| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0212/Э |
| Дугаар | 161 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 161
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814000220115 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, М.М,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын үүдэнд 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр С.Аийг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Мын мөрдөн байцаалтад өгсөн ... 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн орой ажил дээр байж байхад манай ажилтан С.Нын нөхөр С.Аий гэдэг залуу ирээд өрөөний хаалга, үүд өшиглөөд надтай барилцаж аваад гадаа гарч зууралдсан. Тэгээд бид хоёр унахдаа С.Аий намайг хайс руу түлхээд миний фодволк гол хэсэгтээ хайсанд урагдсан. Би С.Аийг цохиж, зодоогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 78-79/,
Хохирогч С.Аийгийн мөрдөн байцаалтад өгсөн ... толгой өвдөөд шүд янгинаад идэж ууж чадахгүй байна. Шүдэнд миний уруул хэгз цохигдсон. Шүд сулраад хөдлөөд байна. Өрөөнд сууж байхад надаас байгууллагын хаалга эвдчихэв ер нь өөрийгөө ажил дээрээ байна гээд надаас хэрүүл өдөөд байхаар нь эвгүйдэж магадгүй гэж бодоод Мг хоёулаа гарч тамхи татах уу гэж түүнийг дагуулж Спорт хорооны үүдэнд гарсан. Бид хоёрын араас манай эхнэр болон үйлчлэгч Мядаг нар гараад ирсэн. Спорт хорооны үүдний яг хаалганы хажууд тамхи татаад зогсож байхад юу ч хэлэхгүйгээр миний хүзүүг хоолойны хэсгээс 2 гараараа өмсөж байсан куртикны захаар боогоод газар унагаасан. Тэгээд дараагаар доошоогоо дэвссэн амны хэсэг рүү өшиглөсөн. Түүний өсгий хэсэг нь дээд эрүүний шүдний хэсэг рүү таарсан. Тэгээд байж байхад манай эхнэр, Мядаг нар бид хоёрыг салгасан. ...Би гараад хайсан дээр суугаагүй үүдний довжоон дээр зогсоод Мтай тамхилахад тэр намайг заамдаж аваад унагааж дэвссэн. Би өнгөрсөн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын алба хаагчдын хамт эмчийн үзлэгт хамрагдсан. Тэгэхэд эмч Д.Ганзоригт үзүүлэхэд миний шүднүүд зүгээр байсан. М.Мд зодуулахаас өмнө миний шүд зүгээр байсан. Өмнө нь би мэдүүлэг өгөхдөө Мыг гуйгаад байхаар нь шүд өмнө хөдөлсөн гээд мэдүүлсэн ..” гэх мэдүүлэг /хх-ийн 22-32/,
Гэрч С.Нийн мөрдөн байцаалтад өгсөн ... би ажил дээрээ жижүүртэй байсан. Дарга М.М нь өдөржингөө өрөөндөө архидсан. Тэгээд би хаалга онгойлгосон чинь манай хүн шагайгаад харахад цаанаас нь М.М дуудаад ороод ир гээд манай хүнийг доромжлоод байсан. Тэгээд манай хүн жижүүрийн өрөөнд орсон. М гэх манай ажилтан бид хоёрын дэргэд манай хүнийг заамдаад боож унагаалд хөлөөрөө нүүр лүү нь дэвссэн.…гэх мэдүүлэг /хх-ийн 33-39/,
Гэрч Ц.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн ... жижүүрийн өрөөнд сууж байхад гадна талын хаалга чанга дуугарахаар нь гадагшаа гарахад дарга М.М, Аийг заамдаад хаалганы хэсэг рүү унагаасан байсан. Даргыг дагуулаад хайс руу явж байхад Н нөхөртөө хандаж цус гойжсон байна гэж байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 /,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот шинжээчийн ... С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 53-54 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот шинжээчийн нэмэлтээр … С.Аийн биед 2018 оны 01 дүгээр сарын 02-ны №42 дугаартай үзлэгт дээд эрүүний зүүн 2-р шүд угаараа суларсан байсан байна. Дээрх шүдний сулрал гэмтэл нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. С.Аийн биед 1 шүдний сулрал, урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг 3 хугацаанд шинээр үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ...” гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 59-60/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №949 тоот шинжээч нарын ... А.Г.С. Аийн биед тухайн үед уруулд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ. В.С.С.Аийгийн биед хийсэн 2017.12.28-ны өдрийн үзлэгээр дээд зүүн 2-р шүд угаараа хөдөлсөн гэх боловч буйланд улайж, хавдсан, цус хурсан шинж тэмдгүүд илрээгүй. 2017.12.28-ны нүүр амны эмчийн үзлэгээр: дээд үүдэн 22-р шүдний зөөлцийн гэмтэлтэй гэснээс зөөлц яаж гэмтсэн нь тодорхойгүй, ямар эмчилгээ хийснээс юу нь эмчлэгдсэн зэрэг нь тодорхойгүй байгаа тул гэмтэл болон өвчний аль нь болохыг тогтоох боломжгүй байна. Иймд гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Баянхонгор аймгийн ШША-ны 2018.05.09-ний № 317 дугаар шинжээчийн нэмэлт дүгнэлийн 1,2,3-р хариултанд тусгагдсан эрүүний зүүн 2- ршүд угаараа суларсан байсан байна. Дээрх шүдний сулрал нь 2017.12.27-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой. 1 шүдний сулралыг хөнгөн зэргийн гэмтэлд хамааруулж дүгнэсэн байгаатай санал нийлэхгүй байна. Бусад учирсан гэмтэл болон 4,5,6-р хариулттай санал нэг байна. С.Аийгийн биед учирсан 1 шүдний сулралын шалтгаан нь тодорхойгүй байгаа тул Баянхонгор аймгийн 2018.07.18-ны № 612 тоот дүгнэлтийн үндэслэлтэй, үндэслэлгүйд дүгнэлт өгөх боломжгүй байна ... гэх дүгнэлт /хх-ийн 150-153/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 71-73/,
Эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 15-17/,
Шүүгдэгч М.Мын хувийн байдлын талаар иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/,
Шүүгдэгч М.Мын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч М.М нь 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Баянхонгор аймгийн Биеийн тамир спортын газрын үүдэнд С.Аийг зодож түүний урууланд шарх, зүүн чих, хүзүү, цээж, эрүүнд зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч С.Аийгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-32/, гэрч С.Н, Ц.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн 33-39, 40-42/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 42 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53-54/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 317 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт /хх-ийн 59-60/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн №949 тоот шинжээч нарын дүгнэлт /хх-ийн 150-153/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч М.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 5 сар 7 хоногийн хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар түүнд холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд шүүгдэгч М.Мд холбогдох 1814000220115 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хохирогч С.Аий нь шүүгдэгч М.Мын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Мын эзэмшлийн Нөт-5 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Боржгон овогт М.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч М.Мын эзэмшлийн Нөт-5 маркийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч М.М нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА