Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2024/02127

 

2024 12 09 210/МА2024/02127

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 104/ШШ2024/00453 дугаар шийдвэртэй

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.Э-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 238,380,157 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Э- нь Т- ХХК-аас 2020 оны 01 сарын 21-ний өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай 3,3 хувийн хүүтэй зээлж, зээлийг сар бүрийн 25-ны өдөр тэнцүү буюу 1,666,000 төгрөг төлөхөөр гэрээ байгуулсан. Манай ББСБ зээлийг Д.Э-д бүрэн олгосон. Д.Э- нь Т- нэртэй хувийн цэцэрлэг ажиллуулдаг ба 8 нэрийн хүнсний дэлгүүр шинээр барьж байгаа тул санхүүжилт хэрэгтэй гэж 2020 оны 02 сарын 11-ний өдөр дахин 100,000,000 төгрөгийн зээлийг дээрх нөхцөлөөр авч, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Манай байгууллага мөн зээлийг Д.Э-гийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. Зээлийн барьцаанд ***-*** дүүргийн ** хороо Б- гудамж * тоот *** талбайтай амины орон сууцыг барьцаалуулсан.

Зээлдэгч 2021 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл дээрх 2 зээлээс зээлийн төлөлт хийгээгүй учир хуримтлал үүссэн, энэ хугацаанаас эхлэн зээлээ бага багаар төлж эхэлсэн ч тасалдалтай байсан. 2022 онд зээлийн гэрээнүүдийн хугацаа дууссан ба зээлдэгчийн хүсэлтээр гэрээний хугацааг 24 сараар сунгасан 20005/1, 20007/* тоот зээлийн гэрээний нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүдийг байгуулсан. Гэрээнүүдийн хугацаа сунгаснаас хойш 2 зээлийн гэрээний төлөлтийг 2023 оны 09 сараас хойш төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Зээлдэгч нь 2024 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,771,280 төгрөг, хүүгийн төлбөрт 51,006,716 төгрөг төлж, үлдэгдэл үндсэн төлбөр 36,228,716,62 төгрөг, зээлийн үндсэн хүү 7,977,028.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 110,056.10 төгрөг, нийт 44,315,029 төгрөг болсон. Мөн 2020 оны 02 сарын 11-ний өдөр байгуулсан 100,000,000 төгрөгийн зээлээс үндсэн төлбөр төлөгдөөгүй ба үндсэн хүүгийн төлбөрт 58,870,000 төгрөг төлж үндсэн төлбөр 100,000,000 төгрөг, үндсэн хүү 93,778,356.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 286,000 төгрөг, нийт 194,064,356.17 төгрөг төлөгдөөгүй байна.

Бид барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас ****** дүүргийн * хороо, Н /12608/ ** байрны ** болон ** тоотод орших ** талбайтай 1 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан. Иймд зээлдэгчээс зээлийн гэрээнүүдийн төлбөрт нийт 238,380,157 төгрөгийг гаргуулах, зээлийг сайн дураар төлөөгүй бол улсын бүртгэлийн ************ дугаартай, ***-*** дүүргийн ** хороо Б- * гудамжны * тоотод байх *** талбайтай амины орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Д овогт Д Э- 2020.01.21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005 тоот зээлийн гэрээний үүрэгт 44,315,801 төгрөг, 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20007 тоот зээлийн гэрээний үүрэгт 194,064,356 төгрөг, нийт 238,380,157 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Зээлдэгч Д.Э- нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлд зааснаар барьцаа хөрөнгө болох Улаанбаатар хот, ***-*** дүүргийн ** хороо, Б- * дүгээр гудамжны * тоотод байх улсын бүртгэлийн ******** дугаартай, *** талбайтай амины орон сууцны үнийн дүнгээс 194.064.356 төгрөгт дүйцэхүйц барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг Ч Э-гийн өмчлөлийн ************* дугаарт бүртгэгдсэн, ****** дүүрэг *дугаар хороо, Н* /12608/ **дугаар байр, ** тоот хаягт байрлалтай ** талбайтай 1 өрөө орон сууц, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ****** дүүрэг * дугаар хороо, Н* /12608/ ** байрны ** тоот хаягт байрлалтай ** талбайтай 1 өрөө орон сууцнуудаар хангуулах шаардлагаасаа татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар ****** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 07-ны өдрийн ***** дугаартай шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийн үйлчлэл нь зохигчид шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлэхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Т- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,718,402 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Э-гаас 1,718,402 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх талуудын тайлбар, хариуцагчийн эрүүл мэндийн байдал, татгалзлын үндэслэлээ нотолж буй бусад бичгийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй оролцогчийн эрхийг зөрчсөн хууль хэрэглээний хувьд анхан шатны шүүх алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

Учир нь миний зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн үнийн дүн дээр маргадаг ба нэхэмжлэгчтэй эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагаас хүү, нэмэгдүүлсэн хүү болон барьцаа хөрөнгийн талаар эвлэрэх боломжтой байхад хуулиар олгогдсон эрхийг минь хязгаарлаж, шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг зөвшөөрч эвлэрэх зэрэг эрхийг минь хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2022.01.20-ны өдөр ЗХЗА-Х3/20005-* тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 7,977,028 төгрөгийг, 2020.02.11-ний өдрийн ЗХЗА-Х3/20007 дугаартай зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 286,000 төгрөгийг нийт 8,263,028 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч талтай эвлэрэн хэлэлцэх боломжтой байсан ба миний эвлэрэх саналыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрөх боломжтой талаар бид урьд нь ярилцаж байсан юм.

Би шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай баримтаа бүрдүүлж шүүхэд хүргүүлсэн, биеийн эрүүл мэндийн байдлаас болж нэмэлт баримт гаргаж өгч чадаагүй, мөн хуралдаа өөрөө оролцох хүслтэй байсан ч миний эзгүйд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч миний гэрийн хаяг ***-*** дүүргийн ** хороо, Б- *** тоотод оршин суухаар бүртгэлтэй байхад шүүхийн шийдвэрт ****** дүүргийн * хороо, ** * байрны ** тоотод оршин суух хаягтай гэж хариуцагчийн хаягийг зөрүүтэй бичсэн ба би эрүүл мэндийн шалтгаанаар ****** дүүрэгт ирж ажиллагаанд оролцоход хүндрэлтэй тул эрүүл мэндийн байдлаас болж байгаа үндэслэлээ "хэргийг шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд гаргасныг хүлээн авсан ч шийдвэрлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн атлаа шүүхийн шийдвэрийг шуудангаар хүргүүлэхдээ ***-*** дүүргийн хаягаар гардуулахаар хүргүүлсэн нь анхнаасаа нэхэмжлэгчид давуу байдал олгосон гэж үзнэ.

Мөн хариуцагч миний Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийн

Оролцогч хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох эрхтэй бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох болон итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон ирүүлэх боломжгүй байсан тул хэргийг түүний эзгүйд шийдвэрлэсэн нь талуудын мэтгэлцэх эрхэд нийцээгүй эрхийг хязгаарлаж хэргийг шийдвэрлэсэн. Би шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай, биечлэн оролцох боломжгүй эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаа талаархи баримтаа гаргаж өгсөн ч хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Хариуцагч нэхэмжлэлийг гардаж авснаас хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй ба нэхэмжлэлийн талаархи тооцоолол, зээлийн дүн үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй гэсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Нэхэмжлэгч удаа дараа шүүх хуралдааныг хойшлуулах боломжуудыг ашигласан. Анхан шатны шүүх хурал болох өдөр эрүүл мэндийн магадлал гаргасан нь нотлох баримтын шаардлага хангаагүй буюу Төмөр замын эмнэлгийн тэмдэг байхгүй байсан тул шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр маргааныг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ББСБ-ын зээлийн эргэн төлөлт болон төлөгдөөгүй төлбөрийг он сартай нь гаргаж өгсөн бөгөөд хариуцагч зээлээ төлөөгүй учраас хүү төлнө. Нэхэмжлэгч зээлийн нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгээс 20 хувиар хэтрэхгүй байхаар тооцсон. Хариуцагч ***-*** дүүрэгт оршин суудаг байхад ****** дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж маргадаг боловч нэхэмжлэл гаргах болон зээл авах үедээ ****** дүүргийн *хороо **байрны ** тоотод оршин суудаг гэх мэдээлэл байсан тул уг хаягаар нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх явцад хаягаа шилжүүлэх замаар өөрчлөөд ***-*** дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлт гаргасан ба анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн тул хэргийг өөр шүүх рүү шилжүүлэх шаардлаггүй гэж шүүх дүгнэсэн. Нэхэмжлэгчийн зүгээс эвлэрлийн саналыг хүлээж авах байсан ч хариуцагч эвлэрлийн санал гаргаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Д.Э-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 238,380,157 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийг зөвшөөрсөн эсхүл татгалзсан талаархи тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоосон байна.

4. Нэхэмжлэгч Т- ХХК нь 2020 оны 01 сарын 21-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20005 дугаартай зээлийн гэрээгээр 40,000,000 төгрөгийг, мөн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20007 дугаартай зээлийн гэрээгээр 100,000,000 төгрөгийг хариуцагч Д.Э-д тус тус олгож, зээлийн нэг сарын хүү 3.3 хувь, гэрээний хугацаа 24 сар байхаар, зээлдэгч нь зээл, хүүгийн төлбөрийг сар бүр зохих хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон. Мөн эдгээр 2 зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж гэрээний хугацаа 2024 оны 01 сарын 20-ны өдөр дуусгавар болгохоор заажээ. Нэхэмжлэгч зээлийг гэрээнд зааснаар хариуцагчид олгосон байна.

 Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр болон талууд гэрээндээ зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэнийг зөв тодорхойлж, дүгнэжээ.

Хариуцагчийн зүгээс 2020 оны 01 сарын 20-ны өдрийн ЗХЗА-Х3/20005-* тоот зээлийн гэрээний хүүгийн төлбөрт 7,977,028 төгрөг, мөн 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ЗХЗА-Х3/20007 тоот зээлийн гэрээний нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 286,000 төгрөг, нийт 8,263,028 төгрөгийг тооцон гаргуулсныг эс зөвшөөрч гомдол гаргасныг хангахгүй.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан Зээлийн дансны хуулга-аар хариуцагч нь 2024 оны 01 сарын 10-ны өдрийн байдлаар 40,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөрт 3,771,283 төгрөг, хүүгийн төлбөр 51,006,716 төгрөг тус тус төлснийг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар, мөн 100,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үндсэн төлбөр төлөгдөөгүй, хүүгийн төлбөрт 58,870,000 төгрөг төлснийг мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар нэхэмжлэгч тал тус тус суутган тооцсон, хариуцагч тал уг төлбөрөөс өөрөөр зээлийг буцаан төлөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан зээлийн гэрээ, зээл, хүүгийн төлбөрийн хуваарь, хариуцагчийн зээл төлсөн дансны хуулга зэрэг баримтуудыг хуульд зааснаар үнэлж, хариуцагч Д.Э-гийн зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас хуримтлагдсан зээл, хүүгийн төлбөрийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгсөн байна. Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ илэрхийлсэн тайлбар болон энэ талаархи баримтыг анхан шатны шүүхэд гаргаагүй байна.

Иймд шүүх дээрх хоёр гэрээний үүрэгт хариуцагч Д.Э-гаас 238,380,157 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т- ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасанд нийцсэн байх тул нэхэмжлэлээс 8,263,028 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Харин нэхэмжлэгч зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаагүй байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримталсан алдаа гаргасныг залруулж, хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэг гэж өөрчлөх нь зүйтэй.

5. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан. Зохигчийн хооронд байгуулсан 2020 оны 02 сарын 11-ний өдрийн ЗХЗА-ХЗ/20007 тоот барьцааны гэрээ хүчин төгөлдөр бөгөөд нэхэмжлэгч Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй байна. Иймд хариуцагч Д.Э-гийн өмчлөлийн, улсын бүртгэлийн *************дугаартай, ***-*** дүүргийн ** хороо, Б- ** гудамжны * тоотод орших *** талбайтай амины орон сууцаар 194,064,356 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Анхан шатны шүүх барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ барьцаагаар хангуулах нэхэмжлэгчийн шаардлага гаргах эрхийг тодорхойлсон Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг баримталсан нь буруу тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримталсан өөрчлөлтийг оруулж уг зохицуулалтын агуулгад найруулгыг нийцүүлнэ.

  6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй, зохигчийн эвлэрэн хэлэлцэхтэй холбоотой хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн агуулгаар гомдол гаргасан.

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд 2024 оны 01 сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан хариуцагчид 2024 оны 02 сарын 05-ны өдөр нэхэмжлэлийг гардуулж, түүнд эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдааныг хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас түүний шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахаар 3 удаа, мөн хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гадаад улсад эмчилгээ хийлгэхээр явсан эсэхийг тодруулах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүх хүлээн авч 5 удаа шүүх хуралдаан хойшлогдсон байна.

Хариуцагч Д.Э- 2024 оны 03 сарын 12-ны өдрийн гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд биечлэн оролцсоноос өөрөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй. Тэрээр 2024 оны 06 сарын 14-ний өдөр Г.Н-т шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгосны дагуу төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон боловч хариуцагч 2024 оны 07 сарын 31-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс татгалзжээ. Шүүх энэ үндэслэлээр буюу хариуцагчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангахаар мөн өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж 2024 оны 09 сарын 02-ны өдөр товложээ.

6.2. Шүүх хариуцагч Д.Э-д шүүх хуралдааны тов хүргэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2 дахь хэсэгт зааснаар явуулж, тэрээр 2024 оны 02 сарын 05-ны өдөр нэхэмжлэл гардаж авахдаа оршин суух хаягаа ****** дүүргийн * хороо, ** байрны ** тоот гэж тодорхойлсон хаягаар нь шүүх хуралдааны товыг баталгаат шуудангаар хүргүүлэхэд бүртгэлтэй боловч оршин суудаггүй гэсэн хариу ирсэн, мөн түүний ******** дугаараар дамжуулан товыг мэдэгдэх арга хэмжээ авчээ.

Улмаар хариуцагч товыг мэдсэн буюу хүлээн авснаар 2024 оны 09 сарын 02-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг мөн өдөр шүүхэд ирүүлснийг шүүх хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Хариуцагч эрүүл мэндийн шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй нөхцөлд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох, өмгөөлөгчөөр төлөөлүүлэх зэргээр оролцох эрхтэй. Шүүхээс хариуцагчийн эрүүл мэндийн шалтгааныг харгалзан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахгүй байх боломжгүй.

Шүүх ийнхүү хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангасан боловч хариуцагч өөрөө шүүхэд хүрэлцэн ирээгүй байх тул түүний хэргийн материалтай танилцах, төлөөлөгч, өмгөөлөгч томилон оролцуулах болон мэтгэлцэх эрхийг зөрчөөгүй, хариуцагч уул эрхээ өөрөө хэрэгжүүлээгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.8-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед хэргийн оролцогч хаягаа өөрчилбөл энэ тухай шүүхэд мэдэгдэх үүрэгтэй. Хаягаа өөрчилснөө мэдэгдээгүй зохигч болон хэргийн оролцогчид мэдэгдэх хуудсыг түүний сүүлчийн хаягаар хүргүүлж, энэ хуулийн 77.6-д заасан иргэн, албан тушаалтанд хүлээлгэн өгөх бөгөөд түүнийг хүргэсэнд тооцно гэж заасан тул шүүх хариуцагчийн оршин суух хаягийг буруу тодорхойлсон, мэтгэлцэх эрх зөрчигдсөн, нэхэмжлэгчид давуу байдал олгосон гэх агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

6.3. Хариуцагч нь ***-*** дүүргийн ** хороо, Б- ** тоотод оршин суудаг гэсэн үндэслэлээр хэргийг зохих харьяаллын шүүхэд шилжүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2024 оны 04 сарын 30-ны өдрийн **** дугаартай захирамжаар шүүх хэргийн харьяалал зөрчсөн нь тогтоогдоогүй гэж дүгнэн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Иймээс шүүх, шүүхийн харьяалал зөрчсөн болон хэргийг зохих харьяаллын шүүхэд шилжүүлэх тухай хариуцагчийн хүсэлтийг шийдвэрлээгүй гэх гомдол нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байх тул энэ тухай гомдлыг хангахгүй.

7. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан мөнгөн төлбөр гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлдээ 1,718,402 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлжээ. Үүнээс ****** дүүргийн * хороо, Н* /12608/ ** дугаар байр, **, ** тоотод орших **  талбайтай 1 өрөө орон сууцуудаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн энэ шаардлагаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагадаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгчид буцаан олгохгүй, хариуцагчаас нөхөн гаргуулахгүй байх хуулийг шүүх буруу хэрэглэж, хариуцагчаас 140,400 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг илүү гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй. Иймээс шийдвэрийн тогтоох хэсгийн 5 дахь заалтын 1,718,402 төгрөг гэснийг /1,718,402-140,400/ 1,578,002 төгрөг гэсэн өөрчлөлтийг оруулна.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, тооцоолол болон найруулгын зохих өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. ****** дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 сарын 02-ны өдрийн 104/ШШ2024/00453 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж,

2 дахь заалтын ...157 дугаар зүйлийн 157.1, 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт... гэснийг 175 дугаар зүйлийн 175.1 гэж, ...төгрөгт дүйцэхүйц барьцаагаар... гэснийг төгрөгийн гэж,

5 дахь заалтын .../1,718,402 төгрөг /нэг сая долоон зуун арван найман мянга дөрвөн зуун хоёр/ төгрөгийг гаргуулж... гэснийг 1,578,002 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 147,159 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ