| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/03310/И |
| Дугаар | 210/МА2024/01444 |
| Огноо | 2024-07-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 210/МА2024/01444
2024 07 19 210/МА2024/01444
М.Нгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/0735 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч М.Нгийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ч.Сд холбогдох
35,896,136 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжпэгч М.Н нь хариуцагч Ч.Сгийн төрсөн хүү болох Б.Хртай 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба Б.Хр төлбөрөө төлөөгүй учраас шүүхэд хандаж Сүхбаатар дүүргийн Иргэний анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00012 дугаар шийдвэрээр Б.Храас 40,254,000 төгрөг гаргуулж, уг орон сууцыг чөлөөлж шийдвэрлэсэн. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Б.Хр нь орон сууцыг чөлөөлсөн.
1.2. Гэтэл нэхэмжлэгч М.Нг орон сууцандаа орох гэтэл хариуцагч Ч.С нь өөрийн эзэмшилд авч үсчин, гоо сайхны үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэрээр удахгүй шинэ байранд орно, түр ашиглаж байя гэж хэлээд ашиглаад яваад байсан. Ч.С нь энэ байрыг хөлслөх, эзэмших ямар ч хэлцэл хийгээгүй, талуудын хооронд эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж, хэрэв М.Н нь тухайн байрыг бусдад хөлслүүлж байсан бол ашиг олох байсан гэж Т.З ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн зах зээлийн ханшаар тооцож нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Ч.Сгийн тухайн орон сууцыг ашиглаж байх хугацааны цахилгааны төлбөрт 223,096 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1,800,000 төгрөг, дулаан эрчим хүчний төлбөрт 944,300 төгрөг, нийт 2,967,396 төгрөгийг нэхэмжлэгч нь төлсөн. Түрээсийн төлбөрийн 32,928,740 төгрөгийг зах зээлийн үнээр дүйцүүлж нэхэмжилж байна. Тодруулбал, хариуцагч Ч.Сг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 6 сарын турш үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нэг сарын түрээсийн төлбөрийг 5,488,123 төгрөгөөр тооцож 32,928,740 төгрөг, сууц өмчлөгчдийн холбооны засвар үйлчилгээний төлбөрт 1,800,000 төгрөг, цахилгааны төлбөр 223,096 төгрөг, дулааны төлбөрт 944,300 төгрөг, нийт 35,896,136 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Нэхэмжпэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Нэхэмжлэгч М.Н болон Б.Хр нар орон сууц хөлслөх гэрээ байгуулсан ба Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүх хуралдаанд Б.Хр гадаад явсан байсан учир өөрийн ээж Ч.Сд итгэмжлэл олгосон, хууль зүйн мэдлэггүйгээс шүүх хуралдаанд оролцоогүй.
Б.Хр нь 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр эзэмшиж, Х.М салон үйл ажиллагаа явуулж байгаад гарсан ба хариуцагч Ч.Сгийн эзэмшилд байгаагүй, энэ хүн тухайн үл хөдлөх эд хөрөнгөд үйл ажиллагаа явуулаагүй, энэ талаар нотолсон баримт хэрэгт байхгүй.
2.2. 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоод тэр өдөр Б.Хр нь байрыг хүлээлгэн өгсөн асуудал огт байхгүй, талууд энэ талаар акт үйлдсэн, хүлээлгэн өгсөн-хүлээн авсан авсан баримт ч байхгүй. 2023 оны 05 дугаар сард Б.Хр нь байрыг хүлээлгэж өгсөн. Тэгэхээр хариуцагч Ч.С нь 2023 оны 04 дүгээр cap хүртэл хууль бусаар эзэмшээгүй.
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн мэдэгдэх хуудаст Б.Хрыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байрыг чөлөөлсөн гэж тодорхойлсон нь худал. Шүүхээс гар утсанд үзлэг хийхэд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл Х.М салон үйл ажиллагаа явуулж байсан болох нь тодорхой харагдана. Тэгэхээр бодит бус тайлбар, бодит бус нэхэмжпэлийн шаардлагын гол үндэслэл болоод байгаа хууль бус эзэмшил гэх асуудал хариуцагч Ч.Сд байгаагүй, нэхэмжлэгч М.Н нь нотолж чадаагүй байж ийм их хэмжээний бодит бус мөнгө шаардаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчийн ярьж буй зүйлс Х.М салон буюу Б.Хртай холбоотой асуудал бөгөөд хариуцагч Ч.Стай ямар ч холбоогүй, уг орон сууцанд хариуцагч нь нэг ч өдөр үйл ажиллагаа явуулж байгаагүй, зөвхөн Х.М салоны хуучин үсчингүүд байсан, 2022 оны 10 дугаар сараас хойш ч гэсэн байсан. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжпэгч М.Нгийн гаргасан хариуцагч Ч.Сд холбогдох 35,896,136.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 455,300 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Шүүх М.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Ч.С нь М.Нгийн өмчлөлийн орон сууцыг эзэмшиж, ашиглаж байсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Тодруулбал нэхэмжлэгчээс Ч.Сг өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгаж байсныг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гар утасны бичлэг, Б.Хр нь М.Нгийн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн болохыг тодорхойлсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр нотолсон. Гар утасны бичлэгт Ч.С нь тухайн үсчингийн газарт үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд үс угаадаг сандлыг зөөж гаргаж байгаа үйл явдлыг тайлбарлахдаа би зарж байгаа юм гэж хэлсэн байдаг. Энэ нь тухайн орон сууцыг өөрийн хүсэл зоригоор ашиглаж түүнд байгаа эд хөрөнгийг захиран зарцуулж байгаа нь уг бичлэг болон Ч.Сгийн тайлбараас харагдана. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичигт Б.Хр нь М.Нгийн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Ч.Хосбаяр нь М.Нд 40,254,000 төгрөгийг төлөхийг шийдвэрлэж Б.Хрын төлбөр огт төлөгдөөгүй болохыг тодорхойлсон байдаг. Хэрэв Б.Хр нь тухайн орон сууцыг өөрийн эзэмшил, ашиглалтандаа байлгаж үсчингийн үйл ажиллагаагаа эрхэлж байсан бол олсон орлого нь битүүмжлэлтэй банкны дансанд үлдэж, М.Нгийн төлбөрт суутгагдах байтал нэг ч төгрөг төлөгдөөгүй.
4.2. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүчин төгөлдөр болсон гэж буруу дүгнэсэн. Б.Хр нь шүүхийн шийдвэрт заасан орон сууцыг чөлөөлөх үүргийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдөр биелүүлсэн болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгээр тодорхойлсон. М.Н нь *** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагад ямар ч хариу тайлбар өгөөгүй, Ч.Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн.
Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд тайлбар гараагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ч.Сд холбогдуулан 35,896,136 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2023/00012 дугаар шийдвэрээр Б.Храас түрээсийн төлбөрт 40,254,000 төгрөгийг гаргуулж М.Нд олгож, М.Нгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, *** дүүрэг, *** дугаар хороо, Д хороолол, ***дүгээр байр *** тоот хаягт байрлах орон сууцыг албадан чөлөөлөхийг Б.Хрт даалгаж шийдвэрлэжээ.
3.2. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1196 дугаар албан бичигт Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Б.Хр нь шүүхийн шийдвэрт заасан хөрөнгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн гэж тодорхойлсныг эргэлзээтэй баримт гэж үнэлэхээр байна. Учир нь анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасан журмын дагуу хуулийн хүчин төгөлдөр болох учир шийдвэр гарсан өдрөө хүчин төгөлдөр болж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй юм.
3.3. Шүүхийн үзлэгийн тэмдэглэлд ...үс засах газрын зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгө байна. Нэг үсчин, нэг хүлээн авагч, хоёр үйлчлүүлэгч байна. Үүнээс нэг үйлчлүүлэгч үсээ засуулж буй үйлчлэгч байв. Нэг хүн юм өргөөд гарч байгаа дүрс байна. /Хариуцагч тайлбарлахдаа 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр гэхэд чөлөөлж өг гэж хэлж байсан. Хэрэглэж байсан зүйлээ зарах үе байсан/ гэж тусгагдсаныг анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч Ч.С байж харагдсаныг түүнийг эзэмшиж ашиглаж байсан гэж дүгнэхэд эргэлзээтэй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй. Учир нь, дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт тусгагдсан М.Нгийн тайлбараар Б.Хр тухайн түрээсийн байранд Х.М нэртэй үсчин, салоны үйл ажиллагаа явуулж байсан байх бөгөөд Ч.Хосбаяр шийдвэрийг хэзээ, хэрхэн биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийг чөлөөлсөн болох нь тодорхойгүй нөхцөлд үзлэгээр бэхжүүлсэн бичлэгт үндэслэн үсчний үйл ажиллагааг Ч.Сг явуулж байгаа гэж дүгнэх боломжгүй.
Иймээс анхан шатны шүүх 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн гар утасны бичлэг, Б.Хр нь М.Нгийн орон сууцыг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр чөлөөлсөн болохыг тодорхойлсон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын албан бичгийг буруу үнэлсэн гэсэн агуулга бүхий нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
4. Зохигчийн хооронд үүрэг үүсээгүй тул тус маргаанд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэгтэй холбоотой зохицуулалт илүү хамаарахаар байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн зохицуулалтыг баримталсныг зөвтгөх нь зүйтэй.
5. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулсан өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2024/0735 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 495 дугаар зүйлийн 495.1 гэснийг 492 дугаар зүйлийн 492.1.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 340,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА