| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
| Хэргийн индекс | 183/2023/03986/И |
| Дугаар | 210/МА2024/02101 |
| Огноо | 2024-12-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2024/02101
2024 12 04 210/МА2024/02101
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/03795 дугаар шийдвэртэй
Ү.Б-, П.Б- нарын нэхэмжлэлтэй, Л.Н-эд холбогдох
***-*** дүүргийн ** хороо-, ****-**** *** байрны ** тоот орон сууцнаас Л.Н-ийг албадан чөлөөлүүлэх тухай үндсэн, мөн ** тоот орон сууц болон ***-*** дүүргийн ** хороо-, ** гудамжны *** тоот хашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлийн мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, Л.Н- болон хүү Б.Э-, Б.А-, охин Б.А- нарт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ү.Б-, П.Б-, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.О-, хариуцагч Л.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: ***-*** дүүргийн ** хороо-, ****-**** *** байрны ** тоот орон сууцны 90 хувийн өмчлөгч нь Ү.Б-, 10 хувийн өмчлөгч нь П.Б- нар юм. Ү.Б-гийн ***-*** дүүргийн ** хороо-, Б орчимд байх орон сууц нь халаалтгүй, маш хүйтэн, цаашид амьдрах аргагүй болсны улмаас бусдад хямдхан зарж, өнөөдрийг хүртэл орон байр авч хүрэхгүй, гэр оронгүй, айлаас айл дамжин амьдарч байна. Л.Н- нь 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж өгөхгүй байсаар байна. Ү.Б- нь айлаас айл дамжин амьдрах хэцүү байгаа тул орон сууцаа албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Л.Н- нь П.Б-той 2000 оноос хойш хамтран амьдарсан. Бидний дундаас 2001 онд хүү Б.Э-, 2009 онд охин Б.А-, 2012 онд хүү Б.А- нар төрсөн. Анх ***-*** дүүргийн ** хороо-, ****-**** *** байрны ** тоот орон сууцыг П.Б-той хамтран амьдарч байх үед авсан учир гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй ба П.Б-ын хуваарьт хөрөнгө болохгүй. Одоогоор тус орон сууцанд би болон хүүхдүүд маань амьдарч байгаа. 3 хүүхдийг өсгөн хүмүүжүүлэх, сурч боловсрохтой холбоотой бүх зардлыг би төлсөөр өнөөдрийг хүрсэн. Уг орон сууц нь хүүхдүүдийн сургуультай ойрхон учир сургуульдаа ирж, очих хугацаа, зарцуулах зардал, аюулгүй байдал зэрэгт тухтай орчин байх тул цаашид шинэ орон байртай болох хүртэлх 2-3 жилийн хугацаа олгохыг хүсч байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 90 дүгээр зүйлийн 90.1, 94 дүгээр зүйлийн 94.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-эд холбогдох ***-*** дүүргийн ** хороо-, ****-**** *** байр, ** тоот хаягтай ** м.кв 2 өрөө орон сууцыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарт холбогдох ***-*** дүүрэг, * хороо, ** гудамж, *** тоотхашаанд тарьсан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэгийг тус бүр гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, тус мод, бутнуудыг нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нараас гаргуулан хариуцагч Л.Н-эд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарт холбогдох ***-*** дүүрэг, ** хороо-, ****-**** *** байр, ** тоот хаягт байрлах ** 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай хариуцагч Л.Н-ийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч нарын төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн төлсөн 171,400 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, нэхэмжлэгч нараас 101,270 төгрөг гаргуулан хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй, нэхэмжлэгч нарыг илтэд хохироон илт нэг талыг барьж шийдвэрлэсэн.
Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг гэр бүлийн дун хөрөнгө болохыг тогтоолгох шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлагатай тооцогдохгүй байхад хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Хариуцагчийн энэхүү 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг хамтран өмчлөх дундын эд хөрөнгө тогтоолгох, ногдох хэсгийг гаргуулахдаа 17 төрлийн 101 ширхэг мод хэний өмчлөлийн, ямар газар болохыг шүүх тогтоолгүй урьд нь мод, бут тарьж байсан нэхэмжлэгч нараас гаргуулж шийдсэн нь учир дутагдалтай болсон.
Л.Н- нь П.Б-од холбогдуулан 2020 онд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, ***-*** дүүргийн ** хороо-ны ****-**** *** байрны ** тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж уг нэхэмжлэлийг шийдвэрлэх явцад ** тоот 2 өрөө орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгож, ногдох хэсгийг гаргуулах шаардлагаасаа татгалзаж шийдвэрлүүлсэн ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдөр **** шийдвэр хүчин төгөлдөр байгаа.
Анхан шатны шүүх Иргэнийн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 94 зүйлийн 94.6 дахь хэсэгт заасныг хэрэглэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж шийдвэр гаргасан нь нэхэмжлэгч нар илтэд хохироосон шийдвэр болсон. Мөн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болон орон сууцны шударга эзэмшигч болохыг тогтоож Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2.1, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасан хуулиудыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга: Би П.Б-той хамтран амьдраад 3 хүүхэд төрүүлсний дараа маргаан бүхий орон сууцыг авсан. 2020 онд хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл шүүхэд гаргах явцад үл хөдлөх эд хөрөнгийг П.Б- нь ээждээ шилжүүлсэн учраас гэр бүлийн дундын өмч гэж үзнэ. 2008 онд маргаан бүхий байранд засвар хийж, өөрийн зүгээс тодорхой хэмжээний хөрөнгө оруулсан. Би байрнаас гарахад татгалзах зүйлгүй ч 3 хүүхдийн эрх, ашиг хөндөгдөж байгааг анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 5 жилийн хугацаанд хүүхдүүдийг өсгөхтэй холбоотой хэрэгцээний болон сургалтын төлбөр зэргийг би ганцаараа зохицуулж ирсэн ба П.Б- ерөөс мөнгө өгдөггүй. Хүүхдүүд маань хичээл, сурлагадаа сайн учраас хүүхдүүдээ дэмжье гэж хэлдэг ч П.Б- ойлгодоггүй, түүнээс би өөрийгөө бодсон зүйлгүй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нар нь хариуцагч Л.Н-эд холбогдуулан ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоотод орших **талбайтай 2 өрөө орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрсөн үндэслэлээ хүүхдүүдтэйгээ амьдрах газаргүй тул орон сууцтай болох хүртэл 2-3 жилийн хугацаа олгохыг хүсч байна гэж тайлбарлажээ.
Хариуцагч нь нэхэмжлэгч нарт холбогдуулан дээрх ** тоот 2 өрөө орон сууц болон ***-*** дүүргийн ** хороо-, ** гудамжны *** тоотхашаанд байх алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг буюу 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох, Л.Н-, Б.Э-, Б.А-, Б.А- нарт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан тохиолдолд шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрх, хариуцагчийн эзэмшлийн эрх зүйн үндэслэлийг зөв тодорхойлсон байх шаардлагатай. Хуульд ийнхүү зааснаас үзвэл нэхэмжлэгч нар маргаж буй хөрөнгийн өмчлөгч байхаас гадна тухайн хөрөнгийг эзэмшиж байгаа хариуцагчийн эзэмшил хууль бус болох нь нотлогдсон нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага хангагдах учиртай.
Нэхэмжлэгч Ү.Б- /90 хувь/, П.Б- /10 хувь/ нар нь улсын бүртгэлийн ****************дугаартай, ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоот 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болох нь тэдгээрт 2020 оны 02 сарын 19-ны өдөр олгогдсон ******** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. Нэхэмжлэгч нарын шаардаж буй орон сууцыг хариуцагч эзэмшиж, ашиглаж байгаа үйл баримтад зохигч маргаагүй байна.
Хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Хариуцагч нь маргаж буй орон сууцанд хүүхдүүдийн хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдүүдтэйгээ амьдрах газаргүй тул орон сууцтай болох хүртэлх 2-3 жилийн хугацаа олгохыг хүсч тайлбар гаргаснаас өөрөөр татгалзлаа нотлоогүй буюу энэ талаар маргаагүй байна. Иймээс нэхэмжлэгч нар орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргасан үеэс эхлэн хариуцагч Л.Н-ыг маргаж буй орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.
Иймээс хариуцагч Л.Н-ийг нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарын өмчлөлийн орон сууцыг хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзнэ.
4. Хариуцагч нь Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-т заасныг үндэслэн маргаж буй ** тоот орон сууцыг хамтын амьдралтай байх хугацаанд буюу 2014 онд худалдан авсан учир гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж нэхэмжлэлээс татгалзсан болон энэ үндэслэлээр тус орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөлийн хөрөнгө болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэгч П.Б-, хариуцагч Л.Н- нар Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д гэрлэлт гэж хуулиар тогтоосон насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хоёр, сайн дурын, чөлөөтэй, тэгш эрхийн үндсэн дээр гэр бүл болох зорилгоор хуульд заасны дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлэхийг хэлнэ гэж заасны дагуу гэрлэлтээ бүртгүүлээгүй байх тул гэрлэгчид буюу нөхөр, эхнэр гэж үзэхгүй.
Иймээс зохигчийн маргаж байгаа ** тоот орон сууц нь Иргэний хуулийн 125 дугаар зүйлд заасан гэр бүлийн хөрөнгөд хамаарахгүй тул энэ үндэслэлээр гаргасан хариуцагчийн татгалзал болон сөрөг нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Түүнчлэн хариуцагч дээрх ** тоот орон сууцыг худалдан авахад хөрөнгө оруулсан, түүний хөдөлмөрийн оролцоо байсныг нотлоогүй, энэ талаар маргаагүй тул Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-эд өмчлөх эрх үүссэн, өмчлөгч гэж дүгнэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг буруу дүгнэж, хариуцагч Л.Н-, хүүхдүүдийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа нь нэхэмжлэгч П.Б-ын хувьд Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэгт заасан үүрэгт хамаарна гэж үзэж Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийг шударга эзэмшигч буюу уг орон сууцны хууль ёсны эзэмшигч гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн эрх, ашгийг хамгаалахэд гэрлэлтийн баталгаатай эсэхийг үл харгалзан мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь заалт хэрэглэгдэх боловч хариуцагчийн татгалзал нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хамааралгүй бөгөөд өмчлөгчийн туйлын эрхийг үгүйсгэхгүй юм.
Энэ үндэслэлээр Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоотод орших ** м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хууль бусаар эзэмшиж буй хариуцагч Л.Н-ийг албадан чөлөөлж, нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарын энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.
6. Хариуцагч Л.Н- нь ***-*** дүүргийн ** хороо-, ** гудамжны *** тоотхашаанд суулгасан алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг буюу 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өөрт болон хүүхдүүд Б.Э-, Б.А-, Б.А- нарт ногдох хэсгийг нэхэмжлэгч нараас гаргуулахаар сөрөг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч нар уг шаардлагыг зөвшөөрсөн агуулга бүхий тайлбарыг шүүхэд гаргасан байна.
Анхан шатны шүүх, нэхэмжлэгч нарын маргаангүй тайлбарыг үндэслэн, хариуцагч Л.Н-ийг тухайн *** тоотхашаанд байх алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг буюу 17 төрлийн 101 ширхэг мод, бутны өмчлөгчөөр тогтоож, дээрх нэр төрлийн мод, бутыг биет байдлаар нь гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Учир нь нэхэмжлэгч П.Б- давж заалдах шатны шүүх хуралдаанд ... аав, ээжийн эзэмшлийн газарт өмнө нь алимны мод, ... суулгасан байсан, Л.Н- нэмж дээрх нэр төрлийн мод, бут суулгасан гэж, хариуцагч Л.Н- дээрх мод, бутыг тухайн газраас нь салган авч өөр газарт шилжүүлэн суулгах боломжтой гэж тус тус тайлбарласан, зохигч хэн аль нь үгүйсгэж маргахгүй байна.
Дээрхээс дүгнэхэд, ...нэр төрлийн мод, бутыг зохигчийн дундын өмч гэж үзнэ. Хариуцагч нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул .... биет байдлаар гаргуулах нь зүйтэй. Иймд 17 нэр төрлийн 101 ширхэг мод, бутыг хэний өмчлөлийн хөрөнгө болох, ямар газарт байгааг тогтоолгүй шийдвэрлэсэн гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй.
Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ хууль хэрэглээний алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулна. Зохигчийн хоорондын маргаанд Иргэний хуулийн 125-133 дугаар зүйлийн зохицуулалт хамаарахгүй, харин мөн хуулийн 108 дугаар зүйлд заасан дундын өмчийг хэлцлийн үндсэн дээр олж авахтай холбоотой зохицуулалтыг хэрэглэх тул шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 гэж өөрчилнө.
7. Хариуцагчийн гаргасан ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу.
Л.Н- нь П.Б-од холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах болон ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоот орон сууцнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч шүүх хуралдаанд хөрөнгө хуваах шаардлагаас бүрмөсөн татгалзаж байна гэсэн тайлбарыг гаргасан нь мөн шүүхийн 2020 оны 07 сарын 08-ны өдрийн ****тай шүүх хуралдааны тэмдэглэл, шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан ч шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар зааж шийдвэрлээгүй байна. Энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүх шийдвэрийн тогтоох хэсэгтээ нэхэмжлэлийн ямар шаардлагыг хэрхэн шийдвэрлэснийг тодорхой заах бөгөөд дээрх ****тай шийдвэрийн тогтоох хэсэгт Л.Н-ийн гаргасан ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоот орон сууцнаас өөрт болон 3 хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэснийг заагаагүй тул шүүх Л.Н-ийн уг шаардлагыг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Давж заалдах шатны шүүхээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Мөн маргаж буй ** тоот орон сууцанд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Л.Н-эд өмчлөх эрх үүсээгүйг дүгнэсэн учир энэ үндэслэлээр хариуцагч Л.Н-ийн гаргасан ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоот, 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь хэсэгт хариуцагчийн гаргасан ** тоот орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг нэмж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хассан өөрчлөлтийг шийдвэрт оруулна.
8. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ***-*** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 25-ны өдрийн 183/ШШ2024/03795 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нарын өмчлөлийн улсын бүртгэлийн ****************дугаартай, ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг хариуцагч Л.Н-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлсүгэй гэж өөрчилж,
2 дахь заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан ***-*** дүүргийн ** хороо-, ** гудамжны *** тоотхашаанд байх алимны мод 2 ширхэг, тоорын мод 1 ширхэг, интоор мод 4 ширхэг, бөөрөлзгөнө 5 ширхэг, долоогоно 1 ширхэг, үхрийн нүд 30 ширхэг, тошлой 3 ширхэг, үрэлний мод 5 ширхэг, нохойн хошуу 20 ширхэг, монос 6 ширхэг, чацаргана 8 ширхэг, тэхийн шээг 8 ширхэг, буйлс 1 ширхэг, нарс 2 ширхэг, сакура 1 ширхэг, гоёлын сарнайн бут 1 ширхэг, голт бор 3 ширхэг буюу 17 төрлийн 101 ширхэг мод, бутыг нэхэмжлэгч Ү.Б-, П.Б- нараас гаргуулан хариуцагч Л.Н-эд олгож, ***-*** дүүргийн ** хороо-, ****-****, *** байрны ** тоотод орших 36.88 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
3 дахь заалтыг хасаж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан ...57 дугаар зүйлийн 57.1... гэснийг 56.1, 56.2 гэж өөрчлөн,
5 дахь заалтыг 4 гэж дугаарлан өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Э.ЭНЭБИШ