| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 184/2024/03448/И |
| Дугаар | 210/МА2024/02073 |
| Огноо | 2024-11-29 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/02073
2024 11 29 210/МА2024/02073
*******-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/04894 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******, *******
Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт 32,908,268 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******ын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 *******, ******* нар 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *******-тай 404202481 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 13,300,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлж, ******* /*******/ маркийн, арлын дугаартай, улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Барьцааны зүйл болох автомашин эвдрэлтэйн улмаас үнэлгээ нь зээл хаах үнийн дүндээ хүрэхгүй байх тул зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.
1.2 Зээлдэгч нь үндсэн зээлд 432,841.72 төгрөг, үндсэн хүүд 3,205,158.28 төгрөг төлсөн. Үүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийхгүйгээр 1369 хоногийн хугацаа хэтрэлттэй байна. Иймд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 12,867,158.28 төгрөг, үндсэн хүү 15,333,997.8 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,707,112.2 төгрөг, нийт 32,908,268.28 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:
2.1 ******* нь ******* /*******/ маркийн, арлын дугаартай, улсын дугаартай автомашиныг худалдаж авахдаа *******-д машинаа барьцаалаад, тус компаниас 13,300,000 төгрөг зээлсэн. Зээлээ хуваарийн дагуу зээлийг төлж байсан боловч Ковид-19 өвчин гарсны улмаас зээлээ төлж чадахгүй нөхцөлд хүрсэн.
2.2 ******* нь намайг ...зээлээ төл, хэрэв зээлээ төлж чадахгүй бол машиныг бид хурааж авна гэж утсаар яриад шаардсан. Тухайн үед бид машинаа дүүгийнхээ гэрт хашаанд нь үлдээгээд явсан байсан тул манай дүү нь *******-ийн ажилтнуудад бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай автомашиныг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээлгэн өгсөн. Тухайн үед *******-ийн эдийн засагч нь над руу утсаар яриад ...манай компани машиныг хүлээж авлаа, одоо манай мэдэлд ирсэн, манай компани машиныг өмчлөх эрхтэй тул худалдан борлуулаад таны зээлийг хааж, өргүй болгоно гэж хэлсэн тул зээл хаагдсан гэж ойлгосон.
2.3 Гэтэл үүнээс хойш 2 жилийн дараа буюу 2023 онд *******-иас над руу утсаар ярьж ...та зээлээ төл, таны машин зарагдаагүй байгаа гэж хэлсэн. ******* нь тус автомашиныг 3 жилийн хугацаанд хэрхэн ашигласан, хаана хадгалсан зэргийг би мэдэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* тайлбар гаргаагүй болно.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний үүрэгт 32,908,268.28 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 322,491.34 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1 Фидуцийн гэрээг зөвхөн тусгай зөвшөөрөлтэй зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрхтэй байгууллага буюу Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан байгууллага хамаарч байхаар зохицуулсан. Манай байгууллага энэхүү хуулийн зохицуулалтад орохгүй. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч *******, ******* нартай зээлийн гэрээг байгуулж, 13,300,000 төгрөгийг, сарын 2,9 хувийн хүүтэй олгосон.
5.2 Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүг зээлдүүлэгч шаардах үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нартай зээлийн гэрээний дагуу зээл болон зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн. Нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасны дагуу тодорхой төрлийн зээлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд энэ нь хуулиар хориглоогүй зээлийн үйл ажиллагаа юм.
5.3 Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар зөвлөмжийн 2 дугаар зүйлд Бусад зээлийн гэрээний талаар гээд А-д Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрлийн тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ. Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болох ба хүү тогтоосон зээлийн гэрээг бичгээр хийнэ, энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахыг Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т заасан... гэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд зээлийн гэрээ байгуулагдсан, хүүгийн хэмжээн дээр маргадаггүй. Манай байгууллага анх нэхэмжлэл гаргахдаа фидуцийн гэрээнээс татгалзсан бөгөөд үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардлагагүй гэж үзэж зээлийн гэрээний дагуу төлбөрөө авч барьцаа хөрөнгийг зээлдэгчид буцаан олгох талаар дурдсан байдаг.
Иймд үндсэн зээл болон түүний хүү 23,547,200 төгрөг гаргуулахаар шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын өмгөөлөгчийн тайлбарын агуулга:
6.1 ******* нь тусгай зөвшөөрөлтэй компани биш учраас фидуцийн гэрээг байгуулах эрхгүй гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн зүгээс хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулан иргэдээс зээлийн нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү авч байсан гэж үзэж байна.
6.2 Талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан бөгөөд тухайн гэрээг талууд баталгаажуулж, 3 жилийн өмнө автомашиныг авсан. *******-ийн өмчлөлд тухайн автомашин байгаа боловч хариуцагчаас зээлийн төлбөрт 32,908,268 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 12,867,158 төгрөг, хүүгийн төлбөр 15,333,997 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 4,707,112 төгрөг, нийт 32,908,268 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 404202481 дугаартай Зээлийн гэрээ байгуулагдсан. Гэрээгээр зээлдүүлэгч ******* нь 13,300,000 төгрөгийг автомашин худалдаж авах зориулалтаар 36 сарын хугацаатай, сарын 2,9 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь *******, ******* нар нь зээл, үндсэн хүүг зээлийн гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөх, зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус тохиролцсон. /хх 9-10/
3.1 Мөн өдрөө Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээ-г байгуулж, зээлдэгч *******ын эзэмшлийн, ******* /*******/ маркийн арлын дугаартай, улсын дугаартай ачааны зориулалттай автомашины өмчлөх эрхийг *******-д шилжүүлсэн. Фидуцийн зүйл болох уг автомашины үнийг 15,600,000 төгрөгөөр тодорхойлсон./хх 11-13/
3.2 Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа болон мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-ний харилцаа тус тус үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэж, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийжээ.
4. Хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга, талуудын тайлбараас үзвэл хариуцагч нар нь зээлийн гэрээний үүрэгт зээлд 432,841.72 төгрөг, хүүнд 3,205,158.28 төгрөг, нийт 3,638,000 төгрөгийг төлсөн.
4.1 Нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй болсон үндэслэлээр 2021 оны 05 дугаар сард фидуцийн гэрээний зүйл болох ******* /*******/ маркийн арлын дугаартай, улсын дугаартай ачааны зориулалттай автомашиныг хариуцагч нараас бодитоор гаргуулан авсан. Автомашин нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа үйл баримтын талаар талууд маргаагүй.
5. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар гэрээний үүрэг дуусгавар болдог.
5.1 Нэхэмжлэгч нь фидуцийн гэрээний зүйл болох автомашиныг хариуцагч нараас бодитойгоор гаргуулан авсан тул зээлийн гэрээний үндсэн үүрэг болох үндсэн зээл болон хүүгийн төлбөрийг төлөх үүрэг дуусгавар болно гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлийг үүрэг гүйцэтгүүлэгчид шилжүүлснээр үүрэг хангагдах нөхцөл үүсэж, үндсэн үүрэг мөн хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 дахь хэсэгт зааснаар дуусгавар болно. Хариуцагч нарын хувьд зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг фидуцийн зүйлээр хангаснаар Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон байна. Иймд фидуцийн зүйлийг шилжүүлснээр үндсэн үүрэг дуусгавар болсон талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуулийн дээрх заалтад нийцсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...гэрээний дагуу төлбөрөө авч барьцаа хөрөнгийг зээлдэгчид буцаан олгох талаар дурдсан гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5.2 Түүнчлэн, фидуцийн зүйл болох автомашиныг үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч тал муутгаж, гэмтээснээс үнэ буурсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, фидуцийн зүйлээр үүргийг хангуулж үндсэн үүргийг дуусгавар болгох боломжгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй байна.
6. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүх хуралдаанд ...Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаас зээлийн гэрээ байгуулах эрхгүй, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагч *******, ******* нартай зээлийн гэрээг байгуулсан гэх үндэслэлээр мэтгэлцээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэсний дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэлэлцэгдээгүй асуудлын талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийхгүй.
6.1 Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулахад тусгай зөвшөөрөлтэй байхыг хуулиар шаардахгүй тул нэхэмжлэгчийн ...фидуцийн гэрээг байгуулах тусгай зөвшөөрөлгүй гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлгүй байна.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2024/04894 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,686 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
М.БАЯСГАЛАН