Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/147

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ,

Шүүгдэгч А.Ө,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас А.Өт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914002840217 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 22-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, А.Ө

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Ө нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр багийн нутаг 4-1-36 тоотод 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой эхнэр Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч А.Ө нь 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой Баянхонгор Баянхонгор сумын 4-1-36 тоотод эхнэр Б.Быг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Б.Бы ... 2019 оны 03 дугаар сарын 15-ны орой 21 цаг өнгөрч байхад манай нөхрийн найз Жагай гэх залуу танай нөхөр согтуу байна би авчираад ирлээ гэж надтай утсаар ярихаар нь би гэртээ ирэхэд манай нөхөр орныхоо урд суучихсан найз нь орон дээр суучихсан байсан. Манай нөхөр чи үүнийг сонс гэж хэлээд нэг хөгжим миний чихэн дээр барьсан тэр хөгжим нь сонсогдохгүй байна гэж би хэлэхэд манай нөхөр намайг миний баруун шанаа орчим гараараа цохисон. Би тэгэхээр нь чи яаж байгаа юм бэ гээд доош суухад миний хамраас цус гарсан. Тэр үед найз нь манай зуухны ойролцоо чи яах гэж эхнэрээ цохиж байгаа юм бэ гэж хэлээд манай нөхрийг доош дарчихсан байсан. Тэр үед би гэрээсээ гарч шууд манай хойд гудамжинд байх хүргэн ахындаа очиход манай эгч Б яаж байна аа цагдаад дуудлага өгье гэж хэлээд цагдаа дуудаж бариулсан ... А.Ө нь биеэ авч явах чадваргүй, нилээд соггуу байсан явж чадахгүй гуйвж зогсож чадахгүй байсан. Маргааш нь юу болсон талаараа санахгүй байсан. Бид хоёр 2011 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан одоо таван хүүхдийн хамт ам бүл долуулаа амьдарч байна. Манай нөхөр намайг урьд өмнө нь цохиж зодож байгаагүй бид хоёр гэр бүлийн хүмүүс хоорондоо зарим үед маргалдах зүйл болдог юм. Маргалдаж байгаад хоорондоо эвлэрч зүгээр болдог цагдаа болон өөр хүмүүст хандаж байгаагүй ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 20-24/,

Гэрч Б.Бийн ... 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр манай хүргэн Өынх адуу тэжээдэг юм тэгээд адуу нь алга болчихоод би дүү Бтой адуугаа хайж явж байгаад адуугаа олохгүй болохоор дүү Бы гэрт ирэхэд хөдөөнөөс хүргэн А.Ө согтуу байдалтай орныхоо өмнө даруухан сууж байсан. Би тэднийхээс гараад хашааны үүдэнд явж байхад дүүгийн хүүхдүүд орилохоор нь юу болсон юм бол гэж бодоод тэднийхээр орход Ө эхнэрээ цохисон байхаар нь би цагдаад дуудлага өгье гэж бодоод гэртээ орж ирээд цагдаа дуудсан. Энэ үед дүү Б орж ирэхээр нь царайг нь харахад баруун тал нь хавдчихсан байсан маргааш хөхөрсөн байсан. Би цагдаа дуудаж хүргэн Өыг бариулж явуулсан өөр зүйл болоогүй. Ө нь өмнө нь нэг удаа хэрүүл маргаан хийж байсан тухайн үед хоёр талын ах эгч нарт нь хэлээд ойлголцож байсан. Одоо бараг дөрвөн жил болж байна цагдаа энэ тэрд хэлж байгаагүй тэгээд өнгөрсөн цохиж зодох асуудал миний мэдэхээр гарч байгаагүй. А.Ө нь дуу цөөтэй гэртээ байж байдаг бүрэг талдаа, дөлгөөн тогтуун зантай хүн гэж би боддог архи уусан үедээ эхнэр Быг харддаг байх тэр шалтгааны улмаас болж цохисон байх хаа нэг архи уучихдаг ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-28/,

Насанд хүрээгүй гэрч Б.Сийн ... 2019 оны 03 дугаар сарын 15-нд өдөр аав А.Ө 22 цагийн үед гэрт согтуу орж ирхэд ээж Б гаднаас орж ирсэн. Тэгтэл аав хөгжим барьж очоод сонс гэж хэлсэн ээж хөгжим сонсож байж байсан чинь аав Ө ээж Бы нүд рүү нь гараараа цохисон ээж доошоо болоод уйлаад суугаад байсан. Энэ үед би ээжийг аваад Б эгчийнд очих гэж явсан. Тухайн үед аав согтуу хөл дээрээ зогсож чадахгүй байсан. Аав ээжийг урьд нь зодож байгаагүй. Заримдаа хэрүүл хийж байгаад зүгээр болчихдог ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/,

Шүүгдэгч А.Өын ... Би хөдөөнөөс 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр аймагт орж ирээд найз *******тэй архи ууж байхад манай найз Ж *******гийн гэрт ирж намайг авч манай гэрт хүргэж ирсэн. Би эхнэр Быг цохисон байсан хаана нь цохисон талаар би санахгүй байгаа юм нэг удаа нүүрэнд нь цохисон. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор цохисон байх өөр эхнэртээ гар хүрэх ямар нэгэн шалтгаан байхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-49/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 сарын 19-ний өдрийн 212 тоот шинжээчийн ... Б.Бы биед тархи доргилт, баруун нүдний алим, зовхи, хамар, хацарт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 7-8/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Б.Б шүүгдэгч А.Ө нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 35 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч А.Өын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Өын зурагтыг түүнд буцаан олгон эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч А.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч А.Өт 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч А.Өын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.Өт мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч А.Өын эзэмшлийн зурагтыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч А.Ө нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Өт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА