Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 29

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул

            Улсын яллагч А.Тунгалагтуяа

Шүүгдэгч Б.А нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.А холбогдох 1840000790022 тоот эрүүгийн хэргийг 2019 оны 04 сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр,  хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаартай,  Б.А

              Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт хэрэгт холбогджээ.

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэн А.Д 2018 оны 05 дугаар сард кантейнер зарна гэж 2500000 төгрөг Хаан банкны 5990160005 тоот дансаар шилжүүлэн авчихаад “кантейнер өгөхгүй залилсан” гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Хохирогч А.Д 2019 оны 03-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн гэх газар эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Би 2018 оны 05 дугаар сард нутгийн найз Э  кантейнер худалдаж авах талаар ярилцаж байтал Э надад ”Би хүнээс сураглаж өгье” гээд удалгүй надад Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ажиллаж амьдардаг Ц  гэх хүн кантейнер зарах сурагтай байна гээд надад Ц ын  гэсэн дугаарыг өгөхөөр нь уг дугаар руу залгатал Ц  Говьсүмбэр аймагт байдаг манай найз А  гэдэг хүн кантейнер зарна гэсэн, чи энэ дугаар руу залгаад асуу гээд А гийн 90921818 гэсэн дугаар өгсөн. Тэгэхээр нь би уг дугаар руу залгаж А тэй ярьж 20 тонны кантейнер авах талаараа хэлэхэд А  “Хорин тонны кантейнер байгаа, болно” гэхээр нь “Кантейнерийг Галшар суманд гэрийн гадаа авчирах юм бол 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон юм. Ингээд би А гийн Хаан банкны дансыг аваад 2018 оны 05 дугаар сарын 10-даар өөрийн данснаасаа А гийн данс руу кантейнерийн мөнгө болох 2.500.000 төгрөг шилжүүлсэн. Тэгсэн А  нь мөнгө хүлээж аваад удахгүй Галшар сум руу хүргэж өгнө гэсэн. Би А г хэрэв Галшар суманд кантейнер авчирч өгөх юм бол тохирсон ёсоороо үлдэгдэл 1.000.000 төгрөгөө өгөх байсан. Даанч А  надаас мөнгө авчихаад удаа дараа худлаа ярьж удахгүй гарлаа, маргааш нөгөөдөр гэж аргацаасаар байгаад өнөөдрийг хүрсэн. Ингээд би А  гэгчээс кантейнер болон шилжүүлсэн мөнгөө буцааж авч чадахгүй болсон гэдгээ ойлгож шүүх цагдаагийн байгууллагаар явахаар болж цагдаагийн байгууллагад энэ талаараа гомдол гаргасан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/

- Гэрч Т.Ц ын 2018 оны 08-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2018 оны 5 сард Б  гэдэг хүнд “Манай найз А  гэдэг хүн кантейнер зардаг” гэж хэлэхэд хэд хоногийн дараа Б  гэдэг хүн залгаж нөгөө кантейнер зардаг хүн чинь байна уу? Утасны дугаарыг нь өгөөч” гэхээр нь А гийн 90921818 гар утасны дугаарыг өгсөн. 2018 оны 5 дугаар сард А  над руу залгаж “Тэр кантейнер авах хүн чинь хэр найдвартай хүн бэ? Кантейнер явуулах гэсэн юмаа” гэж асуухад нь Би сайн мэдэхгүй байна. Б  гэдэг хүн Бор-Өндөр суманд байдаг Галшар сумын хүн Д гэдэг хүн Галшарт амьдардаг хөдөөний малчин гэсэн, утсаар нь холбогдоод асуу гэж хэлсэн. 2018 оны 6 дугаар сард Д гэдэг хүн над руу залгаж нөгөө А  гэдэг хүн чинь кантейнерээ авчирч өгөхгүй байна. Та холбогдоод өгөөч гэж хэлэхээр нь би А  рүү залгаж асуухад одоо явуулах гэж байгаа машин хүлээгээд байна. Өнөө маргаашгүй явуулна гэж ярьж байсан. Тэгээд ингэж ярьсаар байгаад өдийг хүрч байна. 2018 оны 08 сарын 10-наас хойш утас нь холбогдохгүй байна. Би тэр хүнийг хаана явааг сайн мэдэхгүй байна. Говьсүмбэр аймгийн Чойр хотын Хонхорын 3-р байрны 6-р орцны 89 тоотод амьдардаг гэртээ байгаа байхаа. Д гэдэг хүнд гэрийн хаягийг нь зааж өгсөн. Хамгийн сүүлд 2018 оны 8 сарын 18-ны өдөр А  дугаарын утас руу нь залгаж Бор-Өндөр сумын дундын цагдаагийн хэлтсээс хошууч А гэдэг хүн кантейнерийн асуудлаар залгаад чамайг асуугаад байна, тэр хүнтэй холбогдоорой гээд  гэх утасны дугаарыг нь өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-р хуудас/

- Гэрч Д.Г 2018 оны 10-р сарын 01-ний өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би бол хувиараа кантейнер зардаггүй. Харин миний ажилладаг Мак ХХК кантейнер зардаг. Би тэр ажлыг хариуцдаг. А  манай компаниас нилээд олон ч авч байсан. Ойролцоогоор 10 ширхгийг авсан байх. Хамгийн сүүлд 2017 оны 11 сард 40 тонны кантейнер авсан. Ер нь байнга 40 тонны кантейнер авдаг. Манай компани 2017 оны 11 сараас хойш зарахгүй байгаа. Манай компани кантейнер зарахгүй байгаа талаар А  мэдэж байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/

-Яллагдагч Б.А гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Д  авсан 2500000 төгрөгийг өөртөө буюу ахынхаа эмчилгээнд зарцуулсан. Би Доржбаатарт 20 тонны кантейнерийг өгөх бодолтой байсан ч тухайн үед өгөх гэж байсан кантейнер нь зарагдчихсан юм. Би Д  авсан 2500000 төгрөгийг болон 20 тонны кантейнер өгөх боломжтой байсан ч санхүүгийн боломжгүй улмаас мөнгийг нь өгч чадахгүй байгаа. Би 20 тонн биш 40 тонны кантейнер байна гэж хэлсэн боловч 40 тонны контейнер авахгүй гээд байсан.  Би өөрийн гэм буруугаа ойлгож, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 79/,

-А.Д ХААН банкны дансны хуулга, Б.А гийн ХААН банкны дансны хуулга, Б.А гийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 04, 15, 45/

-Шүүгдэгч Б.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Б.А миний бие Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэн А.Д 2018 оны 05 дугаар сард кантейнер зарна гэж 2500000 төгрөг Хаан банкны 5990160005 тоот дансаар шилжүүлэн  авсан. Кантейнер өгөөгүй. Манай дүү Э гийн хашаанд 2 кантейнер байсан. Э  тэр 2 кантейнерийг зарчихсан байсан. Надад Э  мөнгө төгрөг өгөөгүй. Би Э гийн хашаанд байсан кантейнерийг зарна гэж бодож байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл:

Хохирогч А.Д , гэрч Т.Ц , Д.Г , шүүгдэгч Б.А нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч Б.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Тухайлбал шүүгдэгч Б.А нь Хэнтий аймгийн Галшар сумын Баянбадрал багийн иргэн, хохирогч А.Д 2018 оны 05 дугаар сард кантейнер зарна гэж 2500000 төгрөгийг Хаан банкны 5990160005 тоот дансаар шилжүүлэн  авчихаад “кантейнер өгөхгүй” залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              Шүүгдэгч Б.А гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид 2500000 төгрөгний хохирол учирсан байна.   

              Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдыг хуурч, бусдыг төөрөгдөлд оруулж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байдаг.

              Шүүгдэгч Б.А нь хохирогч А.Д 2018 оны 05 дугаар сард кантейнер зарна гэж 2500000 төгрөгийг Хаан банкны 5990160005 тоот дансаар шилжүүлэн авчихаад “кантейнер өгөхгүй” залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

              2018 оны 05 сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд хохирогчид кантейнер өгөөгүй байгаа мөн кантейнерийн үнийн үлдэгдэл 2 сая төгрөгийг төлөөгүй, хохирогч А.Д  авсан 2500000 төгрөгийг шүүгдэгч Б.А нь өөрийн эмчилгээний зардалд хэрэглэсэн гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүгдэгч Б.А гийн мэдүүлгээр нотлогдож байна.   

              Шүүгдэгч Б.А нь хохирогч А.Д  авсан 2500000 төгрөгийг төлөөгүй байгаа нөхцөл байдал, шүүгдэгч Б.А гийн өөрийн өмчлөл, эзэмшилд кантейнер байхгүй байгаа нөхцөл байдал нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн гэдэг нь тогтоогдсон, кантейнерийн үнэ болох 2500000 төгрөгийг залилан мэхлэж авсан, уг мөнгийг буцааж өгөх бодит баталгаагүй байгаа зэргээс дүгнэвэл залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй байна.

              Шүүгдэгч Б.А нь залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө үүссэн гэдэг нь:

              -Хохирогч А.Д мөрдөн байцаалтад өгсөн: “А тэй утсаар ярихад 20 тонны кантейнер байгаа гэж хэлсэн. Галшар суманд авчирч өгвөл 3500000 төгрөгөөр авна гэж тохирсон. А гийн данс руу 2500000 төгрөг шилжүүлсэн. А  надаас мөнгө авчихаад удаа дараа худлаа ярьж, удахгүй гарлаа, маргааш нөгөөдөр гэж аргацаасаар байгаад өнөөдрийг хүрсэн” гэх мэдүүлэг,

              -шүүгдэгч Б.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “манай дүү Э гийн хашаанд 2 кантейнер байсан. Э  тэр 2 кантейнерийг зарчихсан байсан. Надад Э  мөнгө төгрөг өгөөгүй. Би Э гийн хашаанд байсан кантейнерийг зарна гэж бодож байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

              -Гэрч Д.Г “Би бол хувиараа кантейнер зардаггүй. Харин миний ажилладаг Мак ХХК кантейнер зардаг. Би тэр ажлыг хариуцдаг. А  манай компаниас нилээд олон ч авч байсан. Ойролцоогоор 10 ширхгийг авсан байх. Хамгийн сүүлд 2017 оны 11 сард 40 тонны кантейнер авсан. Ер нь байнга 40 тонны кантейнер авдаг. Манай компани 2017 оны 11 сараас хойш зарахгүй байгаа. Манай компани кантейнер зарахгүй байгаа талаар А  мэдэж байгаа” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.

              Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.А д холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Б.А г “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 Хохирогч А.Д учруулсан 2500000 төгрөгөөс 500000 төгрөгийг шүүгдэгч Б.А нь өгсөн болох нь тогтоогдож байгаа тул шүүгдэгч Б.А гээс 2000000 төгрөгийг гаргуулж хохирогч А.Д олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тус тус тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.А д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн саналын хүрээнд оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.А гийн эрхэлсэн ажил, сарын орлого, торгох ялын хэмжээ зэргийг харгалзан үзээд шүүхээс түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

             

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

      дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:    

 

  1. Шүүгдэгч  Б. А г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б. А г 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д оногдуулсан торгох ялыг 06 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5.Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн бичиг баримт ирээгүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт байхгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт   зааснаар шүүгдэгч Б.А гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч А.Д олгосугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ