Улсын дээд шүүхийн Тогтоол

2024 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2024/0033

 

 

“С” ХХК-ийн гомдолтой,

Монголын Өмгөөлөгчдийн Холбооны

Мэргэжлийн хариуцлагын хороонд

холбогдох хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч, шүүгч:       Г.Банзрагч

Танхимын тэргүүн:    Д.Мөнхтуяа

Шүүгчид:                        П.Соёл-Эрдэнэ

                                          Ц.Цогт

Илтгэгч шүүгч:           М.Батсуурь

Нарийн бичгийн дарга: У.Оюунзаяа

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШШ2024/0004 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагчийн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, Т.О нарыг оролцуулан хэргийг хянан хэлэлцэв.

                                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:                       

Гомдлын шаардлага:

1.“С” ХХК-аас Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороонд холбогдуулан “... хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

Хэргийн нөхцөл байдал:

2.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаар тогтоолоор Өмгөөллийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Д-д холбогдох маргааныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3.Гомдол гаргагчаас “... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “... хурлаас гарсан шийдвэрийн тогтоох хэсэг нь огт байхгүй, хурлын эцсийн үр дүн нь юу байгаа нь ойлгомжгүй, хэрхэн шийдвэрлэсэн нь учир битүүлэг, хүчин төгөлдөр хууль эрх зүйд нийцсэн албан ёсны баримт гэж үзэхгүй ... тул тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах ...” гэж;

3.1.Хариуцагчаас “... өмгөөлөгч Б.Д-д холбогдох маргааныг хянан шийдвэрлэх хуралдаанд компанийн төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгч нар биечлэн оролцож, хуралдаанаас гарсан шийдвэрийг сонссон хэрнээ хурлаас гарсан шийдвэрийг мэдэхгүй, ойлгоогүй гэж гомдолдоо дурдсан нь ойлгомжгүй, тогтоолыг 4 хувь хэвлэж, хуралдаанд оролцсон нийт 9 гишүүн хянаж, гарын үсэг зурж баталгаажуулсан бөгөөд хувиуд буюу Хороонд үлдсэн хувиуд бусад хувиудаа бүгд алдаагүй, компанийн төлөөлөгч тогтоолыг өөрийн биеэр шалгаж, гарын үсэг зурж авсан, тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгуулах”-аар тус тус тайлбарлан маргажээ.

4.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШШ2024/0004 дүгээр магадлалаар: Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шалгуулахаар тус хороонд буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах журмаар гаргасан гомдлын үндэслэл:

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-аас магадлалыг эс зөвшөөрч давж заалдах журмаар дараах гомдлыг (агуулгаар нь тусгав) гаргажээ. Үүнд:

5.1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу шүүх нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй. “С” ХХК-ийн захирал нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэх 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хуралдахад өөрийн биеэр оролцсон бөгөөд хуралдаанаас гарах шийдвэрийг сонссон энэ талаар шүүхэд маргаагүй.

5.2.Мэргэжлийн хариуцлагын хорооны 9 гишүүн тус бүр тогтоолыг хянаж гарын үсэг зурсан бөгөөд нэхэмжлэгчид авагдсан хувь болох Тогтоох хэсгийн агуулга тусгагдаагүй гэх хувийг Хорооны ажлын албанаас түүнд гардуулж өгөөгүй. Тэрээр Хорооны ажлын албанаас тогтоолыг гардаж авахдаа энэ талаар ямарваа нэгэн санал гомдол гаргаагүй.

5.3.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс шинжээч томилох замаар нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн тогтоолыг эх тогтоол мөн болохыг тогтоогоогүй. Нэхэмжлэгч нь маргаан бүхий МТ/32 дугаар тогтоолын агуулгатай буюу үр дүнтэй маргадаггүй бөгөөд гагцхүү тогтоолын бүрдэл хэсэгтэй маргаж байхад шүүхээс маргааныг дахин шалгуулахаар буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүхээс Хорооны шийдвэрийг хуульд нийцсэн эсэхийг хянах эрх хэмжээтэй, нэхэмжлэгчийн шүүхээр сэргээлгэхээр хандсан эрхийн агуулга нь тогтоолыг хууль, журамд заасны дагуу бүрдэл хэсэгтэйгээр гаргуулан авахаар хандсан байхад маргааныг дахин хянуулахаар буцааж байгаа нь үндэслэлгүй.

5.4.Өмгөөлөгч Б.Д-ыг гуравдагч этгээдээр татуулж, түүнд гардуулсан тогтоолын хувийг гаргуулж бусад хувьтай харьцуулах, шинжээчийн дүгнэлт гаргуулах зэргээр хэргийн оролцогчдоос хүсэлт гаргаад байхад шүүх хурал дээр хүсэлт шийдвэрлээгүй байх тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг буцаан ажиллагааг хийлгэх шаардлагатай.

5.5.Хороонд байгаа Тогтоолын эх хувийг дахин нэхэмжлэгчид гардуулах, шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тогтоол эх хувь мөн эсэх талаар шинжээч томилох, тогтоол хэвлэсэн компьютерт шүүх үзлэг хийх боломжтой байсан атал шүүх нэг талыг хэт барьж зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл шаардлага бүрийг хангасан шийдвэр гаргаж байгаа нь Мэргэжлийн хариуцлагын хороо, Өмгөөллийн тухай хууль болон Өмгөөлөгчийн мэргэжлийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн алдааг гаргаагүй өмгөөлөгч Б.Д-ын эрх ашиг мөн хөндөгдөж байна.

5.6.Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 04 дүгээр магадлал нь үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул хэрэгсэхгүй болгож, дээрх ажиллагааг хийлгэхээр шүүхэд хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6.Гомдол гаргагчаас дээрх давж заалдах журмаар гаргасан гомдолд холбогдуулж тайлбарыг бичгээр гаргаагүй байна.

ХЯНАВАЛ:

7.Анхан шатны журмаар Мэргэжлийн хариуцлагын хорооны маргааныг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

8.Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын 88 дугаар зүйлийн 88.1-д “Маргааныг хянан шийдвэрлэсэн хуралдаанаас гаргах шийдвэр нь тогтоол хэлбэртэй байна”, 89 дүгээр зүйлийн 89.1-д “Тогтоол нь удиртгал, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 89.4-т “Тогтоох хэсэг захиран тушаах хэлбэртэй байх бөгөөд маргааныг хянан шийдвэрлэхэд баримталсан хууль, дүрэм, журмын заалтыг тодорхой тусгана”, 89.6-д “Маргааныг хэрэгсэхгүй болгосон тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” гээд 89.6.1-д “хэрэгсэхгүй болгосон тухай” гэж тус тус журамлажээ.

9.Тус хэрэгт хавсаргагдсан маргаан хянан шийдвэрлэсэн материалд авагдсан Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны МТ/32 дугаар тогтоолын[1] Тогтоох хэсэг 1, 2, 3, 4 гэсэн заалттай, харин “С” ХХК-ийн төлөөлөгчөөс шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргасан Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаар тогтоолын[2] Тогтоох хэсэг 3, 4 гэсэн заалттай (зөрүүтэй) тогтоолууд авагдсан байна.

10.Давж заалдах шатны шүүхээс “... нэхэмжлэгч, хариуцагч талаас МТ/32 дугаар тогтоолыг эх хувиар нь ирүүлснийг шүүх шинжлэн судлаад хуулбарлаж, ... хоёр тогтоолыг харьцуулж харахад хоорондоо зөрүүтэй, Мэргэжлийн хариуцлагын хороо тогтоолыг нөхөж гаргасан гэж үзэхээр; маргаан бүхий тогтоолын хуудасны дугаарлалт зөв боловч Тогтоох хэсгийн 1, 2 дахь заалт байхгүй; Тогтоох хэсэгт тусгагдах ёстой “С” ХХК-ийн өмгөөлөгч Б.Д-д холбогдуулж гаргасан гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байгаа нь Мэргэжлийн хариуцлагын хорооны маргаан хянан шийдвэрлэх журмын ноцтой зөрчилд тооцогдоно ...” гэсэн үндэслэлээр Мэргэжлийн хариуцлагын хорооны 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн МТ/32 дугаар тогтоолыг хүчингүй болгож, маргааныг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

11.Ийнхүү гомдол гаргагчид Тогтоох хэсгийн “1, 2” дахь заалт тусгагдаагүй тогтоол гардуулсныг Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо маргаан хянан шийдвэрлэх журамд нийцсэн хууль ёсны үйл ажиллагаа явуулсан гэж үзэхээргүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... шүүх нотлох чиг үүргээ хэрэгжүүлээгүй, тогтоолын эх хувийг дахин нэхэмжлэгчид гардуулах, шүүхэд гаргаж өгсөн нэхэмжлэгчийн тогтоол эх хувь мөн эсэх талаар шинжээч томилох, тогтоол хэвлэсэн компьютерт үзлэг хийх боломжтой байсан ...” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

12.Иймд маргаан бүхий тогтоолыг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасан магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШШ2024/0004 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Г.БАНЗРАГЧ

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Д.МӨНХТУЯА

             ШҮҮГЧИД                                                                  П.СОЁЛ-ЭРДЭНЭ

                Ц.ЦОГТ

                М.БАТСУУРЬ

 

[1] Маргаан хянан шийдвэрлэсэн материалын 153-163 дахь хуудас.

[2] Хэргийн 7-17 дахь хуудас.