Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01445

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  19  210/МА2024/01445

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02146 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч С.Од холбогдох

Гэм хорын хохиролд 9,691,930 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Би 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21 цаг 20 минутын үед нөхөр Ч.Оийг тосоход баруун хашааны С.О нөхрийн хувцаснаас зуураад загнаж байсан бөгөөд намайг очих үед танай нойлын энэ хавийн шороо манай хашаа руу нураад байна та 2 орж хар гэж хэлээд татаж чангаан бид хоёрыг хашаа руугаа дагуулан орсон. С.О нь нөхрийн хамтаар бид хоёрыг дайрч доромжилсон. С.О над руу дайрч түлхсэн тул би мөн адил түлхэж хоорондоо барилцаж авсан. Энэ үед С.Оын нохой нь миний зүүн хөлний тахимнаас хазан сэгсэрсэн. Миний 2 гарыг С.О барьсан байсан бөгөөд нохой чинь намайг хазаад байна гэхэд гар тавилгүй байснаас болж нохойны 3 шүд орсон. Аав Д орж ирж, нөхөр Ч.Оийн хамт нохойг хөөж явуулсан. Бид цагдаагийн 2 дугаар хэлтэст дуудлага өгч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд вакцин хийлгэж, хөлөнд 4-6 см гүн шарх үүссэнд оёдол тавиулсан.

1.2. Би 2015 оноос одоог хүртэл Ш.С худалдааны төвд суудал түрээслэн үсчнээр ажиллаж байна. Нохойнд хазуулсан шархнаас болж 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш 17 хоногийн хугацаанд ажиллах боломж байгаагүй. Эмнэлгийн байгууллагаас хөдөлмөрийн чадвар түр алдсаныг тодорхойлж 14 хоногийн акт бичсэн. Ажлын байрны түрээс 1 сарын 500,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сард ажлын 26 хоног байна. Тэгэхээр 1 өдрийн түрээсийн төлбөр 19,230 төгрөг (500,000/26 хоног), 15 өдрөөр тооцоход 288,450 төгрөгийн түрээс бодогдсон. Би өдөрт 149,232 төгрөгийн дундаж орлго олдог, ажлын 15 өдөрт 2,238,480 төгрөг болно.

1.3. Гоо сайхны С. эмнэлэгт үзүүлэхэд дараах дүгнэлтийг гаргаж өгсөн. Үүнд: ПРП тарилга - арьсны төлжилтийг дэмжин сорвижилт үлдэх магадлалыг багасгана, тоо 6, нэгж үнэ 175,000 төгрөг, нийт 1,050,000 төгрөг, сорви тос тебегта, тоо 1, нэгж үнэ 89,000 төгрөг, Салмон тарилга - арьсны төлжилтийг дэмжин нөхөн сэргээх, тоо 5, нэгж үнэ 400,000 төгрөг, нийт 2,000,000 төгрөг, Лазер эмчилгээ /хэсэгчилсэн/ - сорвийг бүдгэрүүлнэ, тоо 3, нэгж үнэ 250,000 төгрөг, нийт 750,000 төгрөг, төлбөрт үзлэг 50,000 төгрөг, нийт 3,939,000 төгрөг. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй гэж заасныг үндэслэн эмчилгээний зардал 3,939,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

1.4. С мэс заслын эмнэлэгт сорви арилгах, бүдгэрүүлэх тарилга ПРП 4 удаа хийлгэсэн 700,000 төгрөг, И.М.С эмнэлэгт эмчийн үзлэг 65,000 төгрөг, давтан үзлэг 20,000 төгрөг, хөлний хазуулсан хэсгийн MRI 658,000 төгрөг, А.Б эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн 13 хоногийн эмчилгээний төлбөр 2,071,450 төгрөг, нийт 9,691,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 21 цаг 45 минутад нөхрийн хамт хүнсний дэлгүүр ороход Д.Бгийн нөхөр Ч.Отэй таарсан, араас хөөе, хөөе гээд дуудаад байсан, бид дуугараагүй. Д.Бгийн жорлон, бохир нь манай хашаанд жилдээ 2-3 удаа байнга хальж задардаг, энэ асуудал 2 жил үргэлжилж байна. Жорлонгийн асуудлыг Ч.От хэлэхэд чи надтай харьцахгүй шүү халтар минь гээд орилсон. Би айгаад хашаа руугаа гүйгээд ороход араас хаалга өшиглөөд дайрч орж ирээд нүүр нүдгүй цохисон. Би орилоод нөхрөө дуудахад нөхөр Т.Ж нохой сул байгаа шүү, давраад байгаарай, хашаанаас гар зайл гэж хэлээд гүйж ирсэн. Гэтэл манай нөхрийг боож унагаад дээр нь суугаад цохисон. Араас нь Ч.Оийн хадам аав Д орж ирээд салгах нь байтугай дэвсээд хамт цохисон, би салгаж чадахгүй сандраад 102-т дуудлага өгсөн. Ч.Оийн эхнэр Д.Б гаднаас орж ирээд нөхрийгөө салгахгүй, шууд миний нүүр, гарыг маажиж цохисон. Энэ хэргийг Зөрчлийн тухай хуулиар шалгаад би 100,000 төгрөгийн торгуулийг төлсөн.

2.2. Д.Б эмчилгээний зардал 340,000 төгрөг нэхсэн. Би баримттай байгаа зүйл дээр нь төлнө гээд 200,000 төгрөгийг төлсөн. 70,000 төгрөг түлшний үнэ, 130,000 төгрөг эмчилгээний зардал төлсөн, 140,000 төгрөг нь ямар ч баримтгүй мөнгө нэхсэн. Тухайн үед энэ мөнгийг аваад гомдолгүй гэсэн. Хорооны цагдаа энэ мөнгийг нь төлчих гээд байсан болохоор төлсөн.

Нэхэмжлэгчийн нэхэмжилж буй хохирол гэх зүйлүүд нь цэвэр өөрийнх буруугаас болж үүссэн бөгөөд хариуцагчийн оролцоо огтхон байхгүй. Хөршийгөө зодохоор түүний зөвшөөрөлгүй хашаа гэрт нь ороогүй бол хөршийн нохойд хазуулж өөрөө хохирохгүй байсан гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгч Ж.Нямцэцэгийн дүгнэлтийн агуулга:

Гэм хорын хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцагч төлөх ёстой гэж үзэж байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч С.Оаас 6,594,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,097,680 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200,746 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Оаас 120,458 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Бд олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

Шийдвэрт Нэхэмжлэгч Д.Бгийн Хаан банк дахь *** тоот дансны хуулга, үсчний мэргэжлийн үнэмлэх, үйлчилгээний талбай түрээсийн гэрээ зэрэг баримтууд нь түүнийг тогтмол орлого олж байсан гэж үзэхээргүй бөгөөд тэрээр 2022 оны 04 сарын 04-17-ны өдрүүдийн хооронд Ахуйн осол шалтгаанаар амбулаториор 14 хоног эмчлүүлсэн нь түүнийг 2,238,480 төгрөгийн орлогоо алдсан гэж үзэх үндэслэл болохгүй болно гэжээ. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт "Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан ... орлого ...-ыг хохирогчид төлөх үүрэгтэй гэснийг хууль зүйн үндэслэл болгож нэхэмжлэл гаргасан. Дансны хуулганаас орлого тодорхой харагдах тул орлого алдсан гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй юм. Түрээс төлөөд банкны зээл төлөөд байгаа баримтууд нь орлого олдог гэдгийг хангалттай нотолно. Шүүхийн дүгнэлтээр бол орлого огт олдоггүй байсан хэмээн үзээд байх шиг байна. Гэвч орлого олохгүй бол өөрийгөө болон гэр бүлээ тэжээх боломжгүй гэдгийг анхаарч авч үзсэнгүй. Орлого болгож дунджаар 2,238,480 төгрөг олох байсан ч С.Оын буруугаас шалтгаалж олж чадаагүй ба хариуцагч тал орлогыг үгүйсгэж маргахгүй байхад тогтоогдохгүй байна гэсэн нь үндэслэлгүй юм.

Иймд 2,238,480 төгрөгийн орлого олох байсныг тогтоож, уг орлогыг хариуцагчаас гаргасан өөрчлөлтийг шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Шүүх шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т Хариуцагч С.О нь нэхэмжлэгч Д.Бг зөвшөөрөлгүйгээр манай хашаанд орж нохойд хазуулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан гэх...., 9-т Мөн талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлгийг дүгнэхэд, нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Оын хашаанд зөвшөөрөлгүй орсон гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж дүгнэжээ. Энэхүү дүгнэлт нь Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.2 дахь хэсэгт заагдсан Гэрийн тэжээвэр ... амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заасан хариуцагчийн буруугүй үйлдлийг тодорхойлох хуулийг хэрэглэх боломжгүй болгожээ. Улмаар шүүхийн шийдвэрийн 8-т хариуцагчийн эрх зүйн байдлыг дордуулсан дүгнэлтийг хийж, хариуцагчийг санаатай болон болгоомжгүй үйлдэл байсан эсэхийг огт тогтоолгүй хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Энэхүү үйлдлийг эрх зүйн хувьд Иргэний хуулийн 10 дугаар зүйлд заасан Аргагүй хамгаалалт гэх бөгөөд хариуцагчийн нохой сул байж нэхэмжлэгчийн үйлдлийг зогсоогоогүй бол хариуцагчийн эрүүл мэндэд хэдий хэр хохирол учирсан байхыг таах аргагүй юм. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад энэ талаар болон мөн Иргэний хуулийн 11 дүгээр зүйлд заасан Гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдэл эсэхийг дүгнүүлэх талаар тайлбарласан боловч шүүх огт дүгнэлгүйгээр хэт нэг талыг барьж энэхүү хууль бус шийдвэрийг гаргасанд маш их гомдолтой байна.

6.2. Үүнээс гадна шүүх шударга ёсны зарчмыг уландаа гишгэж дээрх хууль бус шийдвэрийг гаргасан. Жишээ нь: Шүүх бусдын хууль бус гэмт үйлдлийг зөвтгөж тухайн гэмт этгээдийн гэмт хэргийг өөгшүүлсэн. Учир нь, нэхэмжлэгч нь бусад гэмт хэрэгтнүүдтэй л адил гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тухайн гэмт хэрэг үйлдэх үедээ хохирсон асуудлыг шүүх шийдвэрлэхдээ хариуцагчийн бусдад учруулсан гэм хор гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болсон. Өөрөөр хэлбэл хариуцагчийн үйлдлийг дүгнэхдээ хулгайн гэмт хэрэгт холбогдсон хүн хулгай хийгээд гарч явах үедээ хулгай хийсэн газрынхаа нохойд хазуулсан тохиолдолд мөн тухайн нохой эзэмшигч нь хулгайчид гэм хор учруулсан гэж үзсэнтэй ижил юм. Тиймээс нэхэмжлэгч нь эхлээд хариуцагчид гэмт үйлдэл учруулж гэмт хэрэг үйлдсэн бөгөөд тус гэмт хэргийн улмаас хариуцагчийн нохойд хазуулсан нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад тодорхой байхад ийнхүү шийдвэрлэсэн нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхтэй гэснийг зөрчсөн байна.

6.3. Шүүхээс хариуцагчийн тайлбар, татгалзалдаа өгсөн баримт материалыг дутуу шалгаж, тухайн хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн баримт материалын учрыг олъё гэдэг талаас нь биш, маргааны үйл баримтыг гуйвуулж, ач холбогдолтой материалуудыг үнэлэлгүй, тухайн эргэлзээтэй нөхцөл байдал гарч ирээд байхад түүнийг тодруулалгүй, хэргийн үнэн зөвийг олох талаар үйлдэл хийлгүй хайнга байдлаар шийдвэрлэсэн. Хэрэгт 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчийн зүгээс хүсэлт гаргасан бөгөөд тухайн хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахад *** дүүргийн Цагдаагийн 2 хэлтсийн хэсгийн байцаагч М.Өыг гэрчээр оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан. Мөн Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын төвийг томилж өөрийн гаргасан тайлбар татгалзлыг нотлуулах зорилго байсан. Гэвч энэхүү хүсэлтүүдийг шүүхээс хангалгүйгээр тус иргэний хэргийг шийдвэрлэсэн бөгөөд энэ нь хариуцагчийн нотлох баримт цуглуулах эрхэнд бүдүүлгээр халдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, зохигчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Од холбогдуулан гэм хорын хохирол 9,691,930 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Нэхэмжлэгч Д.Б нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр *** дүүрэг, *** дугаар хороо, Их Дарь эх *** хэсэг, **** тоот хаягт байрлах хариуцагч С.Оын хашаанд түүний нохойд хазуулж зүүн хөлийн ар хэсэгт гэмтэл авчээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 5260 дугаар дүгнэлтэд зүүн өвдөгний ар хэсэгт 3.2 см 2 ширхэг, 1.6 см 1 ширхэг мэс заслын оёдол тавигдсан зах ирмэг тэгш бус улаан өнгийн шархтай, тэр хэсэгт 1.0*0.6 см, 1.2*0.3 см, 2.0*0.8 см, 0.6*0.8 см хүрэн өнгийн зулгаралттай гэж тодорхойлжээ.

3.2. Хариуцагч С.О нь уг нохойг түүний өмчлөлийн тэжээвэр амьтан болохыг маргаагүй байна.

 

4. Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501 дэх хэсэгт Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна, 501.2 дахь хэсэгт Гэрийн тэжээвэр амьтан, бусад амьтны үйлдлээс бусдад гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй бол тэрээр гэм хорыг хариуцахгүй гэж заажээ.

Хариуцагч нь дээрх хуульд заасан гэм хор учирсан нь тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигчийн санаатай буюу илт болгоомжгүй үйлдэлтэй холбоогүй буюу нэхэмжлэгч түүний хашаанд зөвшөөрөлгүй орж ирж хэрүүл маргаан үүсгэн нохойд хазуулсан учир гэм хорыг хариуцахгүй гэж маргажээ.

4.1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.3 дахь хэсэгт Мал, амьтан өмчлөгч нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхдээ мал, амьтан, байгаль орчныг хамгаалах, эрүүл ахуйн шаардлага, бусдын аюулгүй байдлыг хангах талаар тогтоосон хэм хэмжээг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан.

Анхан шатны шүүх Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой, муур тэжээх аргачлал, золбин нохой, муур устгахад мөрдөх журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Нохой, муур эзэмшигч байгууллага, иргэд нь орон сууц, гэр хорооллын хашаанд тусгай бэлтгэсэн байр, талбайд бат бэх уяатай байлгаж, гадаа гудамж талбайд зугаалуулах, эмчилгээ хийлгэхээр авч явахдаа амны хошуувчтай байлгана гэж заасныг хариуцагч зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл ногдуулах тухай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 0319883 дугаар шийтгэлийн хуудсаар С.Оыг Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах зөрчлийг гаргасан үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгосныг зөв тогтоожээ.

4.2. Үүнээс гадна шүүх гэрч Ч.О, Т.Ж нарын мэдүүлгүүдийн агуулгыг зөв тогтоож, нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч С.Оын хашаанд зөвшөөрөлгүй орсон үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Иймээс шүүх хариуцагчийн санаатай болон болгоомжгүй үйлдэл байсан эсэхийг тогтоогоогүй, хуулийг буруу хэрэглэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заасан.

5.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчээс 2022 оны 04 дүгээр сарын 04-11-ний өдрийн хугацаанд эмэнд төлсөн 120,800 төгрөг, Алт болд эмнэлгийн эмчилгээнд 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төлсөн 2,071,450 төгрөг, И.М.С эмнэлэгт 2024 оны 02 дугаар сарын 21-28-ны өдрийн хугацаанд төлсөн үзлэг, MRI авахуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээний нийт төлбөр 743,000 төгрөг, түүнчлэн С клиник ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 22/28 тоот эмнэлгийн дүгнэлтэд тодорхойлсон сорви арилгах, бүдгэрүүлэх эмчилгээнд гарах зардал 3,939,000 төгрөг, нийт 6,874,250 төгрөгийн зардлыг нэхэмжлэгчийн эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдоотой зардал гэж дүгнэсэн, мөн хариуцагчаас хохиролд 280,000 төгрөгийг хүлээн авсныг хасч тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцжээ.

5.2. Нэхэмжлэгч нь үсчний үйл ажиллагаанаасаа татвар төлөөгүй учир түүний орлогыг тодорхойлох боломжгүй. Иймээс хэргийн баримтаар нэхэмжлэгчийг тогтмол орлого олж байсан гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдөр гаргасан *** дүүргийн Цагдаагийн 2 хэлтсийн хэсгийн байцаагч М.Өыг гэрчээр оролцуулах, Цагдаа, дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн албаны нохой сургалтын төвийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг шүүх хэрэгт хамааралтай эсэх, ямар үйл баримтыг тогтоолгох нь ойлгомжгүй гэж үзэж хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсгийг зөрчөөгүй.

 

7. Дээрх үндэслэлээр зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй. Мөн шүүх иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар харгалзан шийдвэрлэсэн нь зөв болжээ. Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт заасныг зөв дүгнэсэн атлаа шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасан байх тул залруулж холбогдох өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. *** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 101/ШШ2024/02146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 497 дугаар зүйлийн 497.1 гэснийг 501 дүгээр зүйлийн 501.1 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 51,000 төгрөг, хариуцагчаас төлсөн 120,458 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА