| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2024/00778/И |
| Дугаар | 210/МА2024/01463 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01463
2024 07 22 210/МА2024/01463
Г.Уийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Г.Уийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.Ц Г.Анарт холбогдох
Орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.У, хариуцагч Г.Ц Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Миний бие 1988-2000 оны хооронд Герман улсад сурч ажиллаж байсан. 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Л.А, Б.Д нараас Баянгол дүүрэг, ***хороо, *** хороолол, ***байр дугаар байр *** тоот хаягтай, 2 өрөө орон сууцыг 4,900,000 төгрөгөөр худалдан авч, Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар контортой орон сууц хөлслүүлэх гэрээг 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, цаашид жил бүр сунгаж байхаар байгуулсан. Миний бие цор ганц эзэмшигч болсон. 1997 оны 08 дугаар сард аав Н.Г Монголд орон сууц хувьчлах ажил улс орон даяар явагдаж байна, ам бүл ганцаар, эзэн нь гадаадад зорчсон байгаа нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан орон сууц хувьчилж авч болно гэж мэдэгдсэний дагуу аавдаа итгэмжлэл хийж явуулсан. Гэтэл 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд гаргасан өргөдөлдөө өөрийн нэрийг оруулж, мөн дүү Г.А, Г.Цнарыг хамтран эзэмшигч мэт болгож бичсэнээс үндэслэн 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолоор Н.Г, Г.А, Г.Цнарын нэрс хамтран өмчлөгчөөр бүртгэгдэж гарсан. Уг байранд Г.У миний бие 1995 оноос хойш ганцаараа амьдарч ирсэн, цорын ганц өмчлөгч. Г.Ц13 настай хүүхэд байхдаа байранд бүртгэгдсэн. Орон сууц хувьчлах журам, хуулиар заасан хүрээнд хийгдэлгүй орон сууцны эзэмшигч биш, гэрээ байгуулаагүй бага насны хүүхдэд шилжиж очсон нь үндэслэлгүй.
Хэрэгт Г.А, Г.Цнарын нэхэмжлэлтэй Г.Ут холбогдох хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нотлох баримтаар авагдсан. Уг нэхэмжлэлээр 2002 онд талуудын хооронд хэлцэл хийгдсэн эсэх, тухайн хэлцэл хүчин төгөлдөр эсэх, маргаан бүхий орон сууц ордероос хасахыг шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэл хэсгийн 8 дахь хэсэгт нэхэмжлэгч нар өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учир үл хөдлөх эд хөрөнгө хэний хөрөнгөөр худалдаж авсан эсэх нь уг маргаанд ач холбогдолгүй гэж дүгнэсэн. Энэ маргаан өмчлөлтэй огт холбоогүй. Г.Цтухайн байрны өмчлөгч биш.
Орон сууцны контортой албан ёсны гэрээтэй, мөнгөө төлчихсөн хүн нь байрыг хувьчилж авах ёстой. Гэтэл миний эзгүйд Н.Г, Г.А, Г.Цнарыг хууль бусаар оруулсан. Иймд намайг орон сууцны дангаар шударга өмчлөгч болохыг тогтоож өгнө үү. Уг маргаанд Г.Ахамааралгүй болсон тул Г.Аийг хариуцагчаар татахаас татгалзаж байна гэжээ.
2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
Миний бие орон сууцны хамтран өмчлөгч байсан боловч 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хамтран өмчлөгчөөс хасагдсан болохоо тус орон сууцтай холбоотой эгч Г.Уийн нэхэмжлэлтэй ах Г.Дд холбогдох 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүхийн шийдвэрийн дараа олж мэдсэн. Бид одоог хүртэл тус орон сууцны дангаар өмчлөгч нь Г.Д гэж бодож явсан. Орон сууцны хамтран өмчлөгчөөр Г.Уээс гадна бидний аав Н.Г, Г.Аболон Г.Цбагтсан. Энэ нь ах Г.Дгийн эрх ашгийг хангах зорилготой гэж бодож байна. Г.У орон сууцны өмчлөгчөөр 4 хүн байсныг биднийг нэхэмжлэл гаргах үед мэдсэн гэж байгаа нь худлаа. 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл хийхдээ Г.А, Г.Цнартай биечлэн хамт байгаагүй. Давж заалдах шатны шүүхээс хамтран өмчлөгчөөс Г.Цхассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлд даалгаж шийдвэрлэсэн гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч Г.Ц холбогдох Баянгол дүүргийн *** хороо ***байр *** тоот 2 өрөө орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох нэхэмжлэгч Г.Уийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Хариуцагч Г.Ат холбогдох нэхэмжлэлээс татгалзсан нэхэмжлэгч Г.Уийн татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Уийг ...орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй гэж үзэхдээ ...өмчлөлийн эд зүйлээ хууль бус эзэмшигчээс буюу эзэмших эрхгүй этгээдээс шаардах эрх" нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ямар нэгэн өмчлөлийн маргаангүй этгээдийн хувьд ярих асуудал бол шүүхийн шийдвэрлэж байгаа энэ хэрэг нь маргаангүй өмчлөлийн асуудал биш. Өмчлөлийн шинэ маргаан, шинэ үндэслэлээр гарч ирж байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах ч боломжтой, өмнөх шүүхийн шийдвэр, тэр тусмаа үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс хассан улсын бүртгэлийн талаарх маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэж, энэ шийдвэрт хамаарах үйл баримтаас өмнөх үеийн үйл баримттай холбоотой асуудалд цэг тавьж байгаагаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч Г.Ц гаргасан тайлбарын агуулга:
Анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нэг байна. Маргаан бүхий байранд миний төрсөн ах Г.Д гэх хүн 20 гаруй жил амьдарч байгаа. Анх нь Г.У Г.Дд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тус хэрэг шийдэгдсэн байхад яагаад дахин надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч Г.У нь хариуцагч Г.Ц Г.Анарт холбогдуулан орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагч Г.Ат холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс татгалзсан тул шүүх холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсгийг баримтлаагүй тул уг алдааг залруулах нь зүйтэй.
3.1. Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1997 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэн Г.У, Н.Г, Г.А, Г.Цнар маргаан бүхий Баянгол дүүрэг, ***хороо, *** дугаар байр *** тоотод байршилтай, *** м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр 1997 оны 10 дугаар сарын 06-ны өдөр бүртгэгджээ.
3.2. Хамтран өмчлөгч Н.Г 2000 оны 05 дугаар сарын 12-ны өдөр нас барсан үндэслэлээр Г.Ут олгосон 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн хууль ёсоор өв залгамжлах эрхийн гэрчилгээ, мөн 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Г.У болон Г.Ц мөн Г.У болон Г.А нарын хооронд тус тус байгуулагдсан Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 102/ШШ2023/04678 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2024/00405 дугаар магадлал тус тус улсын бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан.
3.3. Дээрх шүүхийн шийдвэрээр 2002 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн Орон сууцны өмчлөлөөс хамтран өмчлөгч хасуулах тухай хэлцлийн хүчин төгөлдөр байдлыг дүгнэж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар тус орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөс Г.Цхассан улсын бүртгэлийг хүчингүй болгохыг улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, хариуцагч Г.Ут холбогдох хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэгч Г.Аийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв дүгнэсэн байна.
4. Дээрх баримтуудаар маргаан бүхий орон сууцны өмчлөгч нь Г.У, Г.Цнар байх бөгөөд анхан шатны шүүх тус маргаанд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримталсан нь алдаатай болсон тул давж заалдах шатны шүүхээс залруулж дүгнэнэ.
4.1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан нь өмчлөгчийн шаардах эрхийн талаарх зохицуулалт бөгөөд нэхэмжлэгч Г.У нь энэ агуулгаар нэхэмжлэл гаргаагүй.
4.2. Харин Г.У нь хамтран өмчлөгч болох Г.Ц холбогдуулан орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан нь өмчлөх эрхийг шударгаар олж авах талаарх зохицуулалт буюу Иргэний хуулийн 1***зүйлийн 114.1 дэх хэсэгт Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно гэж заасанд хамаарахаар байна.
Нэхэмжлэгч Г.У нь хариуцагчаар Г.Цтодорхойлсон бөгөөд тэрээр орон сууцыг Л.А, Б.Д нараас 1996 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Хэлцлийн дагуу шилжүүлэн авч, Орон сууц нийтийн аж ахуйн 7 дугаар контортой Орон сууц хөлслүүлэх гэрээг байгуулж эзэмшсэн, Г.Уийн итгэмжлэлийн дагуу Н.Г 1997 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Нийслэлийн орон сууц хувьчлах товчоонд орон сууц хувьчлах талаар өргөдөл гаргахдаа өөрийн нэрийг оруулсан, мөн Г.А, Г.Цнарыг хамтран эзэмшигч мэт бичсэн гэх нэхэмжлэлийн үндэслэлд тодорхойлсон асуудалд Г.Ц оролцоо, холбогдол, мөн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
5. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Г.Ц холбогдуулан гаргасан орон сууцны дангаар шударга өмчлөгч мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч Г.Уийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 102/ШШ2024/02650 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 106 дугаар зүйлийн 106.1 гэснийг 1***зүйлийн 114.1 гэж өөрчилж, 3 дахь заалтын эхэнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА