| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2019/0082/Э |
| Дугаар | 79 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Сувдаа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 79
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхзул,
Улсын яллагч Ц.Сувдаа,
Шүүгдэгч Ш.Т , түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.Сувдаагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Т т холбогдох 163/2019/0082/Э индекстэй, эрүүгийн 1915001290080 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1974 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хишиг-Өндөр суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Булган аймгийн ... оршин суух, Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 186 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлд зааснаар 30000 төгрөгийн торгох ялаар, Сум дундын 4 дүгээр шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан, Г овогт Ш.Т.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ш.Т нь /яллах дүгнэлтээр/ 2018 оны 10 дугаар сард, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн нутагт хохирогч Л.Б ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохиролд 140000 төгрөг төлсөн. Үлдсэн хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
1915001290080 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Хохирогч Л.Б ийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Булган аймгийн Булган сумын 1 дүгээр баг Хийдийн хороонд найз С ын хамт явж байгаад хөрш Т тай таарсан. Тухайн үед Т ганцаараа явсан ба би түүнээс “өнгөрсөн намар цохиж хугалсан шүдний төлбөрт өгнө гэсэн мөнгөө өгөөч” гэж хэлснээс болоод бид 2 маргалдсан. Тэгээд “ингээд аваарай” гээд замын хажууд байсан чулуу аваад миний нүүр лүү шидчихсэн. Тухайн чулуу нь миний баруун нүдний хөмсгөн дээр оноод хөмсөгийг язалчихсан юм. ...Энэ гэмтэлдээ эмнэлэг орж дотор талдаа 4-5, гадна талдаа 7-8 оёдол тавиулсан. Ийм л үйл явдал болж би гэмтсэн. Би тухайн үедээ архи уучихсан согтуу байсан ба Т мөн архи уучихсан согтуу явсан. Т бид бие биенээ их эртнээс таних ба олон жил айл хөрш байгаа юм. 2018 оны 10 дугаар сарын сүүлээр би мөн архи уучихсан гудамжинд явж байсан, Т мөн согтуу таарахаар нь түүний араас нь очоод татсан чинь ганцхан эргэж хараад миний ам руу гараараа нэг удаа цохисон. Ингэж цохиулсаны улмаас миний дээд үүдэн 4 шүд булгараад уначихсан, уруул хавдсан байсан. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр нүүр лүү чулуу авч шидэхэд С хамт явж байсан. Харин шүдийг цохиход манай тэр хавийн хүмүүс харсан байсан. Т өөрөө миний шүдийг цохисоноо хүлээн зөвшөөрч мөнгө төгрөг өгье гээд байдаг юм. Хиймэл шүд хийлгэж өгнө л гэдэг байсан. Тэгээд энэ жил цагаан сарын өмнөхөн л би унасан 4 шүдний оронд хиймэл шүдээ 80,000 төгрөгөөр хийлгэсэн. ...Гомдолтой байна. Эмчилгээ хийхэд гарсан зардлаа нэхэмжилнэ. Одоогоор шууд хэдэн төгрөг болсон гэж хэлж мэдэхгүй байна. Гарсан зардлын баримтаа бүрдүүлж өгнө. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 тал/,
Гэрч С.О гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр манай нөхөр Л.Б найзындаа очно гээд ганцаараа гарсан ба гарч яваад 30 орчим минут болоод манай гэрт С гээд найз нь орж ирээд “ус байна уу?” гэхээр нь “яах гэж байгаа юм” гэхэд “танай хүний толгойг Төөгөө хагалчихлаа” гэсэн ба гараад хартал манай нөхөр гэрийнхээ үүдэнд довжоон дээрээ цустайгаа хутгалдчихсан сууж байсан. Эмнэлэг дээр ирээд баруун нүдний хөмсөгний язарсан хэсэгт дотор талдаа 4-5 оёдол, гадна талдаа 8 оёдол тавиулсан. Маш их цус алдсан ба “цус нь тогтохгүй, судас тасарсан байна” гэж эмч нар хэлсэн. Тэгээд юу болсон, хэн тэгсэн гэхэд манай нөхөр “Төөгөө буюу Ш.Т тай хойно таараад шүдний мөнгө нэхээд сууж байсан чулуу аваад шидчихлээ” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,
Гэрч Л.Н гийн өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед гэртээ байж байхад манай бэр О гаднаас орж ирээд “Л.Б ахын хөмсгийг Т цохичихлоо” гэхээр нь гараад харахад Л.Б ахын хөмсөгнөөс нь цус гоожсон байдалтай зогсож байсан. “Та хэнд ингээд цохиулав?” гэж асуухад “засмал зам дээр Т т цохиулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд нэгдсэн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд “цус нь тогтохгүй байна” гээд эмч нар цус тогтоох тариа хийж, 10 гаран оёдол тавиулсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15тал/,
Гэрч М.С ын өгсөн: “ ... 2019 оны 03 дугаар сарын 12-ны орой 18 цагийн үед би Б тэй хамт миний машинтай дэлгүүр орох гэж яваад Т тай таарч Б машинаас бууж Т тай уулзаж байхад Т эхлээд Б ийг нүүр лүү нь цохиж унагаахад би машинаас бууж “чи боль” гээд Т ыг салгахад Төмрбаатар чулуу аваад Б ийн нүүр лүү шидсэн ба Б ийн нүүрийг онож хөмсөг хэсгийг сэтэлсэн байсан. Тэгэхэд цаанаас Т ын эхнэр гарч ирж Т ыг авч яваад, би Б ийг гэр лүү нь авч орсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17тал/
Гэрч Н.У ийн өгсөн: “ ... 2018 оны 10 дугаар сарын сүүлээр байсан ба яг хэдний өдрийг сайн санахгүй байна. Намайг нэг орой ажлаасаа гараад гэрийнхээ ард ирж явтал Л.Б , Ш.Т нар тэр гудамжинд манайхаас нэг их холгүй хоёулахнаа Ш.Т урд нь, нөгөөх нь араас нь дагачихсан явж харагдсан. Харахад тэр 2 архи уучихсан бололтой гуйвж дайваад явж байсан. Л.Б түүнийг араас нь “хөөе” гээд дуудсан ба эргэж хараад л түүнийг гараараа нэг удаа цохиод унагаачихсан. Ш.Т нь тухайн үед гартаа ямар нэгэн юм барьж яваагүй ба цохичихоод л эргэж харах ч үгүй шууд яваад өгсөн. Наанаас нь би Банмөнх рүү гүйгээд очтол хамар, амнаас нь цус гарчихсан байсан. Тэгээд шүд уначих шиг боллоо гээд байсан ба тэндээсээ харьсан. Тэр 2 цувраад явж байхдаа хэрүүл маргаан хийсэн шинжгүй, ямар нэгэн дуу чимээ гаргаагүй л явж байгаа харагдсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21тал/
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 94 дугаартай:
1. Магадлуулагч Л.Б ийн биед духанд шарх, баруун нүдний алимны доргилт, баруун зовхи, баруун нүдний алиманд цус хуралт, хамрын нуруу, духанд зулгаралт, хамар ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 100 дугаартай:
1. Магадлуулагч Л.Б ийн биед баруун дээд 1,2, зүүн дээд 1,2 шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал гарсан гэх 2018 оны 10 дугаар сард үүссэн эсэхийг тогтоох боломжгүй гэмтэл байна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% алдагдуулна гэх дүгнэлт /хх31 тал/,
Шүүгдэгч Ш.Т ын яллагдагчаар өгсөн: “ ...2018 оны 10 дугаар сард ажлаасаа гэртээ харихаар гудамжинд явч байхад Л.Б согтуу байж байгаад намайг барьж аваад “хаягдал будаа нэгийг буулгаж өгөөч” гэхээр нь “за тэгнээ” гэж хэлээд урд нь ороод алхаж байсан ба араас дуудаад байхаар нь эргэж хараад нүүр лүү нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд л би явсан. Тухайн үед Л.Б өөрөө миний араас өшиглөөд “ийшээ ор” гээд айлын хашаа руу орох гэхээр нь “үгүй гээд” явж байтал араас өшиглөөд дайрахаар нь өөрийн мэдэлгүй эргэж хараад 1 удаа цохисон. Маргааш нь Л.Б өөрөө манайд ирээд “хиймэл шүдний мөнгө өгчихөөрэй” гэхээр нь би “тэгье” гэсэн ба хэдэн шүд нь унасанг нь бол хараагүй. Ямар ч л байсан шүд унасан л гэж байсан. Тэгээд 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэрээсээ гараад явж байтал Б С ын хамт машинтай явж таараад тэр 2 бууж ирээд Б согтуу намайг бариад авсан. Тэгээд надаас 500,000 төгрөг нэхээд байсан ба би “мотоциклийн мөнгө ирэхээр л өгчихнө ш дээ” гэхэд “одоо авна, өгөхгүй бол адилхан шүдийг чинь цохино” гээд байсан. Тэгээд л би түүний гараас нь мултраад 2 удаа зугтаасан чинь араас гүйж ирээд бариад авсан. Тэгээд нүүр лүү нэг цохиод, намайг боогоод байхаар нь мултраад эргэж хараад чулуу аваад түүн рүү шидсэн. Тэгсэн миний шидсэн чулуу Л.Б ийн нүүрэн тус газарт нь оносон. Тэгээд л би хаячихаад яваад өгсөн. Газраас чулуу аваад шидсэн ба ямар чулуу байсныг мэдэхгүй. Би түүнийг 2 удаа цохиж биед нь гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогчийн нэхэмжлэлийг төлж барагдуулна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан тэмдэглэл /хх 1-3/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт /хх 23-24/, яаралтай тусламжийн хуудас /хх 26/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 43/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 42/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 44-45, 51-53/, хохирол нэхэмжилсэн талаарх баримт /55-57/, хохирол төлсөн талаарх баримт /хх 61/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 58-59/ зэрэг яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Т нь 2018 оны 10 дугаар сар, 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн үед тус тус Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Хийдийн гудамжинд хохирогч Л.Б тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдах явцдаа түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, хэргийн үйл баримт нотлогдож тогтоогдсон байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, учирсан хор уршгийн талаар өгсөн хохирогч Л.Б , гэрч С.О , Л.Н , М.С , Н.У , Б.С нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, өөр хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, түүнчлэн хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Шүүгдэгч Ш.Т нь хүний халдашгүй чөлөөтэй байх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуульд заасан эрхийг зөрчиж бие, эрх чөлөөнд нь халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ш.Т нь гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогчийн эмчилгээний зардалд 140,000 төгрөгийг төлж, бусад хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.
Хохирогч Л.Б нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд 289140 төгрөг нэхэмжилж нотлох баримтаа ирүүлжээ.
Дээрхи нотлох баримтуудын агуулга болон хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаж үзэхэд “Бэршфарм” эмийн сангаас эм авсан 74900 төгрөг, “Булган эм хангамж” ХХК-иас эм худалдан авсан 39020 төгрөг болон 57200 төгрөг, шинжээчийн дүгнэлт гаргуулсаны төлбөр 8000 төгрөг, нийт 179120 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ш.Т ын төлсөн 140000 төгрөгийг хасаж, үлдэх 39120 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, хохирогч нь бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Т т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан энэ гэмт хэргийг хоёр удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Ш.Т ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ш.Т т оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн харъяанд хийлгэж, ялыг биелүүлээгүй бол уг ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Т т сануулсугай.
4. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.Т нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ш.Т аас 39120 /гучин есөн мянга нэг зуун хорь/ төгрөгийг гаргуулж хохирогч Булган аймгийн Булган сумын 1 дүгээр багийн Хийдийн 9-919 тоотод оршин суух Л.Б /ГЮ77081573/-д олгож, хохирогч нь бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ш.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД