| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0086/Э |
| Дугаар | 81 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 81
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч Ц. Гэрэлбаатар,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгч Н.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ц.Гэрэлбаатарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Д д холбогдох эрүүгийн 1915001270082 дугаартай, 163/2019/0086/Э индекстэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Булган аймгийн ... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Г овогт Н.Д.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Д нь 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт “А” зоогийн газраас иргэн Ж.М ийн “iPhone-7” маркийн гар утсыг хулгайлж, 750000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Д гийн өгсөн: Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Утас авсан нь үнэн, маш их гэмшиж байна. Дахин ийм үйлдэл гаргахгүй гэх мэдүүлэг,
1915001270082 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлтийн шатанд:
Хохирогч Ж.М ийн өгсөн: 2019 оны 03 дугаар сарын 17-ны орой 19 цаг өнгөрч байхад “А” зоогийн газрын гал тогооруу ордог хаалганы хажууд байх ширээн дээр хар өнгийн “IPhone-7” маркийн, хар гэртэй гар утсаа орхиод гэртээ харьчихаад иртэл ширээн дээр байсан утас байхгүй болчихсон байсан. Тухайн гар утсыг 2018 онд Солонгос улсад байхдаа 600 вон буюу монгол төгрөгөөр 1200000 төгрөгөөр авч байсан. ...” гэх мэдүүлэг /хх 5 тал/,
Гэрч Б.Э ын өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр ах Б.Б , түүний эхнэр Н.Д нарын хамт хөдөөнөөс орж ирсэн. Б.Б , Н.Д нар банкинд зээл төлөхөөр орж ирсэн. Орой 19 цаг өнгөрч байхад хөдөө гарах замдаа “А” гэх газар хоол идэхээр орсон. Эхлээд Н.Д ороод араас нь би орох гээд явж байсан ба Б ард бие засаад үлдсэн. Тэгээд яг орох гэтэл Н.Д гарч ирээд “хоол байхгүй байна, хурдан явъя” гэсэн ба Б. Б бид хоёр араас нь гартал Н.Д “хурдлаарай” гээд гүйсэн. Тэгээд бид гурав шууд хөдөө явсан ба хөдөө очоод утас авсан тухайгаа Н.Д хэлээгүй. Цагдаа ирэх үед түүнийг “А” гэх хоолны газраас утас хулгайлсан тухай мэдсэн. ...” гэх мэдүүлэг /хх 8 тал/,
Гэрч Т.М ын өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим “А” гэх дэлгүүрт бараа янзлаад байж байтал нөхөр орж ирээд “утас харсан уу?” гэж асуусан. Зоогийн газрын гал тогооруу ордог хаалганы хажуу талын ширээн дээр тавиад гарсан гэхээр нь утасруу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Гал тогоонд байсан хүмүүсээс “утас харсан уу?” гэж асуухад “нэг хүн хуушуур асуугаад гарсан” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 9 тал/,
Гэрч Б.Б : Би “А” зоогийн газарт тогооч хийдэг. Ж.М бид хоёр байж байгаад тэр гэртээ харихаар яваад, би ганцаараа үлдсэн. Тэгээд 19 цагийн орчим гал тогоонд байж байтал гаднаас хөдөөний бололтой нэг эгч орж ирээд” хуушуур байна уу?” гэж асуусан. Уг хүн гаднаас орж ирэхдээ ганцаараа орж ирсэн. Өөр хүн тэр хооронд орж ирээгүй. Удаагүй Ж.М орж ирээд утсаа хайгаад олоогүй. ...” гэх мэдүүлэг /хх-10 тал/,
Гэрч Б.Б : ... Би энэ хэргийн талаар мэдэхгүй. Эхнэрийнхээ эсрэг мэдүүлэг өгмөөргүй байна. ...” гэх мэдүүлэг /хх-11 тал/,
Шүүгдэгч Н.Д гийн яллагдагчаар өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр нөхөр Б.Б , нөхрийн дүү Б.Э нарын хамт Булган аймгийн төвд 16 цагийн үед орж ирсэн. ...Булган сумын төвөөс гарах гэж байхад “хоол идье” гээд Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах “А” зоогийн газарт очсон. Машинаас би түрүүлж буугаад хуушуур авах гээд орсон. ...Би түрүүлж зоогийн газарт ороход үйлчилгээний зааланд хүнгүй байсан. ...“Танайд хуушуур байна уу?” гэж асуухад “дууссан” гэсэн тул зоогийн газраас гарах гээд явж байтал гал тогооны өрөө рүү ордог эхний ширээн дээр хар өнгийн утас байсныг аваад гарсан. Яг зоогийн газраас гараад иртэл Б.Э тай тааралдсан. Тэгээд би Б.Э т “энд хуушуур алга, хурдан явъя” гэж хэлээд дагуулаад явсан. Нөхөр машины хажууд зогсож байсан. Би зоогийн газраас утас хулгайлснаа хэлэлгүй хөдөө гэрлүүгээ явсан. ... гэх мэдүүлэг /хх 25-26 тал/,
Хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээний “Бан Хас” ХХК-ний шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 2019/Э-0062 тоот:
“... “IPhone-7” маркийн утасны хохирлын хэмжээг 750 000 төгрөг гэж дүгнэж байна. ...” гэх дүгнэлт /хх-13 тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх 2/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 6-7/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх 17-18/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх 22-23/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 28/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 32/, хавтаст хэргийн материал танилцуулсан баримт /хх 33-34/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Дээрхи нотлох баримтуудаар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг “А” зоогийн газраас иргэн Ж.М ийн “iPhone-7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750 000 төгрөгийн хохирол учруулсан шүүгдэгч Н.Д гийн гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон байна.
“Хулгайлах” гэмт хэрэгт бусдын хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох зоогийн газрын заал хүнгүй үед ширээн дээр байсан гар утсыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууцаар авч гарсан үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан өмчлөх эрхийн эсрэг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүгдэгч Н.Д гийн гэм буруугаа хүлээсэн мэдүүлгийн эх сурвалж нь гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Ж.М , гэрч Б.Э , Т.М , Б.Б нарын өгсөн мэдүүлэг, 750000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдож байх бөгөөд нотолгооны ач холбогдол бүхий дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу авч цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамаарал бүхий байна.
Иймд шүүгдэгч Н.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу “iPhone-7” маркийн гар утсыг биет байдлаар хүлээлгэн өгсөн, хохирогч Ж.М шүүгдэгчтэй эвлэрч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Шүүгдэгч Н.Д д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Н.Д гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, гэм хорыг арилгасан, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Н.Д г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Н.Д г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Д д сануулсугай.
4.Шүүгдэгч Н.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, энэ хэрэгт битүүмжилсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Н.Д д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД