| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2023/02011/И |
| Дугаар | 210/МА2024/01462 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01462
2024 07 22 210/МА2024/01462
Д.Аын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02440 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлтэй
Хариуцагч Н.Хт холбогдох
Орон сууц өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэл, орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Золбоо, хариуцагч Н.Х, хариуцагчийн өмгөөлөгч Б.Намнансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Д.А нь төрсөн эгчийн хүүхэд болох Н.Хээс Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Х.А хотхон, Хилчний гудамж, *** байр, ***тоот хаягтай, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдаж авахаар 2014 онд тохиролцсон. Н.Х нь өөрийн ажилладаг байсан Х.Х байгууллагаас уг орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах боломж гарч, тухайн үед өөрөө боломжгүй байсан учраас намайг уг орон сууцыг худалдан авах санал тавьсан. Ингээд орон сууцны 72,500,000 төгрөгөөс төрсөн ах Д.Маар дамжуулан урьдчилгаа төлбөр 22,500,000 төгрөгийг Н.Хт шилжүүлж, түүний нэрээр Т.Б ХК-аас зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийн 8 хувийн хүүтэй зээл авч, уг зээлийг төлж дуусахаар Д.Аын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон.
Д.А нь Н.Хт 2016 оны 08 дугаар сард 20,000,000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сард 10,000,000 төгрөг, зээлийн төлбөрт 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн хугацаанд, мөн 2023 оны 01-03 дугаар сард сар бүр 418,000 төгрөг төлж, урьдчилгаа төлбөрөөс хойш Н.Хт болон зээлд нийт 57,547,893 төгрөгийг төлсөн. Энэ байдлаар анхны байрны үнэд 72,500,000 төгрөг төлөх байснаас 79,700,000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл Н.Х тохиролцсоны дагуу орон сууцны төлбөрийг төлж дууссан байтал тэрээр байрыг шилжүүлж өгөхгүй гэдгээ илэрхийлсэн.
Т.Б ХК-ийн баримтаар зээлийн үлдэгдэл 32,306,911 төгрөг гэсэн байна, энэ дүнг Хаан банк ХК дахь эгч Д.Сийн дансанд байршуулсан. Д.Аын өмнөөс үүрэг гүйцэтгэж байсан хүмүүс бол Д.М, Д.С, Д.Ц нар юм. Д.А нь орон сууцанд өөрөө амьдарч байгаад 2020 оноос хойш түрээслүүлсэн.
Иймд Д.Аыг тус орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй. Миний бие Х.Х байгууллагад ажиллаж байхдаа ажилчдын нэгдсэн захиалгын дагуу 2014 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр "Х.А хотхоны орон сууц захиалан бариулах гэрээ-гээр уг орон сууцыг авч, урьдчилгаа төлбөрт 22,170,000 төгрөг, үлдэгдэл 50,000,000 төгрөгийг Т.Б ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулан жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээл авч төлсөн. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаар гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр миний нэр дээр /нэг иргэний өмч/ олгосон. Зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу 2020 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд сар бүр 418,000 төгрөгийг төлж байсан. Урьдчилгаа 22,170,000 төгрөгийг би өөрөө төлсөн, Д.А надад төлөөгүй. 2018 оны 06 дугаар сард эмээТ.Маас 20,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авсан. Миний бие 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр БНСУ руу яваад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр буцаж ирсэн. Зээлсэн мөнгөө би БНСУ-д ажиллаж байх хугацаандаа эмээТ.Мад төлж дуусгасан. 2018 оны 01 дүгээр сард ээжийн бага дүү Д.А нь Солонгос явахаар чинь байрыг бусдад түрээслүүлж байя гээд 10,000,000 төгрөгийг миний зээлийн дансанд 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шилжүүлсэн. Д.А энэ хугацааны туршид 2018 оны 06 дугаар сараас 2021 оны 10 дугаар сарыг хүртэл иргэн Б.Од сард 350,000-450,000 төгрөгөөр 9,400,000 төгрөг, одоогийн түрээсэлж буй хүнд 2022 оны 02 дугаар сараас 2023 оны 06 дугаар сарыг хүртэл сард 800,000 төгрөгөөр 12,800,000 төгрөг, нийт 22,220,000 төгрөгөөр миний өмчлөлийн байрыг түрээслүүлж, төлбөрийг өөртөө авсаар байна.
Орон сууцны зээлд Д.А нь 2020 оны 07 дугаар сараас 2023 оны 03 дугаар сарыг хүртэл хугацаанд нийт 5,776,000 төгрөгийг төлсөн байна. Үлдэгдэл төлбөрийг надад зээлдүүлсэн байсан 10,000,000 төгрөгийн төлбөртөө тооцож авсан, одоо бидний хоорондын төлбөр тооцоо дууссан гэж үзэж байна. Харин би түрээсийн орлогоос зөрүү 6,444,000 төгрөгийг Д.Ааас нэхэмжлэхээр байгаа болно. Т.Б ХК нь Ковид-19 цар тахлын үед 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн төлөлтийг зогсоосон. Д.А нь миний ээжийн хамгийн бага дүү болохоор энэ орон сууцыг анх хэрхэн яаж авсан, намайг БНСУ руу явах болсон, байраа бусдад түрээслүүлэн сар бүрийн зээлийн төлбөрөө төлдөг болохыг бүгдийг нь мэдэж байсан. Би Д.Ат итгэж, байрны эзэмших, ашиглах эрхийг үлдээж, сар бүрийн зээлийн төлөлтийг төлж байхаар тохиролцсон. Гэтэл миний итгэлийг ийнхүү ашиглаж, шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Орон сууцны зээлийн төлбөрийг төлж дууссаны эцэст Д.Аын өмчлөлд орон сууцыг шилжүүлэн өгөхөөр тохиролцсон зүйл байхгүй.
Иймд миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдаж байгаа тул Д.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Н.Х нь 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Т.Б ХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулан Баянзүрх дүүрэг, ***дугаар хороо, Х.А хотхоны *** байрны *** тоотод байрлах, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***дугаарт гэрчилгээг Нийслэлийн улсын бүртгэлийн газраас 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр /нэг иргэний өмч/ олгосон. 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд намайг БНСУ-д байхад миний өмчлөлийн орон сууцанд Д.А амьдарч, зарим тохиолдолд бусдад түрээслүүлж байсан. Учир нь Д.А миний ээжийн төрсөн дүү, нагац ах бөгөөд намайг БНСУ явахад байранд чинь амьдарч байя, хашаа байшинд хүүхэдтэй хэцүү байна гэхэд нь 2018 оны 06 дугаар сард түрээсэлж байгаа хүмүүс нь гарахаар байранд амьдарч байгаарай гэж үлдээсэн. Гэтэл одоо өөрийн өмчлөлийн орон сууцандаа амьдрах гэтэл Д.А нь маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшиж, чөлөөлж өгөхгүй хүндрэл учруулж байна. Бидний хооронд орон сууцыг худалдах, худалдан авахаар тохиролцсон зүйл байхгүй бөгөөд хэрэв тийм тохиролцоо хийгдсэн гэж үзэж байгаа бол хөрөнгийн эрх шилжүүлэх хүсэлтийг аль ч тал гаргаж болох байсан. Гэтэл ийм хүсэлтийг хэн ч гаргаагүй, бодит байдал дээр ийм зүйл болоогүй. Миний бие 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр БНСУ-аас ирснээс хойш 2 сарын дараа Д.А надад холбогдуулан нэхэмжлэл гаргасан байсан гэдгийг хэлмээр байна.
Иймд Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Х.А хотхоны *** байрны *** тоотод байрлах** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд амьдарч, хууль бусаар эзэмшиж байгаа Д.Аыг орон сууцыг чөлөөлөн надад хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:
Н.Х нь Х.Х байгууллагад ажилладаг байхдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Х.А хотхон, Хилчний гудамж, *** байр, *** тоот хаягтай, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг авах эрхтэй болсон болсон боловч санхүүгийн боломжгүй байсан тул өөрийн эрхээ нагац ах Д.Ат шилжүүлэх тохиролцоо хийсэн. Тиймээс Д.А нь орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөрийг төлж, сар бүр төлөх зээлийн төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрсэн.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Хт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Х.А хотхон /13280/ Хилчний гудамж, *** байр, 64 тоот хаягт байршилтай, 49 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.Аын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ат холбогдох, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, Х.А хотхон /13280/ Хилчний гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай хариуцагч Н.Хийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Хээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг нөхөн гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.Аын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 540,450 төгрөгийг, хариуцагч Н.Хийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот данснаас 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр н.Намнансүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг буцаан гаргуулж, түүнд олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
Нэхэмжлэгч талаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анх тохиролцсон төлбөрийн үүргийг хэрхэн гүйцэтгэх, шүүхэд хандах хүртэл төлсөн төлбөр, үлдэх хэсгийг хэрхэн төлөх боломжтой нөхцөлийг шүүхэд нотлох баримтаар нотлон нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын маргаагүй үйл баримт буюу Т.Б ХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Н.Хийн байгуулсан орон сууцны зээлийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг үндэслэл болгож, мөн 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөр эрхийн улсын бүртгэлийн *** дугаарт бүртгэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслэл болгож, Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар бүртгэлийг үнэн зөв гэж үзэн түүнийгээ шийдвэрийн үндэслэл болгосон. Үүнээс гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч тал нь биет байдлын догололгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийн тус тус хүлээнэ гэж заасныг үндэслэл болгосон боловч нэхэмжлэгч талаас мөнгөн төлбөрийн үүргийг хэрхэн гүйцэтгэсэн, банкны дансны хуулгаар хариуцагч Н.Хт болон Т.Б ХК-д зээлийн эргэн төлөлт хийсэн, үүнийгээ гэрч оролцуулан тодруулсан, үлдэх хэсгийг төлөхөд бэлэн гэдгийг тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар нотолсон. Харин шүүхийн шийдвэрт нотлох баримтаар нотлоогүй болно гэж дурдахдаа хэрхэн хуульд нийцээгүй, эсвэл хуулиар тавих шаардлагад ямар нөхцөлд зөрчилдсөн баримтыг нэхэмжлэгч талд гаргасан, гэрчийн мэдүүлэг нь үнэлэгдсэн эсэх талаар шийдвэртээ үндэслэл болгоогүй байна. Шүүхэд хандаж Д.А нь өөрийн өмч хөрөнгийг хуульд зааснаар улсын бүртгэлийн байгууллагад өмчлөх эрхийг шилжүүлэн авах, түүнтэй холбоотой бусад эрхийг бүртгүүлэх боломжгүй шалтгаан нөхцөлөө илэрхийлэн, хөндөгдсөн эрх ашгаа хамгаалуулах, сэргээлгэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан атал шүүхийн шийдвэрт талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан тохиолдолд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-т хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн байхыг шаардахаар байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өөрчлөлт оруулан бусад хэсгийг хэвээр үлдээж үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Н.Хийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай нэг иргэний өмч гэх гэрчилгээтэй. Маргаан бүхий орон сууцны хууль ёсны өмчлөгч Н.Х. Д.А, Н.Х нарын хооронд ямар нэгэн орон сууц худалдах, худалдах авах гэрээ хэлцэл байгуулаагүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 109 дүгээр зүйлийн 109.1, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасны дагуу талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр шилжих үндэслэлгүй. Тодруулбал, Д.А маргаан бүхий орон сууцыг Н.Хээс худалдаж авахаар тохиролцож, хэлэлцэж тохирсон үнийг түүнд төлж, өмчлөлдөө шилжүүлэхийг шаардах эрхтэй болсон болох нь баримтаар нотлогдоогүй. Хариуцагч 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Т.Б ХК-аас 20 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан бөгөөд 2020 оны 06 дугаар сарыг хүртэл хугацаанд сар бүр 418,000 төгрөг төлдөг байсан. Д.А 2023 оны 03 дугаар сард иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Н.Х 05 дугаар сараас өнөөдрийг хүртэл хугацаанд ипотекийн зээлийн төлбөрөө төлсөөр байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Н.Хт холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч орон сууц чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
3.1. Н.Х нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянзүрх дүүрэг, *** дугаар хороо, Х.А хотхон /13280/ Хилчний гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба тэрээр Т.Б ХК-тай байгуулсан 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн орон сууцны зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй, 240 сарын хугацаатай зээлж, уг орон сууцны үнэд шилжүүлж, мөн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалуулжээ.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.2. Н.Х нь тус орон сууцны урьдчилгаа төлбөр 22,170,000 төгрөгийг төлөхдөө 2018 оны 06 дугаар сард эмээТ.Маас 20,000,000 төгрөгийг бэлнээр зээлж авч төлсөн, зээлсэн мөнгөө БНСУ-д ажиллаж байх хугацаандаа 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хугацаанд 13 удаагийн гүйлгээгээрТ.Мад төлж дуусгасан гэж тайлбарлаж холбогдох дансны хуулга, төлбөрийн баримтыг хавсаргажээ.
Гэрч Д.М Би Н.Хт дүү Д.Аын өмнөөс 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 22,500,000 төгрөгийг өгч байсан. Би тухайн мөнгийг Н.Хийн данс руу шилжүүлсэн. Д.А нь уг мөнгийг байшингийн урьдчилгаа мөнгө гэж хийлгэсэн гэж мэдүүлж, Т.Б ХК дахь өөрийн эзэмшлийн 270900017598 тоот дансны 2014 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 22,500,000 төгрөгийн зарлагын гүйлгээ бүхий дансны хуулгыг шүүхэд гаргасан байна.
Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд гэрч Д.Мын мэдүүлгийг үндэслэлтэй гэж дүгнэхээр байна. Учир нь хариуцагч орон сууцны ипотекийн зээл авсан болон өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон цаг хугацаа нь 2014 он байх тул урьдчилгаа төлбөрийг 2018 онд төлөх боломжгүй. Монголбанкны ерөнхийлөгчийн 2013 оны А-122 дугаар тушаалаар батлагдсан Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журмын 3.1 дэх хэсэгт орон сууцны ипотекийн зээлийн нөхцөлийг 240 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөр 30 хувиас доошгүй байх зэрэг нөхцөлийг тогтоосон байна.
3.3. Үүнээс гадна Д.А нь дор дурдсан мөнгөн хөрөнгийг орон сууцны зээлийн төлбөрт Н.Хт шилжүүлсэн болох нь Т.Б ХК дахь Н.Хийн эзэмшлийн *** тоот дансны хуулга, гэрч Д.Ц, Д.С нарын мэдүүлэг, төлбөрийн баримтуудаар тогтоогдсон. Үүнд:
а. 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 20,440,000 төгрөг,
б. 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 10,000,000 төгрөг,
3.4. Түүнчлэн Н.Х нь 2018 оны 04 дүгээр сард БНСУ руу явахдаа орон сууцны эзэмшлийг Д.Ат шилжүүлсэн байна.
3.5. Шүүх Н.Хийн Ш.Ш гэх фэйсбүүк хаягаас Д.Аын А.А гэх хаягт 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ...одоо надад хэн 8 хувийн зээлд хамрагдаж байр авч өгөх вэ хэн ч байхгүй ш дээ бүгд л өөрсдийгөө боддог ... би чамд байрны чинь 8 хувьд оруулаад өгсөн..., 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр ...20 сая төлөөд, 10 сая төлөөд үлдсэн мөнгөний сар бүрийн хуваарь гэсэн зурваст үзлэг хийж бэхжүүлжээ.
4. Дээрх баримтуудыг зохигчдын тайлбартай харьцуулж дүгнэхэд, хариуцагч Н.Х нь Д.Ат орон сууц худалдан авч өгөх зорилгоор өөрийн нэр дээр Баянзүрх дүүрэг, ** дугаар хороо, Х.А хотхон /13280/ Хилчний гудамж, *** байр, *** тоот хаягт байршилтай орон сууцны гэрчилгээг гаргуулж, жилийн 8 хувийн хүүтэй нөхцөлөөр 50,000,000 төгрөгийн орон сууцны зээлийг Т.Б ХК-аас авах, нэхэмжлэгч Д.А нь уг орон сууцны урьдчилгаа 22,500,000 төгрөгийг төлөх, мөн уг зээлийн төлбөрийг бүрэн төлж орон сууцыг шилжүүлэн авахаар тус тус амаар харилцан тохиролцсон байна.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно, 43 дугаар зүйлийн 43.1.1 дэх заалтад хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон тохиолдолд амаар хийх хэлцлийг хийсэн гэж үзнэ гэж заасан тул талуудын хооронд орон сууц худалдах, худалдан авах үүргийн харилцаа үүссэн, хүчин төгөлдөр гэж дүгнэх үндэслэлтэй. Уг харилцаа нь агуулгын хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт хамаарна.
5. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Хэрэгт авагдсан Т.Б ХК-ийн зээлийн дансны хуулгаар 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 32,306,911.77 төгрөг байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь уг мөнгөн дүнг эгч Д.Сийн дансанд баталгаажуулсан гэх боловч үүнийг үүргийн гүйцэтгэлд тооцох үндэслэлгүй.
Мөн талууд өмчийн хэлцлийн хувьд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт нийцүүлэн хийгээгүйг анхан шатны шүүх зөв дүгнэснийг дурдах нь зүйтэй.
6. Иймд талуудын мэтгэлцээний хүрээнд анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.
7. Хариуцагч нь талуудын байгуулсан худалдах, худалдан авах хэлцлийн үндсэн дээр орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн тул түүний эзэмшлийг хууль бус гэж дүгнэх үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч Д.Аын шаардах эрхтэй холбоотой анхан шатны шүүхийн дүгнэлтийг залруулан дүгнэж байгаа тул үндсэн нэхэмжлэлд тооцуулахаар гаргасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд мөн зохих дүгнэлт хийх нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагчид шилжүүлсэн 10,000,000 төгрөг зээлийн төлбөрт суутгагдсан болох нь хариуцагчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдсон байхад анхан шатны шүүх уг төлбөрийг өөр харилцаанд хамааруулан дүгнэсэн нь нотлох баримтыг тал бүрээс харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй байна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчид холбогдуулан гаргасан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2024/02440 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 540,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА