Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2018/ШЦТ/101

 

 

 

                                 

 

                                   

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж,

            Нарийн бичгийн дарга  Л.Мөнхцоож

Улсын яллагч Т.Өсөхболд

Шүүгдэгч Б.Даваадорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Сувд-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Б.Даваадоржид холбогдох эрүүгийн 1836001300108 дугаартай, 178/2019/0098/Э/ индекстэй хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1970 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мөнххайрхан сумын Сэнхэр багт оршин суух,урьд 1990 оны  12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, ПЙ70060776 регистрийн дугаартай, Төнхөн овогт Батаагийн Даваадорж  

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.Даваадорж нь Ховд аймгийн Буянт сумын Ямаат улаан гэх газарт 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 33-34 ХОҮ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол улсын хөдөлгөөний аюулгүй байдал түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б.Түвшинжаргалын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон өмгөөлөх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

Шүүгдэгч Б.Даваадоржийн  шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 13 цагийн үед би Мөнххайрхан сумаас 5 хүн аваад буяны ажилд оролцохоор гарсан. Манхан сум өнгөрөөд явж байтал нэг төмөр дуугараад машин үрүүлээ зүүн гар тал руугаа булаагаад тэр чигээрээ явсаар байгаад замын хажуу руу орж унаад машин дээшээ харсан.Би хамгийн түрүүнд машинаасаа гарч сууж явсан бусад хүмүүсээ гаргасан.Б.Түвшинжаргал эгч миний хажуугийн суудалд сууж яваад гэмтсэн.Тухайн үед би эрүүл явсан... гэх мэдүүлэг / хэргийн 62-64-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд...уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Буянт сумын нутаг дэвсгэр Ямаат улаан гэх газар байсан бөгөөд Ховд аймгийн төвөөс 47.5 км байв. Хэрэг учрал болсон газарт 33-34 ХОҮ улсын дугаартай  тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр урагшаа харсан байрлалтай байсан бөгөөд замын хойт буюу зүүн талд унасан байв. А цэгээр машин анх унасан газрыг, Б цэгээр машины салсан дугуй байх газрыг тэмдэглэв.... гэх , гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 2-6-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн... уг зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгсэл нь  33-34 Хоү улсын дугаартай, мөнгөлөг өнгийн, Galloper маркийн машин байв. Тээврийн хэрэгслийн зүүн урд дугуй обуд хэсгээрээ хагарсан байдалтай байсан ба урд салсан дугуй нь машин байгаа газраас 8.20 м зайд байв. Тээврийн хэрэгслийн урд салхины шил хагарч унасан, зүүн урд керло хойш явж салсан, урд их гэрэл хагарсан, машины их бие зүүн талдаа ханарсан,баруун урд дохио байхгүй, зүүн талын хоёр хаалганы болон хойт багажны шил хагарсан байв...гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-13-р хуудас/

Гэрч Ё.Галбадрахын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр би эхнэр Б.Тостын хамт Б.Даваадоржийн машинд дайгдаад Мөнххайрхан сумаас гарсан. Бид нар жолоочтойгоо нийт 5 хүн 13 цагийн үед гараад явж байтал Манхан сум өнгөрөөд машин унасан. Би юу болсон талаар мэдээгүй. Жолооч эрүүл явсан. Манай эхнэрийн дух жаахан шалбарсан, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй.... гэх мэдүүлэг / хэргийн 19-20-р хуудас/

Гэрч Б.Тостын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би нөхөр Ё.Галбадрахын хамт Улаанбаатар хотоос нүдний эмч нар ирсэн гэхээр үзүүлэх санаатай Мөнххайрхан сумаас Б.Даваадоржийн машинд дайгдаад явсан. Манхан сум өнгөрөөд явж байгаад машин унасан.Архи дарс уусан хүн байгаагүй, буяны ажилд явж байгаа хүмүүс байсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Гэрч Ш.Ившинсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... тухайн өдөр би Б.Даваадорж ахын хамт буяны ажлаар аймаг руу 13 цагийн үед гарсан. Манхан сум өнгөрөөд явж байтал машины урд нэг төмөр дуугарах шиг болоод машин замаас гарсан.Нэг мэдэхэд машин унасан. Уг машин манай нөхөр Б.Гунгаадоржийн машин юм. Манай нөхөр ажилтай тул Б.Даваадоржид машинаа өгөөд явуулсан...гэх мэдүүлэг / хэргийн 23-24-р хуудас/

Хохирогч Төнхөн овогт Баяртын Түвшинжаргалын / ПЙ47031061 регистрийн дугаартай, 71 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тэтгэвэрт/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Мөнххайрхан сумаас өөрийн нөхөр Ё.Ганбаатарын хамт аймагт хотоос нүдний эмч нар ирсэн гэхээр үзүүлэх санаатай Б.Даваадоржийн машинд дайгдаад явсан. Манхан сумын наана явж байгаад машин гэнэт замаас гараад унасан. Би хөл муутай учраас машины урд суудалд сууж явсан.Миний 4 хавирга, баруун гарын яс цуурсан байна гэсэн... гэх мэдүүлэг / хэргийн 93-94-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн... Б.Түвшинжаргалын биед тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэнд 4.7х2.1 см цус хуралт, зүүн талд эгэмний дунд шугамаар II-VII хавирганы зөрүүтэй хугаралууд, хоёр нүдний дээд доод зовхи болон хамрын угалз хэсгээр цус хуралт, баруун чихний хэсэгт 11х9 см цус хуралт, баруун мөрний хэсэгт 10х5 см цус хуралт, баруун гарны бугалганы дотор хэсэгт 14х8 см, баруун гарны бугалганы урд хэсэгт 9х4 см, баруун гарын бугалганы гадна хэсэгт 12х7 см цус хуралтууд, зүүн ташаан толгойн ар хэсэгт 12х9 см, нурууны баруун дунд  хэсэгт олон тооны жижиг цус хуралтууд, зүүн өвдөг хэсэгт 11х7 см, баруун өвдөг хэсэгт 4х3 см, баруун гуяны гадна дунд хэсэгт 7х4 см цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо.Б.Түвшинжаргалын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Б.Түвшинжаргалын биед учирсан гэмтлүүд нь “ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 39-р хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн... Б.Тостын биед  баруун гарын бугалга, баруун дал, баруун гуяны ард тус бүр цус хуралтууд, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.Б.Тостын биед учирсан дээрхи гэмтлүүд ньцаг хугацааны хувьд шинээр үүссэн гэмтлүүд байна. Б.Тостын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт / хэргийн 51-р хуудас/ зэрэг баримт болно.

Шүүгдэгч Б.Даваадорж нь гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байдал нь “Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл”- д... 0.00 хувь гэх / хэргийн 17-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 65 дугаартай шинжээчийн ...Б.Даваадоржийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй... гэх дүгнэлт  зэргээр тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Даваадорж нь 33-34 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож Мөнххайрхан сумаас Ховд аймгийн чиглэлд явж байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн Ховд аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн... 33-34 ХОҮ улсын дугаартай Тоёото Галлопер маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан Б.Даваадорж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна.Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “ Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн.Осол гарсан шалтгаан нөхцөл нь: 33-34 хоү улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч Б.Даваадорж  аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслээ зогсоож чадаагүйгээс шалтгаалан зам тээврийн осол гарсан байна... гэх дүгнэлтээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Даваадорж нь 33-34ХОҮ улсын дугаартай тээврийн жолоодож яваад замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан Б.Тостын биед хөнгөн, Б.Түвшинжаргалын биед хүндэвтэр хохирол учруулсан болох нь хохирогч Б.Түвшинжаргалын мэдүүлэг, гэрч Ё.Галбадрах, Б.Тост, Ш.Ившинсүрэн нарын мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 255 дугаартай шинжээчийн дүгнэлт, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 254 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Даваадорж нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, зорчигчдынхоо аюулгүй байдал зэргийг хангаагүй мөн замын хөдөлгөөний дүрмийг биелүүлээгүйгээс зам тээврийн осол гарч хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэв.

Иймд шүүгдэгч Б.Даваадоржийг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.Даваадорж нь 1990 оны  12 дугаар сарын 03-ны өдөр Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 279 дүгээр зүйлийн 279.2-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хх-94/ тогтоогдож байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцох үндэслэлтэй болно. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй  болох нь хохирогч Б.Түвшинжаргалын “надад ямар нэгэн гомдол  санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.Даваадоржийн хувийн байдлын талаар гэрч Б.Заяасэргэлэнгийн  өгсөн “...Б.Даваадорж нь манай хүргэн ах байгаа юм.Мөнххайрхан суманд эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг.Б.Даваадорж ах цэцэрлэгт галч хийж байгаад бие нь өвдөөд гарсан...” гэх мэдүүлэг / хх-25-26-р хуудас/            зэрэг баримт хавтаст хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.Даваадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлуудыг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас: шүүгдэгч Б.Даваадоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар  460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, шүүгдэгч өөрийгөө өмгөөлж  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар торгох ял оногдуулах прокурорын саналыг зөвшөөрч байна. Миний хувийн байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү ” гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Б.Даваадорж нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар 460 нэгжтэй  тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр  шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Даваадорж нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй,, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн эзэмшлийн Төрийн банкны 110900027937 тоот дансанд байрлах 500.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцлах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 34.1, 36.2, 36.6-36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Төнхөн овогт Батаагийн Даваадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Төнхөн овогт Батаагийн Даваадоржийг  дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 / дөрвөн зуун жаран мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Даваадоржоор торгох ялын дөрвөн зуун жаран нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460000 төгрөгийг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Даваадоржид тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Даваадоржид оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих байгууллагад даалгасугай.

6.Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүйг тус тус дурдаж,шүүгдэгч Б.Даваадоржийн Төрийн банкны 110900027937 тоот дансанд байрлах 500.000 төгрөг битүүмжилсэн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц цуцалсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Даваадоржид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.ГАНТӨГС

Top of Form