Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01465

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  22  210/МА2024/01465

 

 

 

 

И.Г.Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/01606 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч И.Г.Ф ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч С.А , Д.О нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 248,264,356 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдулам, Д.Баасансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Хариуцагч С.А , Д.О нар нь И.Г.Ф ХХК-тай 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ЗГ21/09 дугаар зээлийн гэрээгээр 130,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай хөрөнгө оруулах зориулалттай зориулалтаар зээлсэн. Хариуцагчийн хүсэлтээр 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, зээлийн хугацааг 15 сар болгож өөрчилсөн. Хариуцагч нар гэрээ байгуулснаас хойш 27,225,945 төгрөгийн хүү төлсөн бөгөөд 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн зээл 130,000,000 төгрөг, үндсэн хүү 13,612,603 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,722,521 төгрөг, нийт 146,334,384 төгрөг төлөгдөөгүй байна.

Манай байгууллага нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг удаа дараа зээлдэгч нараас шаардсан боловч хариуцагч С.А нь 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрөөс хойш гэмт хэргийн шинжтэй асуудалд орооцолдож үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болсон гэх шалтгаанаар зээлийн гэрээний заасан үүргээ биелүүлээгүй байна.

1.2. Зээлийн гэрээний үүргээ хангахаар С.А нь эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, ***дүгээр хороо, ***, Нүхтийн гудамж, *** байр *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалсан.

1.3. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар зөрүү 30,157,150 төгрөгөөр, 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 18,219,945 төгрөгөөр, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар 5,804,055 төгрөгөөр, 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 20,104,767 төгрөгөөр, 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 10,441,315 төгрөгөөр, 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 6,252,822 төгрөгөөр тус тус нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж байна. 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 10,949,918 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлага ихэсгэж, үндсэн зээлд 130,000,000 төгрөг, үндсэн хүүнд 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,937,973 төгрөг, нийт 248,264,356 төгрөг тооцсон.

Иймд хариуцагч нараас 248,264,356 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид Баянгол дүүрэг, *** дугаар хороо, Баруун 4 зам байрлалд байрлах Б.А.ХХХК-ийн өмчлөлийн ***барилгын В1 давхрыг түрээслэн Найт клаб ажиллуулдаг. 2021 оны 10 дугаар сарын эхээр ***барилгын өмчлөгч Б.А.ХХХК нь тус барилгын 17 дугаар давхрын 295 м.кв талбайг лоунжийн зориулалтаар түрээслэх, харин тухайн талбайг түрээсэлж байсан С.Л.М ХХК нь талбайд байрлаж буй тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл, засал чимэглэл, тохижилт, заслыг худалдан авах саналыг тус тус тавьсныг бид судалж үзээд боломжтой гэж дүгнэсэн. Улмаар хөрөнгө оруулалт хийх зорилгоор 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр И.Г.Ф ХХК-тай ЗГ21/09 дугаар зээлийн гэрээ байгуулж, 130,000,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хөрөнгө оруулах зориулалттай зээлсэн.

2.2. Зээлийн хөрөнгөөр С.Л.М ХХК-аас лоунжийн зориулалттай тоног төхөөрөмж, тавилга хэрэгсэл, гоёл чимэглэл, тохижилт, заслыг 100,000,000 төгрөгөөр худалдан авч, тохижилт, заслын ажил хийж байтал бидний худалдан авсан хөрөнгийг С.Л.М ХХК-ийн хувьцаа эзэмшигч гэх Э.Э гэж хүн ачаад аваад явчихсан. Б.А.ХХХК-ийн удирдлагуудын хэлж ярьсны дагуу өөрийн худалдан авсан эд хөрөнгөө байгаа газраас нь очиж авахад зарим хөрөнгө эвдэрч гэмтсэн, алга болсон байснаас гадна гэрлэн чимэглэл, бусад техник тоног төхөөрөмжийг засварлах, буцаан угсрахад болон бусад засвар тохижилтын ажилд ихээхэн цаг хугацаа зарцуулж, зардал чирэгдэл болсон. 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр албан ёсны нээлтээ хийсэн. Энэ хугацаанд Э.Э гэгч нь С.А ыг эд хөрөнгө хулгайлсан гэсэн үндэслэлээр Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргаснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэж шалгагдах болсон. Э.Э 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатарын талбайд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр С.А ад хөрөнгөө алдаад хохироод явж байна гэх агуулгатай ярилцлага өгсөн нь маш өргөн хүрээнд цацагдсан. Энэ бүхнийг манай лоунж болон найт клабад ажиллаж байсан ажилчид хүндээр хүлээн авч ийм нөхцөлд ажиллаж чадахгүй гэж татгалзсан тул бид 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш аргагүйн эрхэнд бүх үйл ажиллагаагаа зогсоосон. Ийнхүү И.Г.Ф ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ үүргийг гүйцэтгэж чадахгүй болсон болно.

2.3. Дээрх байдлыг И.Г.Ф ХХК мэдэж байсан ба бидний төлбөрийн чадваргүй болсон байдлыг дүгнэж, 2022 оны 06 дугаар сарын сүүлээр зээлийн гэрээг цуцалсан мэдэгдлийг ирүүлсэн, дараа нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байсан. Бид тухайн үед үнэхээр төлбөрийн чадваргүй болчихсон байсан тул ямар нэг тайлбар хэлж чадаагүй, төрийн чадваргүй болсон нөхцөл байдалд буруугүй гэдгийг ойлгуулах зорилгоор холбогдох нотлох баримтуудыг цагдаа, прокуророос гаргуулах гэж багагүй цаг хугацаа зарцуулсан. Өөрөөр хэлбэл энэ нөхцөл байдлыг зөвөөр ойлгож, зээлийн эргэн төлөлтөд уян хатан хандаж, тэргүүн ээлжинд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүнээс чөлөөлөх боломж, гарц гаргалгаа байгаа эсэх талаар И.Г.Ф ХХК-д хүсэлт гаргасан ч тодорхой шийдэлд хүрээгүй байна.

2.4. Ядаж л тус зээлийн хүү нь бусад зээл олгодог байгууллагуудтай харьцуулахад их өндөр байсан. Бидний хувьд хөрөнгө оруулалт хийх цаг хугацаа давчуу байсан учраас тухайн байгууллагын хүүгийн хэмжээнд төдийлөн анхаарал хандуулж чадаагүйн дээр энэ талаар ямар нэг мэдээлэл, танилцуулга байгаагүй. Гэтэл зөвхөн 10 сарын зээлийн эргэн төлөлтийн график харж байхад жилийн хүү нь 42 хувь байсан. Бидний олж мэдсэнээр зээлийн хүү жилд ихэнхдээ 20 гаран хувьтай л байдаг юм билээ. Өөрөөр хэлбэл энэхүү зээлийн хүүгийн хэмжээ нь хэт өндөр байгаа нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой байх тул багасгаж өгөхийг шүүхээс хүсэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч С.А , Д.О нараас 248,264,356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч И.Г.Ф ХХК-д олгож,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С.А , Д.О нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд С.А ын өмчлөлийн8 Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, *** /17100/ нүхтийн зам гудамж, *** байр, *** тоот, *** м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Г.Ф ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,479,527 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.А , Д.О нараас 2,371,711 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "...шүүх хуралдааны товыг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэгт мэдэгдэхээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр залгасан боловч хариуцагч хариу өгөөгүй. Тус хуралдааны товыг хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдуламд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр мэдэгдэж, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэхийг давхар мэдэгдсэн" гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүгч "хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх" бэлтгэл ажиллагаа явуулна гэж хуульчилсан байхад энэхүү зохицуулалтын дагуу ажиллагаа огт хийгээгүй. Мөн өмгөөлөгч Д.Батдуламд мэдэгдсэн гэж худал тэмдэглэл үйлдсэн нь хууль бус байх бөгөөд бусдад /итгэмжлэгдсэн төлөөлөгчид/ давхар мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж оролцогчдын хууль ёсны эрх ашгийг зөрчиж мэтгэлцэх боломжоор хангаагүйд гомдолтой байна. Тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт зааснаар зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар нэн тэргүүнд мэдэгдэх байтал энэхүү ажиллагааг хийгээгүй, утсаар шүүхийн мэдэгдэх хуудсыг мэдэгдээгүй юм.

4.2. Шүүхийн шийдвэрийн мөн хэсэгт "Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Ковид-19 өвчний дэгдэлтийн улмаас ашиг орлого зогссон, давагдашгүй хүчин зүйл бий болсон гэх тайлбараа баримтаар нотлоогүй" гэжээ. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт "...нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй" гэсэн зохицуулалтын дагуу дэлхий нийтэд тархсан цар тахал болон түүнтэй холбоотой эдийн засгийн уналт, аж ахуйн үйл ажиллагааны доголдол, бизнесийн байгууллагуудын зогсонги байдал удаан үргэлжилсэн талаарх үйл баримт нь тодорхой асуудал учир шүүх харгалзан үзэх үндэслэлтэй.

4.3. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч нараас гэрээний үүргийн гүйцэтгэлд 248,264,356 төгрөг (үндсэн зээл 130,000,000 төгрөг, зээлийн хүү 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 18,937,973 төгрөг) гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч "И.Г.Ф ХХК нь нэхэмжлэлийн үндэслэлдээ харилцагчид бизнесийн орлого зогссон тул зээлийн гэрээ цуцлах бичгийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн..." гэж гэрээ цуцалсан болохоо хүлээн зөвшөөрсөн ба түүнээс хойшхи хугацааны буюу 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэх үндэслэлгүй. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт зааснаар хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно гэж зохицуулсан ба нэхэмжлэгч 76.5 хувийн хүү бодож нэхэмжилснийг шүүх багасгаж болох зохицуулалт юм. Энэ талаар Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарт мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг "Энэ заалт нь зээлдэгчид хариу үүрэг буюу ялангуяа хүүгийн хэмжээг бууруулахын тулд шүүхэд хандах боломжийг олгоход чиглэгдсэн. ...Гэрээний нөхцөл нь хэн ч харсан шударга бус байна гэж шууд хэлэхээр тухайн салбарт тогтсон жишгээс хазайсан байх ёстой..." гэж дэлгэрэнгүй тайлбарласан зэрэг зарчмыг харгалзах ёстой байжээ.

Иймээс дээрх үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.4 дэх хэсэгт заасны дагуу мэтгэлцэх, шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, нотлох баримт гаргах (гэрээ цуцалсан тухай мэдэгдэл) зэрэг хууль ёсны эрх, ашиг сонирхлыг, мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасныг зөрчиж хэргийг хянан шийдвэрлэсэн учраас хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч 2022 оны 07 дугаар сард нэхэмжлэл гаргасан, түүнээс хойш 2 жил өнгөрч байна. Хариуцагч тал шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцсон. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зохигч шүүх хуралдааны товыг өөрсдөө лавлаж асуух үүрэгтэй гэж заасны дагуу асуух үүрэгтэй байсан боловч асуугаагүй. Шүүх хуралдаан болсон өдөр шүүгчийн зүгээс зохигчид тов мэдэгдсэн байна, тийм учраас шүүх хуралдааныг үргэлжлүүлж болно гэж үзсэний дагуу үргэлжлүүлсэн. Шүүгчийн туслах шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтад тэмдэглэл үйлдсэн байдаг. Шүүх хуралдааны товыг заавал шүүхийн мэдэгдэх хуудсаар биш утсаар ч гэсэн мэдэгдэж болдог учраас процессын алдаа гэж үзэхгүй байна.

5.2. Зээлийг төлөхгүй болсон шалтгаан нь Ковид-19 цар тахалтай холбоотой гэж тайлбарлаж байна. Гэхдээ зээлийг төлөхгүй болсон шалтгаан нь С.А Б.А.ХХХК, Э.Э нартай гэм хор учруулсан талаар тусдаа маргаантай буюу Э.Э гэдэг хүн С.А ын үйл ажиллагаа явуулж байсан лоунжны тавилгуудыг хурааж авсан байдаг. Тийм учраас Ковид-19 цар тахалтай холбож тайлбарлах нь ач холбогдолгүй.

5.3. Мөн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийг тайлбарлаж яриад байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйл нь иргэд хоорондын зээлтэй холбоотой зохицуулалт. нэхэмжлэгч И.Г.Ф ХХК-аас олгосон зээл нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зохицуулагддаг. Зээлийн гэрээг цуцалсан учраас хүү зогсох ёстой гэсэн тайлбарыг хэлж байгаа. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гэж заасан тул зээлийн гэрээг цуцалсан нь зээлийн хүү зогсох үндэслэл болохгүй.

Гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч И.Г.Ф ХХК нь хариуцагч С.А , Д.О нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 248,264,356 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. И.Г.Ф ХХК болон С.А , Д.О нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч И.Г.Ф ХХК нь 130,000,000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлдүүлэх, зээлдэгч С.А , Д.О нар нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Талууд 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, зээлийн гэрээний хугацааг 15 сар болгон өөрчилж, төлбөрийн хуваарийг өөрчилж баталсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Түүнчлэн талууд зээлийн гэрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүний талаар тохирсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт нийцжээ. Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй тул зээлийн гэрээнд хүүг сарын 3.5 хувиар тохирсныг хэт өндөр гэх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй. Түүнчлэн банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаанд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн зохицуулалт хэрэглэгдэхгүй тул хүүг багасгуулах агуулгаар гаргасан гомдлыг хангахгүй.

4. Нэхэмжлэгчээс 130,000,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

5. Нэхэмжлэгч нь анх 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж зээлийн гэрээний үүрэгт 146,334,384 төгрөг гаргуулахаар хариуцагч нараас шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 7 удаа нэмэгдүүлж, 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээлд 130,000,000 төгрөг, зээлийн хүүнд 99,326,384 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 18,937,973 төгрөг, нийт 248,264,356 төгрөг нэхэмжилжээ.

5.1. Зээлийн гэрээний хавсралтын дагуу сар бүр зээлийн хүүг төлж, 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зээлийг хэсэгчлэн төлөхөөр талууд харилцан тохиролцсон ба хариуцагч нар нь 2021 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд хүүнд нийт 27,225,945 төгрөг төлсөн, үүнээс хойш зээлийн төлбөр төлөөгүй байна.

5.2. Тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний 3.4-т Зээлдэгч зээл болон зээлийн хүүг гэрээний 1.3 болон хавсралтанд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 452-р зүйлийн 452.2, 453-р зүйлийн 453.1 дүгээр зүйлд заасныг үндэслэн ББСБ нь Зээлдэгчээс зээлийн нийт үлдэгдэл, үндсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү болон нэмэгдүүлсэн хүү (үндсэн болон хэтэрсэн хугацааны хүүгийн нийлбэрийн 20 хувьтай тэнцэх)-г тооцож төлөхийг шаардах эрхтэй гэж заасан нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд зээлийн гэрээг цуцлах бичгийг 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр шуудангаар хүргүүлсэн ч хариу өгөөгүй гэж дурдсан оловч Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасан тул зээлийн хүү зогсох үндэслэлгүй.

5.3. Талуудын байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн нэмэлт гэрээний 1.3-т зээлдэгч Ковид-19 вирусын улмаас орлого саатсан үндэслэлээр гэрээний хугацааг сунгах хүсэлт гаргасан талаар дурдсан байх ба уг гэрээгээр хугацааг 15 сар болгон өөрчилж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулж үндсэн зээл төлөх хугацааг 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хойшлуулж зохих арга хэмжээг авсан байна.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдал зээлийн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

5.4. Иймд нэхэмжлэгч нь үндсэн зээл 130,000,000 төгрөг, зээлийн хүү 99,326,384 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

6. Харин нэмэгдүүлсэн хүүнд 18,937,973 төгрөг нэхэмжилсэн ба зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш тооцсон 11,638,029 төгрөг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн. Харин зээлийн гэрээний хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцохдоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар гэрээний хавсралтаар баталсан хуваарийн дагуу 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хугацаанд төлбөл зохих хүү 16,564,040 төгрөгийн 20 хувиар бодоход 3,312,807 төгрөг, дээрх үнийн дүнг нэгтгэхэд 14,950,836 төгрөг тооцогдох үндэслэлтэй.

Дээрх тооцоогоор хариуцагч нараас нэмэгдүүлсэн хүүнд 14,950,836 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож илүү тооцсон 3,987,136 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

7. Анхан шатны шүүх И.Г.Ф ХХК болон С.А нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барьцааны гэрээ байгуулагдаж, барьцаалуулагч С.А нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Хан-Уул дүүрэг, *** дүгээр хороо, ***, Нүхтийн гудамж, *** байр *** тоот хаягт байршилтай, *** м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг барьцаалуулахаар барьцаалагч И.Г.Ф ХХК-тай харилцан тохиролцсоныг зөв тогтоожээ. Уг гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт барьцааны гэрээг бичгээр байгуулах, 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад нийцсэн байна.

Иймээс барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр албадан худалдах талаар зохицуулсан Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт барьцаалагчийн шаардлагыг хангах нийтлэг зохицуулалт болох 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсгийг давхар баримтлах шаардлагагүй тул уг заалтыг хассан өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оюунбилэгт 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдэхээр 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр залгахад утсаа аваагүй тул мөн өдөр хариуцагчийн өмгөөлөгч Д.Батдуламд мэдэгдсэн талаар шүүгчийн туслахын үйлдсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт шүүхийн мэдэгдэх хуудсыг утсаар мэдэгдэж болохоор заасан тул уг ажиллагааг буруутгахгүй. Давж заалдах гомдолд өмгөөлөгч Д.Батдуламд мэдэгдсэн гэж худал тэмдэглэл үйлдсэн гэх боловч энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Үүнээс гадна мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.

Иймд шүүх хуралдааны товыг хариуцагч талд мэдэгдээгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

 

9. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулж, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагыг 14,950,836 төгрөгийн хэмжээнд хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШШ2024/01606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 248,264,356 гэснийг 244,277,220 гэж, олгосугай гэснийг олгож, үлдэх 3,987,136 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчилж,

2 дахь заалтын 158 дугаар зүйлийн 158.1 гэснийг хасаж,

3 дахь заалтын 56.1 гэснийг 56.2 гэж өөрчилж, 7.1.1 гэсний дараа 7.1.2 гэж нэмж, 2,371,712 төгрөгийг тус тус гэснийг 2,292,968 төгрөгийг гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр төлсөн 749,272 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА