Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02022

 

     2024           11        25                                                   210/МА2024/02022

 

 

Д- Д- Д-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03424 дугаар шийдвэртэй

Д- Д- Д-гийн нэхэмжлэлтэй, М-О- х д- с-д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулах, сахилгын шийтгэл ногдуулах, арга хэмжээ авах тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. ОХУ-ын иргэн Д- Д- Д- би 1998 оноос М-О- хамтарсан * дугаар с-д бага ангийн багш, 2009 онд 2-5 дугаар ангийн сургалтын менежерээр тус тус ажиллаж байгаад 2023 оны 01 сарын 01-ний өдөр тус с-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж сарын ***** төгрөгийн цалин авахаар харилцан тохиролцож ажиллаж байсан. Тус сургуулийн захирал “Боловсролын ерөнхий газраас баталсан жишиг нормативын дагуу миний ажлын байр илүү ажлын байр гэж тооцогдож 2023 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн санхүүжилт тусгагдахгүй болсон, мөн хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 6 сарын 30-ны өдөр дуусаж, сунгагдахгүй болсон” гэсэн үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосныг зөвшөөрөхгүй. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар тус сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаал нь байнгын ажлын байр юм.

1.2. Гэвч уг ажлын байранд өөр хүн ажилд авсан, одоо 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн болон 2-5 дугаар ангийн өдөр өнжүүлэхийг хариуцсан менежерийн албан тушаал гэж хоёр ажлын байр болгосон ба 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаал нь хасагдаагүй байна.

1.3. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны тухайд 2023 оны 07 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст гомдол гаргаж, 2023 оны 08 сарын 09-ний өдрийн шийдвэрээр урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон.

1.4. Хариуцагч нь надад 2 удаа сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг гаргасан нь үндэлсэлгүй бөгөөд намайг ажиллаж байх үед сахилгын шийтгэл оногдуулж байгаагүй. Энэхүү 2 тушаал гарсан гэж мэдэгдэж, танилцуулж байгаагүй.

Иймд намайг тус сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү. Мөн тус сургуулийн захирлын 2022 оны 10 сарын 29-ний өдрийн *** дугаартай Д.Д.Д--д сахилгын арга хэмжээ авах тухай болон 2023 оны 06 сарын 09-ний өдрийн ** дүгээр Д.Д.Д-,  Ө.О нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын Д.Д.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж өгнө үүгэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 47 дугаар зүйлийн 47.1  дэх хэсэгт зааснаар Д.Д.Д-тай харилцан тохиролцож 2023 оны 01 сарын 01-ний өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулахдаа гэрээний 1.5-д “нэг хичээлийн жилийн хугацаатай” байгуулсан нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлж, бичгээр гэрээ байгуулж харилцан тохиролцсоныг илэрхийлж байна. Түүнчлэн Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хөдөлмөрийн гэрээний 1.5-д заасан хугацааг нэг хичээлийн жилийн хугацаатай байхаар тохирсон. Тус сургуулийн Хөдөлмөрийн дотоод журмын 2.1-д Багш, ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 47, 48, 49, 50 дүгээр зүйлүүдэд зааснаар гэрээний гол нөхцөл, ноцтой зөрчилд тооцох зүйлийг харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг хугацаатай болон хугацаагүй байгуулна гэж заасан. Иймд тухайн хөдөлмөрийн гэрээ нь өөрсдийн хүсэл зоригийн хүрээнд байгуулсан хугацаатай хөдөлмөрийн гэрээ тул Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон" гэсний дагуу хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь үндэслэлтэй гэж үзэж байна.

2.2. Түүнчлэн нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээг байгуулах үед хугацаатай холбоотойгоор ямар нэгэн гомдол гаргаагүй ба хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан талаарх гомдлоо Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т энэ хуулийн 154.2.1-д зааснаас бусад хөдөлмөрийн эрхийн маргаантай асуудлыг 90 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах гэж зааснаар гаргаж байсан талаарх баримтгүй байна.

2.3. Д.Д.Д-д 2022 оны *** дугаар болон 2023 оны ** дүгээр тушаалаар сахилгын шийтгэл оногдуулсныг өөрт нь танилцуулж, цалингаас нь тус тус 20 хувиар хасаж байсныг нэхэмжлэгч тухайн үед маргаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.2-т заасны дагуу 90 хоногийн дотор сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах ёстой байсан. Д.Д.Д- нь 2 тушаалын аль алинд нь 90 хоногийн дотор Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо руу хандаагүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан нөхцөл бүрдээгүй байхад шүүхэд тус сахилгын шийтгэл оногдуулсан тушаалуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нь үндэслэлгүй, хугацаа хэтрүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д зааснаар Д- Д- Д-г урьд эрхэлж байсан М-О- х д- сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д зааснаар хариуцагч М-О- х д- сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 134,685,988.92 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д- Д- Д-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 4* дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар нэхэмжлэгч Д- Д- Д-гийн 2023 оны 8 сарын 01-нээс 2024 оны 9 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажуулалт хийхийг хариуцагч М-О- х д- с-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.2.2, 157 дугаар зүйлийн 157.1-д зааснаар нэхэмжлэлээс үлдэх М-О- хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 10 сарын 29-ний өдрийн *** дугаар Д- Д- Д--д сахилгын арга хэмжээ авах тухай тушаалыг бүхэлд нь, 2023 оны 06 сарын 09-ний өдрийн ** дүгээр Д- Д- Д, Ө.О нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаас өөрт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 210,600 төгрөгийг Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 831,379.94 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх дууссан эсэхийг нягтлалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуулийг ноцтой зөрчжээ. Шүүх дараах үйл баримтыг шүүх нягтлаагүйгээр иргэний хэрэг үүсгэсэн. Д.Д.Д--тай М О х с-ийн захирлын 2023 оны 06 сарын 23-ны өдрийн **** тоот тушаалаар хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор мөн холбогдох хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй, мөн хуулийн 154.3-т тус хороо нь гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор маргааныг шийдвэрлэнэ гэж заасан. Гэтэл нэхэмжлэгч шүүхэд гаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2023 оны 08 сарын 09-ний өдрийн ***дугаар тэмдэглэлээр Д.Д.Д-гийн гомдлыг шийдвэрлэсэн. Улмаар Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дугаар зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан ажлын 10 өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхад Д.Д.Д- нь энэ шийдвэрийг хэзээ хүлээн авсныг нотолсон баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй, анхан шатны шүүхэд 2023 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь хэргээс харагдаж байна.

Эндээс үзвэл Д.Д.Д- нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан эсэхэд баримт байхгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байхад энэ талаар шүүх зохих ёсоор дүгнэлт хийгээгүй байгаа нь хуулийг ноцтой зөрчжээ.

4.2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ өөрийн иргэний харьяаллыг нотолсон баримтыг хавсаргаагүй бөгөөд зөвхөн Монгол Улсад оршин суух үнэмлэхийн хуулбарыг хавсаргажээ. Тэрбээр ОХУ-ын иргэн гэдэг, мөн Монгол Улсын иргэнтэй гэр бүл гэдэг Монгол Улсын иргэншил авсан эсэх нь тодорхойгүй. Монгол Улсад гэрээгээр ажиллаж байгаа атал Монгол Улсад байнгын ажлын байранд ажиллах ёстой хэмээн маргаж байхад аль улсын иргэний харьяалалтайгаа нотолсон анхан шатны эх бичиг баримтын хуулбараа шүүхэд өгөх ёстой, шүүх түүнийг нягтлах ёстой. Гэвч энэ талаар шүүх дүгнэлт хийлгүй, түүний ажлын байрыг байнгын ажлын байранд ажиллах эрхтэй гэж урьдчилсан дүгнэлт хийсэн.

4.3. Шүүх Монгол Улс, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын гэрээтэй ажлын байрыг “Байнгын ажлын байр” гэж үзэн хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж дүгнэжээ. Манай сургуулийн зүгээс Оросын холбооны улсаас ирсэн багш нартай байгуулдаг хугацаатай хөдөлмөрийн гэрээ нь хоёр улсын Засгийн газар хоорондын 1994 оны 09 сарын 17-ны өдрийн гэрээнээс хойш Ж.С захирлын эхлүүлсэн тогтож хэвшсэн харилцаа юм. Энэхүү хоёр улсын гэрээ нь Олон улсын гэрээний тухай хуулийн * дугаар зүйлийн 3.1.1-д тодорхойлсон "Монгол Улсын олон улсын гэрээ" гэж Монгол Улс, Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг болон хэд хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, эсхүл олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон, олон улсын эрх зүйгээр зохицуулагдах, түүний эсхүл өөр хоорондоо холбоотой хоёр болон хэд хэдэн баримт бичигт агуулагдаж байгаа олон улсын тохиролцоог;” хэлдэг.

Тэгвэл манай сургуулийн ОХУ-аас томилогдон ирэх журмыг гэрээгээр өөр процедуртай байхаар хоёр улсын Засгийн газар тохиролцсон байдаг. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 2.2-т заасан Монгол Улсын олон улсын гэрээгээр зохицуулахаар заасан харилцаа гэж үзнэ. Олон улсын гэрээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т дараах гэрээг УИХ заавал соёрхон батална гэж заасан бөгөөд хоёр улсын Засгийн газар хооронд хамтарсан с- байгуулах асуудал үүнд хамаарахгүй боловч тус хуулийн 3.1.1-д заасан тодорхойлолтод хамааран Засгийн газар хоорондын гэрээг Монгол Улсын олон улсын гэрээ биш гэж үзэж, хөдөлмөрийн харилцааны хүрээнд хэрэгсэхгүй байх боломжтой юм.

Тодруулбал, хоёр улсын Засгийн газар хоорондын 1994 оны 09 сарын 17-ны өдрийн гэрээний 6-д зааснаар ОХУ-ын талаас Буриадын Улаан-Үүд хотын 1 дүгээр сургуулиас манай с-д багшлах багш нарыг жагсаалтыг жил болгон ирүүлдэг ба 2023-2024 оны манай с-д багшлах багш нарын жагсаалтад Д.Д.Д--н нэр багтаагүй бөгөөд Д.Д.Д--тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, тэрээр өөр ажилд орох гэж байгаа талаар хэлсэн тул түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг Б/216 дугаар тушаалаар 2023 оны 07 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосон. Гэтэл анхан шатны шүүх хэрэгжих боломжгүй, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, бөгөөд хуулийг буруу тайлбарласан байна.

Засгийн газар хоорондын гэрээний 6 зүйлд “Оросын холбооны улс М О х д- с-д багшлах багш нарыг сонгохоор заасан, Харин гэрээний 7 дугаар зүйлд Оросын холбооны улсаас ирж ажиллаж буй багш нарын ажиллах газраа ирж, буцахад замын зардлыг Монголын нутаг дэвсгэр дээр хариуцаж байх” гэж заасан байдаг. Энэхүү 2 улсын хооронд байгуулагдсан гэрээний дагуу О-ын х-ы улс нь М О-ын х д- с-д багшлах багш нарыг М улс руу илгээдэг бөгөөд ингэхдээ Б улсын У-д хотын * сургуулиас багш нарыг илгээж ирсэн. Ингэхдээ жил бүр манай с-д багшлах багш нарын жагсаалтыг тус 1 дүгээр с- гаргаж илгээдэг ба ирсэн багш нартай гэрээгүй ажиллуулж болохгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нотлох зорилгоор манай с- хугацаатай хөдөлмөрийн гэрээ үргэлж байгуулж ирсэн. Учир нь гэрээнд заасны дагуу манай с-д ирсэн багш нар нь М улсын иргэн биш, байнга оршин суудаггүй, тодорхой хугацаанд ажиллаж байгаад нутаг буцдаг хүмүүс ба зарим тохиолдолд шууд ажлаа орхиод яваад өгчихдөг. Иймд манай с- эдгээр багш нартай байнгын ажлын байр гэж үзэн хугацаагүй гэрээ байгуулах боломжгүй бөгөөд дээр дурдсан багш нарын жагсаалтад байгаа багш нартай жил болгон нэг хичээлийн жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулж жагсаалтын дагуу сунгасаар ирсэн.

4.4. Мөн түүнчлэн 2024 оны 08 сарын 26-ны өдөр болсон шүүх хуралд Ж.С-г гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан. Ж.С нь мэдүүлэгтээ “...Хоёр талын Засгийн газрын гэрээний үндсэн дээр байгуулагдсан с-..." гэж 1994 оны 09 сарын 17-ны өдрийн “У хот дахь М-О- сургуулийн тухай” гэрээг дурдсан /хх 139-141 дэх талууд/ байхад түүнийг хэрэгт ач холбогдолгүй талаар дүгнэлт хийгээгүй, шаардлагатай тохиолдолд гэрээг татан авч үзэх, олон нийтийн нээлттэй эх сурвалжаас авч үзээгүй, нийтэд илэрхий үйл баримтыг зохих ёсоор шалгаагүй байна. Шүүхээс Ж.С-гийн тайлбарласан хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ нь Монголын шинжлэх ухаан, боловсролын яам, О х-ы улсын боловсролын яам, б улсын боловсрол, дээд с-, шинжлэх ухааны байгууллагуудын хэргийг эрхлэх яамны хооронд байгуулсан “У хот дахь М-О- сургуулийн тухай” гэрээ болно. Энэхүү гэрээ нь М О-ын хамтарсан сургуулийн цахим хуудасны нүүрэнд (https://oros3.mn/pubiic/home) байрладаг бөгөөд хэн бүхэн мэдэх боломжтой юм.

4.5. шүүхийн шийдвэрт “Хэдийгээр нэхэмжлэгч 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн М- О-н хамтарсан ерөнхий боловсролын ***дугаар с-д бага боловсролын багшаар ажиллаж байгаа гэх талаар зохигч талууд маргаагүй боловч эл байдал нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтооход саад болохгүй” гэжээ. Д.Д.Д--тай 2023 оны 06 сарын 23-ны өдөр**** дугаар тушаалаас өмнө түүнийг ажлаас халах гэж байхад тэрээр “Би одоо өөр ажилд орох гэж байгаа, халахаа болиод сахилгын шийтгэл оногдуулаад өгөөч’’ гэж гуйсан тул тус сургуулийн Захирал түүний хүсэлтийг харгалзан үзэж халахаа больж сахилгын шийтгэл оногдуулж байсан. Үүний дараагаар хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж, У-ийн * сургуулиас 2023-2024 оны хичээлийн жилийн манай с-д багшлах багш нарын жагсаалтад Д.Д.Д- багтаагүй тул 2023 оны 06 сарын 23-ны өдөр Б/216 дугаар тушаалаар 2023 оны 07 сарын 30-ны өдрөөр тасалбар болгон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Үүнээс хойш ердөө 1 сарын дараа М О-ын х ерөнхий боловсролын ***дугаар с-д ажиллаж эхэлсэн. Гэвч тус *** дугаар с-д манай с-д ажилладаг байсан үеэсээ илүү өндөр цалин авч байгаа байж ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр маргаж, үүнийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад маргаагүй үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргасныг анхаарч үзэхийг хүсэж байна. Мөн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудлыг давж заалдах гомдолд дурдаж байна. 2023 оны 8 сарын 9-ний өдрийн хуралдааны тэмдэглэл тодорхой хугацааны дараа гарсан учраас хуульд заасан хугацаа хэтрээгүй. Мөн О * дугаар сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаал түр ажлын байр эсвэл байнгын ажлын байр эсэх асуудлаар талуудын хооронд маргаан үүссэн. Ажлын байр гэдэг нь ажиллаж байгаа хүн оршин суугч уу, М Улсын иргэн үү гэх асуудлын талаар маргадаггүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад сургалтын менежерийн албан тушаал байнгын ажлын байр гэж тайлбарладаг. Тухайн албан тушаалд Д.Д- Д- 1992 оноос хойш бага ангийн багшаар ажиллаж байсан бөгөөд 2009 оноос хойш 2023 оны 6 сарын 23-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Мөн тухайн сургуулийн захирал солигдсонтой холбоотой Д.Д-г ажлаас чөлөөлөхөөр удаа дараа арга хэмжээ авагдсан. Анхан шатны шүүхэд талууд маргахдаа Д.Д- нь 2 удаа цалингийн 20%-ийг хасуулах сахилгын шийтгэл оногдуулж байсан учраас хөдөлмөрийн гэрээг сунгах боломжгүй. Уг нөхцөл байдлаас харахад хариуцагчийн зүгээс байнгын ажлын байранд хугацаатай гэрээ байгуулагдах боломжгүй. Өмнөх сургуулийн захирал нь хугацаагүй гэрээтэй ажиллаж байсан гэж тайлбарладаг. Талуудын хооронд анх удаа хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан боловч гэрээг сунгасан хугацааны нийлбэр 2 жилээс дээш тохиолдолд уг гэрээг хугацаагүй байгуулсанд тооцно” гэх зохицуулалттай. Мөн О улсаас бага ангийн багш нарын нэрсийн жагсаалтыг ирүүлдэг. Тухайн жагсаалтаар хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр ажиллуулах багш нарыг талууд тохиролцдог. Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан учраас талуудын хөдөлмөрийн харилцаа дуусгавар болсон гэж үздэг. Гэвч талуудын хооронд хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан гэж тайлбарладаг гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гаргасан гомдлын хүрээнд хянаад, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Д- Д- Д- нь хариуцагч М-О- хамтарсан * дугаар с-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сахилгын шийтгэл ногдуулах, арга хэмжээ авах тухай ажил олгогчийн тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчтэй 2023 оны 01 сарын 01-ны өдрийн гэрээнд нэг хичээлийн жилийн хугацаатай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан, мөн ажлын хариуцлага алдсанд нь 2 удаа сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлөх үндэслэл бүрдсэн байсан гэсэн тайлбар гарган маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон, нэхэмжлэгч О-ын иргэн Д- Д- Д-г хариуцагч М-О- хамтарсан * дугаар сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

4. Нэхэмжлэгч нь 1998 оноос эхлэн М-О- х д- с-д бага ангийн багшаар, 2009 оны 10 сарын 05-ны өдрөөс бага ангийн хичээлийн эрхлэгч буюу 2-5 дугаар ангийн сургалтын менежерээр тус тус томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байжээ. Хариуцагч М-О- х* дугаар сургуулийн захирлын 2023 оны 06 сарын 23-ны өдрийн *** дугаар тушаалаар Бага, дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.3, хөдөлмөрийн гэрээний 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн тус сургуулийн 2-5 дугаар ангийн сургалтын менежер Д- Д- Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон дуусгавар болгож, түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 07 сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж, уг хорооны 2023 оны 08 сарын 09-ний өдрийн 92 дугаар шийдвэрээр талууд харилцан тохиролцоогүй байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгосон. Улмаар нэхэмжлэгч шүүхэд хандан 2023 оны 08 сарын 29-ний өдөр нэхэмжлэлээ гаргажээ. Нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчиж нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хариуцагч тал нэхэмжлэлээс татгалзсан тайлбарыг гаргаж маргаагүй, энэ асуудлаар зохигч анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцээгүй байна.

Иймээс хариуцагч талын “шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах шаардах эрх дууссан эсэхийг нягтлалгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авсан нь хуулийг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Хариуцагч М-О- хамтарсан * дугаар с- нь нэхэмжлэгч Д- Д- Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2023 оны 06 сарын 30-ны өдөр дуусаж, цаашид сунгагдахгүй болсон үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Анхан шатны шүүх зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, ажилд шилжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалууд, цалингийн хүснэгт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал нь ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааны үндсэн зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байнгын ажлын байр болохыг зөв тогтоожээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаас бусад нөхцөлд ажил олгогч нь ажилтантай хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулах үүрэгтэй. Гэтэл ажил олгогч нь байнгын ажлын байранд ажилтныг ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулж, хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3-т заасанд нийцээгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй.

Хариуцагч нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ “...талууд хүсэл зоригоо илэрхийлж, харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай байгуулсан. Улмаар хугацаа дуусаж, цаашид сунгагдахгүй болсон тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон” гэж тодорхойлсон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч нь өөр ажил эрхэлж байгаа буюу 2023 оны 09 сарын 11-ний өдрөөс эхлэн М-О- х ерөнхий боловсролын 162 дугаар с-д бага боловсролын багшаар ажиллаж байгаа нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтооход саад болохгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

6. Хариуцагч тал давж заалдах гомдолдоо “...2 улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр багш нарын нэрийг О-ын х-ы улсаас ирүүлдэг бөгөөд энэ жагсаалтад нэхэмжлэгчийн нэр багтаагүй. Энэ хэлэлцээрийг шүүх харгалзаж үзээгүй” гэсэн агуулгыг илэрхийлсэн. Мөн энэ талаар хариуцагч нь анхан шатны шүүхэд тайлбар гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаагүй байна. Түүнчлэн хариуцагч нь энэ талаархи баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгөөгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Мөн зохигчийн хооронд байгуулсан  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд тусгаагүйн зэрэгцээ хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөөгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

 

7. Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны *** дугаар тушаалын хавсралт журмын 1.6, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг бүтэн авсан сүүлийн 3 сарын цалингаас тооцон дундаж цалин хөлсийг 1 сарын 9,855,072.42 төгрөг, 1 өдрийн 469,289.16 төгрөгөөр, нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдсөн 2023 оны 08 сарын 01-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажлын 287 өдрөөр тооцож, хариуцагчаас 134,685,988.92 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, уг хугацаанд хамаарах нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 4* дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт нийцсэн байна.

Талууд анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрын талаархи хэмжээ, тооцооллын талаар маргаагүй учир давж заалдах шатны шүүх энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ОХУ-ын иргэн Д- Д- Д-г хариуцагч М-О- х с-ийн 2-5 дугаар ангийн сургалтын менежерийн албан тушаалд эгүүлэн тогтоосон нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасантай нийцсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг тухайн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй байх тул хариуцагч талын гомдлын агуулгаар шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/03424 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч М-О- х д- сургуулийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 901,580 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                  ШҮҮГЧИД                                    Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                        Э.ЭНЭБИШ