Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02024

 

 

 

 

 

 

 

2024 11 25 210/МА2024/02024

 

 

Б.Э-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03556 дугаар шийдвэртэй,

Б.Э-ын нэхэмжлэлтэй, Д.Б-, Л.У- нарт холбогдох

*********- дүүргийн ** хороо, ** гудамжны ** тоот хаягт байх ***- талбайтай хувийн сууц болон ***- талбай бүхий газрын өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч Л.У-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Х, хариуцагч Л.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.Э- нь 2019 оны 09 сарын 08-ны өдөр *********- дүүргийн ** хороо, Б гудамжны ** тоот хаягт байх газар болон хоёр давхар үл хөдлөх хөрөнгийг Д.Б-, Л.У- нараас 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээ байгуулах үед хариуцагч нар нь тухайн үл хөдлөх хөрөнгийг Хаан банкинд 30,000,000 төгрөгийн зээлд барьцаалсан учраас гэрчилгээний нэрийг одоогоор шилжүүлэх боломжгүйг хэлсэн. Харин гэрээний үнийг шилжүүлж авсны дараа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгнө гэснээр худалдах-худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсан өдөр үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлсэн.

Б.Э- нь гэрээний төлбөрт хоёр өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт тооцож Д.Б-, Л.У- нарын нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 25,000,000 төгрөгийг хувааж төлөхөөр тохиролцон 15,000,000 төгрөгийг Л.У-гийн Хаан банкны дансанд шилжүүлсэн ба үлдэх 10,000,000 төгрөгийг шилжүүлэх гэсэн ч хариуцагч нар гар утасны дуудлагыг хүлээн авахгүй, тэдэнтэй холбоо барьж чадаагүй тул шилжүүлж амжаагүй. Одоо тухайн эд хөрөнгө нь нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа. Иймд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Л.У-гийн тайлбар, татгалзлын агуулга: Би 2005 онд Д.Б-тай гэр бүл болж хамтран амьдрах хугацаандаа дээрх хувийн сууцыг Хаан банканд барьцаалж зээл авсан. Уг байшингаа Б.Э-т худалдсан нь үнэн. Б.Э- нь 100,000,000 төгрөгт тооцон 2 өрөө орон сууц шилжүүлсэн. Банкны зээлийг Д.Б- төлөх учиртай гэж үзэж байна. Учир нь Д.Б- гэр бүлийн бизнес, 2 орон сууц, 2 автомашин, бусад эд зүйлийг 100 хувь авч үлдсэн. Д.Б- нь миний нэрийг ашиглаж Хаан банкнаас зээл авахуулж намайг хүнд байдалд оруулсан. Тэрээр өрхийн бүх орлогыг 100 хувь захиран зарцуулсан. Иймээс Б.Э-ын нэхэмжлэлийг Д.Б- хариуцах нь зөв бөгөөд хохиролгүй болгох ёстой гэдгийг зөвшөөрч байна гэжээ.

3. Хариуцагч Д.Б- шүүхэд тайлбар гаргаагүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Э-ыг *********- дүүргийн 18 дугаар хороо, Б-** тоотод байх *************** дугаартай ***- талбайтай 2 давхар хувийн орон сууц болон **************** дугаартай ***- талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр тогтоож, дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээг Б.Э-ын нэр дээр шилжүүлэн өгөхийг хариуцагч Л.У-, Д.Б- нарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 782,950 төгрөгөөс 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Л.У-, Д.Б- нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг, улсын төсвөөс 712,750 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч Л.У-гийн давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч нар 2019 оны 06 сарын 18-ны өдөр Хаан банкнаас 50,000,000 төгрөгийг зээл авч, зээлийн барьцаанд энэхүү маргааны зүйл болсон ***- талбайтай хувийн орон сууц болон ***- талбайтай газрыг тус тус барьцаалсан. Зээлээ төлөхийн тулд бид ярилцаж байгаад дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдахаар зар тавьсан. Зарын дагуу Б.Э- ирж уулзан 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж 2019 оны 09 сарын 08-ны өдөр худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээнд зааснаар Б.Э- нь ** * хороо ** хороолол, * гудамж */* байрны*тоот **м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 100,000,000 төгрөгт тооцон төлсөн. Үлдэх 25,000,000 төгрөгийг Хаан банкны зээлийн төлбөрөөс төлөх нөхцөлтэй гэрээ хийгдсэн. Б.Э- нь 2019-11-07-нд 2,000,000 төгрөг, 2020-01-15-нд 2,000,000 төгрөг, 2020-02-03-нд 2,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг төлсөн. Үлдсэн 17,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа.

Б.Э- нь танайх Хаан банкны зээлийн үлдэгдэл төлбөр 39,584,279 төгрөгөө төлчихвөл би үлдэгдэл төлбөрөө төлөхөд бэлэн гэсэн. Бид Б.Э-ын бартерийн төлбөрт өгсөн 2 өрөө орон сууцыг яаралтай борлуулж зээлээ хаах зорилгоор уг орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн агентуудад хандсан. Гэвч Б.Э- нь дээрх 2 өрөө орон сууцыг зах зээлийн үнээс илүү үнээр үнэлж, бидэнд 100,000,000 төгрөгийн үнэтэй худал хэлсэн ба уг байр зарагдахгүй байсаар 2020 оны 08 сарын 17-нд зах зээлийн бодит үнэ буюу 78,000,000 төгрөгөөр зарагдсан ба бид 22,000,000 төгрөгийн алдагдал хүлээсэн.

Байр зарагдсан мөнгөөр банкны зээлийг төлж Б.Э-т худалдсан хувийн сууц, газрыг чөлөөлж өгнө гэсэн боловч Д.Б- нь уг 78,000,000 төгрөгийг 2020 оны 08 сарын 18-нд өөрийн найз Я гэх хүүхний дансанд 40,000,000 төгрөгийг, өөрийн ХХБ-ны дансанд 38,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Уг мөнгөнөөс би огт аваагүй, хүүхдүүддээ ч зарцуулаагүй. Д.Б- мөнгийг ийнхүү авснаас хойш хэлсэн үгнээсээ буцаж банкны зээлийг хаахгүй, би мэдэж байна гэж уурлаж байсан. Би банкны зээлээ төлж, хүний байрыг нэр дээр нь шилжүүлж өгье гэсэн ч Д.Б- миний үгийг үл тоож тэр байтугай намайг дарамталж, зодож гэрээсээ хөөгдөхдөө өөрийн хөрөнгө, мөнгө болон өмсөх хувцасгүй гарсан.

Улмаар 2020 оны 09 сард гэрлэлт цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ч шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, мөн Д.Б- нь олдохгүй гэсэн шалтгаанаар нэхэмжлэл маань буцаагдсан. Хамгийн сүүлд би 2024 оны 09 сард гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Бидний гэр бүлийн бүх үл хөдлөх эд хөрөнгө, автомашинууд, гэр бүлийн бизнесийг Д.Б- эзэмшиж үлдсэн. Иймээс энэхүү шийдвэрийг эсэргүүцэх шалтгаан нь Д.Б- гэр бүлийн бүх хөрөнгө, бизнесээ авч үлдсэн, банкны зээлд төлөх 78,000,000 төгрөгийг авсан байхад намайг ийнхүү хүнд байдалд оруулж байгаа нь хүний эрхийг ноцтой зөрчсөнийг шүүх хянан үзээсээ гэж хүсч байна. Үнэндээ надад ямар ч төлбөрийн чадвар байхгүй.

Иргэн Б.Э-ын нэхэмжлэлийг Д.Б- дангаар гүйцэтгэх, банкны зээлийн үлдэгдэл 77,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Д.Б- нь Б.Э-ын нэхэмжлэлийн дагуу Хаан банкны зээлийг төлж барьцаанд тавьсан дээрх 2 үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлж Б.Э-ын нэр дээр шилжүүлж өгөхөд би татгалзах зүйлгүй.

Шүүх хуралдаан бүрт би хүрэлцэн ирж оролцдог байсан ба Д.Б- 1 ч удаа шүүх хуралдаанд ирж байгаагүй. Гэтэл хамгийн сүүлийн шүүх хуралдааныг би баримт цуглуулах гэж яваад замын түгжрэлээс болж 10 минут хоцорсон ч намайг байхгүйд хурал болж шийдвэр гаргасан байсан. Иймд дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шүүхээр дахин шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч Л.У-гийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь 2019 онд тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдан авахаар гэрээ байгуулсан. Гэр бүлийн дундын өмч хөрөнгөтэй холбоотой маргааны асуудлууд нь энэ нэхэмжлэлтэй холбоогүй, нэхэмжлэлийн шаардлагатай нийцэхгүй учраас давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч Л.У-гийн давж заалдах гомдолд хариуцагч Д.Б- тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч Б.Э- нь хариуцагч Л.У-, Д.Б- нарт холбогдуулан *********- дүүргийн ** хороо, ** гудамжны, ** тоот хаягт байх ***- талбайтай, улсын бүртгэлийн **************** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт орших ***- талбайтай хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч дээрх 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шилжүүлэн авсан, гэрээний үнээс 115,000,000 төгрөгийг төлсөн боловч хариуцагч нар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөөгүй, гэрээний үнийн 10,000,000 төгрөгийг төлөхөд бэлэн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан. Хариуцагч Д.Б- нэхэмжлэлийг гардан авсан боловч шүүхэд тайлбар гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна. Хариуцагч Л.У- анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа С.Э нь худалдах-худалдан авах гэрээний үнэд орон сууцаа 100,000,000 төгрөгт тооцож, үлдэх үнээс зарим хэсгийг төлсөн гэж тайлбарласан бол давж заалдах гомдолдоо ... гэрээний дагуу Б.Э- нь ... 8,000,000 төгрөг төлсөн, үлдэх 17,000,000 төгрөгийг төлөөгүй байгаа гэжээ.

Анхан шатны шүүх, талуудын хооронд 2019 оны 09 сарын 08-ны өдөр байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ, зохигчийн тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч, эд хөрөнгийн өмчлөлийг шилжүүлэхийг шаардах эрх үүссэн эсэх үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 234 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, ... хариуцагч Л.У-, Д.Б- гэрээний үндсэн дээр нэхэмжлэгч Б.Э-т өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг худалдан борлуулсан үйл баримт тогтоогдсон ба хариуцагч нар .... эд хөрөнгийн өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул худалдан авсан хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, гэрчилгээ гаргуулахаар шаардах эрхтэй. .... нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрийн 10,000,000 төгрөгийг одоо ч өгөхөд бэлэн байгаа бөгөөд хариуцагч нарыг үүргээ биелүүлсэн даруйд мөнгийг төлнө гэж тайлбарласан .... иймд .... нэхэмжлэгч Б.Э-ыг .... өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэн өгөхийг хариуцагч .... нарт даалгах нь зүйтэй. ... гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасн худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдсан эд хөрөнгийг холбогдох баримт бичгийн хамт худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч нь эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг харилцан хүлээдэг. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг худалдан авагч бүрэн төлснөөр өмчлөх эрх түүнд шилжихээр тохиролцсоныг анхан шатны шүүх анхаараагүй байна. Иймээс нэхэмжлэгч Б.Э- нь гэрээний үнэ 125,000,000 төгрөгийг бүрэн төлснөөр худалдан авсан эд хөрөнгийн өмчлөлийг өөртөө шилжүүлэхийг хариуцагч нараас шаардах эрх үүсэхээр байна. Гэвч нэхэмжлэгч хувийн сууц, газрын үнэ 125,000,000 төгрөгөөс 115,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан боловч энэ талаархи баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна.

Хариуцагч Л.У- орон сууцны үнээс 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан. Энэ тохиолдолд нэхэмжлэгч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн эсэх, зохигчийн хооронд гэрээний үнэд хэдэн төгрөг төлөгдсөн эсэх маргааны үйл баримтыг бодитой тогтоосны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцнэ.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнг 10,000,000 төгрөг гэж тодорхойлсон нь эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.

4. Хариуцагч Л.У-гийн Хаан банкны зээлийг төлсний дараа барьцаа хөрөнгийг чөлөөлж шилжүүлэх, Д.Б-аар төлбөрийг төлүүлэх ёстой гэх үндэслэлээр гаргасан давж заалдах гомдол нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул уг гомдлыг хангах үндэслэлгүй.

5. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримт болон нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зохигчийн тайлбарын хүрээнд хариуцагчийн давж заалдах гомдлыг хянан үзэх замаар хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтыг бүрдүүлэхэд шүүх зохигчийг чиглүүлэх болон тодруулах ажиллагааг явуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн 183/ШШ2024/03556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.У-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Э.ЭНЭБИШ