбогдох
Үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,437,430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Т.Т.З.Б чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дэд бүтцийн барилга угсралтын ажлын хүрээнд шаардлагатай бараа, материал /зам төмөр, дэр бетон, жижиг хэрэглэл/-ыг Зэвсэгт хүчний *** дүгээр анги болон Зэвсэгт хүчний бусад анги, байгууллагууд А.Р ХХК-тай гэрээ байгуулан тээвэрлүүлэх ажлыг гүйцэтгүүлсэн. А.Р ХХК нь Зэвсэгт хүчний *** дүгээр анги /тухайн үеийн ангийн санхүүгийн дарга Х.А/-тай харилцан тохиролцсоны дагуу гэрээт ажлын үед шаардагдах шатахууныг Зэвсэгт хүчний *** дүгээр ангийн гэрээт байгууллага болох С.М ХХК-иас тус ангийн нэр дээр бүртгүүлэн гэрээнд заасан ажилд зарцуулах шатахуунаас илүү шатахууныг *** аймгийн *** сум дахь тус компанийн нөөцийн агуулахаас авсан байна. Тус аж ахуйн нэгж нь С.М ХХК-иас нийт 162,579,679 төгрөгийн шатахуун авсан бөгөөд үүнээс А.Р ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтийн дагуу Зэвсэгт хүчний *** анги нь Зэвсэгт хүчний *** дүгээр ангид өгөх өглөгөөс С.М ХХК-д 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөг, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 60,058,290.10 төгрөгийг тус тус шилжүүлсэн. З.Х.Б.И.Ц.Угазраас Т.Т.З.Бчиглэлийн төмөр замын төслийн ажлын хүрээнд харьяа ангиудын өглөгийн мэдээг нэгтгэн захиалагч М.Т.З ТӨХК-д хүргүүлэхдээ А.Р ХХК-ийн өглөгийн зөрүүг хасч тооцоогүй, 162,579,697 төгрөгийг С.М ХХК-д төлөх тухай албан бичгийг хүргүүлсэн. Дээрх тооцоог үндэслэн захиалагч М.Т.З ТӨХК-иас 162,579,697 төгрөгийг С.М ХХК-д шилжүүлсэн. С.М ХХК нь 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр илүү төлөлтийн 2,083,977 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд дээрх илүү төлөлтийг үндэслэн А.Р ХХК-иас 70,437,430 төгрөгийг буцаан гаргуулах ёстой, давхардуулж төлсөн талаар мэдсэн. А.Р ХХК-ийн санхүүгийн баримтуудаас дээрх илүү төлсөн төлөлт харагдана. Иймд Зэвсэгт хүчний *** дүгээр ангиас А.Р ХХК-д шатахууны төлбөрт илүү шилжүүлсэн 70,437,430 төгрөгийг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
А.Р ХХК-ийн данс руу 340, *** дүгээр ангиас шатахууны илүү төлөлт буюу ямар нэг шатахууны тооцоо хийсэн нэг ч төгрөг ороогүй болно. Бид 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоогоо дуусгавар болгож, тээвэр хийсэн үлдэгдэл мөнгөө авч тооцоо нийлсэн. Иймд *** дүгээр анги хууль бусаар шатахууны 70,000,000 төгрөг нэхэмжилсэн байна. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд *** дүгээр ангийн 29 тонн шатахууны үлдэгдэл үлдсэнийг *** дүгээр ангийн нягтлан Х.А *** дүгээр ангийн үйлчилгээний машин болон манай том оврын крануудад ажил дуустал уг шатахуунаар цэнэглэж дуусга гэсэн үүрэг өгсөн. Уг шатахууныг 2020 оны 04 дүгээр сар хүртэл *** запрушкаар /тоолууртай шахдаг/ түгээгч Д өгч дуусгасан. Уг шатахууны гар бичмэл болон баримтыг *** дүгээр ангийн санхүүд өгсөн. Нийт санхүүгийн баримтын тооцоог зарим хэсгийг *** дүгээр ангийн санхүүгийн хариуцлагагүй байдлаас талыг нь алга хийсэн байдаг. Энэ талаар Х.А болон санхүүгийнхэн өөрөө хариуцна гэж шүүхийн нэхэмжлэлд бичсэн байдаг. Харин 70,000,000 төгрөгийн хувьд он дуусах гээд С.М ХХК-тай тооцоо нийлэхэд манай *** дүгээр анги танайхаас түгээлгэж байсан шатахуунаас 29 тонны үлдэгдэл үлдээд байна. Танайх *** ангиас авах тээврийн хөлсөөр түр хаагаад өг гэдэг саналыг тавьсан. Үлдэгдэл шатахууныг *** дүгээр анги ажил дуустал хэрэглээд санхүүжилт орохоор /шинэ оны/ танай компани руу шилжүүлж төлбөрөө хийе гэдэг санал тавьсан. Хамтран ажил гүйцэтгэж байсны хувьд саналыг хүлээн авч, *** ангид манай тээврийн хөлснөөс *** дүгээр анги рүү шилжүүлж өгнө үү гэж албан бичиг хийж өгсөн. *** ангийн нягтлан тээвэр хийсэн хөлс гэрээний дагуу тээврийн хөлсөнд орно, дараа санхүүгийн шалгалт ороход асуудал үүснэ гээд манай А.Р ХХК-ийн дансанд тээврийн хөлс гэж мөнгө шилжүүлсэн байдаг. Үлдэгдэл 29 тонн шатахууныг 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 04 дүгээр сар хүртэл хугацаанд *** дүгээр ангийн үйлчилгээний машинууд болон том оврын кранд түгээж дуусгасан болно. Түгээсэн бүх бичиг баримтыг *** дүгээр ангийн санхүүд өгсөн. Иймд А.Р ХХК-тай ямар нэгэн төлбөрийн тооцоо байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт заасныг баримтлан А.Р ХХК-иас 70,437,430 төгрөгийг гаргуулан Зэвсэгт хүчний Б.И.Ц.У.Г УТҮГ-т олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжпэгч З.Х.Б.И.Ц УТҮГ нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөгийг дурдаж, хариуцагч А.Р ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 510,137 төгрөгийг гаргуулан улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:
Зэвсэгт хүчний Б.И.Ц.У.Гтай шүүхийн маргаантай байгаад хөдөө тээвэрт яваад хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй. Тухайн үед шүүгчийн туслахад м-ээр хүсэлт явуулсан. Өөрөө биеэр оролцох хүсэлтэй байсан өөрөө ирж чадаагүй шууд нөгөө талд гарсан тул давж заалдах хүсэлтийг хүлээн авч шийдэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б.И.Ц.У.Г УТҮГ нь хариуцагч А.Р ХХК-д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 70,437,430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Н/283 дугаар тушаалаар Т.Т.З.Бчиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын хүрээнд түр байгуулж Т.Т-***, ***-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад үүрэг гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний төмөр замын *** дүгээр ангийн үйл ажиллагааг зогсоож, 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөр татан буулгаж, материал, техник, өмч хөрөнгийг хавсралтын дагуу бусад анги байгууллагад хүлээлгэн өгөх, хүлээлцүүлэх зэрэг арга хэмжээ авахыг Б.И.Ц.У.Гт хариуцуулж шийдвэрлэжээ.
Уг арга хэмжээний хүрээнд Б.И.Ц.У.Г болон Зэвсэгт хүчний төмөр замын *** дүгээр ангийн хооронд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэгдэж, А.Р ХХК-ийн 70,437,429.60 төгрөгийн авлагыг Б.И.Ц.У.Гт шилжүүлсэн байх тул Б.И.Ц.У.Г УТҮГ нь уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
3.1. Зэвсэгт хүчний төмөр замын *** дүгээр анги болон А.Р ХХК-ийн хооронд 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулагдаж, А.Р ХХК нь *** аймгийн *** сумын өртөөнөөс тээвэрлүүлэгчийн заасан газарт зам төмөр, бетон дэр, тоног төхөөрөмж, хавчаар, бооль, уулзварын бэхэлгээ зэрэг материалыг тээвэрлэж, хөлс авч байсан үйл баримт талуудын тайлбараар тогтоогдсон.
3.2. Талууд Тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдэж, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй ба хураангуй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн тооцоо нийлж үзэхэд А.Р ХХК 162,379,697 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулжээ.
3.3. Мөн А.Р ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдөр өөрийн тээврийн тооцооноос 162,579,697 төгрөгийг С.М групп ХХК-д шатахууны өглөгт шилжүүлүүлэх хүсэлт гаргаж, үүний дагуу Зэвсэгт хүчний *** ангиас 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 30,000,000 төгрөгийг Төмөр замын тээврийн зардлыг ЗХ-ний *** дүгээр ангийн ШТМ-ын үнэ гэх утгатай, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 60,058,290.10 төгрөгийг А.Р ХХК тээврийн өглөгийг ЗХ-ний *** ангийн шатахууны өглөгт шилжүүлэх гэх утгатай тус тус С.М групп ХХК-д шилжүүлсэн байна.
Дээрх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
3.4. Хариуцагч А.Р ХХК нь Зэвсэгт хүчний *** дүгээр ангийн нягтлан бодогчтой 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд 29 тонн шатахуун үлдсэн, үүнийг *** дүгээр ангийн нягтлан бодогч Х.А тус ангийн тээврийн хэрэгслүүдэд хийж дуусга гэсэн үүрэг өгч 2020 оны 01-04 дүгээр сард хийлгэж дуусгасан, мөн уг 29 тонн шатахууныг *** ангиас авах тээврийн хөлсөөрөө хаагаад өгөөч гэсний дагуу тухайн албан бичгийг үйлдсэн, нэхэмжлэгчтэй тооцоогүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг татгалзжээ.
Гэвч Зэвсэгт хүчний төмөр замын *** дүгээр ангийн санхүүгийн даргаар ажиллаж байсан Х.Аын гэрчийн мэдүүлэгт ...Жилийн эцэст С.М групп ХХК-тай тооцоо нийлээд А.Р ХХК дээр манай *** дүгээр ангийн нэрийн өмнөөс авсан бензин нь гараад ирсэн... Нэг ёсондоо миний зөвшөөрөлгүй *** дүгээр ангийн нэр дээр А.Р ХХК татан авалт хийгдчихсэн байсан. Тэгээд жилийн эцэст тооцоо нийлээд гэрээгээ дүгнээд ... А.Р ХХК-ийн гаргаж өгсөн тооцооны суутгалыг хийгээд 162,000,000 төгрөгийн авлага манай анги дээр үүссэн ... 162,000,000 төгрөгийг *** ангиас А.Р ХХК-ийн нэрийн өмнөөс С.М групп ХХК руу төлчих юм бол энэ асуудал дуусахаар байсан... Тэгээд 01 дүгээр сард А.Р ХХК-ийн нэрийн өмнөөс 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн 04 дүгээр сард үлдсэн 60,000,000 гаруй төгрөгийг нь шилжүүлсэн... 70,000,000 төгрөг нь 06 дугаар сард С.М групп ХХК-тай Зэвсэгт хүчний Б.И.Ц.У.Г гэрээ хаахад *** дүгээр ангийн төлбөрөөс дутаад гараад ирж байгаа юм... Манай өмнөөс Б.И.Ц.У.Г хаачихсан... 2022 оны сүүлээр анги татан буугдаад Зэвсэгт хүчний Б.И.Ц.У.Г руу шилжихэд авлага нь хамт шилжиж байгаа юм... Энэ хүн шатахуун өг гэснийг нотлоод бидэнд баримт өгөх ёстой. Танайх тийм дугаартай, тийм машиныг, тийм өдөр хэдэн литр шатахуунаар цэнэглэсэн, энэ жолооч хүлээж авсан гэсэн баримтыг манайд өгчихвөл бид орлого аваад буцаагаад тухайн машинууд дээр зарлага гаргаад баримтаа бүрдүүлнэ. Би замын хуудас гэдэг зүйлийг яриагүй. Манайхыг авсан гэсэн ямар ч баримт байхгүй... 25 тонн шатахууныг хэрэглэх боломж байхгүй. Тухайн үед ажил зогссон байсан. Ойр зуурын үүрэг гүйцэтгэж байгаа хэдэн машинууд л байсан. 25 тонн шатахууныг аваагүй. 12 дугаар сарын 31-ний өдрөөр тооцоод тооцоогоо дууссан. Тэгээд 162,000,000 төгрөгийн авлага үүссэн гэж мэдүүлснээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нэхэмжлэгч Б.И.Ц.У.Г УТҮГ-ыг хариуцагч А.Р ХХК-аас 70,437,429 төгрөгийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд хөдөө тээвэрт яваад хуралд өөрийн биеэр оролцож чадаагүй. Тухайн үед шүүгчийн туслахад хүсэлт явуулсан. Өөрөө биеэр оролцох хүсэлтэй байсан гэсэн гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдсэн, тэрээр хүндэтгэн үзэх шалтгаанаа баримтаар нотлоогүй тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзсаныг зохигчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.
5. Дээрх үндэслэлээр гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01460 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 507,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА