| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/02614/И |
| Дугаар | 210/МА2024/01443 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01443
2024 07 19 210/МА2024/01443
Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02631 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч О.Чт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 21,250,893.04 төгрөг гаргуулах иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэцэгсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Хариуцагч О.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б ХК-ийн *** дүүргийн С.Т.Ттөвтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 12,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 2,616,619.8 төгрөг, хүүд 941,150.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,009.8 төгрөг нийт 2,559,780.5 төгрөгийг төлсөн нь зээлийн бүртгэлийн картаар тооцоологдож гарсан. Хариуцагч зээл төлөлтийн эргэн төлөлтийн хуваарийг хэтрүүлсэн. Иймээс банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөхийг шаардаж холбогдож мэдэгдэл хүргүүлсэн боловч зээлээ төлөхгүй өнөөдрийг хүрсэн.
Хариуцагчаас үндсэн зээл 9,383,380.2 төгрөг, хүү 10,865,812.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,700.9 төгрөг, нотариатын зардал 16,000 төгрөг, нийт 21,250,893.4 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. О.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Х.Б ХК-тай 12,000,000 төгрөгийн цалингийн зээлийн гэрээг 36 сарын хугацаатай байгуулж 11,859,800 төгрөгийг дансаар хүлээн авсан.
Зээлд 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,565,000 төгрөг төлснөөс хойш зээлийг төлөх боломжгүй нөхцөл байдалд шилжсэн. О.Ч 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр өөрийн хүсэлтээр шатрын багшаас чөлөөлөгдсөн. Мөн Х.Б ХК-аас О.Чыг Монголбанкны муу зээлдэгч ангилалд шилжүүлснээр банк болон банк бус санхүүгийн байгууллагатай харьцах боломжгүй болсон.
2.2. Х.Б ХК нь 2018 оны 05 дугаар сард хариуцагчийн данснаас 2 удаа зээлийн таталт хийсэн нь банк болон зээлдэгчийн хоорондын харилцаанд нийцэхгүй үйлдэл юм. Учир нь 2020 онд цар тахлын үед Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгосон 300,000 төгрөгийг Х.Б ХК өөрийн хүсэлтээр зээлд суутгав гэх мэдэгдэлтэйгээр татан авсан. Мөн Э.Т.Т ХХК-аас олгосон хувьцааны 2 удаагийн ногдол ашиг 179,550 төгрөг, 270,372 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр зээлийн төлөлтөд татаж авсан. Тухайн татагдсан мөнгө зээлийн эргэн төлөлтөд зориулагдсан мөнгө биш, Засгийн газраас иргэдийн амьжиргаанд зориулан олгож буй дэмжлэг. Х.Б ХК-ийн дураараа мөнгө татсан арга хэмжээ үйлчлүүлэгчийн эрхийг ноцтой зөрчсөн бүдүүлэг үйлдэл гэж үзэж байна.
2.3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэгт заасныг үндэслэн гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсэг нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргахаас өмнө хүчингүй болсон.
Хариуцагч 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 1,565,000 төгрөгийг төлснөөс хойш зээлийн төлөлт огт хийгээгүй ба шүүхэд 2024 онд нэхэмжлэлээ гаргаж байгааг шунахайн сэдэлтэй үйлдэл гэж дүгнэхээр байна. Учир нь зээлийн гэрээний хугацаа 2021 онд дууссан. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөнөөс 3 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Иймээс тухайн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэж байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч О.Чаас зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 14,649,398 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.Б ХК-д олгож, үлдсэн 6,584,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 264,204 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 231,197 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх ...гэрээний хугацаа дуусах хүртэл төлөхөөс хариуцагчийн төлсөн 4,814,602 төгрөгийг хасаж тооцоод хариуцагчаас 14,649,398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 6,584,995 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь хуульд нийцнэ" гэж дүгнэхдээ хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитой, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь харьцуулан үзэж дүгнээгүй, гэрээний болон хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзнэ.
Зээлийн гэрээний 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээнд хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж хууль болон гэрээгээр тохиролцсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасан "нэмэгдүүлсэн хүү-г, мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус тайлбарласан. Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.6-д зээлийн хүү жилийн 20.4 хувь, нэмэгдүүлсэн хүү зээлийн 20 хувь байна гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 24 дүгээр зүйлийн 3-д заасан шаардлагыг хангасан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээгээр хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлийг тохиролцсон, уг гэрээний тохиролцоо нь хуульд нийцсэн байтал анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хүү хасаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал талуудын хооронд байгуулсан хүчин төгөлдөр гэрээний дагуу тооцогдсон хүүг хасах эрхийг шүүхэд хуулиар олгоогүй болно.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч О.Чт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,250,893.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Х.Б ХК болон О.Ч нарын хооронд 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Х.Б ХК нь 12,000,000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч О.Ч нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.
Мөн талууд зээлийн гэрээний 2.1.4-т жилийн 20.4 хувийн хүү төлөх талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.
4. Нэхэмжлэгчээс 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 12,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдсон байна.
5. Зээлийн бүртгэлийн карт баримтад зээлдэгчийг үндсэн зээлд 2,616,619.8 төгрөг, зээлийн хүүнд 941,150.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,009.8 төгрөг, нийт 3,559,780.5 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 9,383,380.2 төгрөг, хүү 10,865,812.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,700.9 төгрөг, нийт 21,234,893.4 төгрөг төлөөгүй гэсэн тооцоолол хийгджээ.
Хариуцагч 3,559,780 төгрөг төлсөн талаарх дээрх тооцооллын зарим хэсгийг түүний зөвшөөрөлгүйгээр суутгал хийсэн маргаж байх боловч уг татгалзлаа баримтаар нотлоогүй байна. Түүний Депозит дансны дэлгэрэнгүй хуулгаас зээл төлөлт гэсэн гүйлгээний утгатай зарлагын гүйлгээнүүдийг банк түүний зөвшөөрөлгүй хийсэн гэж шууд дүгнэх үндэслэлгүй.
6. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр дууссанаас хойш зээлдэгчийн зээлийн төлбөр төлж байсан үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь зөв болжээ. Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс буюу дээрх гэрээний хугацаа дууссан үеэс тоолох бөгөөд тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдахаар мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсанаар уг хугацааг дахин шинээр тоолох үр дагавартай тул тус зээлийн гэрээний хувьд зээлдэгч 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр зээлийн төлбөр төлснөөр уг хугацаа тасалджээ. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр 296,122.5 төгрөг төлөгдсөн байна.
7. Гэрээний 2.1.6-д заасан нэмэгдүүлсэн хүүний талаарх тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт, түүнчлэн гэрээний 2.4.4-т Зээлдэгч зээлийн гэрээнд хугацаанд багтаан зээлээ бүрэн төлөөгүй бол гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасантай нийцжээ.
Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.
Иймд зээлийн үлдэгдэл 9,383,380.2 төгрөг, хуримтлагдсан хүү 10,865,812.3 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 985,700.9 төгрөг, нийт 21,234,893.4 төгрөг, үүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 296,122.5 төгрөгийг хасч тооцон хариуцагчийн гүйцэтгэх үүргийг 20,938,771 төгрөгөөр тогтоох үндэслэлтэй.
8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой төлсөн нотариатын зардал 16,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч уг зардлыг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй тул уг шаардлагыг хангах үндэслэлтэй.
Анхан шатны шүүх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү, мөн хохирол шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүйг залруулна.
9. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулж, мөн нэхэмжлэлийн шаардлагыг 20,954,771 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2024/02631 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 452.1 гэснийг 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 14.649.398 гэснийг 20,954,771 гэж, 6.584.995 гэснийг 296,122 гэж,
2 дахь заалтын 231.197 гэснийг 262,723 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 120,573.92 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА