Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2024/02038

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 25 210/МА2024/02038

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04024 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: 195,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 2007 оны 04 дүгээр сард *******-ийн захирал ******* удаа дараа гуйж байгаад 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2007 оны 07 дугаар сарын 17-ны өдөрт багтааж төлж дуусгах, хэрэв энэхүү хугацаанд төлж барагдуулахгүй бол хоног тутамд 0,2 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцон гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан. Ийнхүү *******-ийн данс руу 100,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Уг зээл дээр ******* нэмэлт оруулан гараар бичиж, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг нэмж төлөх, хугацаа нь дээрх гэрээтэй ижил байхаар тохиролцон зээл авснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

1.2 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2007 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 20,000,000 төгрөгийг тус тус ******* захиралтай *******-ийн данс руу шилжүүлсэн.

1.3 Үүнээс хойш гэрээнд заасан хугацаа өнгөрч, утсаар ярихаар утсаа авахгүй, уулзахад элдэв зовлон тоочиж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Иймд *******ээс зээлийн гэрээний үүрэгт 130,000,000 төгрөг, алданги 65,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Зээлийн гэрээг *******-тай хийсэн тул нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй. Хэдийгээр ******* нь *******-ийн гүйцэтгэх захирал ч гэсэн *******-ийг төлөөлөөд нэхэмжлэл гаргахтай холбоотой шаардах эрхээ шилжүүлсэн баримт хэрэгт байхгүй.

2.2 ******* *******-иас 130,000,000 төгрөг зээлж аваагүй тул хариуцах этгээд биш. Хэрэгт авагдсан төлбөрийн даалгавар гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Агуулгыг нь харахад *******-аас ******* руу гурван удаагийн гүйлгээ хийгдсэн байх бөгөөд *******эд мөнгө өгсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

2.3 Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа шаардах үе үүссэн үеэс эхэлж тоолдог. Шаардах үе үүссэнээс хойш 4,5 жил өнгөрсөн байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 186 дугаар зүйлийн 186.1-д заасныг баримтлан хариуцагч *******эд холбогдох 195,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,132,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн зээлийн гэрээг *******-ий захирал *******, *******-ийг төлөөлөгч ******* гэж дурдаж уг хуулийн этгээдүүдийн тамга тэмдгээр баталгаажуулснаас үзэхэд зээлийн гэрээ нь *******, *******-ийн хооронд байгуулсан гэрээ гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь буруу гэж үзэж байна. Уг гэрээнд Гэрэгэ контракшин ХХК-ийн захирал ******* өөрийн биеэр гарын үсэг зурж баталгаажуулсан.

4.2 Мөн шүүх хуралдааны явцад ******* ******* би энэхүү мөнгийг зээлж авсан нь үнэн, 195,000,000 төгрөгийг төлөх болно гэж бичээд гарын үсэг зурж баталгаажуулж нотариатаар баталгаажуулсан баримт гаргаж шүүгчид үзүүлсэн боловч шүүх энэхүү нотлох баримтыг авч хэрэгт хавсарган хэргийг шийдвэрлэх боломжтой байхад уг нотлох баримтыг үнэлж дүгнэлгүй шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнэж шаардлагатай гэж үзвэл шүүхийн аль ч шатанд нотлох баримтыг хүлээж авна гэснийг зөрчсөн.

4.3 Нэхэмжлэл гаргаснаас хойш жил гаруй хугацаа өнгөрч байгаа бөгөөд *******ийн гэрийн хаяг тодорхой байдаг бөгөөд Гэрэгэ констракшин ХХК тодорхой байрлах хаяг байхгүй байдаг. *******ийг дуудан ирүүлэх гэж арга буюу цагдаагийн байгууллагад хандаж байж дуудах бичгийг гардуулсан боловч өөрөө ирж нэхэмжлэлийг гардаж авалгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулан гардаж авхуулаад шүүх хуралдаанд ирэлгүй итгэмжлэгдсэн төлөөлөгч явуулсан. Гэтэл ******* нь 130,000,000 төгрөг зээлж аваад өөрөө ашигласан гэж *******ад өгсөн бичигтээ тодорхой бичсэн байдаг. Энэхүү нотлох баримтыг шүүх хуралдаан дээр гаргаж үзүүлээд байхад шүүх шийдвэртээ тусгалгүй шийдвэрлэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч давж заалдах гомдол хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 130,000,000 төгрөг, алданги 65,000,000 төгрөг, нийт 195,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн 5 дугаар талд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээ авагдсан. Гэрээнд нэг талаас *******-ийг төлөөлж ******* /зээлдүүлэгч/, нөгөө талаас *******-ийг төлөөлж ******* /зээлдэгч/ нар харилцан тохиролцож, 100,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаатай зээлүүлэхээр зааж, ******* болон ******* харилцан тэмдэг дарсан.

3.1 Мөн тус гэрээний ард 2017.05.29-нд 10,000,000 нэмж зээлдэн авлаа, хүү болон эргэн төлөх хугацаа дээрх гэрээтэй адил болно, 2017.05.31-нд 20,000,000 төгрөг хүү болон хугацаа адил болно, хүлээн авсан гэж бичиж гарын үсэг зурж, *******-ийн тэмдэг дарсан байна.

4. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлж гэрээ байгуулах санал гаргаж, нэг талын хүссэний дагуу нөгөө тал нь зөвшөөрч гэрээний гол нөхцөлийг тодорхойлох замаар тохиролцохыг гэрээ байгуулагдсан буюу хүсэл зориг хүчин төгөлдөр гэж үзнэ.

4.1 Гэтэл 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн зээлийн гэрээгээр *******, ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээнд *******-ийг төлөөлж *******, *******-ийг төлөөлж ******* нар гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тэмдэг дарсан байхаас гадна нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ...*******-д өгсөн гэх тайлбараас үзвэл /хх 48/ талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5. Нэхэмжлэгч нь 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны явцад нотлох баримт гаргаж өгөх хүсэлт гаргасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөхөөр заасан. Иймд нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу нотлох баримтаа гаргаж өгөөгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 183/ШШ2024/04024 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,132,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

М.БАЯСГАЛАН