Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1582

 

 

 

 

 

 

 

 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн

нэхэмжлэлтэй иргэний

 хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00346 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Номын хишиг” ХХК-д холбогдох

Татварын өр төлбөрт 154 344 793 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнхийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Номин-Эрдэнэ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Эрдэнэмөнх

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Номын хишиг ХХК-ийн татварын өр төлбөр нь 2015 оны 12 сарын 16-ны байдлаар 116 020 725 төгрөг байна. Уг өр төлбөр нь нэмэгдсэн өртгийн албан татварын өр 57 161 823 төгрөг, аж ахуйн нэгжийн албан татварын өр 55 945 162 төгрөг, цалин хөлс түүнтэй адилтгах орлогын өр 2 913 739 төгрөг байна. Дээрх татварын өрийг төлүүлэхээр татварын албанаас Татварын ерөнхий хуулийн дагуу мэдэгдэх хуудас хүргүүлж, харилцах дансны гүйлгээг хаах зэрэг арга хэмжээг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. “Номын хишиг” ХХК нь лавлагаагаар гарсан үл хөдлөх хөрөнгөгүй, үнэт цаас эзэмшдэггүй, газар байхгүй, лавлагаагаар гарсан авто машингүй, бусдаас авах авлагагүй болно. Иймд хариуцагч “Номын хишиг” ХХК-иас нийт 115 349 103 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 72 065 835 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 78 304 772 төгрөг, цалин хөлсний өр 3 974 186 төгрөг, нийт 154 344 793 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус компанийн зүгээс цалин хөлс түүнтэй адилтгах орлогын татварын өр болох 2 913 739 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Нэмэгдсэн өртгийн албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын үлдэгдэл төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь дээрх татварын өр буюу 2014 оны тайланг гаргахдаа алдаатай тайлан гаргаснаас татварын өрийн асуудал үүссэн. 2015 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар уг хуулийн хугацаанд татвар төлөгч ямар нэг хүсэлт гаргах шаардлагагүйгээр татварын тайлангаа засах, шинээр гаргах эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу манай байгууллага татварын тайлангаа засварлан явуулсан” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын албан татварын өр болох 3 974 196 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Манай компани 2015 онд нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар 72 065 835 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 78 304 772 төгрөг төлөхөөр тайлагнасан. Дээрх тайлагнал нь буруу байсан бөгөөд бид харьяалах татварын албанд тайланд залруулга хийхээр хандсан боловч тухайн үед тайлан хүлээн авч байсан байцаагч амаар татгалзсан хариу өгсөн. Татварын ерөнхий хуулийн 14.1-д Татварын алба, татварын улсын байцаагч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэж, тэдэнд итгэл үзүүлэн ажиллах ёстой. Мөн хуулийн 46.3.1-т зааснаар хуулийн этгээд нь татварын тайлангаа үнэн зөв гаргасан эсэхийг шалгах үүрэгтэй. Гэтэл тайланг хүлээн авсан татварын байцаагч, татвар төлөгчийн зүгээс аль аль нь анхаарч үзэлгүй тайланг хүлээн авчээ. Мөн татварын ногдуулалтын хяналт шалгалт хийх журмын дагуу татвар төлөгчийн тайлан үнэн зөв эсэхэд ногдуулалтын хяналт хийсний дараа хянагдсан тайланд үндэслэн татварын алба нэхэмжлэх эрх үүсэх ёстой. Ногдуулалтын хяналтыг шүүхэд нэхэмжлэл гаргахын өмнө хийж хяналт хийсэн баримт үйлдэх ёстой боловч тийм баримт байхгүй, хийгдээгүй байна. Түүнчлэн Татварын ерөнхий хуулийн 33.2.2-т заасны дагуу татвар төлөгчид татварын хууль тогтоомжийн дагуу ногдох татварыг тодорхойлоход татварын улсын байцаагч акт үйлдэх үүрэгтэй. Ийнхүү акт үйлдсэний үндсэн дээр асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3-т заасны дагуу шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой байвал гэснийг үндэслэн мөн хуулийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, урьдчилан шийдвэрлэх боломжийг олгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг баримтлан “Номын хишиг” ХХК-иас 154 344 793 төгрөгийг гаргуулан Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 929 674 төгрөгийг гаргуулан улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх давж заалдах гомдолдоо: ...Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д “энэ хуульд заасны дагуу татварын өр буюу дутуу төлөлтийг ногдол хийсэн акт гардуулсан өдрөөс хойш 15 хүртэл хоног” гэсний дагуу татварын хэлтэс татварын өр төлбөрийг нэхэмжлэхдээ акт үйлдэх бөгөөд акт үйлдсэний үндсэн дээр татварын өр төлөх хугацааг тогтоох хуулийн шаардлагатай. Тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасан “татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах” эрхийн хүрээнд тухайн шаардлагыг хангуулах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд хүсэлт гаргасан боловч түүнийг хүлээж аваагүй, тодорхой хууль зүйн үндэслэлээр няцаалт өгөөгүй, Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-д заасан татварын өр төлбөрийг тодорхойлсон акт, 57.1.2-т заасан татварын хяналт шалгалтын акт хоёрын ялгаа заагийг шүүх зөв ойлгож хэрэглэлгүй маргааныг шийдвэрлэжээ...Татвар төлөгч нь татварын албанд ирүүлсэн тайландаа залруулга хийх эрхтэй байдаг. Татварын ерөнхий хуулийн 46.3.1-д зааснаар хуулийн этгээдийн тайлангаа үнэн зөв гаргасан эсэхийг татварын улсын байцаагч шалгах үүрэгтэй. Үүний үндсэн дээр тус хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1-д заасан “дутуу зүйлийг нөхүүлэн хууль ёсны болгон баталгаажуулж, тайланд буй тооцоо, үйлдлийн талаар татвар төлөгчөөр өөрөөр нь засуулах боломжтой. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, үндэслэл нь тус компанид холбогдох татварын өр төлбөрийг нэхэмжлэхдээ Татварын ерөнхий газрын даргын 2013 оны 575 дугаар тушаалаар батлагдсан Татварын тайланд ногдуулалтын хяналт хийх журамд зааснаар татварын албанд ирүүлсэн татварын тайлангийн ногдлоо үнэн зөв тодорхойлсон эсэхэд татвар төлөгчтэй холбоотой мэдээлэл, бусад тайлангийн үзүүлэлтийг ашиглан хянаж, илэрсэн зөрчлийг татвар төлөгчөөр өөрөөр засуулах боломжтой гэдгийг хэлсэн. Ийм учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэглэх боломжтой...” байхад шүүх энэ хуулийг хэрэглээгүй гомдолтой байна.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа татварын албанд залруулга хийх талаар хандана гэсэн төлөвлөгөөтэй байгаа зэргээс дүгнэхэд нэхэмжлэгчийн үгүйсгэл үндэслэлтэй байна” гэж бичсэн нь нэхэмжлэгч өөрөө өөртэйгээ мэтгэлцсэн, утга, агуулгын хувьд илэрхий алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өмгөөлөгч авах хүсэлт гаргахад шүүхээс хүсэлт хэлэлцээд гаргасан 181/Ш32016/01856 дугаар захирамжаар “...хариуцагч тал өмгөөлөгч авах эрхээ хэрэгжүүлэх хангалттай хугацаа байсан” гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхин шийдвэрлэв” гэжээ. Хариуцагч “Номын Хишиг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэмөнх миний бие тус компаниас 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр итгэмжлэл авсан бөгөөд нэг өдрийн дотор буюу 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн хурлаас өмнө өмгөөлөгч авах боломжгүй, хугацаа хангалтгүй байсан болно. Мөн хурал даргалагч өмгөөлөгч авч шүүх хуралдааныг хойшлуулах зорилготой байна уу гэж асуухад “тийм” гэж хариулсан. Учир нь өмгөөлөгч авах эрхийг хангасан тохиолдолд шүүх хурал хойшлох нь хэнд ч тодорхой юм. Ийм агуулгаар тийм гэж хариулахад хурал даргалагчаас зөвхөн шүүх хурал хойшлуулах гэж өмгөөлөгч авах хүсэлт гаргасан гэж үзэж, өмгөөлүүлэх чин хүсэл эрмэлзэлгүй гэж гуйвуулан дүгнэсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, тайлбар зэргээс үндэслэн хэргийн материалтай танилцсан бөгөөд танилцсан баримтад санаатайгаар гарын үсэг зураагүй байна гэх агуулгаар шүүх хэргийн оролцогч миний хэргийн материалтай танилцах эрхийг хязгаарласан. “Номын Хишиг” ХХК-ийн өмнөх төлөөлөгч О.Отгонбаяраас хүлээж авсан хэргийн материалын зарим хуулбарыг үндэслэн гаргасан хүсэлт, тайлбар байсан болно.

Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн татвар төлөх хугацааг түр хугацаагаар хойшлуулсан байна. Ийнхүү хойшлуулсан нь хариуцагчийн зүгээс татварын тайлангаа засаж татварын албанд өгөх боломж нөхцөл бүрдэж байгаагийн зэрэгцээ шүүхийн шийдвэрийн биелэлт хойшлох үр дагавар үүсэж байгааг харгалзан үзнэ үү.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл анхан шатны шүүх нь хэргийн агуулга руу бүрэн орж чадаагүй, татварын хууль тогтоомжийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй, шүүхийн процессийг ноцтой зөрчсөний зэрэгцээ утга агуулгын илэрхий алдаатай, зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд багтаах зорилгоор хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой судлалгүйгээр татварын төлөгчийн эрхийг болон хариуцагчийн эдлэх шүүхийн процессийн эрхийг зөрчсөн шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

                                                             ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Номын хишиг” ХХК-д холбогдуулж татварын өр 115 349 103 төгрөг төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж Нэмэгдсэн өртгийн албан татварын өр 72 065 835 төгрөг, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 78 304 772 төгрөг, цалин хөлс болон түүнтэй адилтгах орлогын албан татварын өр 3 974 186 төгрөг, нийт 154 344 793 төгрөг нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч “Номын хишиг” ХХК нь татварын тайланг цахим бүртгэлээр гаргаж өгсөн ба тайланг алдаатай гаргасан гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ тайлбарласан байна. /хх-96/

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 672 дугаар магадлалаар цахим бүртгэлээр авагдсан тайланг үзлэг хийх замаар бичгийн хэлбэрт оруулж нотлох баримтаар бэхжүүлээгүй алдаа гаргасныг залруулах талаар дүгнэжээ. /хх 64-66/

 

Гэвч анхан шатны шүүх дээрх магадлалд дурдсан алдааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасан ажиллагааг явуулж залруулаагүйгээс гадна нэхэмжлэгчээс нотлох баримтаар бүрдүүлж өгсөн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” гэх баримтыг шийдвэрийн үндэслэл болгож шийдвэрлэсэн нь буруу байна.

 

Түүнчлэн уг “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан” гэх баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө…” гэж заасан шаардлагыг хангаагүй, хэргийн оролцогч болох нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн “хуулбар үнэн” дарагдсан байгаа нь  мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар уг нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй гэж үзэх боломжгүй байна. /хх 86-88/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.6-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.6 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2016/00346 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 929 674 төгрөгийг буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ                        

                                                          ШҮҮГЧ                                      Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ                                                                                                    

                                                                             Д.ЦОГТСАЙХАН