Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, улсын яллагч А.Тунгалагтуяа, шүүгдэгч Ч.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.С д холбогдох эрүүгийн 1940000620044 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  улсаас авсан гавьяа, шагнал, ял шийтгэлгүй, Ч.С .

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ч.С  нь Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Дөрвөлжин” гэх газар 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Бор-Өндөр сумын харьяат иргэн Г.А модон иштэй хүрзний ишээр толгойн тус газар цохиж “Эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт холбогджээ

 Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.С “Би 4 дүгээр сарын 3-ны өдөр дүүдээ хотоос мотоцикль авчирч өгсөн юм. Тэгээд орой болчихоор нь найзындаа очсон. Найзынхаа малыг хотлуулчихаад бид хоёр Б  гээд айл байдаг юм тэднийд очиж хоноод өглөө босоод явж байтал зам дээр хүн чулуу ухаад, газар ухаад сууж байсан. Тэгэхээр би чи боль л доо наагуур чинь мал амьтан явна, хүн явахад ч хэцүү юм байна шүү дээ гэсэн. Тэгтэл тэр хүн би ямар ганцаараа ухаа юу, чиний гэрийн буурийг ухсан уу гээд бид хоёр хэрэлдсэн. Мотоциклийнх нь ар талд нэг хүрз, хараацай хоёр байхаар нь тэрийг нь булааж аваад чамайг цагдаад өгнө гээд ноцолдож байгаад хүрзнийх нь ишээр толгойд нь цохисон юм” гэв.

Шүүгдэгч Ч.С мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Ингээд шөнө 2019 оны 04 дүгээр сарын 04-ний 01 цагийн үед ууж байсан архи дуусаж унтаж амарсан. Ж  бид хоёр Б гэрт унтсан, нэмж архи уугаагүй. Тэгээд өглөө босоод Б хоол идэж цай уучихаад 10 цагийн үед Ж гийн гэр рүү малаа гаргаж бэлчээхээр явсан. Ж  бид хоёрыг явж байх замд Дархан сумын 2 дугаар багийн нутаг Дөрвөлжин гэх газар нэг залуу ганцаараа чулуу түүгээд газар ухаж байхаар нь  бид хоёр уулзах гээд очсон. Тэгэхэд тэр залуу ухаж байсан газраасаа босоод  мотоцикль руугаа чиглээд алхсан. Ж  бид хоёр тэр залуутай очиж уулзаад  Ж  тэр залуугаас “яагаад газар ухаад байгаа юм бэ” гэхэд “би ганцаараа ухаж байгаа юм уу” гэж өөдөөс нь хэрэлдсэн. Тэгэхээр нь миний уур хүрээд мотоциклийнхоо ар талд ачаан дээр нь хүлчихсэн байсан модон иштэй хүрз,  хараацай хоёрыг нь би булаагаад авчихсан. Тэгэхэд  тэр залуу надад хүрз болон хараацайгаа өгөхгүй гээд  надтай булаацалдаад байсан. Тэгэхээр нь  би цаашаа бай гээд модон иштэй хүрзний ишээр нь толгой руу чиглээд  чичиж түлхэж цохисон. Тэгэхэд  тэр залуугийн баруун хөмсөгний  орчмоос цус гарсан. Тэгэхээр нь Ж  бид хоёр тэр залууг чулуу ухсан гэж цагдаад өгнө,  Бор-Өндөр сум явъя гэж хэлээд  дагуулаад явсан мотоцикль дээрээс нь булааж авсан хүрз, хараацай хоёрыг машиндаа хийгээд хөдөлсөн. Тэр залуу мотоциклио бариад урд гараад  явсан, араас нь машинаараа дагаж яваад Б гэрийн баруун талд байх овоон дээр гарч зогсоод тэр залуутай уулзсан. Тэгэхэд Б  мотоцикльтойгоо хүрч ирээд Ж  бид хоёрыг наад хүнийхээ багажийг өгөөд явуул, та хоёр яах гээд байгаа юм  гэхээр нь би тэр залуугийн хүрз, хараацай хоёрыг нь өгөөд буцаад Ж гийн хөдөө гэр рүү явсан. Нөгөө залуу багажаа аваад Бор-Өндөр сум руу чиглээд явсан” гэх мэдүүлэг /хх-н 24-25 хуу/

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр өгсөн “2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө гэртээ байж байгаад  10 цаг өнгөрч байх үед  өөрийнхөө улаан өнгийн  Даюун маркийн  мотоцикльтой гэрээсээ ганцаараа чулуу түүхээр  Бор-Өндөр сумын төвөөс зүүн тийш явсан юм.  Би Бор-Өндөр сумаас зүүн  тийш  25 км газар явж Дөрвөлж гэх газар ирээд чулуу түүх газраа хайж алхсан.  Миний очсон газар өмнө нь байгалийн өнгөт чулуу ухсан бололтой газар орныг ухаж,  сэндийчсэн байсан. Намайг чулуу ухах газраа хайгаад алхаж явтал  УБП улсын дугаартай шар өнгийн автомашин миний дэргэд ирээд дотроос нь хоёр согтуу хүн бууж ирээд надтай уулзсан. Тухайн үед  би мотоциклийнхоо хажууд ойрхон зогсож байсан. Тэр хоёр залуу надтай уулзаад намайг чулуу ухлаа, газар дэлхий сүйтгэлээ гэж хэлэхээр нь би одоо ингээд явчихъя би газар ухаж чулуу түүгээгүй байна гэж хэлсэн  чинь машин барьж ирсэн залуу миний мотоцикль дээр  хүлээстэй байсан модон иштэй хүрзийг аваад миний баруун хөмсөг рүү нэг удаа цохисон. Хүрзээр цохиулсны улмаас миний баруун хөмсөгнөөс маш их цус гарсан. Цус нь тогтохгүй байсан. Би тэр танихгүй залууд цохиулаад шууд өөрийнхөө мотоциклио унаад  Бор-Өндөр сум явах зам руу ороод зугтаасан. Тэгэхэд тэр хоёр залуу машиндаа суугаад миний араас дагаад намайг араас машинаараа дайрчих гээд байсан. Бор-Өндөр сум руу явж байх замд машинаараа хааж миний урдуур орж зогсоод хүрзийг маань надад өгчхөөд  буцаад зүүн тийш ээ явсан. Бор-Өндөр суманд орж ирээд  эмнэлэг дээр очоод үзүүлэхэд миний баруун хөмсгөнд 5 ширхэг оёдол тавьсан. Ийм асуудал болсон учраас цагдаагийн байгууллагад хандаж байна. гэх мэдүүлэг /хх-н 4-5 хуу/

Хохирогч Г.А мөрдөн шалгах ажиллагаанд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр өгсөн “Намайг Ж тэй хамт явж байсан С гэдэг залуу зодсон. Намайг Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Дөрвөлжин гэх газарт чулуу түүх гээд  газраа хараад явж байхад Ж , С хоёр  машинтай ирээд Ж  нь намайг “яагаад газар ухаад байгаа юм бэ, эндээс яв” гэж хэлэхээр нь би за явчихъя гэж хэлсэн. Тэгтэл Ж тэй хамт  явж байсан С гэх залуу над руу хүрээд ирсэн. Тухайн үед би мотоциклиосоо бага зэрэг зайтай зогсож байсан болохоор  тэр хоёртой маргалдаад мотоцикль руугаа очоод явах гэтэл С гэх залуу миний мотоциклийн ар талын ачаан дээр хүлээстэй уяатай байсан модон иштэй хүрз, хараацай хоёрыг булаагаад авчихсан. Тэгэхээр нь би С өөрийнхөө хүрз, хараацай хоёрыг авах гээд  булаацалдаж байтал С миний  модон иштэй хүрзний ишээр толгой руу цохисон. Ингэхдээ хүрзний модон ишээр миний толгойны чигт чичиж түлхэж цохисон. Тэгэхэд  миний баруун хөмсөгний дээд талаас цус гарсан. Тухайн үед Ж  намайг цохиогүй” гэх мэдүүлэг /хх-н 6-7 хуу/

Гэрч Э.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ингээд 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө босоод  Б гийн  гэрээс манай гэр рүү С бид хоёр  хамт явсан. С намайг хүргэж өгөхөөр явсан юм. Тэгтэл гэр рүүгээ харьж явах замд Дархан сумын 2 дугаар  багийн нутаг Дөрвөлжин гэх газар нэг залуу ганцаараа газар ухаад сууж байсан. Тэгээд машинтай ирж байгаа бид хоёрыг хараад босоод алхаж байхад нь тэр залуугийн дэргэд очиж уулзаад би тэр залууд хандаж “яагаад газар ухаад байгаа юм бэ” гэж асуухад тэр залуу “би ганцаараа ухаж байгаа юм уу” гэж миний өөдөөс хэрэлдсэн. Тухайн үед тэр залуугийн мотоциклиос нь бид нар бага зэрэг зайтай байсан. Хоорондоо юм ярьж маргалдсаар байгаад  мотоцикль руу нь очсон. Мотоцикль дээр нь яваад ирэхэд мотоциклийн ар талд ачаан дээрээ нэг хүрз, хараацай хоёр уяад хүлчихсэн байсан. Тэгээд тэр залууг мотоцикль дээрээ мордохоос нь өмнө ар талын ачаан дээр нь байсан хүрз, хараацай хоёрыг нь булааж авсан. Тэгтэл  тэр залуу хүрз, хараацай хоёроо өгөхгүй гээд  араас нь булаацалдаад байхаар нь манай найз хүрзний иш хэсгээр нь нэг удаа цохисон. Цохихдоо модон иштэй хүрзний ишээр  тэр залуугийн толгой руу чиглүүлж байгаад түлхчихсэн. Тэрнээс биш хүрзээр савж цохисон асуудал байхгүй. Тэгэхэд тэр залуугийн  хөмсөг орчимд цохисон байсан. Хөмсөгний дээд тал орчим язарч цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-н 10-11-р хуу/

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 160 дугаартай

  1. Г.А биед баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
  5. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 21хуу/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч Ч.С гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Ч.С нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Дөрвөлжин” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Г.А маргалдан түүнийг модон иштэй хүрзний ишээр нүүрэн тус газар цохиж баруун хөмсөгний дээд хэсгийн язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн үйлдсэн болох нь:

Хохирогч Г.А “...би С өөрийнхөө хүрз, хараацай хоёрыг авах гээд  булаацалдаж байтал С миний  модон иштэй хүрзний ишээр толгой руу цохисон. Ингэхдээ хүрзний модон ишээр миний толгойны чигт чичиж түлхэж цохисон. Тэгэхэд  миний баруун хөмсөгний дээд талаас цус гарсан....” гэх мэдүүлэг

Гэрч Э.Ж гийн “...Тэгээд тэр залууг мотоцикль дээрээ мордохоос нь өмнө ар талын ачаан дээр нь байсан хүрз, хараацай хоёрыг нь булааж авсан. Тэгтэл  тэр залуу хүрз, хараацай хоёроо өгөхгүй гээд  араас нь булаацалдаад байхаар нь манай найз хүрзний иш хэсгээр нь нэг удаа цохисон. Цохихдоо модон иштэй хүрзний ишээр тэр залуугийн толгой руу чиглүүлж байгаад түлхчихсэн. Тэрнээс биш хүрзээр савж цохисон асуудал байхгүй. Тэгэхэд тэр залуугийн  хөмсөг орчимд цохисон байсан. Хөмсөгний дээд тал орчим язарч цус гарч байсан...” гэх мэдүүлэг

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 160 дугаартай дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар нь ямар шалтгаанаас болж маргалдсан, шүүгдэгч нь хохирогчийн толгой тус газар модон иштэй хүрзний ишээр цохиж гэмтэл учруулсан болохоо өөрөө болон хохирогч хэн аль нь мэдүүлсэн, хохирогч толгой тус газраа модон иштэй хүрзний ишээр цохиулсны улмаас гэмтсэн, тус гэмтэл нь шинжээчийн дүгнэлтээр хөдөлмөрийн чадварыг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэл болохыг тогтоосон зэрэг үйл баримтыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. 

Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүний улмаас Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын эрх ашигт хор уршиг учрахыг мэдсэн хэр нь уг хор уршигт зориуд хүргэжээ.  

Дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь шүүгдэгч хохирогч нарын бие биенээ үл хүндэлсэн зан ааштай холбоотой байна.  

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Ч.С хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

          Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан торгох ял шийтгэхээр тогтов.

          Хохирол төлбөрийн талаар:

          Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ч.С нь хохирогч Г.А 1.500.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй болохоо илэрхийлж нотариатчаар гэрчлүүлсэн баримт хэрэгт авагдсан тул шүүгдэгчийг энэхүү тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

             Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь өмгөөлөгч оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх хуулийн заалттай зөрчилдөөгүй тул тус шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

  1. Шүүгдэгч Ч.С г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.С 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
  4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон иштэй хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Г.А буцаан олгосугай.
  5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Ч.С авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

ДАРГАЛАГЧ                           Р.БАТБАЯР