Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02023

 

 

 

 

 

 

   2024           11            25                                             210/МА2024/02023                                               

 

 

 

Д.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04576 дугаар шийдвэртэй

Д.Г-ийн нэхэмжлэлтэй, Б- газарт холбогдох

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Би 2021 онд ********** дүүргийн * хороо-, * гудамж-, * тоот хаягт байх ***-талбайтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, ***-талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалж Хаан банкнаас зээл хүсэхэд барилгын 1 м.кв талбайн үнийг 2,300,000 төгрөгөөр үнэлж, би төлбөрийн 30 хувь 340,000,000 төгрөгийг банкинд байршуулан 780,000,000 төгрөгийн зээл авч байсан. Банк ийнхүү үнэлсэн байхад 3 жилийн дараа ханш нь унасан ба тэр үеийг бодвол уг газар нь төвийн шугамд холбогдсон, дэд бүтэц сайтай газар юм. Тухайн үед банк 1,300,000,000 төгрөгөөр үнэлсэн байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас банкны үнэлсэн үнэлгээнээс хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд уг үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн шийдвэрийг үндэслэн Д.Г-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ********** дүүрэгт байх үл хөдлөх хөрөнгөд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан. Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учир хөрөнгийг битүүмжилж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй учраас хуульд зааснаар хөрөнгийн үнэлгээ хийлгэхэд тухайн үл хөдлөх хөрөнгийг 639,889,000 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний талаар төлбөр авагч, төлбөр төлөгч нарт мэдэгдэхэд төлбөр төлөгч талаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар хөрөнгөө өөрөө худалдан борлуулах санал гаргаснаар 1 сарын хугацаа олгосон ч энэ хугацаанд төлбөрөө төлөөгүй. Нэхэмжлэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааг хэтрүүлж нэхэмжлэл гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай гомдол гаргагч Д.Г-ийн гомдол шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй хэмээн үзэж гомдолтой байна.

“**** *****” ХХК-аас ирүүлсэн үнэлгээний тайлан нь Үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "Үнэлгээний тайлан" гэж холбогдох хууль тогтоомж болон үйлчлүүлэгч захиалагчийн хийсэн гэрээний дагуу үнэлгээчний бэлтгэн гаргасан, үнэлгээний зорилго, үнэ цэнийн суурь, он, сар, өдөр, хэрэглэсэн хандлага арга, ашигласан мэдээллийн эх сурвалж, дэвшүүлсэн төсөөлөл, үнэ цэнийн талаарх дүгнэлт зэргийг багтаасан баримт бичгийг ойлгохоор байхад үнэлгээний тайланд ямар эх сурвалжийг үндэслэн үнэлгээ хийсэн нь тодорхойгүй байна. Тайланд зах зээлийн хандлагаар хийсэн үнэлгээний аргачлал, харьцуулсан хөрөнгийн талаарх мэдээлэл гэсэн 6 үл хөдлөх хөрөнгийг харьцуулан хүснэгтээр оруулжээ. Гэтэл барилгын зах зээлийн жишиг үнэ, зарагдахаар зарлагдсан зах зээлд байгаа жишиг барилгын мэдээллээс хамгийн ижил төсөөтэй дараах мэдээллийг сонгосон гэх мэдээлэл нь хэзээ, хаанаас ямар мэдээлэл авч үнэлгээг тооцоолж гарсан нь тодорхойгүй, эх сурвалжгүй, магадгүй өөрөө зохиож төсөөллийн аргаар бий болгосон, хийсвэр дүнг гаргасан гэж үзэхээр байна.

Энэ нь хуулийн 8 дугаар зүйлийн 8.3-т Хөрөнгийн үнэлгээний тайлан үнэлгээний олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх бөгөөд дараах зүйлийг тусгасан байна: 8.3.9-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, Үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл, мөн 8.3.10-т Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал, мөн 8.3.11-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цээнэ үнэхээр зах зээлийн үнэ цэнэ мөн эсэх, үнэлгээ үнэн зөв гэдэг нь эргэлзээтэй байна. Үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3.9-д зааснаар тайланд тусгагдах учиртай хөрөнгийн зах зээлийн өнөөгийн буюу үнэлгээний өдрийн ханш, үнэ цэнийг тогтоох зорилгоор үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол түүний үндэслэл тусгагдаагүй. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3-т хөрөнгийн үнэлгээг мэргэжлийн түвшинд, хууль тогтоомж, үнэлгээний олон улсын болон үндэсний стандарт, холбогдох журам, аргачлалын дагуу явуулахаар заасан. Мөн хуулийн 12.1.7-д хөрөнгийн үнэлгээний тайланг энэ хуулийн 8.2-т заасан шаардлагад нийцүүлэн гаргана гэж тусгайлан хуульчилсан байхад үнэлгээний тайлан нь хуульд нийцээгүй. Үнэлгээчний гаргасан газар, барилгын зах зээлийн үнийг нийлээд 639.889.000 төгрөг гэсэн нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байна.

Иймд гомдол үндэслэлгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар зүйлийн 122.5, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар ... “**** *****” ХХК-ний тогтоосон шинжээчийн дүнэлт, үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 116.3 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, хуулийг ноцтой зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь сайтар хянаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Шүүх Д.Г-э, Б.Н нараас 897,766,400 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг төлбөр төлөгч нар сайн дураараа төлөөгүй тул Д.Г-ийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулсан. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаандаа төлбөрөө төлөөгүй. Хариуцагчийн зүгээс хуульд заасны дагуу бүх ажиллагааг явуулж Д.Г-эд 1 сарын хугацаа олгосон боловч тухайн хугацаанд төлбөрөө төлж чадаагүй. Шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулсан тул Д.Г-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                                               ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Г-э нь хариуцагч Б- газарт холбогдуулан үнэлгээ хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан, нэхэмжлэгч нь үнэлгээний талаархи гомдлыг хуульд заасан хугацаа хэтрүүлж гаргасан гэж маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 14-ний өдрийн **** дугаар шийдвэрээр Д.Г-э, Б.Н нараас 875,162,438.80 төгрөг гаргуулан “Хаан банк” ХК-д олгож, шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол Д.Г-ий өмчлөлийн ********** дүүргийн * хороо-, * гудамж-ны * тоот хаягт орших ***-талбайтай, улсын бүртгэлийн *********** дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших нэгж талбарын *******************, улсын бүртгэлийн **************** дугаартай ***-талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ.

Д.Г-э шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй байх тул тус шүүхийн шүүгчийн 2023 оны ***дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамжийг үндэслэн Б- газраас шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааг явуулж, дээрх барьцаа хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэн байна. Энэ талаар зохигч маргаагүй. Харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч нар барьцаа хөрөнгүүдийн үнийн талаар тохиролцоогүй буюу төлбөр төлөгч барьцаа хөрөнгөө 1,944,000,000 төгрөгөөр, төлбөр авагч 436,732,920 төгрөгөөр тус тус үнэлжээ. Энэ үндэслэлээр хариуцагч 2024 оны 02 сарын 20-ны өдрийн 2/11 дугаартай тогтоолоор “**** *****” ХХК-ийн үнэлгээчин Д.Г-г шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Шинжээчээс ********** дүүргийн * хороо-, * гудамж-ны * тоот хаягт орших ***-талбайтай, улсын бүртгэлийн *********** дугаартай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 419,126,000 төгрөгөөр, мөн хаягт орших нэгж талбарын *************9, улсын бүртгэлийн ************** дугаартай ***-талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 268,740,000 төгрөгөөр буюу барьцаа хөрөнгүүдийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 02 сарын 26-ны өдрийн байдлаар нийт 639,889,000 төгрөгөөр үнэлжээ.

Хариуцагчаас үнэлгээний тайланг төлбөр төлөгч бөгөөд барьцаа хөрөнгийн өмчлөгч Д.Г-эд 2024 оны 02 сарын 29-ний өдөр танилцуулсан байх бөгөөд нэхэмжлэгч уг үнэлгээг эс зөвшөөрч 2024 оны 04 сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно” гэж заасныг зөрчсөн буюу шүүхэд гомдол гаргах хугацааг 38 хоног хэтрүүлсэн байна. Нэхэмжлэгч хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсаныг анхан шатны шүүх зөв тодорхойлж, үндэслэл бүхий дүгнэсэн байна.

Иймээс анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г-ийн нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг мөн энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүхээс хангахгүй.

6. Түүнчлэн хэрэгт нотлох баримтаар авагдсан “**** *****” ХХК-ийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл шинжээч нь үнэлэгдэж буй хөрөнгийг ********** дүүрэг ** хороо, 32 тойрог, Б, З, Д зэрэг байршилд байх үл хөдлөх хөрөнгүүдтэй харьцуулсан байдлаар зах зээлийн судалгааг хийж, хөрөнгийн зах зээлийн, орлогын, өртгийн гэсэн 3 аргаар тус бүрд нь харьцуулан үнэлсний эцэст хөрөнгийн үнэлгээг нэгтгэн гаргасан нь Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх” шаардлагад нийцсэн байна.

Барьцаа хөрөнгүүдийг ямар аргаар, хэрхэн үнэлсэн нь тайланд тусгагдаагүй, хөрөнгийг үнэлсэн арга тодорхойгүй гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн үндэслэлээ нотлоогүй байна. Иймд барьцаа хөрөнгийг зах зээлийн үнэ, ханшаас доогуур үнэлсэн гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэхдээ хариуцагч байгууллагын нэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж тодорхойлсон боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг Б- газар гэж зөв тодорхойлсон байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг Б- газар явуулсан байх бөгөөд анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж буруу тодорхойлсныг Б- газар” гэж зөвтгөсөн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 30-ны өдрийн 102/ШШ2024/04576 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт...” гэснийг “Б- газарт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                ШҮҮГЧИД                                  Д.ЗОЛЗАЯА

 

               Э.ЭНЭБИШ