Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 2019/ШЦТ/183

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

ХХ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга О.Өлзийбуян,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч А.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Т-д холбогдох эрүүгийн 1938003000219  дугаартай хэргийг  2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.Т-, 

Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Г-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...2019 оны 3 дугаар сарны 07-ны өдрийн орой манай ажлын газрынхан эмэгтэйчүүдээ баярлуулах гэж 3 дугаар хороонд байдаг Буман Агт караокед орж 3 цаг орчим дуулж сууж байгаад шөнө караоке хаасны дараа ажлын газрын Баярмаа эгчийнд очиж 3 шил архи уусан. Тэгээд шөний 02 цаг өнгөрч тарах үед манай ажлын газрын нэг залуу , нэг эмэгтэй хоёр согтоод тасарчихсан байсан юм. Тэгэхэд нь би А.Т-г “тэр тасарчихсан байсан Батдэлгэр гэдэг залууг аваад гараарай” гэж хэлтэл А.Т- миний үгийг үл тоож гадаа гараад тамхи татаад зогсоод байсан...Тэгэхээр нь би А.Т-д уурлаад “гараад ир” гэж хэлсэн. А.Т-г араас гарч ирэхээр нь шанаа руу нь гараараа нэг цохиж автал. тэр үед тэнд байсан манай ажлын хүмүүс салгаад А.Т-г аваад гэрлүү орсон. Тэгэхээр нь би араас нь орж Батдэлгэрийг авч гарч ирэх үед А.Т- араас гарч ирээд үгийн зөрүүгүй миний нүүр лүү мөргвж хамраас цус гаргасан. Тэхээр нь би А.Т-г барьж аваад бид хоёр хэсэг ноцолдсон. Тэр үөд мөн л манай ажлынхан салгах гэтэл миний баруун гарын дунд хуруунаас хазчихаад тавихгүй байсан. Би А.Т-г “чи миний хурууг салгалаа шүү дээ” гэж хэлээд байхад тавихгүй зуураад байсан. Сүүлдээ тэнд байсан манай ажлын Энхпүрэв модоор А.Т-г цохиж байж тавиулсан юм. Тэгээгүй бол миний гарыг тасартал нь хазах байсан...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р тал/

Гэрч Б.Энхпүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...Тэр өдөр 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр байсан бөгөөд манай ажлын хамт олон ажлын газрын эмэгтэйчүүдээ баярлуулах гээд Х сумын 3-р хороонд байдаг Буман агт караокед орж хэдэн цаг дуулаад караоке хаасны дараа манай ажлын Баярмаа эгчийнд очиж хоёр шил архи уугаад шөнө 3 цагийн үед тарах гэж байхад Б.Г-, нягтлан бодогч А.Т- нар маргалдаж муудалцан зодоон хийсэн. Би тэр хоёрын юунаас болж хоорондоо маргапдсаныг мэдэхгүй. Шөнө намайг явах гээд гэрээс гарч ирэх үед Б.Г-, А.Т- хоёр барилцаад авчихсан ноцолдож байсан. Тэгэхээр нь би дундуур нь ороод салгах гэтэл салж өгөхгүй зууралдсан А.Т- Б.Г-ийн хуруунаас нь хазаад тавихгүй байсан юм. Тэгэхээр нь би хажуудаа байсан байшин доторлогооны рек модыг аваад А.Т-гийн мөр нуруу хэсэгт нэг удаа цохьсон. Тэгтэл А.Т- Б.Г-ийн хурууг тавиад сапахаар нь би гараад гэр лүүгээ шууд явсан...А.Т-гийн хувийн байдлын тухайд манай ажилд ороод удаагүй байгаа болохоор мэдэхгүй байна. Харин Б.Г- бол элдэв муу зуршилгүй, хамт олондоо нэр хүндтэй, нийтэч наргианч зантай залуу байгаа юм аа...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р тал/

Шүүгдэгч А.Т-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн: ...Хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэхдээ тухайн үед Б.Г- намайг эхэлж цохиод өдөөд байсан учраас л түүнийг мөргөсөн. Тэгээд намайг тэвэрчихээд тавихгүй байхаар хурууг нь хазсан нь үнэн...Би хохирогч Б.Г-ийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч, түүнээс уучлалт гуйсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/

ХХ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны                        4 дүгээр сарын 12-ны өдрийн 204 дугаартай: Б.Г-ийн биед баруун сарвууны дунд хурууны 1-р шивнүүрийн хатингаршил, 2- р шивнүүрийн цууралт, баруун дунд хурууны ил шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой. Б.Г-ийн биед үүссэн гэмтэл нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Шүүгдэгч А.Т- нь 2019 оны 3 дугаар сарын 06-07-ны өдрийг шилжих шөнө ХХ аймгийн Х сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Г-ийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрчүүд нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.

Шүүгдэгчийн энэ гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах”  гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч А.Т- нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-р тал/-аар тогтоогдож байна.

Хавтаст хэргийн 13-р талд хохирогч Б.Г-ийн “...Би А.Т-гаас ямар нэгэн мөнгө төгрөг авмааргүй байна. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

        Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

         Шүүгдэгч А.Т-гийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан, прокурорын санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч А.Т-д Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

        Шүүгдэгч А.Т- нь шүүхэд "….шүүх хуралд өмгөөлөгчгүйгээр орох хүсэлттэй…." гэх хүсэлт гаргасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн 1938003000219  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Т-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч А.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

4. Эрүүгийн 1938003000219  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

5.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Т-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш,  эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР