Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 1510

 

Б.**гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.**гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ж.**д холбогдох,

 

Гэм хорын хохиролд 300 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 дугаар сарын 12-ноос дээд давхрын айл буюу 105 тоотын айл удаа дараа ус алдаж байгаа бөгөөд 2015 оны 11 дүгээр сарын 23, 12 дугаар сарын 21, 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ус алдсан талаар ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвд хандан дуудлага өгсөн юм. 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Техникийн комиссын 20/10 тоот акт тогтоосон бөгөөд энэ байрыг иргэн З.**иас түрээсийн гэрээ байгуулан эзэмшиж байгаа гэх Э.** надтай маргалдан, өвчин зовлонтойг минь далимдуулан доромжилж байснаа одоо энэ байрнаас гарсан. Одоо уг байрыг ** тоот дугаартай н.** гэх залуу түрээсэлдэг гэх боловч өөрөө түрээслүүлдэг байж магадгүй юм. Оршин суугчийн буруугаас манай ванны өрөө, нойлын өрөө, коридорын хэсгийн обой солихоос өөр боломжгүй болсон. ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвийн Техникийн комиссын актын дагуу материалын зардал, ажлын хөлс, тээврийн зардал зэргийг тооцон 300 000 төгрөг нэхэмжилж байна.

Иймд эзэмшигч З.**иас хохирол учруулсны 300 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ байрны жинхэнэ эзэн бол биш, манай хамаатны байр, хүмүүс нь гадаадад, ээж нь Дорноговь аймагт амьдардаг. Энэ Б.** гэдэг хүн бол маш хэцүү. Энэ хүнтэй хэл амаа ололцох гэж би 2-3 жил болж байна. Өвчтэй гэдгийг мэднэ. Манай энэ байр маш хүйтэн. Сууц өмчлөгчдийн холбоо зохион байгуулалттай шугамыг нь сольсон боловч энэ авгай зөвшөөрдөггүй. Эднийх 8 давхарт, манайх 9 давхарт байдаг. Бусад бүх айл нь солиулсан. Бид шугам солиулах хоолойгоо авсан боловч энэ хүнээс болоод одоо болтол солиулж чадахгүй байна. Гэрт бага насны хүүхэд гүйх, тоглох болгонд ирж хаалга үүд тогшиж хэрүүл хийдэг. Үүдээ нээхгүй болохоор сүхээр бүргэд хаалга руу цохиж эвдсэн. Иймд бид бас хохирч байна. Угаасаа хуучны байр, ваннаар бага зэргийн ус шүүрч байж болзошгүй. Түүнээс их хэмжээний ус алдсан юм байхгүй. Ванн, жорлонд обой наадаггүй. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ж.**иас эд хөрөнгөд учирсан хохирол 300 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.**гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9 650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг зөв үнэлэн, шударга шийдвэрлээгүй гэж үзэн гомдолтой байна.

Шүүх “нэхэмжлэгч Б.**гийн дээд айлаас ус алдаж хохирсон байна гэж дүгнээд харин 300 000 төгрөгийн хохирол учирсан болох нь шүүхэд баримтаар тогтоогдоогүй” гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хохирсон чигээр үлдэж, нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад бодит, үнэн, ач холбогдолтой дүгнэлт өгөлгүй түүний эрхийг дордуулсан гэж үзэж байна. 2016 оны 01 сарын 15-ны өдөр Техникийн комиссын 20/10 тоот акт тогтоосон бөгөөд обой, эмульс, замаск гээд ванны өрөө, жижиг өрөө, коридорын хэсэг гэж тодорхойлж тусгасан. Нэхэмжлэгч Б.** нь актад дурдсан ванны өрөө, жижиг өрөө, коридорын хэсгээ засах дээрх шаардлагатай барилгын материалыг “Одкон тэч” барилгын дэлгүүрээс худалдаж авсан бөгөөд холбогдох баримтаа шүүхэд өгсөн. Засвар хийх ажлын хөлсөө тооцож, нэмж нэхэмжлээгүй гэдгээ шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тайлбарласан. Цахим баримтыг иргэн хүн өөрөө бүрдүүлж авч чадахгүй, иргэн хүн дэлгүүрээс худалдаа хийхдээ буюу цахим баримт авахад нэрээ бүртгүүлж авдаггүй, “Е” баримт нь бар код бүхий баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан нотлох баримтын шаардлага хангуулах шаардлагагүй баримт гэж үзэж байна. Нэхэмжлэгч хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлсэн, харин энэ хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзал, түүнтэй холбоотой нотлох баримт болон 300 000 төгрөгийн хохирол учирсан эсэхэд ямар ч тайлбар хүсэлт гаргаагүйг шүүх дүгнээгүй нь мэтгэлцэх зарчмыг адил тэгш хангаагүй болох нь шүүхийн шийдвэрээс харагдана.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэг зөвхөн нэхэмжлэгчид бус хэргийн оролцогчид адил хамаатай заалт болохыг шүүх дүгнээгүй байна. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсэгт “Гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөнө” гэж заасан. Түүнчлэн шүүх нэхэмжлэгчийн барилгын материал худалдан авсан “**” ХХК-ийн болон бар код бүхий цахим баримтыг нотлох баримтын шаардлага хангуулах үүднээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх заалтыг хэрэглэн шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах эрхээ хэрэглэх бүрэн боломжтой байсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч Б.** нь хариуцагч Ж.**д холбогдуулан гэм хорын хохиролд 300 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.**гийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, 12 дугаар байрны 101 тоот орон сууцанд тус байрны 105 тоот орон сууцнаас доошоо ус алдсан болох нь Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Хэрэглэгчдэд үйлчлэх 4 дүгээр төвийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 20/10 тоот, тус байгууллагын 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 97 тоот тодорхойлолт, дуудлагын дэвтэрт нэхэмжлэгчийн дээд айлаас ус алдсан гэх дуудлага өгсөн тэмдэглэлүүд зэрэг баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж шүүх зөв дүгнэсэн байна.

 

Техникийн комиссын актад хохирлын хэмжээ, зардлын тооцоо гэсэн хэсэгт “обой, эмульс, замаск /ванны өрөө, жижиг өрөө, коридорын хэсэгт/” гэж тэмдэглэсэн боловч хохирлын хэмжээг тогтоосон, зардлыг тооцож гаргасан талаар хэрэгт авагдсан баримтгүй байх тул шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 101/ШШ2016/04912 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 050 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

     ШҮҮГЧИД                                        Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА