| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2023/05903/И |
| Дугаар | 210/МА2024/01464 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01464
2024 07 22 210/МА2024/01464
Г.Мын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Г.Мын нэхэмжлэлтэй
Хариуцагч М.Д ХХК-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 12,851,549 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, М.Халиун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Би Хөдөө аж ахуйг дэмжих санд мэргэжилтнээр ажиллаж байхдаа 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Т.Б ХК-тай цалингийн зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөг зээлсэн. Мөн өдрөө М.Д ХХК-тай Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээг байгуулж зээлээ даатгуулсан. Т.Б ХК болон М.Д ХХК-ийн хооронд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж хамтарч ажиллаж байсан тул М.Д ХХК-ийг сонгож даатгуулсан.
1.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасантай холбоотойгоор захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон. Энэ нөхцөл байдлаас болж Т.Б ХК-аас авсан цалингийн зээлийн гэрээнд даатгалын эрсдэл үүссэн юм. Би гэрээний дагуу хүсэлтээ "М.Д " ХХК-нд гаргахад "М.Д " ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 01/11-1266 дугаар албан бичгээр татгалзсан хариу өгсөн. Уг хариунд 2021 оны 12 дугаар сар, 2023 оны 02 дугаар сард танай байгууллага ажилчиддаа орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдэл өгсөн байна. Өөрөөр хэлбэл та ажлаас халагдахаа мэдэж байсан учир бид даатгалын олговор олгохгүй гэдэг хариу өгсөн юм.
1.3. Улмаар Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 9/4139 дугаар албан бичгээр "М.Д " ХХК даатгалын нөхөн төлбөрийг олгох нь зүйтэй гэсэн утгатай хариуг өгсөн юм. Гэвч "М.Д " ХХК нь өнөөдрийг хүртэл нөхөн төлбөр олгоогүй бөгөөд олгох боломжгүй гэдэг хариу өгсөн.
Иймд Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний дагуу ажлаас чөлөөлөх хүртэлх хугацааны зээлийн үлдэгдэл 8,567,699 төгрөг, мөн гэрээний 4.1.6-д заасныг үндэслэн алданги 4,283,849 төгрөг, нийт 12,851,549 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Хөдөө аж ахуйг дэмжих санг эдийн засгийн болон бусад нөхцөл шаардлагын улмаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор "Х.А.А.К " ТӨХХК-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор байгуулсан. Мөн Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай" 259 дүгээр тогтоолыг баталж, санг татан буулгасан юм. Сан нь 2021 оны 12 дугаар сар, 2023 оны 02 дугаар сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна. Нэхэмжлэгч нь сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан нь Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт "Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй" гэж заасан ноцтой нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед даатгагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байна.
Улмаар даатгуулагч даатгалын гэрээг ирээдүйд бий болох тохиолдлыг урьдаас таамаглах боломжгүйгээс учирч болзошгүй эрсдэлээс хамгаалж даатгуулах даатгалын үндсэн гол зарчимтай зөрчилдөж байгаа юм.
2.2. Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай" тогтоол гарсан боловч түүнээс өмнө санг татан буулгах эдийн засгийн болон бусад нөхцөл шаардлага бодитоор бий болсон, 2022 онд Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлсэн, 2021 онд "Х.А.А.К " ТӨХХК байгуулсан зэргээс үзэхэд тус тохиолдол нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.4-т "Даатгалын хугацаа..." гэж заасны дагуу даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй буюу даатгалын гэрээ байгуулагдахаас өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна. Даатгагч нь даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойших хугацаанд үүссэн эрсдэлд үүрэг хүлээдэг.
Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3, 5.24, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1, 8.5.2, 8.5.3, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 232 дүгээр зүйлийн 232.4, 431 дугаар зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.Д ХХК-аас 12,851,549 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Мт олгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 220,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Д ХХК-аас 220,575 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мт олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 11-т "Харин хариуцагчийн нэхэмжлэгчийг Хөдөө аж ахуйн санг татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл, орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан гэх тайлбар нь хавтас хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны албан бичиг, Т.Б ны албан бичиг, ажлаас чөлөөлсөн тушаал, 8,567,699 төгрөг, гэрээний 1.6 дахь хэсэгт зааснаар алданги 4,283,849 төгрөг нийт 12,851,549 төгрөгийг хариуцагч "М.Д " ХХК-аас гаргуулах нь нэхэмжлэгчийн тайлбар зэргээр үгүйсгэгдэж байна" гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Учир нь эдгээр баримтаар зөвхөн нэхэмжлэгчийн ажлаас орон тооны цомхотголоор халагдсаныг нотолж байх боловч хариуцагчийн хариу тайлбар, татгалзалдаа дурдаад байгаа Хөдөө аж ахуйн сан татан буугдах, хэлбэрийн хувьд өөрчлөгдөх, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх зэрэг нөхцөл орчин бүрдсэн буюу эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан гэх тайлбарыг үгүйсгэх баримт болохгүй юм. Өөрөөр хэлбэл сан нь эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлагын улмаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх асуудалтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 394 дүгээр тогтоолоор Х.А.А.К ТӨХХК-ийг байгуулсан. Сан нь эдийн засгийн хувьд үр ашигтай ажиллах боломжгүй, нийгмийн үр өгөөжийг чухалчилсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдгээс санхүүгийн хувьд цаашид хэвийн ажиллах боломжгүй байдал хүрээд байгаагаас эрх зүйн байдал, өмчлөлийн хэлбэрийг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага бодитоор бий болсон үндэслэл Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ЗГ-1/165 дугаар Хуулийн төсөл өргөн мэдүүлэх тухай албан бичгээр Сангийн эрх зүйн байдлыг зохицуулдаг Засгийн газрын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Засгийн газрын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, мөн Улсын Их Хурлаас Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай 25 дугаар тогтоолыг баталсан нь дээрх хуулийн төслийн үр дагавар тул санг татан буулгасан. Монгол Улсын Засгийн газрын сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19-д заасан Хөдөө аж ахуйг дэмжих санг 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон. Мөн сан нь 2021 оны 12 дугаар сар, 2023 оны 02 дугаар сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажиллагсдадаа өгсөн байна.
Нэхэмжлэгч Г.М нь 2023 оны 02 сарын 03-ны өдөр Т.Б наас авсан цалингийн зээлийн гэрээнд зориулалт тусгагдаагүй, ямар шалтгаанаар зээл авсан нь тогтоогдохгүй, энэ талаарх хариуцагчийн татгалзалд шүүх дүгнэлт өгөөгүй.
4.2. Мөн шүүх нь шүүх хуралдааны дараа шийдвэр танилцуулахдаа болон шүүх хуралдааны явцад "энэ үйл баримтууд нийтэд илэрхий баримт байна, хариуцагч ч гэсэн мэдэх боломжтой байсан" гэж шийдвэрийн агуулгаа талуудад танилцуулсан боловч шүүхийн шийдвэрт болон үндэслэлээ дурдаагүй, дүгнэлт өгөөгүй байна. Нийтэд илэрхий үйл баримт гэсэн ойлголтын шинжийг Улсын дээд шүүх "Шүүхийн шийдвэрийн тухай" 2006 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.3. дахь заалтад тодорхой тайлбарласан. Өөрөөр хэлбэл сан татан буугдахтай холбоотой бүхий л процесс сангийн ажилчдад ил тод байсан бөгөөд сангийн мэдээллийн давуу байдлаа ашиглан даатгалын гэрээг байгуулсан байна. Мөн нэр бүхий 16 зээлдэгч зэрэг гэнэт цалингийн зээл авсан нь Т.Б ХК-ийн хариуцагчид ирүүлсэн баримтаар нотлогддог.
Засгийн газраас 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгах тухай тогтоол гарсан боловч түүнээс өмнө санг татан буулгах эдийн засгийн болоод бусад нөхцөл шаардлага бодитоор бий болсон, 2021 онд Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл өргөн мэдүүлсэн, 2021 онд Х.А.А.К ТӨХХК байгуулсан зэргээс үзэхэд тус тохиолдол нь Даатгалын тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.-д заасны дагуу даатгалын гэрээний хугацаанд хамаарахгүй буюу даатгалын гэрээ байгуулахаас өмнө тохиолдол үүссэн нөхцөл байдал тогтоогдож байна. Даатгагч нь даатгалын гэрээг байгуулсан өдрөөс хойшхи хугацаанд үүссэн эрсдэлд үүрэг хүлээдэг.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд өөрийн цахим хуудсанд байршуулан мэдэгдсэн байдаг. Энэ нь Хүнс, хөдөө,аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны цахим хуудсанд одоо ч нээлттэй ил тод байдаг. Мөн хариуцагчаас гарган өгсөн нотлох баримт буюу Монгол Улсын Засгийн газраас Улсын их хуралд өргөн барьсан 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд "Сангийн бүтцийн хувьд батлагдсан орон тооны хувьд ажлын албанд 72, орон нутгийн салбаруудад 92, нийт 164 ажилтан ажиллаж байна" гэж дүгнэсэн бөгөөд тус байгууллагын хөрөнгийн зохистой харьцаа алдагдсан, авлагын хуримтлал их хэмжээгээр үүсэж, төлбөр барагдуулах чадваргүй болсон зэрэг асуудлуудаас үүдэн сан татан буугдах талаар тусгасан.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа "Сан татан буугдах талаар ажилчиддаа ямар ч мэдэгдэл, мэдээлэл өгөлгүйгээр гэнэт бөөнөөр нь ажлаас халсан, бидний зүгээс татан буугдах талаар юу ч мэдээгүй" гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4, 81 дүгээр зүйлийн 81.4-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байгаа ч ажил олгогчийг аливаа байдлаар мэдэгдэл өгөлгүй ажлаас бөөнөөр нь халсан талаар аливаа гомдол гаргаагүй, эрхээ сэргээлгэхээр эрх бүхий албан тушаалтанд хандаагүй, энэ талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй зэргээс үзэхэд Сан татан буугдахаасаа өмнө ажиллагсаддаа мэдэгдэл өгсөн болох нь нотлогдож байна. Эдгээр үйл баримтуудаас дүгнэхэд 2021 оноос эхлэн Хөдөө аж ахуйг дэмжих сан татан буугдах нь тодорхой болчихсон, татан буугдах процесс явагдаж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд даатгалын тохиолдол гэнэтийн шинжтэй байх зарчимтай зөрчилдөж байгаа юм. Иймд дээр дурдсан үйл баримтын хүрээнд даатгуулагчийн үйлдэл нь хууль болон гэрээг зөрчсөн, эрсдэл үүсэх нөхцөл, орчин бий болсон, нотлох баримтыг дутуу бүрдүүлж үйл баримтыг худал мэдээлэх, мэдээллийн давуу байдлаа ашиглан өөрт ашигтай нөхцөл, орчин бий болгосон зэрэг нь Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж, 5.24-т "Гэрээнд заагдаагүй нөхцөл, эрсдэлийн улмаас гарсан хохирол" гэж, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д "даатгуулагч санаатайгаар хохирол учруулсан буюу даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн" гэж, 8.5.2-т "даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн ... " гэж, 8.5.3-т "Даатгалын гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан" гэж, Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1-д "Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй" гэж, 431 дүгээр зүйлийн 431.4.4-т "Даатгалын хугацаа... гэж тус тус заасны дагуу нөхөн төлбөр олгох боломжгүй тул анхан шатны шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:
Ажилчдаас санал асуулга аваагүй. Мэдэгдэл хэд хэдэн удаа өгсөн гэж хариуцагч тал шүүх хуралдаанд хэлж байсан. Манай байгууллага татан буугдах процесс явагдаж байсныг би мэдээгүй. 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Засгийн газрын тогтоол гарч, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нийт ажилчдаа ажлаас чөлөөлсөн гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М.Д ХХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 8,567,699 төгрөг, алданги 4,283,849 төгрөг, нийт 12,851,549 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Г.М нь Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд мал аж ахуйн дэмжлэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Т.Б ХК-аас 2023 оны 02 сарын 03-ны өдрийн цалингийн зээлийн гэрээгээр 10,000,000 төгрөгийг жилийн 13.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авчээ.
Улмаар Г.М болон М.Д ХХК-ийн хооронд Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч Г.М нь цалингийн зээлийн эрсдэлийг зээлийн үлдэгдлээр даатгуулах, даатгалын хураамжид үндсэн эрсдэлийн 0,50 хувь буюу 50,000 төгрөг төлөх, даатгагч М.Д ХХК нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр төлөхөөр харилцан тохиролцжээ.
Талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээ байгуулагдсан, мөн хуулийн 431.3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болохыг анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.
4. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр даатгалын хураамжид 50,000 төгрөгийг хариуцагчид төлсөн талаарх мемориалын баримт хэрэгт авагдсан, энэ талаар зохигч маргаагүй.
5. Даатгалын гэрээний хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасан, үүний улмаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албаны гүйцэтгэх захирлын 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн А/160 дугаар тушаалаар Г.Мын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгожээ. Тухайн өдрийн байдлаар Т.Б ХК дахь нэхэмжлэгчийн цалингийн зээлийн үлдэгдэл 8,567,699 төгрөг байсан талаарх зээлийн дансны хуулга хэрэгт авагдсан байна.
Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 3.1.4-т үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч орон тооны цомхотголд орох, 3.1.5-д үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч бүтэц зохион байгуулалтын улмаас ажлаас халагдах гэсэн үндэслэлийг даатгалын эрсдэлд тооцохоор талууд тохиролцжээ.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон байна.
6. Нэхэмжлэгч нь түүний ажил олгогч болох Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба татан буугдаж, орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлөгдөх нөхцөл орчин бүрдсэн нөхцөл байдлын талаар даатгалын гэрээ байгуулах үед хариуцагчид мэдэгдээгүй, мэдээлэх үүргээ биелүүлээгүй, эрсдэл үүссэнийг мэдсээр байж даатгуулсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
6.1. Хэргийн баримтаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр уг хууль батлагдсанаар хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.19.Хөдөө аж ахуйг дэмжих сан гэсэн хэсэг хүчингүй болсон бөгөөд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал, танилцуулга болон хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судалсан тухай тайлан, хуулийн төслийн үр нөлөөг үнэлсэн судалгааны тайлан зэрэг баримт бичгүүд 2022 онд батлагджээ. Уг нөхцөл байдалд даатгуулагчийн оролцоо байхгүй тул Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д заасан даатгуулагч даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн үндэслэлд хамаарахгүй.
6.2. Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газраас хуулийн төсөл Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хууль батлагдсан нь даатгагч байгууллага өөрөө мэдэх боломжтой нөхцөл байдал учир Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт Даатгуулагч нь гэрээ байгуулахдаа өөрийн мэдэж байгаа аюул учруулах буюу даатгалын тохиолдол бий болоход нөлөөлж болох ноцтой нөхцөл байдал, түүнчлэн гэрээ байгуулснаас хойш бий болсон ийм нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх үүрэгтэй гэж заасныг даатгуулагч зөрчсөн гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
6.3. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албанд мал аж ахуйн дэмжлэг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тул түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно: 80.1.1.аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн, 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн ... 80.1.1, ...-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэсэн зохицуулалтын хүрээнд орон тооны цомхотголд орох эрсдэлийн талаар мэдэх боломжтой гэж дүгнэнэ.
Зохигчдын хооронд 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр даатгалын гэрээ байгуулагдах үед даатгуулагч ийм нөхцөл байдлыг мэдэж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
6.4. Хариуцагч Сан нь 2021 оны 12 дугаар сар, 2023 оны 02 дугаар сард тус тус орон тооны цомхотгол хийх тухай мэдэгдлийг ажилтнууддаа өгсөн гэж татгалзсан нь мөн баримтаар тогтоогдоогүй. Анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтээр Х.А.А.К ТӨХХК, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тус тус орон тооны цомхотголын мэдэгдэл-тэй холбоотой баримтыг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн байгууллагууд ийм баримт байхгүй болохыг тодорхойлжээ.
6.5. Хариуцагчийн татгалзалд дурдсан Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.2-т заасан даатгуулагч даатгалын зүйлийн талаар даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй.
6.6. Түүнчлэн Г.Мын цалингийн зээлийн гэрээнд зориулалт тусгагдаагүй, ямар шалтгаанаар зээл авсан нь тогтоогдоогүй гэсэн хариуцагчийн татгалзал тус маргаанд хамааралгүй тул учир үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүйг буруутгах үндэслэлгүй болно.
7. Зээлийн эрсдэлийн даатгалын гэрээний 1.6-д Даатгагч даатгалын гэрээнд заасан хугацаанд даатгалын төлбөр олгоогүй бол Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5%-ийн алданги даатгуулагчид олгоно гэж заасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэнийг шүүх зөв дүгнэсэн байна.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын нөхөн төлбөрт 8,567,699 төгрөг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж зааснаар алдангид 4,283,849 төгрөг тус тус төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 181/ШШ2024/02244 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 220,575 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА