Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01466

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  22  210/МА2024/01466

 

 

 

Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01910 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х.Б ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Б т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 32,106,967 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Б.Б нь Х.Б ХК-ийн Чингэлтэй төвлөрсөн тооцооны төвтэй 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ЗГ/201944732358 тоот гэрээ байгуулж, 20,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бичил зээлийн зориулалтаар зээлсэн. Зээлдэгчийн хүсэлтээр 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн ЗГ/201944732358-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээгээр эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн.

Зээлдэгч нь үндсэн зээлд 3,336,532 төгрөг, зээлийн хүүнд 2,067,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,031 төгрөг нийт 5,405,286 төгрөг төлсөн байна. Гэвч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээл төлөх талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч өдийг хүртэл төлөөгүй байна.

Иймд банк нь зээлдэгчээс 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 16,663,468 төгрөг, зээлийн хүүнд 14,201,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,216,481 төгрөг, нотариатын зардал 26,000 төгрөг, нийт 32,106,967 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Б.Б Х.Б ХК-аас 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй авсан бөгөөд уг зээлээ хэвийн төлж байсан боловч цар тахал гарч, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас зээлээ төлөх боломжгүй болж хүүний төлбөр хуримтлагдсан. 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан. Нэхэмжлэлд 2021 оны нэмэлт өөрчлөлтийн талаар дурдаагүй байна. Үндсэн үүрэгт хэдэн төгрөг, нэмэлт үүрэгт хэдэн төгрөг төлөхөөр үүрэг хүлээсэн нь тодорхой бус, зээлийн хүүгийн төлбөр нь аль зээлийн гэрээний үндсэн хүүгийн хэмжээгээр бодогдсоныг тодруулах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б ээс нийт 32,106,967 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 318,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б ээс улсын тэмдэгтийн хураамжид 318,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Хариуцагч Б.Б авсан зээлээ хэвийн төлж байсан боловч цар тахал гарч, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдлын улмаас зээлээ төлөх боломжгүй болж хүүний төлбөр, түүнээс үүдсэн нэмэгдүүлсэн хүүний хуримтлал үүссэн. Зээлийн хүүний төлбөр нь аль зээлийн гэрээний үндсэн хүүгийн хэмжээгээр бодогдсон нь тодорхой бус, уг хүүгийн төлбөрийн хэмжээнээс хамааралтайгаар нэмэгдүүлсэн хүү тооцсон нь үндэслэл үгүй байх тул нэмэгдүүлсэн хүүнд төлөхөөр болсон 1,216,481 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1,216,481 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн. Талууд анхан шатны шүүх хуралдаанд энэ талаар мэтгэлцэж оролцсон. Зээлийн гэрээний 2.1.5-т нэмэгдүүлсэн хүү нь зээлийн хүүгийн 20 хувь байна, нэмэгдүүлсэн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн хүүгээс тооцно гэж заасан. Иргэний хуулийн 453 дугаар зүйлд заасны дагуу тооцоолол хийгдсэн, энэ талаар баримтыг гаргаж өгсөн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч Х.Б ХК нь хариуцагч Б.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,106,967 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Х.Б ХК болон Б.Б нарын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Х.Б ХК нь 20,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Б.Б нь хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

Мөн хүүний талаарх талуудын тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт нийцжээ.

4. Нэхэмжлэгчээс 20,000,000 төгрөгийг хариуцагч талд шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн талаар зохигч маргаагүй.

5. Талууд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр, 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр тус тус нэмэлт гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээнд өөрчлөлт оруулжээ.

Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой гаргасан зээлдэгчийн хүсэлтийг харгалзан 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн нэмэлт гэрээгээр зээлийн үлдэгдэл 17,900,751.89 төгрөгийг төлөх хуваарийг өөрчилж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл зээл болон хүүний төлөлтийг хойшлуулж, гэрээний хугацааг 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Мөн Ковид-19 цар тахлын нөхцөл байдал арилаагүй тул 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн нэмэлт гэрээгээр үндсэн зээлийн төлөлтийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл дахин хойшлуулж, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулж, гэрээний хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл сунгажээ.

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөв тогтоосон байна.

6. Нэхэмжлэгч нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 16,663,468 төгрөг, зээлийн хүү 14,201,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,216,481 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Зээлийн бүртгэлийн карт баримтад зээлдэгчийг үндсэн зээлд нийт 3,336,532 төгрөг, зээлийн хүүнд 2,067,723 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1,031 төгрөг, нийт 5,405,286 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 16,663,468 төгрөг, хуримтлагдсан хүү 14,201,019 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,216,481 төгрөг төлөөгүй гэсэн тооцоолол хийгджээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас зээлийн үлдэгдэл 16,663,468 төгрөг, хуримтлагдсан хүү 14,201,019 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

7. Харин нэмэгдүүлсэн хүүний тооцоолол тодорхой бус үндэслэлээр холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар гомдол гаргасан ба уг гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна. Зээлийн гэрээний 1.2.2, 2.1.5-д зээлдэгч нь зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарьт заасан дэд хугацаанд хуваарьт зээлийн төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн хүүгийн 20 хувиар тооцон нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү төлөхийг шаардах эрхтэй.

Гэвч Зээлийн бүртгэлийн карт баримтад тусгагдсанаар 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр нэмэгдүүлсэн хүүнд 1,216,481 төгрөг тооцжээ. Тухайн өдөр 387 хоногт зээлийн хүүнд 3,816,254 төгрөг тооцогдсон тул үүний 20 хувь нь 763,250 төгрөг байна. Иймд нэмэгдүүлсэн хүүг энэ хэмжээнд тооцох нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцнэ.

8. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотой төлсөн нотариатын зардал 26,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн ба тэрээр гэрээний хугацаа дуусгавар болсноор шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу гэрээнээс татгалзаагүй тул анхан шатны шүүх хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон нь алдаатай болжээ. Мөн тус хохирол нь хугацаа хэтрүүлсэнтэй холбоогүй тул маргаанд Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийг баримтлахгүй.

Иймд анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг зөвтгөж, дээрх нотариатын зардалд төлсөн хохирлыг арилгуулах эрхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу дүгнэж шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулна.

 

9. Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний алдааг залруулж, хариуцагчаас нэмэгдүүлсэн хүүнд 763,250 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2024/01910 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 222 дугаар зүйлийн 222.7 гэснийг 219 дүгээр зүйлийн 219.1 гэж, 32,106,967 гэснийг 31,653,737 гэж, олгосугай гэснийг олгож, нэхэмжлэлээс 453,230 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын 318,500 төгрөгийг гаргуулан гэснийг 316,218 төгрөгийг гаргуулан гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 33,746 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЗОЛЗАЯА