Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Н.Б,

Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814007270224 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 29-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Н.Б,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Стандарт хэмжил зүйн газарт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч П.Үыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Н.Б нь 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Стандарт хэмжил зүйн газарт хамтран амьдрагч П.Үыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч П.Үын ... 2018 оны 12 дугаар сарын 16-ны өдөр би Дарханаас ирээд байж байтал Б намайг “тээврийн товчоон дээр хүрээд ир” гэж дуудсан. Тэгэхээр нь би 10 цаг өнгөрч байхад яваад очсон чинь Б архи уучихсан ганцаараа тээврийн товчооны буудалд байсан. Би очихдоо бага насны хүүхдээ аваад очсон байсан тул буцаж хүүхдээ гэрт хүргэж өгчихөөд эргээд очиход Б танихгүй хүнтэй архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи өгөөд би уусан. Б архи ууж байгаад намайг Дарханд үлдлээ гээд намайг барьж аваад гараараа нүүр, нүд рүү 2 удаа цохисон. Тэгээд больчихоод тэндээсээ би Бтай хамт үдээс хойш 15 цагийн орчимд гараад Бын ээжийнд нь очсон ... Тээврийн товчооны буудалд архи ууж байхдаа намайг Дарханд үлдлээ гээд гараараа 2 удаа цохиж зодсон ... Тээврийн товчоонд цохиулахад миний дух, хацар гэмтсэн. Гэрт нь очоод нойлд ороод уруул, чихний арын болон гуянд гэмтэл учирсан ... Намайг нойлд зодход хэн ч хараагүй ойр орчимд Баас өөр хүн байхгүй байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10/,

Гэрч П.Дгийн ... Ү 2018 оны 12 дугаар сард нэг өдөр Дарханаас өглөө ирсэн. Тэгээд хувцасаа сольчихоод байж байгаад гараад явсан чинь гэртээ ирэхдээ нүд нь хавдсан ирсэн. Хэнд хэзээ зодуулснаа хэлээгүй. Дарханаас ирэхдээ зүгээр байсан юм ... П.Ү Дарханаас ирэхдээ зүгээр байсан харин ирсэн өглөө нь гарч явчихаад гэртээ ирэхдээ л нүд хавдсан байсан. Дарханаас ирсний дараа гэдэг нь өглөө Дарханаас ирчихээд гарч явж байгаад ирэхдээ нүд хацар нь хавдсан байдалтай байгааг хэлж байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 45-46/,

Шүүгдэгч Н.Бын ... Би 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Үтай маргаад Ү согтуудаа миний өмд цамцыг “аваад явлаа” гээд явчихаад цагдаа дуудаад цагдаа дагуулаад орж ирсэн. Цагдаа нь биднийг авч явалгүй харьж амарцгаа гээд гараад явуулсан. Тэгээд би Үын хамт Стандарт хэмжил зүйн хашаанд байх гэртээ ирсэн. Ү тэгээд хэрүүл гуйгаад байхаар нь би хойд байгууллагын нойлын өрөөнд Үыг гараараа 2 удаа алгадсан тэгэхэд Ү ванны хажуу руу уначихсан. Тэгэхдээ чихээ шалбалсан. Би тэгээд түрүүлээд гарахдаа хаалгаар урдаас нь савчихсан юм тэгэхэд нүд нь хөхөрч дух нь хавдсан байх. Тэгээд би уучлалт гуйгаад эвлэрч бид 2 гэртээ ороод унтсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 21-ний өдрийн 37 тоот шинжээчийн ... П.Үын биед тархи доргилт, зүүн хацар, дух, баруун чихэнд зулгаралт, дээд уруул, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 20-21/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч П.Ү шүүгдэгч Н.Б нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 97 дугаар талд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бын гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Н.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Бын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Бд мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА