Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2019/ШЦТ/139

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч С.Болорзул,

Шүүгдэгч Г.Г,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Г.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002510180 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,Г.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 9 дүгээр гудамжинд Ж.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Г.Г нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Цахир 7 дугаар багийн 9 дүгээр гудамжинд Ж.Уыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Ж.Уын ... Би Гд утас зарсан тэгээд утас доголдоод байна гэж хэлээд байхаар нь утсаа буцаахаар болсон. Тэгээд гар утаснаас болж бид нар маргах болсон 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр миний утсыг өгөхөөр болж тэр утсыг ломбардаас Г авч өгөх болсон. Тэгээд төвийн Молор гэх ломбардан дээр хүрээд ир гэж намайг утсаар дуудсан. Би гэрээсээ гарч гудамжаар явж байхад хар машинтай манай гудамжинд ирчихсэн байсан. Тэгээд Г машин дотроос бууж ирээд мөн намайг хамт явж байсан нэг найз нь машинд суу гэж хэлсэн би суухгүй гэж хэлээд дургүйцсэн. Тэр үед Г миний цамцны захаас заамдаж хамар орчимд цохисон. Тэр үед би Гийн хөл рүү араар нь тохож газар унгааж дээрээс нь биеэрээ унасан. Тэгтэл хоёр найз нь салгаж Г бид хоёр хэрүүл хийсэн. Тэгтэл Г утсаа гаргаж ирээд утасны дэлгэж хагарчихсан байна гэж хэлээд цагдаа дуудаж дуудлага өгсөн. Намайг Г миний хөмсөг, уруул орчим гараараа цохиж өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-52/,

Гэрч Б.Дын ... 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр би ажилтай гадуур явж байхад манай найз Г утсаар залгасан тэгээд хүнээс утас авсан чинь авсан хүн намайг доромжлоод байх юм хоёулаа очъё гэж хэлсэн. Тэгээд хаяг авч очихоор явж очиход гэрийг нь олоогүй тэгээд тэр гудамжинд таарсан Баянхонгор сум 7-р багт байх гудамж байсан юм. Тэгээд машинд суучих гэхэд суухгүй гэсэн тэгтэл Г барилцаж авсан тэр залуу Ганааг хавсарч унгааж байгаа харагдсан. Тэгээд дээрээс нь өвдөглөсөн би бууж ирээд салгаж ганц утас дээрээс болж зодоон хийх гэсэн юм уу гэж хэлээд салгасан. Тэгээд тэр залууг гэртээ харь гэж хэлээд нэлээд цааш авч явсан тэгтэл хоорондоо Ганаа тэр залуу хоёр хэрүүл хийсэн тэгтэл Ганаа хүрч ирээд тэр залууг барилцаж аваад нүүр орчимд нэг цохисон. Тэр хоёр миний харснаар харилцан зодоон хийж байгаа харагдсан тэгээд нөгөө танихгүй залуугийн хамраас цус гарчихсан байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/,

Гэрч  .Мын ... Гтэй хамт явсан тэгээд алхаж байхад манай нэг машинтай найз явж байсан тэр найзынхаа машинд бид хоёр орж суугаад хамт явсан тэгж явж байхад нөгөө залуутай Баянхонгор сумын Хөх толгойд байх гудамжинд таарсан. Г тэр залууг хараад буусан тэгээд чи яагаад хүн доромжлоод байгаа юм бэ гэж хэлэхэд тэр залуу өөдөөс нь чамд таарсан утас юм биш үү мөнгөтэй байсан юм бол шинэ утас авахгүй яасан юм бэ гэж хэлсэн. Тэгээд би машинаас буугаад тэр залууг машинд оруулах гэхэд суухгүй байсан мөн намайг халтар банди гэж хэлсэн тэгтэл Г цаанаас хүрч ирээд тар залууг боль гэж хэлээд цааш татахад тэр залуу Гийг хавирч газар унгасан. Тэгтэл жолооч залуу бууж ирсэн Эрдэнэдалай гэж дууддаг юм. Тэгээд Гийг би босгосон нөгөө залууг Эрдэнэдалай боль гэж хэлээд салгасан. Тэр үед Г босож ирээд машинд суух гэж байснаа утсаа үзтэл утас хагарчихсан хотойчихсон байсан. Тэр үед Г уурлаж нөгөө залуу руу очиж чи яаж байгаа юм бэ гэж хэлээд нэг өвдөглөж цохиж байгаа харагдсан. Тэгээд Эрдэнэдалай бид хоёр очиж салгахад тэр залуугийн хамраас цус гарчихсан байсан ... Намайг харахад Г.Г Ж.Уын нүүр орчимд цохисон, өвдөг нь хамар орчимд цохисон байх тэрнээс өмнө нь Ж.У гэх залуу Гий хүзүүнээс хойш татаж унгаасан мөн дээрээс нь хоёр удаа цохиж байгаа харагдсан тэгээд өвдөглөсөн тэр үед жолооч бид хоёр салгасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 56/,

Шүүгдэгч Г.Гийн ... 2019 оны 02 дугаар сарын 23-нд фейсбүүк хаягаар утас авна гэж хэлж байгаад У гэдэг залуутай харилцаж утас авахаар болсон. Тэгээд маргааш өдөр нь утас авсан тэгтэл тэр утас доголдож гэмтэлтэй утас байсан тэгээд ахиж тэр У гэх залуутай холбогдож утсаа буцаах талаар хэлтэл тэр залуу миний өгсөн мөнгө үрсэн гэж хэлсэн. Тэгээд гар утсаа буцаахаар болж би тэр У гэх залууг миний мөнгө өгөхийг хүлээж 3-4 хоносон. Тэгээд эхнэр миний өмнөөс ярьж тэр залууг утас янзлуулж өгөхөөр болсон байсан. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр У утсаар ярьж намайг доромжилсон. Тэгээд Баянхонгор сумын 7 дугаар баг 9 дүгээр гудамжинд У гэх залуутай таарсан. Тухайн үед би ууртай явж байсан юм утасны цаанаас халтар банди гэж хэлээд чамд таарсан утас гэж хэлж миний уурыг их хүргэсэн юм. Тэгээд Утай таарч би барьж аваад хэрүүл хийсэн тэгээд заамдаж тугтрахад тэр залуу намайг хавсарч унгаасан мөн гуя дээр өвдөглөсөн өмдний халаасанд байсан миний утас тухайн үед дэлгэц хагарч далийсан байсан. Тэгээд би Уыг татаж хамар орчимд өвдөглөж босож ирээд хоёр удаа толгой орчимд цохисон. Тэр үед Уын хамраас цус гарсан тэгээд жоохон юм ярьж байтал тэр залуутай яриа нийлэхгүй дахиж зодоон хийж магадгүй байхаар нь би цагдаа дуудчихсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-70/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 04-ний өдрийн 182 тоот шинжээчийн ... Ж.Уын биед тархи доргилт, доод уруулд шарх, зүүн чамархайд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 35-35/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Ж.У шүүгдэгч Г.Г нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 59-60 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Г.Гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч *******ын Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Гд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Г.Гийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Г.Гийн эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Г.Г нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА