| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 182/2023/04795/И |
| Дугаар | 210/МА2024/01998 |
| Огноо | 2024-11-20 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2024/01998
2024 11 20 210/МА2024/01998
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03680 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: хохиролд 180,048,851 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч *******ы итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 Нэхэмжлэгч нь *******-тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ21/662 дугаар зээлийн гэрээ байгуулсан. Гэрээнд заасны дагуу 130,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл, сарын 2.1 хувийн хүүтэйгээр, хоногийн 0.5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Гэрээний үлдэгдэл 150,000,000 төгрөг дээр 10,000,000 төгрөг нэмж зээлэн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ21/720 дугаар зээлийн гэрээ байгуулсан.
1.2 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээг амаар байгуулж, *******, дугаарын ашиглах эрхийг тус тус хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн. Уг эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ анхнаасаа хүчин төгөлдөр бус гэрээ.
Учир нь хариуцагч ******* нь барьцаалан зээлдүүлэх үндсэн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд тул үүргийн гүйцэтгэлийг зөвхөн хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрхтэй. Харин фидуцийн гэрээ байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхгүй.
Мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт заасан фидуцийн гэрээг бичгээр хийх шаардлагыг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэл тул мөн хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар ******* дугаар, дугаарыг хүчин төгөлдөр бус гэрээний дагуу шилжүүлж эзэмшилдээ авсан үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй.
1.3. Дээрх дугаарууд нь гуравдагч этгээд рүү шилжсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар дугааруудыг шилжүүлж авах боломжгүй болсон тул нийт үнэ 180,048,851 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1 Нэхэмжлэгч ******* нь манай байгууллагатай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3Г21/662 дугаар, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 3Г21/720 дугаар зээлийн гэрээ тус тус байгуулж, 160,000,000 төгрөгийг сарын 2.1 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл зээлсэн. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* дугаар, дугааруудыг манай байгууллагын нэр дээр шилжүүлж өгсөн.
2.2 ******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээний эргэн төлөгдөх дүнг бүрэн төлөхгүй байсан. Улмаар 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэргэдэх эвлэрүүлэх зуучлалд хандан 170,420,546.97 төгрөгийн дүн дээр тохиролцож, 12 сарын хугацаатай эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэвч ******* нь эвлэрлийн гэрээний эргэн төлөгдөх хуваарийг 58 хоног хэтрүүлсэн.
2.3 Манай байгууллага нь зээлдэгчийн хувийн байдал болон санхүүгийн боломж бололцоог харж үзэн зээлийн гэрээний хүүг зогсоон, боломжит хугацаа болон бага дүнгээр зээлийг төлж дуусгах боломж олгосон. Гэвч ******* нь эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зөрчил гаргасан тул *******д энэ талаар мэдэгдэн, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шилжүүлсэн хөрөнгө болох ******* дугаар, дугааруудыг бусдад худалдан борлуулсан.
Иймд зээлийн гэрээ буюу эвлэрлийн гэрээгээр хүлээсэн үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч *******-ийн тайлбар, татгалзлын агуулга:
3.1 *******-иас ******* дугаар, дугааруудыг 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр худалдан авсан. Худалдан авах үед уг дугаарууд зээлийн барьцаанд хураагдсан байсан ба шүүхийн шийдвэр гарсан тул зарж борлуулах эрхтэй гэсэн. Манай байгууллага уг 2 дугаарыг худалдаж борлуулсан ба одоо манай компанийн нэр дээр байхгүй тул хамааралгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасныг баримтлан хариуцагч *******-иас 34,620,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 145,428,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч нар нь хариуцагч *******-д холбогдох шаардлагаасаа татгалзсан болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,062,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-иас 331,054 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.
5. Хариуцагч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргээ хариуцагч биелүүлж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлох баримтаар хангалттай нотолсон буюу *******-ийн харилцах Хаан банк ХК дахь дансанд маргаан бүхий дугааруудыг худалдан борлуулсан орлого болох 2023 оны 09 дүгээр сарын14-ний өдөр 147,500,000 төгрөгийг 73.5, 74 хэмээх гүйлгээний утгатайгаар *******, дугааруудыг тус бүр нь 73,500,000 төгрөг, 74,000,000 төгрөгөөр тус тус худалдан борлуулсан орлогыг хүлээн авсан баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
Шүүхийн шийдвэрт ...барьцааны зүйлийг хэдэн төгрөгөөр бусдад худалдан борлуулсныг тодорхойлох боломжгүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй хэмээн үзэж байна. Учир нь маргаан бүхий дугааруудыг *******-д 147,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан гэдгийг хариуцагчаар оролцож байсан ******* хүлээн зөвшөөрч байсныг шүүх анхаарч үзсэнгүй.
5.2 Нэхэмжлэгч дээрх дугааруудыг зах зээлийн үнэлгээнээс хэт өндрөөр үнэлсэн. Иймээс хариуцагч дээрх үнэлгээ бодит бус бөгөөд худалдан борлуулах үеийн ханш нь буюу нийт 147,500,000 төгрөгөөр бусдад шилжүүлсэн нь талуудын ашиг сонирхолд нийцсэн бөгөөд зээл хаах үеийн үлдэгдэл төлбөр болох 145,428,000 төгрөгийг хасч үлдэгдэл 2,072,000 төгрөгийг өгөхөд татгалзахгүй гэдгийг илэрхийлсэн.
Мөн нэхэмжлэгч нарын дугааруудыг хэт өндрөөр үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учраас шүүхэд шинжээч томилуулахаар хандаж, Баян модот үнэлгээ ХХК-ийг шинжээчээр томилогдон тухайн дугааруудыг худалдан борлуулах үеийн ханшийг ******* дугаарыг 82,125,000 төгрөг, дугаарыг 80,483,000 төгрөг-өөр тус тус тогтоосныг шүүх анхаарч үзээгүй.
5.3 Шүүхийн шийдвэрт дурдсанчлан маргаан бүхий дугааруудыг 147,500,000 төгрөгөөр бусдад худалдан борлуулсан байхад зөрүү 2,072,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байтал нэхэмжлэгч нарын нэхэмжилсэн 180,048,851 төгрөгөөр тооцож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ юуг үндэслэн шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүхийн шийдвэрт дурдсанчлан ...нэхэмжлэгчийн барьцааны зүйл болох дугаарууд бусад этгээдэд шилжсэний улмаас хэмээн тайлбарласнаас үзвэл нэхэмжлэгчид учирсан хохирлын асуудал яригдах ёстой бөгөөд нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлээгүйг дурдах нь зүйтэй юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн ...хариуцагч *******-иас 34,620,851 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож гэснийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:
6.1 Хавтас хэрэгт авагдсан дугааруудыг 147,500,000 төгрөгөөр худалдсан гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй. Зээлийн гэрээний барьцаа хөрөнгө болгож дугаарыг *******-д шилжүүлсэн байтал гүйцэтгэх захирал нь дур мэдэн өөр этгээдэд худалдан борлуулсан. Мөн уг дугааруудыг хэдэн төгрөгөөр хэнд худалдан борлуулах талаар мэдэгдээгүй тул зах зээлийн ханшаар нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцнэ. Иймд хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******, *******-д холбогдуулан ******* дугаар, дугааруудыг худалдан борлуулсан тул хохиролд 180,048,851 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийг үгүйсгэн маргасан.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.
3.1 Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-тай 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр ЗГ21/662 дугаартай, 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ЗГ21/720 дугаартай зээлийн гэрээ тус тус байгуулсан. Гэрээгээр ******* 160,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл сарын 2.1 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. *******ныг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр ******* нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зээлийн гэрээг цуцалсан.
3.2 Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 104/ШЗ2023/00781 дугаар захирамжаар ******* нь дээрх зээлийн гэрээний үүрэгт нийт 170,420,546 төгрөгийг 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд төлөхөөр *******-тай эвлэрсэн эвлэрлийг баталсан. /1хх 33-35/ Нэхэмжлэгч ******* уг төлбөрөөс 20,000,000 төгрөгийг төлж, үлдэх 147,500,000 төгрөгийг төлөөгүй байгаа.
3.3 Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нэхэмжлэгч *******ны үүрийн холбооны ******* дугаар эзэмших эрх, нэхэмжлэгч *******ы үүрийн холбооны дугаар эзэмших эрхийг тус тус хариуцагч *******-ийн эзэмшилд шилжүүлсэн. Уг дугааруудын эзэмших эрхийг ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагч *******-д шилжүүлсэн. /1хх 52-53/ Улмаар тухайн дугааруудын эзэмших эрхийг ******* нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний болон 03 дугаар сарын 26-ны өдрүүдэд тус тус бусдад шилжүүлсэн. /1хх 195/
3.4 Лэндс үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн тайлангаар үүрийн холбооны ******* дугаарыг эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 90,046,000 төгрөг гэж, дугаарыг 90,002,851 төгрөг гэж тус тус үнэлсэн. /1хх 218-223/
3.5 Шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ШҮТ24/06-28 дугаар дүгнэлтээр ******* дугаарын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 82,125,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 92,192,000 төгрөг гэж, дугаарын зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 80,483,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар 90,699,000 төгрөг гэж тус тус үнэлсэн. /2хх 3-21/
4. Нэхэмжлэгч нар дээрх дугааруудын эзэмших эрхийг хариуцагч *******-д шилжүүлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор тэдний хооронд Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3 дахь хэсэгт зааснаар барьцааны хэлцлийг бодит үйлдлээр хийсэн гэж дүгнэн, мөн хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй болжээ. Учир нь, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт зааснаар барьцааны гэрээг бичгээр байгуулах бөгөөд уг шаардлагыг хангаагүй гэрээ нь мөн зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байхаас гадна барьцааны зүйлийг барьцаалуулагчийн эзэмшилд шилжүүлэх учиргүй. Иймд талууд барьцааны гэрээг бичгээр байгуулаагүй байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.3 дахь хэсэгт зааснаар барьцааны хэлцэл хийсэн гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Нэхэмжлэгч нар нь дээрх дугааруудын эзэмших эрхийг хариуцагч *******-д шилжүүлснээр талуудын хооронд фидуцийн гэрээний шинжийг агуулсан гэрээ байгуулагдсан гэж тодорхойлогдох боломжтой боловч Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.5 дахь хэсэгт зааснаар фидуцийн гэрээг бичгээр хийнэ гэснийг зөрчсөн байна. Иймд уг гэрээг амаар байгуулсан нь мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн хэлцэлд хамаарна.
5.1 Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар мөн хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй. Дээрх 2 ширхэг дугаар эзэмших эрх нь хариуцагч *******-иас бусдад буюу *******-д шилжсэн, нэхэмжлэгч нарт буцааж өгөх боломжгүй болсон байх тул нэхэмжлэгч нар нь мөн зүйлийн 56.6 дахь хэсэгт зааснаар хохирол шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нарт учирсан хохирлын хэмжээг нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргээс харилцан тооцсоныг буруутгахгүй. Гэхдээ шүүх уг хохирлын хэмжээг тодорхойлохдоо Лэндс үнэлгээ ХХК-ийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн үнэлгээ болох 180,048,851 төгрөгөөс тооцсон нь үндэслэлгүй болжээ. Учир нь, хариуцагч ******* дээрх дугааруудын эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн үеэс нэхэмжлэгчид учирсан хохирол тодорхойлогдоно.
Өөрөөр хэлбэл, шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн ШҮТ24/06-28 дугаар дүгнэлтэд дурдсан, ******* дугаарын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 82,125,000 төгрөг, дугаарын эзэмших эрхийн зах зээлийн үнэ цэнийг 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 80,483,000 төгрөг, нийт 162,608,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******ны өмнөх зээлийн гэрээний үүргийн үлдэгдэл 145,428,000 төгрөгийг хасаж, зөрүү 17,180,000 төгрөгийг хариуцагч *******-иас гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт нийцнэ. Иймд шийдвэрт зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтаар *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ хэргийг хэрэгсэхгүй болгоогүй байгаагаас гадна найруулгын хувьд нэхэмжлэлээс татгалзсан байдлыг шаардлагаас гэж буруу тодорхойлсныг хуульд нийцүүлэн зөвтгөж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт өөрчлөлт оруулна.
8. Түүнчлэн анхан шатны шүүх шийдвэрийн 2 болон 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийвэрлэх тухай хууль-ийн нэрийг буруу бичсэн, олгосугай гэснийг олгоолгосугай гэж монгол хэлний үг зүйн алдаа тус тус гаргасныг залруулна.
9. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч *******-иас 17,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/03680 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-иас 17,180,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 162,868,851 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-д холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч *******, ******* нар татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж тус тус өөрчлөн найруулж,
3 дахь заалтын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай гэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн гэж, 331,054 төгрөг /гурван зуун гучин нэгэн сая тавин дөрөв/-ийг гэснийг 243,850 төгрөг гэж, олгоолгосугай. гэснийг олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас төлсөн 331,055 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
М.БАЯСГАЛАН