Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02074

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 210/МА2024/02074

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03992 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Талууд 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 20\ХА2-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүрэг, ******* хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй ******* хотхоны ******* блок, ******* давхрын ын 69.76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг нийт 90,688,000 төгрөгөөр захиалсан. Тухайн байрыг ******* хариуцагчаас төлбөртөө тооцон авсан хэмээн талуудыг зуучилж төлбөрийг гэрээ байгуулсан даруй үнийг бүхэлд нь бэлнээр нэхэмжлэгч нь *******д төлсөн. Энэ талаар гэрээний 5.1 дэх хэсэгт төлбөр тооцоо дууссан гэж заасан.

1.2 Гэрээнд зааснаар хариуцагч нь орон сууцыг 2021 оны ******* улиралд бүрэн ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөхөөр заасан. Гэтэл хариуцагч нь ...тай төлбөрийн маргаантай байгаа гэх үндэслэлээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн хоёр этгээдийн хооронд үүссэн маргаан нь нэхэмжлэгчид хамааралгүй, түүний зүгээс гэрээгээр хүлээсэн ямар нэгэн үүргээ зөрчөөгүй.

Иймд *******ыг Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, ******* блок, ******* давхрын , 69.76 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

2. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс гэрээний дагуу *******д үнийг төлчих гэсний дагуу дансаар бүх төлбөрийг төлсөн. Төлбөр төлсөн учраас байрыг хүлээлгэн өгсөн, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа. Үнийг бүрэн төлсөн тул гэрээнд төлбөр бүрэн төлсөн гэсэн заалт оруулсан гэжээ.

3. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 ******* нь орон сууцны үнийг бүрэн төлөөгүй. Нэхэмжлэгч болон ******* нарын хооронд төлсөн гэх төлбөрийг гэрээний дагуу төлөх төлбөр гэж үзэхгүй. Мөн ******* нь *******д өөрийгөө төлөөлж орон сууцны үнийг хүлээн авах эрх олгосон итгэмжлэл, хэлцэл, үүрэг даалгавар өгөөгүй. Өөрөөр хэлбэл, *******аас *******д 90,688,000 төгрөг шилжүүлсэн нь талуудын хооронд үүссэн гэрээний үүрэгт хамааралгүй.

3.2 Гэрээний 5.1-д төлбөр тооцоо дууссан гэсэн заалт нь орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх үндэслэл болохгүй. ******* нь гэр бүлийн хамт тухайн орон сууцанд амьдарч байгаа нөхцөл байдал нь орон сууцны үнийг төлсөнд тооцохгүй.

3.3 -ийг төлөөлж ******* нь тай Бараа материал бартераар бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний төлбөрт *******д 4 байр өгөхөөр тохиролцсон. Гэтэл ******* нь бараа материал нийлүүлэх үүргээ зөрчсөн. Уг байрыг ******* бүхэлд нь барьсан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Сөрөг шаардлага, үндэслэлийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт тус тус зааснаар ******* орон сууцны үнийг бүрэн төлснөөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээр *******гаас шаардах эрхтэй. Гэтэл ******* болон ******* нар тухайн орон сууцны үнэнд тооцон *******д мөнгө төлөөгүй. Үнийг төлсөнтэй адилтгах үүргийг гүйцэтгээгүй бөгөөд аливаа үүргийг ******* ******* болон ******* нараас хүлээн аваагүй.

4.2 ******* гэрээний үнэ 90,688,000 төгрөгийг *******д төлөөгүй атал гэрээний 5.1-д төлбөр тооцоо дууссан гэж бичсэн нь талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Дээрх заалтаар орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/ХА2-79 дугаартай Орон сууц захиалгын гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1 Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг Хан-Уул дүүрэг, ******* хороо, ******* хотхон, 1-р блок, 5 давхрын ын 69.76 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2020 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 20/ХА2-79 тоот Орон сууц захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, 90,688,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 611,390 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 611,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Нэхэмжлэгч орон сууцны үнийг төлөөгүй тул 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/ХА2- 79 дугаартай орон сууц захиалгын гэрээ-ний 5.1-д төлбөр тооцоо дууссан гэсэн заалтыг орон сууцны үнэ төлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй. Гэрээний дагуу мөнгө хүлээн аваагүй, үнийг төлсөнтэй адилтгах үүргийг гүйцэтгээгүй. Аливаа үүргийг ******* нь ******* болон ******* нараас хүлээн аваагүй. Мөн хариуцагч ******* *******д өөрийгөө төлөөлж орон сууцны үнийг хүлээн авах бүрэн эрх олгосон итгэмжлэл, хэлцэл, үүрэг даалгавар өгөөгүй. *******аас *******д 90,688,000 төгрөг шилжүүлсэн үйлдэл нь хариуцагчид хамааралгүй.

6.2 Шүүхээс эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй гуравдагч этгээдээр , ******* нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь орон сууц захиалгын гэрээний үнэд 90,688,000 төгрөг төлөхдөө *******д төлсөн байдаг тул шүүхээс , ******* нарыг гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ёстой.

6.3 Шүүхээс хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3 дахь хэсэгт заасныг тайлбарлаагүй. Гэрээний ******* гэрээний үнэ 90,688,000 төгрөгийг ******* төлөөгүй атал гэрээний 5.1-д төлбөр тооцоо дууссан гэж бичсэн нь талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууцны захиалгын гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг шаардлага гарган маргасан. Нэхэмжлэгч сөрөг шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

3. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...орон сууцны үнийг *******гийн хэлснээр *******д төлсөн гэж тайлбарласан. Хариуцагч шаардлагын үндэслэлийг ...орон сууцны үнийг нэхэмжлэгч төлөөгүй, ...2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 20/ХА2-79 дугаартай орон сууц захиалгын гэрээ бүхэлдээ талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр дүр үзүүлсэн хэлцэл, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл. ...гэрээний 5.1-д төлбөр тооцоо дууссан гэж бичсэн нь талууд эрх зүйн үр дагавар үүсгэх хүсэл зорилгогүйгээр хүсэл зоригоо илэрхийлсэн гэж татгалзан маргажээ.

4. Анхан шатны шүүх маргааны зүйл болох тухайн орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд хэн бүртгэлтэй болохыг тодруулалгүй нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, хэдийгээр хэргийн зохигчид нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрсдөө баримтаар нотлох үүрэгтэй боловч шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх учиртай. Маргааны зүйл болж буй орон сууцны өмчлөгч ******* мөн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй. Уг үйл баримтыг шүүх тогтоосноор хариуцагч тухайн маргаанд хариуцвал зохих этгээд мөн эсэх нь тодорхой болж, шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөл бүрдэнэ.

5. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тодруулаагүй байхад давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг нэг мөр шийдвэрлэх, мөн уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, зөвтгөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/03992 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,222,780 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН