Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2024/01990

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 20 210/МА2024/01990

 

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/04262 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******, *******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Миний хүү ******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 17 цагийн орчим Сонгинохайрхан дүүрэг, ******* хороо, *******ийн тоот хаягт байрлах, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч,*******йн ус түгээх /худаг/-ийн дэргэд мөсөн дээр гулгаж тоглож байгаад 16 метрийн урттай ус дамжуулах трубанд даруулж нас барсан. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хааж шийдвэрлэсэн.

1.2 Шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 23/03 дугаар дүгнэлтээр Улаанбаатар Төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч,******* нь Монгол Улсад мөрддөг Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа эрүүл ахуй, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих ерөнхий шаардлага MNS4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалт, Хот суурины ундны ус түгээх цэг /байрны/ үйлчилгээний ерөнхий шаардлага MNS575:2014 стандартын 7.1 дэх заалт, мөн Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч,*******йн дарга иргэн той 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №АХ2022/53 дугаартай Ус түгээх худгийн ашиглалтын гэрээний 2.1-д заасан хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 14 настай хүү нас барсан гэсэн дүгнэлт гарсан.

Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5, мөн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор баталсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал-ын 3.4 дэх заалтуудыг үндэслэн оршуулгын зардалд 4,500,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Нэхэмжлэгчийн хүү 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ******* хороо *******ийн тоот хаягт Улаанбаатар Төмөр замын Эрчим хүч*******йн ус түгээх /худаг/-ийн дэргэд мөсөн дээр гулгаж тоглож байх үедээ ус дамжуулах трубанд даруулж нас барсан асуудлаар Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1-р хэлтэс мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар тус дүүргийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаар тогтоолоор гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан.

Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь эрүүгийн хариуцагч холбогдогчоор оролцоогүй учраас гэм хорын хохирол гаргуулах иргэний хэрэгт хариуцагчаар оролцох үндэслэлгүй.

2.2 Уг ус түгээх цэг /худаг/-ийг Усны тухай хуулийн ******* зүйлийн 32.9 дэх хэсэгт заасны дагуу Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг, Эрчим хүч,******* нь иргэн той 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн №АХ2022/53 дугаартай Ус түгээх худгийн ашиглалтын гэрээг байгуулсан. *******ийн худаг түрээслэгч нь тухайн нутаг дэвсгэрт мал болон иргэд байгаагаас шалтгаалж өөрсдийн санаачилгаар мал услах онгоц, ус гаргах хоолой зэргийг байршуулсан байдаг. Энэ талаар тухайн худгийг түрээслэгч ийн өвөө 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар төмөр замын ус хангамж, цахилгаан эрчим хүчний албанд гаргасан өргөдөлдөө 1989 оноос одоог хүртэл тохижуулж, тордож байгаа. Үүнд мал услах онгоц, ус гаргах шланк, цонх, хаалга, дотоод гадаад засал, ногоон орчин гэх мэтийг хийж тохижуулсан гэдгээ дурдсан байдаг.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар шууд эзэмшигч нь байгаа, шууд бус эзэмшигч нь Улаанбаатар төмөр зам гэж тооцогдоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 18 нас хүрээгүй хүүхдийн үйлдэл бол саваагүй байдаг. Тиймээс томчууд бид хүүхдийн аюулгүй байдлыг алхам тутамдаа анхаарах хэрэгтэй. Энэ үүднээс *******ы нэхэмжлэл зөв гэж үзэж байна. Харин хариуцагч тал гэх хүн дээр буух нь илүүтэй нийцэх мэт боловч өмчлөгч тал мөн ашиглалт дээр хяналт тавьж байх үүрэгтэй гэж үзэж байна. Шууд болон шууд бус эзэмшигч хоёулаа буруутай гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, өмчлөгч Улаанбаатар төмөр зам, ус хангамж, ашиглагч хоёр хохирлыг адил төлөх үүрэгтэй. Магадгүй илүү ихээр мөнгөн дүнг төлөх ёстой гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан хариуцагч Улаанбаатар төмөр замаас гэм хорын хохиролд 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 86,950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

5.1 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа нь хэлцлийн үндсэн дээр шууд эзэмшигч нь , шууд бус эзэмшигч нь Улаанбаатар төмөр зам ХНН юм. Гэтэл анхан шатны шүүх шууд бус эзэмшигч буюу Улаанбаатар төмөр зам ХНН-ийг хариуцна гэж буруу дүгнэсэн. Улаанбаатар төмөр зам ХНН, Эрчим хүч,******* нь иргэн той 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн АХ2022/53 дугаартай Ус түгээх худгийн ашиглалтын гэрээг байгуулсан. *******ийн худаг түрээслэгч нь тухайн нутаг дэвсгэрт мал бүхий иргэд байгаагаас шалтгаалж өөрсдийн санаачилгаар мал услах онгоц, ус гаргах ган хоолой зэргийг байршуулсан байдаг. Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.1, 288.2.4, 289.2.6 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх огт анхаарсангүй.

5.2 Эрчим хүч, ус хангамжийн 1-р анги нь Ус түгээх худгийн ашиглалтын гэрээний ашиглуулагч байгууллагын эрх, үүргийн дагуу усны эх үүсвэрийн усны чанарын хяналтаа тавьж, гүний цооног, насосонд гэмтэл гарсан нөхцөлд мэргэжлийн байгууллагын үүднээс засварлах, техникийн үйлчилгээ үзүүлдэг. Бусад нөхцөлд гэрээний 1.1, 1.5, 1.6 дугаар зүйлд тус тус заасны дагуу худаг ашиглагч нь тухайн худгийн ашиглалт, ус түгээх үйлчилгээ, аюулгүй ажиллагааг хариуцан ажилладаг. Түрээслэгч ийн өвөө 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр УБТЗ-ын Ус хангамж цахилгаан эрчим хүчний албанд гаргасан өргөдөлдөө 1989 оноос одоог хүртэл худгаа тохижуулж тордож байгаа, үүнд мал услах онгоц, ус гаргах шланк, цонх, хаалга. дотоод. гадаад засал, ногоон орчин гэх мэт хийсэн талаар дурдсан баримтыг шүүх огт үнэлээгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2303 тоот шинжээчийн дүгнэлтэд хяналтын үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас 14 настай хүүхэд нас барсан гэдэг. Хяналтын үүргийг гүйцэтгэх худгийг өмчлөгч буюу эзэмшигч нь Улаанбаатар төмөр зам мөн. ************** нь иргэн той Ус түгээх, худгийн ашиглалтын гэрээг байгуулсан бөгөөд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн харьяа нэгж бие даасан эрхгүй байгууллага юм. Өөр этгээд нь Эрчим хүчний ус хангамжийн нэгдүгээр анги, тухайн үед өөрийн мэдэлд байлгаж гэдэг нь юм.

6.2 эд хөрөнгө хөлслөх гэрээ хийгээгүй ашиглалтын гэрээг хийсэн учраас Иргэний хуулийн 288 дугаар зүйл заалтад хамааралгүй. Худаг ашиглах гэрээ байгуулсан нь ус түгээх ашиглах, аюулгүй ажиллагааг хариуцах нь зүй ёсны асуудал ч энэ нь нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй. Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэг нь нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* болон *******,*******д холбогдуулан гэм хорын хохиролд 153,275,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч нараас 4,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. ******* нь 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт Зөрлөг давааны тоотод байрлах худгийн орчим тоглож байх үедээ уг худгийн төмөрт даруулж нас барсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

3.1 Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын прокурорын 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2031 дугаар тогтоолоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/03 дугаар дүгнэлт зэрэг баримтуудаар ******* нь худгийн төмөр трубагаар тоглож байгаад төмөрт даруулж гэмтсэний улмаас нас барсан асуудал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжгүй, харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан Гэм хор учруулснаас хариуцлага хүлээлгэх үндэслэлд хамаарч байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн байна. /хх 29-31/

3.2 *******ын оршуулгын зардалд 4,500,000 төгрөг төлсөн болох нь Бодь буян ХХК-тай байгуулсан захиалгын гэрээгээр тогтоогдож байна. /хх 60/

4. Дээрх хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 23/03 дугаартай дүгнэлтэд ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, Үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тавих ерөнхий шаардлага MNS 4968:2000 стандартын шаардлагын 2.1 дэх заалтыг хангаагүй байна. ...Хот, суурины ундны ус түгээх цэгийн үйлчилгээ, Ерөнхий шаардлага MNS 5775:2014 стандартын 6.3 дахь заалтыг иргэн зөрчсөн байна. Харин *******, ус хангамжийн нэгдүгээр анги нь ...хяналт тавьж ажиллагаагүй гэжээ.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Зохих ёсоор арчилж хамгаалаагүй, гэмтэл согогтой байснаас бусад тохиолдолд байшин барилга бүтэн буюу хэсэгчлэн нурсны улмаас учирсан гэм хорыг тухайн барилгын өмчлөгч хариуцах талаар Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт зохицуулсан. ******* нь *******ын төрсөн эх болох нь түүний нас барсны гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.

5.1 Хариуцагч *******ын харьяа Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги нь дээрх худгийг ашиглуулахаар той 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Ус түгээх худгийн ашиглалтын гэрээ-г байгуулсан. Гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.5-д тус тус зааснаар нь худгийн барилга, ариун цэврийн бүсийн хашаа, хаалт, арматур, цахилгааны самбар, ус цахилгааны тоолуур ус цэвэршүүлэх төхөөрөмжүүд, усны сав болон бусад тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хариуцан ажиллах, худгийн барилга, ариун цэврийн бүсийн хашааны өнгө зүс, тохижилт, бүрэн бүтэн байдлыг хариуцаж, засвар үйлчилгээ хийхээр, 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар Улаанбаатар төмөр замын эрчим хүч, ус хангамжийн нэгдүгээр анги нь худгийн барилга, ариун цэврийн бүсийн хашаа, хаалт, арматур, ус цэвэршүүлэх, төхөөрөмж, усан сан, цахилгааны тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хянаж ажиллахаар тус тус үүрэг хүлээсэн байна. /хх 61-62/

5.2 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт зааснаар өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна. Анхан шатны шүүх мөн зүйлд зааснаар нь усны худгийн ашиглагч, харин хариуцагч ******* нь өмчлөгч буюу шууд бус эзэмшигч гэж дүгнэсэн нь зөв. Иймд шүүх нэхэмжлэгчид учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах хуулиар үүсэх үүргийг хариуцагч буюу худгийн өмчлөгч *******д ногдуулсан нь үндэслэл бүхий болсон байх тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардах эрхийг зохицуулсан Иргэний хуулийн 500 дугаар зүйлийн 500.1 дэх хэсэгт заасныг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй байгааг залруулна.

6.1 Мөн анхан шатны шүүх *******,******* нь *******ын харьяа нэгж буюу бие даасан хуулийн этгээдийн эрхгүй этгээд гэж зөв дүгнэж түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй талаар үндэслэлтэй дүгнэсэн боловч энэ талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн өөрчлөлт оруулна.

7. Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг анхан шатны шүүх харгалзан үзсэн байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2024/04262 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 500 дугаар зүйлийн 500.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******аас 4,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч *******,*******д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 86,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

М.БАЯСГАЛАН