Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 168

 

                                            Д.А холбогдох эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалтай, Д.А-д холбогдох эрүүгийн ______ дугаартай хэргийг шүүгдэгч, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Батдэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Ховд хотын захирагчийн албанд ахлах мэргэжилтэн ажилтай, ял шийтгэлгүй Н овогт Дын А.

Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Ховд аймгийн Жаргалант сумын Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр болон Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа 2018 оны 6 дугаар сараас 2019 оны 5 дугаар сарын хооронд Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх”,  “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх; мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2-т заасан “өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.3 “эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”; 37.1.9-д “албан үүргээ гүйцэтгэж байхдаа болон тухайн албан тушаалыг эрхлэхээ зогсоосноос хойшхи хугацаанд төрийн болон албаны, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг чандлан хадгалах, хувийн болон бусдын айшг сонирхлын төлөө ашиглахгүй, албан ёсны аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх”; мөн 39 дүгээр зүйлийн 39.1.11-д заасан “албаны бус зорилгод байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албаны мэдээллийг ашиглан завших”;

түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, мөн зүйлийн 50.1.2-т заасан “төрийн ашиг сонирхлыг дээдлэх”, 50.1.3-т “хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах, зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх” гэсэн заалтуудыг зөрчиж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан “техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх; 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх.”, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4628 дугаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д заасан “...бусад гишүүдийн адил эрх, үүрэгтэй оролцоно.”, мөн зүйлийн 3.5.3-т “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах” гэсэн хууль, журмаар өөрт олгогдсон албаны бүрэн эрх, албан тушаалын байдлаа ашиглан “Ховд аймгийн Жаргалант суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 17,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.Я гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ажил гүйцэтгэх санхүүжилтийн урьдчилгаанд орон нутгийн хөгжлийн сангаас олгосон 11,760,000 төгрөгийн санхүүжилтээс 6,000,000 төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Б.Яын Хаан банкны _____ дансаар дамжуулан гаргуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Д.А-ыг эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг нийтийн албан тушаалд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хянан хэлэлцэж 28 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар хамтран гаргасан гомдолдоо: “Шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, 1.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 1.3. шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлүүдээр дараах гомдлыг гаргаж байна.

Нэг. Магадлалаар "... Хэрэгт авагдсан баримт буюу Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар захирамжаас үзэхэд Д.А нь 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын захирагчийн ажлын албанд “Зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтний албан тушаал”-д ажиллаж байсан болох нь тогтоогдсон ба тус албан тушаал нь Монгол улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 275 дугаар тогтоолын хавсралтын 1-д заасан Төрийн албан тушаалын ангилал, зэрэглэлийн “Дэс түшмэл”, “ТЗ-4-3"-т хамаарч байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Д.А нь Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулсан үнэлгээний нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа төрийн захиргааны албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ. Нөгөө талаар үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь өөрөө нийтийн эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг нийтийн албан тушаалтан мөн юм” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

1.1.Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Э Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/1767 дугаартай албан тоотоор ”...Жаргалант сумын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.А-ын төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-4-З дахь шатлал нь Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй болно...” гэх албан тоот хавтаст хэрэгт авагдсан.

1.2.Монгол Улсын Их хурлын байнгын хорооны 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 05 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай” 20 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах зарим албан тушаалтын жагсаалтад ”... Нэг.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд зааснаас гадна дараах албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана. Хоёр.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан улс төрийн, төрийн захиргааны болон төрийн тусгай, төрийн үйлчилгээний албаны дараах ангилал зэрэглэлийн албан тушаалтнаас бусад албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргана. 2.3.төрийн захиргааны албаны “ТЗ-1”- “ТЗ-5"-д хамаарах албан тушаалтан”... гэжээ. Гэтэл Жаргалант сумын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.А нь төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-4-3 дахь шатлалаар цалинждаг. Өөрөөр хэлбэл Жаргалант сумын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.А нь ТЗ-6-аас дээш шатлалаар цалинждаг хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг албан тушаалтан биш юм.

1.3.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.

1.4.Улсын дээд шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн №366 дугаар тогтоолд... “Хахууль авах” гэмт хэргийн субъектийг “Нийтийн албан тушаалтан” гэж тодорхойлсон бөгөөд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор тайлбарлажээ.

1.5.Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч, 10 дугаар зүйлийн 10.1-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд /цаашид “мэдүүлэг гаргагч” гэх/ хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална гэсэн байдаг. Гэтэл шүүгдэгч Д.А нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарах эрх бүхий этгээд биш бөгөөд “хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах” эрх бүхий албан тушаалтан биш юм.

1.6.Ховд хотын Захирагчийн ажлын албаны бүтэц орон тоо шинэчлэн баталсантай холбогдуулан ажлын албаны бүтэц орон тоо цалингийн шатлал батлах тухай Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/28 дугаартай захирамж, цалингийн шатлал, Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаартай Д.А-ыг Ховд хотын захирагчийн албаны зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ажиллуулах, ТЗ-4-З дахь шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэсэн захирамж, Ховд аймгийн Жаргалант сумын инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан Төрийн захиргааны ангиллын дэс түшмэл зэрэглэлийн ажлын байрны тодорхойлолт, Жаргалант сумын Засаг даргын А/150 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай захирамж, Жаргалант сумын Инженерийн дэд бүтэц, төсөл хөтөлбөр хариуцсан Төрийн захиргааны ангиллын дэс түшмэл зэрэглэлийн ажлын байрны тодорхойлолт /2 дахь хавтас, 16-19, 21, 27-29 дахь тал/ зэргээр нотлогдоно. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэнд гомдолтой байна.

Хоёр: Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд ”... шүүгдэгч Д.А-ыг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийг няцааж үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

2.1.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Уг үнэлгээний хорооны даргаар /Засаг даргын орлогч/ Ц.Ц, үнэлгээний хорооны гишүүдээр /МЭҮ-ийн тасгийн дарга/ Ц.Н, /Хөгжимт драмын театрын нягтлан бодогч/ Л.С, /Төрийн аудитын газрын нягтлан бодогч/ Ц.Б, нарийн бичгийн даргаар /ХЗАА-ны мэргэжилтэн/ Д.А нарын бүрэлдэхүүнтэй байгуулж томилсон. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг олон нийтийн оролцоотой нээлттэй цахимаар зарласан. Анхны үнэлгээний хорооны хуралдаанд үнэлгээний хорооны дарга Ц.Ц /Улаанбаатар хотод/ байсан тул үнэлгээний хорооны гишүүд болох Ц.Н, Л.С, Д.А нар хуралдаж тендерийг нээсэн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг нээхэд нэг л иргэдийн бүлэг буюу “Эвийн гагнаас” бүлэг материалаа ирүүлсэн тул тендерт сонгон шалгаруулсан байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ.

2.2.Гэрч Ц.Ц-ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт ”... Би Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн тушаалаар үнэлгээний хорооны даргаар томилогдсон. Тухайн ажил нь “Автобусны буудлуудад сүүдрэвч хийх” ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажил байсан. Миний хувьд тухайн үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа анхны хурал буюу баримт бичиг боловсруулах хуралд оролцсон. Тухайн хурлаар үнэлгээний хорооны нарийн бичгийн даргад баримт бичиг боловсруулах даалгавар өгсөн. 2 дахь хурлаар тендерийн ажлын даалгавар, бичиг баримтыг боловсруулаад бэлэн болсон гэхээр нь тендерийн урилга хүргүүлэх даалгаврыг үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.Ад өгсөн. Түүнээс хойш хуулийн хугацаа буюу 30 хоногийн дараа тендер нээх хурал болж түүнд материал ирүүлсэн оролцогч нараас сонгон шалгаруулалт хийх хурал болох байсан боловч миний бие Герман улсад туршлага судлахаар болж түүнд оролцохоор явсан тул тухайн хуралд оролцож чадаагүй. Тухайн хурлаар хэн хэн оролцож ямар асуудал шийдвэрлэсэн талаар мэдэх зүйл байхгүй. Үнэлгээний хороо таван гишүүнтэй боловч 3 хүн оролцсон тохиолдолд шийдвэр гаргаж болно. Д.Аын хувьд захирагчийн ажлын албанд ажилладаг. Надтай утсаар ярих үед нь нэг автобусны буудлын ажлыг 1,500,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр хийх чиглэл өгсөн. Би нэг удаа багийн дарга нар болон холбогдох хүмүүстэй явж үзсэн. Тухайн үед боломжийн хийгдсэн байсан. Болохгүй байгаа зүйлийг засуулах талаар Д.Ад үүрэг өгч байсан”... гэх /3 дахь хавтас, 220-222 дахь тал/ мэдүүлэг.

2.3.Гэрч Д.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт ”... Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6-1/3653 тоот албан бичгээр хүргүүлсэн зөвлөмж тайлбарт шалгарсан оролцогчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан тухай дурдсан байна. Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.4-т “хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхын санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасан тул үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд 1 гишүүний гарын үсэг зураагүй нь үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй гэж шууд үзэх үндэслэл болохгүй. Тухайн тендерийн материалаас үзэхэд шалгарсан тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлтийг хангасан байна...” гэх мэдүүлэг /3 дахь хавтас, 11-12 дахь тал/.

2.4.Гэрч Ц.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт ”... Би 2019 оны 3 дугаар сард ажилд орсон. Тухайн ажлын менежерээр Ховд аймгийн Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.А байсан бөгөөд ажлын явц үр дүнгийн талаар хяналт тавих үүрэгтэй. Тухайн гэрээний дагуу “Эвийн гагнаас” иргэдийн бүлэг нь 9 газарт 9 сүүдрэвч, нэмэлтээр 2 байршилд замын эвдэрсэн хашлага зэргийг хийж гүйцэтгээд хүлээлгэн өгсөн. Тухайн үед гэрээний биелэлт бүрэн хангагдсан гэж үзээд 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр ажлын хэсгийн ахлагчаар Ц.Н, гишүүдэд Л.Д, Х.М, Д.А нар орж би нарийн бичгийн даргаар ажиллаж тухайн ажлын гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн гэж үнэлж хүлээн авсан...” гэх мэдүүлэг /1 дэх хавтас,  88-89 дэх тал/ зэрэг мэдүүлгүүд тус тус хавтаст хэрэгт авагджээ. Дээрх мэдүүлгүүдээр Сангийн сайдын 2014 оны 212 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журам”-ын 4.4-т “хуралдаанаас шийдвэр гаргахдаа илээр санал хураах бөгөөд үнэлгээний хороонд томилогдсон нийт гишүүдийн олонхын санал авснаар уг шийдвэр хүчин төгөлдөр болно” гэж заасны дагуу явагдсаныг гэрчилж байна.

2.5.Хөрөнгийн үнэлгээний “В” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ХВ22-20 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангийн дүгнэлтээр ”... Дээрх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн жиших хандлагаар тооцов. 2018 оны зах зээлийн үнэлгээгээр 1 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал нь 958,784 төгрөг, тээврийн зардал 1 тонны үнэ нэмсээр нийт 1,258,784 төгрөг 8 ширхэг автобусны буудлын саравчны материалын зардал 7,503,140 төгрөгийн 1 тонн ачааны зардал нэмж тооцоолсноор 7,803,140 төгрөг тус тус үнэлэгдлээ...” гэх дүгнэлт /4 дэх хавтас, 21 дэх тал/ тус тус хавтаст хэрэгт авагдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ. З.Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгаагүй. Шүүгдэгч Д.А-ыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нь шийдвэрийнхээ үндэслэл болгосон нотлох баримтуудын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийх хуулийн шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2-т заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөнд гомдолтой байна.

Гурав. Шийтгэх тогтоол, магадлалд ”... Шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй. Хавтаст хэрэгт  3.1.Гэрч Б.Яын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт ”... 2018 онд Д.А намайг ирж гуйгаад чи өөрөө нэг бүлэг байгуулчих чи нэг ажил хийчих автобусны зогсоол хийж чадна биз дээ гэхэд нь чадна гэсэн. Тэгээд Д.А би бүх материал бичиг цаасыг бэлдэнэ гэж хэлсэн. Тэгээд хэд хоногийн дараа над руу залгаад чам руу удахгүй мөнгө орно тэгэхээр хэлээрэй гэж хэлсэн. Түүнээс хойш 2-3 хоногийн дараа миний данс руу 11,760,000 төгрөг орсон. Мөнгө орсон даруйд би Д.А руу залгаад миний данс руу мөнгө орчихлоо гэхэд Д.А намайг манай гадна хүрээд ир гэсэн. Тэгээд би тэдний гадаа яваад очиход машиндаа гарч ирж надтай уулзсан тухайн үед бид хоёр автобусны сүүдрэвч хийх материалын тооцоо гаргаад бичсэн цаасаа өөрөө аваад үлдсэн. Тухайн үедээ Д.А нь маргааш өглөө чи надад 6,000,000 төгрөг аваад ир би эмчилгээнд явах гэж байна чи үлдсэн 5,760,000 төгрөгөөр материал аваад хийж бай бусад материалыг нь намайг ирсний дараа авъя гэхээр нь би маргааш нь төв хаан банкнаас 6,000,000 төгрөг бэлнээр авч Д.Ад өгсөн ...” гэх мэдүүлэг /1 дэх хавтас, 63-68, 125-127, 3 дахь хавтас, 9 дэх тал/ гэх мэдүүлэг, Б.Яын _____, ХО жаргалант гэсэн депозит дансны хуулга /хэргийн 2, 43, 44 дэх тал/ хавтаст хэрэгт авагдсан байдаг. Өөрөөр хэлбэл гэрч Б.Я нь тухайн өдөр данснаасаа гаргасан 6,000,000 төгрөгөө Д.Ад бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг боловч мэдүүлгийн эх сурвалж нь тогтоогдоогүй. Учир нь гэрч Б.Я нь шүүгдэгч Д.Атой уулзсан бэлнээр 6,000,000 төгрөг өгсөн эсэх нь эргэлзээтэй байна. Мөн хавтаст хэрэгт асуугдсан гэрч Дийн мэдүүлэгт цалингийн зээл авснаа нотолж Хаан банкны _____ тоот дансанд 6,000,000 төгрөг орсон талаарх депозит дансны хуулга, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон цагаатгах талын нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь дансны хуулга, гэрч нарын мэдүүлгүүдийн эх сурвалжийг магадлан шалгаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх боломжтой байтал эргэлзээтэй нотлох баримтаар гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

3.2. Гэрч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт ’’... Д.А гэх хүнийг танихгүй. Б.Я бид хоёр найз нөхдийн холбоотой. Би “И” гэх компанитай. Тухайн компанийг одоогоос 3 жилийн өмнө аялал жуулчлалын чиглэлээр байгуулсан. Б.Я нь манай компанид ямар нэгэн ажил хийж байгаагүй. Б.Я над дээр ирээд “дүү нэг тендерт орох гэсэн юмаа, тэгтэл урьд өмнө ажиллаж байсан компаниас тодорхойлолт авчир гээд байна. Та надад нэг тодорхойлолт хийж өгөөч гэхээр нь би тамга дарж өгөөд явуулсан. Тухайн үед тодорхойлолт бичиж өгөөгүй, цагаан цаасан дээр тамга дарж өгөөд явуулсан, тэр цаасыг Б.Я өөрөө ирж аваад явсан.”... гэх мэдүүлгээр /2 дах хавтас, 106 дахь тал/ гэрч Б.Я нь тендерийн баримтуудыг өөрөө цуглуулж бүрдүүлсэн нь нотлогдож байна.

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт Д.Аын гэрчээр өгсөн мэдүүлэгт ”... Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамжаар “Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх Автобусны буудлуудад сүүдрэвч хийх ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан ба миний бие үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллах болсон. Үнэлгээний хорооны нарийн бичгийн хувьд тендерийн бүх процессыг хариуцдаг байгаа. Тухайн тендерийг олон нийтийн оролцоотой зарлах байсан. Цахимаар зарласан. Тухайн үед нэг л иргэдийн бүлэг буюу Б.Яын “Эвийн гагнаас” бүлэг ирж уулзсан. Би Б.Я гэгчид иргэдийн бүлгийг тусгай маягтын дагуу баталгаажуулдаг гэдгийг хэлээд тухайн баримтыг гаргаж өгөөд нотариатаар батлуулах ёстой гээд явуулсан. Анхны хуралдаанд Үнэлгээний хорооны дарга Ц.Ц нь Улаанбаатар хотод байсан тул үнэлгээний хорооны гишүүд болох Ц.Н, Л.С болон миний бие хуралд оролцсон тул тендерийг нээсэн байгаа. Тухайн тендер нь он дамжсан ажил байсан тул шуурхай хийлгэхийн тулд материалаа ирүүлсэн нэг бүлгийг л шалгаруулсан. Тухайн тендерийн ажлын даалгаварт заасан бүхий л ажлыг хийлгэхийн тулд зарим үед Б.Я шаардлага тавьдаг байсан. Уг тендерийн ажлыг хийх явцад алаг шалыг суулгахад алаг шал авах мөнгө байхгүй гэсэн тул миний бие “А” ХХК-ний захирал Г.Бтай ярьж 400000 төгрөгийн алаг шалыг авч өгсөн. Би өөрөө хариуцаад мөнгийг нь төлүүлнэ гэсэн тул надад найдаад өгсөн. Гэтэл Б.Я нь тухайн мөнгийг өгөөгүй тул би өөрөө төлөөд одоо 100,000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн байна. Б.Яын гэрийн дэргэдүүр өнгөрч байгаад мөнгөө авах гээд гэрт нь орсон...” гэх мэдүүлгээр Ховд аймгийн Жаргалант суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх тендерийн баримт бичиг /188-210/, тендерт оролцогч “Эвийн гагнаас” бүлгийн тендерийн баримт бичиг, гүйцэтгэлийн хяналтын баримт бичиг /211-250/, Иргэний нэхэмжлэгч Г.Б-аас Д.Ад алаг хавтан зээлснийг тэмдэглэсэн тэмдэглэлийн хуулбар /2 дахь хавтас, 111 дэх тал/ эх сурвалжаар тогтоогддог. Өөрөөр хэлбэл гэрч Б.Я, шүүгдэгч Д.А нарын маргааны эх үүсвэр хавтангийн үнэ төлөөгүйгээс болж үүссэн байдаг. Өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга Д.А нь ажлын даалгавар, тендерийн бичиг баримтад заасны дагуу тухайн ажлыг хийж гүйцэтгүүлэх, гүйцэтгэгчийн ажлын гүйцэтгэлд өдөр тутмын явцын хяналт хийх үүрэгтэй ажиллах явцдаа удаа дараа дутуу хийсэн гүйцэтгэлийг цаг тухайн үед нь залруулах зөрчлийг арилгуулах зэргээр хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн нь гүйцэтгэгчийн дургүйцлийг хүргэж гэрч Б.Я нь мөрдөн байцаалт шүүхийн шатанд Д.Аыг гүтгэх сэдлийг бий болгосон гэж үзэж байна.

3.4.Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 21 дугаар ”... 2019 оны 5 сарын 27-ны өдрийн “Нийтийн эзэмшлийн газарт автобусны сүүдрэвч хийх” ажлыг хүлээн авах комиссын акт гэх баримт бичгийн 2 дахь хуудасны 1 дэх нүүрний доод хэсэгт Б.Я гэх нэрийн өмнө зурагдсан Б.Яын гэх гарын үсэг нь харьцуулах загвараар ирүүлсэн Б.Яын чөлөөт туршилтын загваруудтай тохирохгүй байна...” гэх дүгнэлт /4 дэх хавтас,  2-4 дэх тал/ нотлох баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах үндэслэл болсныг давж заалдах шатны шүүхээс анхаарсангүй.

3.5.Ховд аймгийн Прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/11 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор ”... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан яллагдагч Б.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосон. Дээрх Ховд аймгийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/11 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг Д.А, түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй хавтаст хэрэгт байгаагүй прокурорын тогтоолыг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хяналт тавьсан прокурор нь гаргаж өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7-д Энэ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж авсан баримтат мэдээллийг нотлох баримтаар тооцохгүй. Мөн хуулийн 9-д Хавтаст хэрэгт авагдаагүй нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. 10-т Хохирогч, яллагдагч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч, прокурор авч хавтаст хэрэгт тусгаж хавсаргана гэх хуулийн заалтыг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1.Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хуулийг зөрчжээ.

3.6.Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаартай захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар ажиллахдаа “Ховд аймгийн Жаргалант суманд Автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийлгэх” 16,800,000 төгрөгийн төсөвт өртөгтэй тендерийн мэдээллийг ашиглан, тендерийн баримт бичиг боловсруулах, санал авах урилга илгээх, Б.Я гэгчийг тендерт оролцох талаар ятгах, түүний нэрээр төсөвлөгдсөн үнийн дүнд бариулсан үнийн санал тооцоолол хийх, тендерийн бусад баримт бичгийг түүний нэрээр боловсруулан бэлтгэх, үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан нь тогтоогдоогүй. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, 50.1.2-т төрийн ашиг сонирхлыг дээдлэх, 50.1.3-т хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бус санал тавих, хүлээж авах зэрэг зөрчил, хууль бус үйлдэл гаргахгүй байх заалтуудыг зөрчөөгүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д заасан техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, мөн хэсгийн 47.2.2-т тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх, Монгол Улсын Сангийн сайдын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 6-1/4628 дугаар Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах журмын 3.5 дугаар зүйлийн 3.5.1-д “... бусад гишүүний адил эрх, үүрэгтэй оролцоно”, мөн зүйлийн 3.5.3-т заасан “Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга нь хуралдааныг зарлан мэдээлэх, зохион байгуулах, худалдан авах ажиллагаанд баримтлах хууль, тогтоомжийн талаарх мэдээллээр гишүүдийг хангах, үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах гэсэн хууль, журмыг зөрчөөгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “тендер” гэж захиалагчийн тогтоосон нөхцөл, шаардлагын дагуу боловсруулж, түүнд ирүүлсэн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх тухай сонирхогч этгээдийн саналыг, 5.1.2-т “тендер шалгаруулалт” гэж хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг энэ хуульд заасан журмын дагуу шалгаруулж, бараа, ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгох, гэрээ байгуулах ажиллагааг, 5.1.5-д “тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг, 5.1.6.б. хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд; 5.1.9. “үнэлгээний хороо” гэж энэ хуульд заасан журмын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах зорилгоор захиалагчийн байгуулсан ажлын хэсгийг, 5.1,9. “техникийн тодорхойлолт" гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг, 7.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээ худалдан авахдаа дор дурдсан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож гэрээ байгуулна, 7.1.4.олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, 7.2.Сум, дүүргийн төсвийн хүрээнд худалдан авах хорин сая хүртэлх төгрөгийн өртөгтэй бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг олон нийтийн оролцоотойгоор зохион байгуулж болно. 71.З.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагааны журам, заавар, жишиг баримт бичгийг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталж мөрдүүлнэ. 71.4.Олон нийтийн оролцоотой худалдан авах ажиллагаанд тухайн орон нутгийн иргэдийн төлөөллийг оролцуулан сонгон шалгаруулалт явуулах бөгөөд тухайн төсөл, арга хэмжээний хэрэгжилт, гүйцэтгэлд орон нутгийн иргэдийг өргөнөөр оролцуулах зарчмыг баримтална. 19.1.3ахиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ. 19.2.Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана. 26.3.Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ. 40.1.Захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулах бараа, ажил, үйлчилгээ худалдан авах гэрээ /цаашид “худалдан авах гэрээ” гэх/-тэй холбоотой харилцааг энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хуулиар зохицуулна. 45.1.Улсын болон орон нутгийн төсвөөс хөрөнгө оруулалтаас бусад зардалд хуваарилсан хөрөнгө, бусад эх үүсвэр, түүнчлэн өөрийн хөрөнгөөр санхүүжигдэх бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааг захиалагч энэ хуульд заасан журмын дагуу зохион байгуулна. 45.3.Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр санхүүжүүлэх бараа, ажил, үйлчилгээний хувьд тухайн шатны Засаг дарга захиалагч байна. 46.1.Захиалагч бараа, ажил, үйлчилгээг худалдан авах талаар дараах эрх, үүрэгтэй байна, 46.1.1.энэ хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулах, 46.1,2.үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах, 46.1.3.үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах, 46.1,4.худалдан авах бараа, ажил, үйлчилгээг батлагдсан төсөвт багтаан үр ашигтай төлөвлөж, зохион байгуулах, 46.1.5.энэ хуулийн 7.6-д зааснаас бусад бараа, ажил, үйлчилгээг санхүүжүүлэх хөрөнгийн эх үүсвэр батлагдсаны дараа худалдан авах ажиллагааг эхлүүлэх; 46.1.6.гүйцэтгэгчийн гэрээний үүргийн биелэлтэд чанар болон гүйцэтгэлийн хяналт тавьж, явцын мэдээллийг хагас жил тутам худалдан авах ажиллагааны цахим системд оруулах, 46.2.Энэ хуулийн 4.1.1-д заасан захиалагчийг төлөөлж төсвийн ерөнхий менежер, 4.1.2-т заасан захиалагчийг төлөөлж гүйцэтгэх захирал энэ хуулийн 46.1-д заасан эрх, үүргийг хэрэгжүүлнэ. 47.1.Бараа, ажил, үйлчилгээний төсөвт өртөг энэ хуулийн 8.1.1-д заасан дээд хязгаараас давсан тохиолдолд захиалагч үнэлгээний хороо байгуулна, 47.2.Үнэлгээний хороо байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дор дурдсан чиг үүрэгтэй байна, 47.2.1.техникийн тодорхойлолт бэлтгэх, тендерийн урилга, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер хүлээн авах, тендер нээх ажиллагааг холбогдох зааврын дагуу гүйцэтгэх, 47.2.2.тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх. Уг шийдвэрийг энэ хуулийн 46.2-т заасан захиалагчийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан үндэслэлгүйгээр өөрчлөхийг хориглоно.

Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1.худалдан авах ажиллагааны чиглэлээр, эсхүл тухайн бараа, ажил, үйлчилгээнд холбогдох салбарт мэргэшсэн байх; 47.3.2.тендерт оролцогч болон түүнийг төлөөлөх этгээдийн эцэг, эх, хадам эцэг, эх, эхнэр, нөхөр, ах, эгч, дүү, хүүхэд биш байх, 47.3.3.сүүлийн 3 жилийн хугацаанд тендерт оролцогчтой хөдөлмөрийн гэрээний харилцаанд ороогүй байх, 47.3.4.энэ хуулийн 50.1-д заасан төрийн албан хаагчийн үүргийг сүүлийн 1 жилийн хугацаанд зөрчөөгүй. 47.4.Худалдан авах ажиллагааны ил тод байдлыг хангах зорилгоор үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд тухайн салбарын мэргэжлийн холбоодын төлөөлөл, хувийн хэвшлийн, эсхүл төрийн бус байгууллагын хоёроос доошгүй төлөөлөгч, нийслэл болон улсын зэрэглэлтэй хотоос бусад орон нутагт аймаг, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас томилсон иргэн, Засаг даргын Тамгын газрын ажилтныг оролцуулна. 47.5.Энэ хуулийн 47.4 дэх хэсэгт заасан үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд томилох, тэднийг төрийн зардлаар мэргэшүүлж сургах болон ажиллах журмыг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. 47.6.Үнэлгээний хорооны гишүүд худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн байна. 47.7.Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид "үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонх дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна. 47.8.Үнэлгээний дүгнэлтэд хорооны бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулах бөгөөд эсрэг саналтай байсан гишүүн үнэлгээний дүгнэлтэд энэ тухайгаа тэмдэглэж гарын үсгээ зурна гэх хуулийн заалтуудыг зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлал хүчингүй болгож, шүүгдэгч Д.Аыг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбарыг өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Прокуророос Д.Аыг нийтийн албан тушаалтан гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Төрийн албаны салбар зөвлөлийн дарга Д.Эын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 2/1767 дугаартай албан тоот хэрэгт авагдсан бөгөөд Д.А нь төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний ТЗ-4-З дахь шатлал буюу Авлигын эсрэг хуульд заасан нийтийн албан тушаалтанд хамаарахгүй болно гэж тодорхойлсон. Авлигын эсрэг тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан гэдэг ойлголтыг тодорхой заасан. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т “Энэ хуулийн 4.1-д заасан этгээд хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах бөгөөд шаардлагатай тохиолдолд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын саналыг үндэслэн хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан тушаалын жагсаалтыг батална гэсэн байдаг. Хууль зүйн байнгын хорооны тогтоолд төрийн захиргааны 1-5-т заасан албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлэг хөтлөхгүй гэж заасан. Д.А нь төрийн захиргааны 4-3 шатлалд орж байгаа учир нийтийн албан тушаалтанд хамаарахгүй гэдэг ойлголт гарч ирж байгаа. Шүүгдэгч Д.А нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан нийтийн албан тушаалтанд хамаарах эрх бүхий этгээд биш бөгөөд “хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах” эрх бүхий албан тушаалтан биш гэдэг байдлаар гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субъект нь нийтийн албан тушаалтан байхыг шаарддаг. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт гаргадаггүй. Харин прокурорын яллах дүгнэлт, эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол дээр Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг хэрэглэсэн байдаг. Энэ нь Улсын дээд шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 366 дугаар тогтоолд субъектийг нийтийн албан тушаалтан гэж тодорхойлохдоо Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасны дагуу төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтныг нийтийн албан тушаалтанд хамааруулан ойлгохоор заасан. ТЗ-4-3 шатлалаар цалин авдаг хүнийг нийтийн албан тушаалтан гэдэг байдлаар анхан болон давж заалдах шатны шүүх хянан шийдвэрлэж, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тухайн тендер хуулийн дагуу явагдсан. Сангийн яамнаас эцсийн шийдвэрээ авсан. 2 дугаар хавтаст хэргийн 3 дахь талд Монгол Улсын Сангийн яамны 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/3653 дугаартай зөвлөмжийн тайлбар авагдсан. Прокурорын зүгээс тендер хуулийн дагуу явагдаагүй байна, өөртөө давуу байдал бий болгосон гэж үзсэн. Гэтэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэсэн бол энэ нь эцсийн шийдвэр болно гэж заасан. Сангийн яам тендерийг хуулийн дагуу зохион байгуулсан байна гэдэг албан бичгээ өгсөн. Энэ нь дээрх хуулийн зохицуулалтад зааснаар эцсийн шийдвэр болж байгаа тохиолдолд энэ хуулиар прокурор эрүүгийн хэрэг үүсгэж, яллах дүгнэлтэд оруулж ирсэн буруу юм. Гэрч Я “...6,000,000 төгрөгийг Д.Ад бэлнээр өгсөн гэж мэдүүлдэг боловч мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй. Прокурорын зүгээс эх сурвалжаа гэрч Дийн мэдүүлэгт цалингийн зээл авснаар тогтоодог. Хаан банкны _____ тоот дансанд 6,000,000 төгрөг орсон талаарх депозит дансны хуулга, бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдсон. 6,000,000 төгрөг Яын данснаас гарлаа гэдэг нь Д-ийн дансанд орсны дараа гарсан байдаг. Энэ 6,000,000 төгрөг Дийн цалингийн зээлийн асуудал байдаг. Энэ талаар гэрч мэдүүлдэг, холбогдох баримтууд хэрэгт авагдсан. Д.Аыг ийм эргэлзээтэй нотлох баримтуудаар яллаж байгаа. Ховд аймгийн прокурорын газрын 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5/11 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн тогтоолд хэргийн оролцогч нар гомдол гаргах эрхтэй байдаг. Гэтэл Д.А түүний өмгөөлөгч нарт танилцуулаагүй шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хяналт тавьсан прокурор нь гаргаж өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу үнэлгээний хороо байгуулагдсан бөгөөд хийгдсэн ажлыг хоёр удаа хүлээж авсан. Төрд учирсан хохирол байхгүй, иргэний нэхэмжлэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирсон хохирол байхгүй гэхэд прокурор 6,000,000 төгрөгийн хохирол учирсан, өөртөө давуу байдал бий болгосон гэж яллаад байгаа нь ойлгомжгүй юм. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: Д.А нь Жаргалант сумын худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажилласан Жаргалант суманд автобусны зогсоол байгуулах ажлыг иргэдийн бүлгээр хийлгүүлэх худалдан авалтын тендер зарлах ажиллагаа хуулийн дагуу явагдсан. Тендерийн хорооны гишүүд нэг бүлэг орж ирсэн учир энэ бүлэгт тендерийн ажлыг өгсөн. Тендерийг цахим хэлбэрээр сонгож шалгаруулсан. Сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу зарлаж ажлын гүйцэтгэлийг хоёр удаа хүлээж авсан. Прокурор Д.А нь Я гэдэг хүнээс 6,000,000 төгрөгийн хахууль авсан байна гэдэг үндэслэлээр анх шалгаж байсан. Энэ байдал нь нотлогдохгүй байсан учир яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсан ба Яын үйлдлийг орхисон бөгөөд ямар нэгэн байдлаар үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэр, тогтоол гараагүй байсан. Шүүх хуралдааны явцад прокуророос Яын үйлдлийг хэрэгсэхгүй болгосон тогтоолыг оруулж ирсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл байгаа юм. Д.А нь Жаргалант сумын худалдан авах ажиллагааны тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдон ажиллахдаа албан тушаалын байдлаар нийтийн албан тушаалтан болоод байгаа юм уу, тендерийн хороонд ажилласнаараа нийтийн албан тушаалтан болоод байгаа юм уу гэдгийг тогтоогоогүй. Энэ талаар прокурор, шүүх үнэлэлт өгөөгүй. Д.А өөртөө давуу байдал бий болгоод байгаа юм уу, тендерт оролцсон Яын ажил авсан бүлэгт давуу байдал бий болгоод байгаа юм уу гэдгийг нотолж, тогтоож чадаагүй. Д.А нь өөртөө болон бусдад зориуд давуу байдал бий болгосон, өөртөө ашигтай байдал бий болгосон, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, өөртөө оногдсон үүргээ зориудаар хэрэгжүүлэхгүй байх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаанд тогтоогдоогүй. Шүүх хуульд нийцээгүй дүгнэлтийг хийсэн, хуулийг зөрүүтэй хэрэглэж тайлбарласан. Улсын дээд шүүхээс гаргасан тогтоол, тайлбараас зөрүүтэйгээр шүүх дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргасан. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзээд Д.Аын үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэл байна гэж үзсэн. Хяналтын журмаар гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд хэргийн үйл баримтад хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Харин Ховд аймгийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж алдаа гаргасан байна. Хэргийг хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 50 дугаартай шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх заалтад Д.Ад холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч н.Т, шүүх бүрэлдэхүүнд шүүгч н.Н... нарыг томилсон шийдвэрийг албажуулсан. Шүүх хуралдааныг хойшлуулах тогтоол болон 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалд шүүх хуралдааныг шүүгч н.Н даргалж, Ерөнхий шүүгч н.Т илтгэснээр оролцсон шийдвэрийг хэрэгт хавсаргасан байна. Энэ нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно” гэснийг буюу заавал биелэгдэх шинжтэй хэм хэмжээг зөрчсөн. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.1-д заасан “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” зөрчлийг гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгох нь зүйтэй гэв.

                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Гэмт хэрэг нь эрх зүйн зөрчлийн нэг төрлийн хувьд хэрэг хариуцах чадвартай, тодорхой насанд хүрсэн этгээдийн Эрүүгийн хуульд заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйл ажиллагааны үр дүн бөгөөд гэмт хэргийн субъект нь гэмт хэргийн бүрэлдэхүүний заавал байх шинж тул түүнгүйгээр гэмт хэргийн бүрэлдэхүүн, эрүүгийн хариуцлагын асуудал үүсдэггүй болно.

Үүнтэй холбоотойгоор хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу ял оногдуулна” гэж гэмт хэргийн субъектийн үндсэн шинжүүдийг хуульчилсан байна.

Эрүүгийн хуульд тодорхой гэмт хэргийн шинжийг хэрхэн тодорхойлсноос хамаарч субъектийн шинжийг нийтлэг, нэмэгдэл гэж ангилдаг бол уг шинжээр нь гэмт хэргийг нийтлэг болон тусгай субъекттэй гэсэн хоёр төрөлд хуваадаг билээ.

Эрүүгийн хуулийн 6.2 дугаар зүйлд субъектийн нас, 6.3 дугаар зүйлд хэрэг хариуцах чадвартай байдлыг тус тус тодорхойлсон нь субъектийн нийтлэг шинжид хамаарах бол мөн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг үйлдсэн этгээдэд байх онцлог шинжийг субъектийн тусгай шинж гэж үздэг болно.

Өөрөөр хэлбэл, нас, хэрэг хариуцах чадвар зэрэг гэмт хэргийн субъект бүрт байх нийтлэг шинжээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан субъектийн онцлогийг илэрхийлсэн нэмэгдэл шинж нь субъектийн тусгай шинж юм.

Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсгийн диспозицид тухайн гэмт хэргийг тусгай шинж бүхий этгээд үйлдсэн байхыг зааж өгснөөр илрэн гардаг ба гэмт хэргийн субъектийн тусгай шинжийг ихэнхдээ Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсгийн диспозицид үндсэн бүрэлдэхүүн болгон хуульчилдаг бол зарим тохиолдолд хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоодог байна.

Гэмт хэргийн тусгай субъектийн нийтлэг шинжийг харгалзан хууль тогтоогч тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангид биеэ даасан бүлэг болгон хуульчилдаг бөгөөд үүний тод жишээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21, 22, 23, 28 дугаар бүлгүүд юм.

Эдгээр бүлгүүдэд тодорхойлон заасан гэмт хэргийн тусгай субъект нь төрийн байгууллагад ажилладгаас гадна улс төрийн, тусгай, захиргааны болон үйлчилгээний албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх гэсэн хоёр нэмэгдэл шинжийг хангасан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан төрийн албан тушаалыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “нийтийн албан тушаалтан” хэмээн тодорхойлж, үүнд хамаарах этгээдийг Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт нэрлэн заажээ.

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д зааснаар төрийн захиргааны албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нар энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар шууд нэрлэн заасан байна.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.9 дэх заалтаар “хот, тосгоны захирагчийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал”-ыг төрийн захиргааны албан тушаалд хамааруулан хуульчилсан тул Ховд аймгийн Жаргалант сумын Ховд хотын захирагчийн албанд зам тээвэр, инженерийн дэд бүтэц, төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн буюу гүйцэтгэх албан тушаалд ажиллаж байсан Д.Аыг “нийтийн албан тушаалтан” биш гэж үзэх үндэслэлгүй юм.

Монгол Улсын Их Хурлын хууль зүйн байнгын хорооноос 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр баталсан 5 дугаар тогтоол, уг тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах болон хавсралтыг шинэчлэн батлах тухай 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 20 дугаар тогтоолоор албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн маягт, түүнийг бүртгэх, хянах, хадгалах үйл ажиллагааг зохицуулснаас бус нийтийн албан тушаалтанд хэн хамаарахыг тодорхойлсон журам биш болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Иймд Д.Аыг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан албан тушаалын гэмт хэргийн субъект болохгүй талаар гаргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гомдлыг хангах боломжгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан гэмт хэрэг нь сонгуульт болон томилолтын албан тушаалтан хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, хүлээлгэсэн чиг үүргийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашигласан байдаг онцлогтой билээ.

Өөрөөр хэлбэл, албан тушаалтан албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх замаар хувьдаа ашиг хонжоо олсон, эсхүл өөр хүн, хуулийн этгээдэд ийм боломж олгосон байх нь дээрх бүлэгт заасан гэмт хэргийн нийтлэг шинж болно.

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/150 дугаар захирамжаар Д.Аыг тус суманд автобусны зогсоол байгуулах ажлыг олон нийтийн оролцоотойгоор хийх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилсон байх бөгөөд тэрээр уг чиг үүргийг хэрэгжүүлэх хүрээнд өөрт нь олгогдсон албаны эрх мэдэл, бүрэн эрхийг урвуулан ашиглаж хувьдаа ашиг хонжоо олсон үйл баримтыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан хоёр шатны шүүх эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч нь үнэлгээний хорооны нарийн бичгийн даргын хувьд өөрт нь ил байгаа мэдээллийг ашиглан сонгон шалгаруулалтад оролцох саналыг Б.Яд тавьж зөвшөөрүүлэн, уг ажиллагаанд оролцох  шаардлагатай баримт бичиг, үнийн тооцоолол зэргийг түүний нэрээр боловсруулах, бэлтгэн өгөх байдлаар хийх ёсгүй үйлдлийг хийснээс гадна эдгээр баримт бичгийг үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлсэн мэтээр тэмдэглэл хөтлөх, шийдвэрийг баталгаажуулах зэргээр Б.Яын бэлтгэн өгсөн гэх төслийг шалгаруулахад албаны эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг ашиглан 17,000,000 төгрөгийн санхүүжилттэй ажлыг гүйцэтгэх урьдчилгаанд Орон нутгийг хөгжүүлэх сангаас олгогдсон 11,760,000 төгрөгийн 6,000,000  төгрөгийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр бэлнээр Б.Яаас авч хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Түүнчлэн энэ хэргийн бүрдэл, нотлогдсон байдал, зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруу, түүнд оногдуулах үндсэн болон нэмэгдэл ялын төрөл, хэмжээ, түүний олсон хууль бус орлогыг хураах талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт, гаргасан шийдэл нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгөхийг хүссэн түүний болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтоов.

Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Тийн гаргасан 2022 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 50 дугаар захирамжид (хэргийн 4 дэх хавтас, 135 дахь тал) шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнд оролцох шүүгч нарын нэрийг зөрүүлэн тусгасан нь бичвэрийн буюу техникийн шинжтэй алдаа байх бөгөөд энэ нь шүүх бүрэлдэхүүнийг хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй тул прокурорын гаргасан дүгнэлтийг хангах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 28 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Д.А, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлтийг хангахгүй байхаар тогтоосугай.

 

                           ДАРГАЛАГЧ                                        Б.ЦОГТ

                           ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР

                                                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН