Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01467

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2024  07  22  210/МА2024/01467

 

 

Д.Г , Д.Г нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Г , Д.Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Н д холбогдох

43,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл, нэхэмжлэгч Д.Г аас 95,335,810 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Г , түүний өмгөөлөгч П.Итгэл, нэхэмжлэгч Д.Г ын өмгөөлөгч Ч.Ганболд, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Д.Г , Д.Г нар 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Г.Н гийн хүсэлтээр 43,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн аман гэрээ хэлцэл хийж Г.Н д зээлдүүлсэн.

Хаан банк ХК дахь Д.Г ын ***тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг тус тус Г.Н гийн *** тоот дансанд шилжүүлсэн.

Голомт банк ХК дахь Д.Г ын *** тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 3,000,000 төгрөгөөр 3 удаагийн шилжүүлгээр нийт 9,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 4 удаагийн шилжүүлгээр 9,000,0000 төгрөг, мөн 2,900,000 төгрөг, 2,100,000 төгрөг, 2,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөгийг тус тус Г.Н гийн дээрх дансанд шилжүүлсэн.

Г.Н д удаа дараа зээлийн эргэн төлөлт хийх талаар сануулсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн эргэн төлөлт хийгээгүй.

Иймд Г.Н гоос зээлийн гэрээний үүрэгт 43,000,000 төгрөг Д.Г од 18,000,000 төгрөг, Д.Г т 25,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би Д.Г тай үерхдэг байсан, бид дотно харилцаатай байсан. Манай ээж Турк улсаас жимс оруулж ирж худалдаалдаг байсан ба Д.Г ашигтай юм байна, хиймээр байна, би ахаас мөнгө олчихно, Ж.И гээд манай найз байгаа очоод уулзъя гэсэн. Барс зах дээр бөөний жимс зардаг Ж.И гэх найзтай нь уулзсан, Ж.И нь ирж ээжтэй уулзсан, ээж Г.О би холбож тусалж өгье гээд Турк улсад байгаа төлөөлөгчтэй ярьж, үүний үндсэн дээр жимс оруулж ирэх наймаанд Д.Г оролцсон. Миний данс руу 18,000,000 төгрөг орж ирснийг Д.Г ын хэлснээр түүний дансанд хийсэн. Тэр үед Турк улс руу ажлаар явах ээжийн найз А эгчээр ам.доллар өгч явуулах гээд миний данс руу Д.Г 25,000,000 төгрөг, Ж.И 25,000,000 төгрөг хийж би тэр өдөр Найман шарга валютын захаас 18,000 ам.доллар болгоод өгч явуулж Турк улсад Б.Т хүлээлгэж өгсөн, тэр эгч жимсний мөнгийг 100% шилжүүлсэн.

Монгол руу жимс тээвэрлэх машин олдохгүй байх үед Д.Г Турк улсын консулд ажилладаг жолоочтой холбож өгье гээд тэр хүмүүстэй уулзаад тээврийн мөнгийг өгсөн. Тэр хугацаанд би Туркэд очсон учраас өөрөө харж байгаад жимсээ ачуулсан. Тухайн үед би тээврийн компанитай холбогдож чадахгүй байсан. Хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байна гэж Д.Г т хэлэхэд чиний хийж байгаа ажил биз дээ гэж хэлсэн. Би турк хэл С мэдэхгүй тул Э эгчээр байнга залгуулдаг байсан, тээврийн компани надаас дахиж мөнгө нэхсэн, Д.Г жимс ирэхээр чиний мөнгийг өгчихье гээд байхаар нь би тээврийн зөрүү мөнгийг өгсөн. Жимс замдаа явж байгаад машин нь эвдрээд 3 хоносон байсан. Монголд гаалиар орж ирэхэд би гаалийн байцаагчийг дагуулаад, Д.Г бас хамт байсан, жимсээ авахад муудсан байсан. Ингээд тээврийн компанитай холбогдож хэлэхэд устгах акт, мэргэжлийн хяналтын дүгнэлт, шинжилгээнд оруулсан баримтыг явуул, бид даатгалаасаа танай жимсний мөнгийг гаргаж өгнө гэж хэлсэн. Энэ асуудлаар Турк улсад өмгөөлөгч авч маргаан үүсгэсэн байгаа.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлээд байгаа мөнгийг би зээлж аваагүй. Д.Г ын найзтайгаа нийлж, Турк улсаас жимс оруулж ирэх ажлын мөнгө байсан. Зөвхөн миний дансаар дамжсаныг далимдуулж надаас нэхэмжилж байгаа хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Д.Г тай 2020 оны 05 дугаар сараас эхлэн 2022 оны 07 дугаар сар хүртэл хугацаанд найзалж үерхэж байсан. Танилцах үед Д.Г нь ***гэх нэртэй онлайн мөрийтэй тоглоом тоглодог байсан. Өөрөө мөнгөгүй болсон үедээ миний данснаас мөрийтэй тоглоом тоглуулдаг, данс цэнэглэдэг нэр бүхий иргэдийн данс руу өөрийн тоглоомын нэр болох *** нэрээр олон удаагийн давтамжаар мөнгөн шилжүүлэг хийлгэдэг байсан бөгөөд мөн мөнгөгүй болсон үедээ надаас мөнгө зээлж байсан боловч уг мөнгүүдийг хагас дутуу буцааж өгч байсан. Голомт банк ХК дахь миний ***тоот харилцах данснаас Д.Г ын *** тоот харилцах данс руу зарлага хэлбэрээр 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 35,524,260 төгрөг, мөн Хаан банк ХК дахь миний *** тоот харилцах данснаас Д.Г ын дээрх харилцах данс руу зарлага хэлбэрээр 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 84,307,550 төгрөг, бүгд 119,831,810 төгрөгийг Д.Г нь зээлэх болон тоглоомд зориулан авсан. Д.Г нь дээрх авсан мөнгөнөөс 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 40,2610,000 төгрөгийг надад буцааж дансаар шилжүүлсэн бөгөөд 79,570,810 төгрөгийг одоог хүртэл надад өгөөгүй байгаа тул Д.Г аас 79,570,810 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Д.Г нь Хаан банк ХК дахь миний *** тоот харилцах данснаас мөн мөрийтэй тоглоом тоглуулдаг, цэнэглэдэг нэр бүхий иргэдийн данс руу болон өөрийн данс руу өөрийн тоглоомын нэр болох *** rэх нэрээр 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 29,205,000 төгрөгийг шилжүүлэн авсан. Дээрх мөнгөнөөс Д.Г нь 13,440,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд үлдэгдэл 15,765,000 төгрөгийг буцаан өгөөгүй.

Иймд Д.Г аас нийт 95,335,810 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч Д.Г ын гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Г.Н гийн Хаан банк ХК дахь ***, *** тоот, Худалдаа хөгжлийн банк ХК дахь *** тоот, Голомт банк ХК дахь *** тоот дансуудаас Голомт банк ХК дахь миний *** тоот дансанд 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 103,492,050 төгрөг орсон бол миний дээрх данснаас Г.Н гийн дээрх 4 дансанд нийт 86,351,300 төгрөг буцаж орсон байна. Үүнээс 17,140,750 төгрөгийн зөрүү үүсэж байгаа бөгөөд энэ нь гааль, тээвэр Г.Н гийн ломбардны зээл болон Г.Н өөртөө эд зүйлс авсан зардал байна. Тухайлбал Г.Н гоос гааль гэх утгатайгаар 8,300,000 төгрөг шилжүүлснийг 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гаалийн төлбөрт 8,280,000 төгрөг төлсөн. 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Г.Н гийн захиалсан жимсний тээвэрт 2,000,000 төгрөг, 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 4,000,000 төгрөг тус тус төлсөн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гинж ав гэж 2,000,000 төгрөг шилжүүлсэн ба тус 2,000,000 төгрөгөөр гинж авч Г.Н д өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Т.Б ХХК-ийн С ломбарданд 1,113,200 төгрөг, 498,820 төгрөг, Начин заан ломбарданд 2,122,890 төгрөг тус тус төлж Г.Н гийн авсан зээлийг хаасан. Миний бие Г.Н гоос 95,335,810 төгрөг зээлэх хүсэл зориг байгаагүй бөгөөд тус мөнгийг Г.Н д буцаан шилжүүлсэн ба зөрүү мөнгө нь Г.Н гийн хэрэгцээнд зарцуулсан тул сөрөг нэхэмжлэлийг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 476 дугаар зүйлийн 476.1, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар Г.Н д холбогдох 43,000,000 төгрөг гаргуулах Д.Г , Д.Г нарын үндсэн нэхэмжлэл, Д.Г т холбогдох 95,335,810 төгрөг гаргуулах Г.Н гийн сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 532,900 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 792,579 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгч Д.Г ын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2023/07789 дугаар Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 2.3-т "*** дугаар бүхий регистртэй Г.Н нь Д.Г т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан эсэх, гомдол гаргасан бол уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг үүссэн эсэх, үүссэн бол холбогдох эрх бүхий этгээдийн тогтоол, уг гомдлыг шалгасан хэрэг бүртгэлтийн материалаас гомдол гаргагчийн гомдол болон Д.Г , Г.Н нарын тухайн хэрэгт холбогдуулан өгсөн мэдүүлэг, тайлбар, уг гомдлыг шалгах ажиллагаа ямар шатанд байгаа талаарх лавлагаа зэргийг гарган ирүүлэхийг Баянгол дүүргийн прокурорын газарт болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хойшлуулсан.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/09111 дугаар Нотлох баримт гаргуулахаар шүүх хуралдаан хойшлуулах тухай захирамжийн 2.3-т "*** дугаар бүхий регистртэй Г.Н нь Д.Г т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан эсэх, гомдол гаргасан бол уг гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн болон эрүүгийн хэрэг үүсссэн эсэх, үүссэн бол холбогдох эрх бүхий этгээдийн тогтоол, уг гомдлыг шалгасан хэрэг бүртгэлтийн материалааас гомдол гаргагчийн гомдол болон Д.Г , Г.Н нарын тухайн хэрэгт холбогдуулан өгсөн мэдүүлэг, тайлбар, уг гомдлыг шалгах ажиллагаа ямар шатанд байгаа талаарх лавлагаа зэргийг гарган ирүүлэхийг Баянгол дүүргийн прокурорын газарт болон Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай" гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулсан.

Ийнхүү нэхэмжлэгч талын мэтгэлцэх зарчмыг зөрчиж хуулийн 38.9-д зааснаар нэг удаа шүүх хуралдааныг хойшлуулах хуулийн тодорхой зүйл, заалтыг зөрчиж адилхан нэг нотлох баримтыг удаа дараа буюу 2 удаа Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол цагдаагийн хэлтсээс гаргуулахаар захирамж гарган шүүх хуралдааныг 2 удаа хойшлуулж нэхэмжлэгч талын мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчиж, нэхэмжлэгчийн шүүхийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим зөрчигдсөн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогч нэхэмжлэгч талын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн.

6.2. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 9, 10, 12 дахь хэсэгт заасныг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, 13 дахь хэсгийн үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Хэргийг бүхэлд нь хянан үзвэл хэрэгт цугларсан нотлох баримтууд болох Д.Г ын Хаан банкны дансны хуулгаар Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,0000 төгрөгийг Г.Н гийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж зээлсэн нь, Д.Г ын Голомт банкны дансны хуулгаар Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрүүдэд нийт 25,000,000 төгрөгийг Г.Н гийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлж зээлсэн баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэстэй байна. Хуулийн 281.1-д "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан... мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ." гэж заажээ. Өөрөөр хэлбэл Д.Г 18,000,000 төгрөг, Д.Г 25,000,000 төгрөгийг Г.Н гийн өмчлөлд шилжүүлэх, Г.Н нь тохирсон хугацаа буюу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 18,000,000 болон 25,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэг хүлээсэн байна. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т "Мөнгө... зээлдэгчид шилжүүлэн өгсөнөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно." гэж заасан ба нийт 43,000,000 төгрөгийг шилжүүлэн өгсөнд зохигчид маргаагүй. Хариуцагч Г.Н нэхэмжлэгч Д.Г оос 18,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Г аас 25,000,000 төгрөгийг авсан тухай маргаагүй боловч тухайн мөнгийг зээлж бус "Б.Х.У " ХХК-аар зуучлуулан Туркээс жимс оруулж ирэхээр харилцан тохиролцсон жимс захиалсан боловч муудсан гэж тайлбарлах боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ нотолсон баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Энэ тухай нотлох баримт хэрэгт байхгүй, нотолгооны баримтууд хэрэгт байхгүй бөгөөд Д.Г , Д.Г нартай байгуулсан зээлийн гэрээнээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иргэний хуулийн 8 дугаар зүйлээр иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зохицуулсан бөгөөд Д.Г , Д.Г нар нь Г.Н д холбогдуулан нэхэмжлэл гаргасан, харин Д.Г , Д.Г болон "Б.Х.У " ХХК нарын хооронд ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй тул хариуцагчийн гаргасан "Б.Х.У " ХХК-тай холбоотой гэх тайлбар үндэслэлгүй юм.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4-д зааснаар хариуцагч Г.Н гоос зээлийн гэрээний үүрэгт нийт 43,000,000 төгрөгийг гаргуулан Д.Г од 18,000,000 төгрөг, Д.Г т 25,000,000 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Гэрч Ж.И нь хэлэхдээ Г.Н той хамтран ажиллах ямар нэгэн эрх зүйн харилцаа Д.Г той яригдаагүй гэдгийг гэрчлэн хэлснийг шүүх хэт нэг талыг баримтлан нэхэмжлэгчийн хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотолсон дээрх гэрчийн нотолгооны ач холбогдол бүхий мэдүүлгийг анхааран хянаж нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд хариуцагч Г.Н гийн ээж гэрч Г.О болон гэрч Ж.И нарын мэдүүлэг хоорондоо эрс тэс зөрүүтэй байхад хариуцагч талын хүсэлтээр оролцсон Г.О ийн мэдүүлгийг шийдвэрийнхээ үндэслэл болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22 өдөр дугаар 102/ШШ2024/02716 шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

7. Нэхэмжлэгч Д.Г ын давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Шүүхийн шийдвэрийн 25,000,000 төгрөгийг Г.Н гоос гаргуулах Д.Г ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна.

7.1. Ж.И гэрчийн мэдүүлгийг шүүх үнэлээгүй тухайд.

Миний бие Д.Г нь 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 9,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 16,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Голомт банкны *** тоот данснаас Г.Н гийн Хаан банкны *** тоот дансанд шилжүүлсэн. Г.Н тус мөнгөөр Турк улсаас Ж.И хамтран жимс оруулж ирэх бизнес хийх зорилготой байсан ба Ж.И нь Барс зах дээр жимс зардаг байсан тул Монгол дахь борлуулалтыг хариуцахаар, Г.Н гийн ээж нь Турк улсаас жимс оруулж ирдэг байсан учир Турк улсаас жимс импортлох асуудлыг тус тус хариуцахаар болсон. Энэ талаар хэргийн 2 дахь хавтсын 207 дахь талд Ж.И өгсөн "2021 оны Д.Г , Г.Н хоёр үерхдэг, хамтран амьдардаг байсан. Бид хэд зугаалгаар яваад жимс оруулж ирж зарах талаар ярилцаж байсан. Г.Н г өмнө нь жимс оруулж ирдгийг мэддэг байсан. 11 сарын үед Г.Н мандарин оруулж ирье хамтарч ажиллах уу гэдэг санал тавьсан. Би өөрөө Барс зах дээр жимс зардаг учраас Г.Н той хамт жимсээ оруулж ирэхээр болсон. Дээр нь манай найзын найз охин болохоор би эргэлзээгүй зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр жимсээ захиалаад Монголд авчрах гэтэл тээвэрлэх машин олдохгүй удсаны улмаас жимс муудаж ирсэн. Тэгээд Г.Н , Д.Г хоёр даатгалаа хөөцөлдөж явсан, "Г.Н мөнгө олдохгүй байна гэж хэлэхэд нь Д.Г мөнгө зээлүүлсэн", арын нүүрэн дэх Ж.И өгсөн "Тээврийг нь Г.Н хариуцна, зарахыг нь би хариуцна гэсэн утгатай гэрээ байгуулсан" гэх мэдүүлэгт тодорхой тусгагдсан байна. Тодруулбал, Турк улсаас жимс оруулж ирэх тохиролцоо нь Г.Н болон Ж.И нарын хооронд хийгдсэн бөгөөд миний бие Д.Г нь Г.Н д шаардлагатай мөнгийг зээлдүүлсэн болохоос шүүхийн шийдвэрт дурдсан шиг хамтран ажиллах гэрээг Г.Н той байгуулаагүй болох нь гэрч Ж.И мэдүүлгээр нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаагүй.

7.2. "Б.Х.У " ХХК нь Турк улсаас жимс оруулж ирсэн талаар дүгнээгүй тухайд.

Хэргийн 1 дэх хавтсын 39 дэх талд авагдсан Б.Х.У " ХХК-аас Турк улсын иргэн *** гэх иргэнд олгосон итгэмжлэл, хэргийн 1 дэх хавтсын 92 дахь талд авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн "Б.Х.У ХХК-д өгсөн "Турк улсаас оруулж жимс нь чанар аюулгүй байдал хангаагүй тухай дүгнэлт зэргээс үзвэл Турк улсаас жимсийг "Б.Х.У " ХХК оруулж ирсэн болох нь нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, Г.Н болон Д.Г гэх хүмүүс хамтран ажиллах гэрээ байгуулан жимсийг оруулж ирээгүй, харин Б.Х.У гэх компани жимсийг хариуцан оруулж ирсэн. Түүнчлэн Б.Х.У ХХК болон Д.Г нарын хооронд ашиг, алдагдлаа хэрхэн хуваарилах талаар ямар нэгэн хамтран ажиллах гэрээ байхгүй байхад гол гэрч Ж.И мэдүүлгийг үнэлэхгүй хэрнээ Г.Н гийн төрсөн ээжийн мэдүүлгийг үндэслэн Г.Н той хамтран амьдарч байсан учраас хамтран ажиллах гэрээ байгуулсан байж таараа гэж таамаглах байдлаар Д.Г намайг Г.Н той хамтран ажилласан гэж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

7.3. Хамтран ажиллах гэрээний тухайд.

Д.Г нь Г.Н д жимс оруулж ирэх бизнест нь тус болох зорилгоор өөрийн 25,000,000 төгрөгийг зээлдүүлсэн бөгөөд Ж.И болон Г.Н гийн хамтарч эрхлэх гэж байсан жимсний бизнест ямар нэгэн байдлаар оролцоогүй, тэндээс ямар нэгэн ашиг олох зорилгогүй байсан. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-т зааснаар хамтран ажиллах гэрээний үндсэн шинж нь хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой үйл ажиллагаа явуулсан байх ёстой байна. Гэтэл Турк улсаас жимс оруулж ирэх асуудлыг "Б.Х.У " ХХК гэх хуулийн этгээд гүйцэтгэсэн байгаа нь хамтран ажиллах гэрээний үндсэн шинжийг хангахгүй байгаа бөгөөд шүүх хэргийн нөхцөл байдлыг бодитойгоор зөв дүгнэж чадаагүй байна.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 02716 дугаар шийдвэрийн миний Г.Н гоос нэхэмжилсэн зээлийн гэрээний үүрэгт 25,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбарын агуулга:

8.1. Д.Г ын гомдолд 2 үндэслэлээр тайлбар хэлье. Шүүх 2 удаа нотлох баримт цуглуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан нь эрх зөрчсөн гэж байна. Нотлох баримт шаардлагатай бол шүүх хуралдааныг хойшлуулах эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Эрхийг нь яаж хязгаарласан бэ гэдгийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч тал 2 удаа хойшилсон шүүх хуралдаанд оролцсон, хэргийг шийдвэрлэсэн шүүх хуралдаанд оролцож мэтгэлцсэн. Шүүхийн ямар үйлдэл, үндэслэл нь нэхэмжлэгч нарын мэтгэлцэх эрхийг хөндсөн гэдгийг давж заалдах гомдолд тодорхой дурдаагүй байна, мөн хэргийн материалд энэ талаар ямар нэгэн баримт байхгүй.

Зээл гэсэн утгатайгаар 18,000,000 төгрөг шилжүүлсэн гэж байна. Нэхэмжлэгч нар шүүхэд үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй, удаа дараа худал тайлбар өгөөд яваад байгаа. Д.Г оос Г.Н руу мөнгө шилжүүлсэн утгыг харахад жимсний урьдчилгаа гэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч хаанаас ямар баримтыг үндэслэж зээл гэсэн утгатай 18,000,000 төгрөг шилжүүлсэн гэж тайлбарлаад байгааг ойлгохгүй байна. Яриад байгаа баримт нь хэрэгт байхгүй, гаргаж өгөөгүй юм уу. Ийм агуулгатай баримтын талаар анхан шатны шүүх дээр яригдаагүй. Тухайн мөнгө Г.Н гийн дансанд орж ирэнгүүтээ хэдхэн цагийн дараа буцаагаад Д.Г ын данс руу шилжүүлсэн. Д.Г тайлбарлахдаа би Г.Н той утсаар ярьж байж мөнгө шилжүүлсэн гэж тайлбарладаг. Утсаар ярьсан бол баримтыг чинь Мобиком үүрэн холбооны оператороос гаргуулж авъя гэтэл шүүх нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй гэсэн боловч нотлоогүй. Г.Н гийн зүгээс ямар ч байдлаар Д.Г той ярилцаагүй, харин Д.Г нь манай ахаас чиний дансанд 18,000,000 төгрөг орж ирэнгүүт над руу шилжүүлээрэй гэж хэлж байсан, түүний дагуу буцаагаад Д.Г руу шилжүүлсэн гэж тайлбарладаг. Энэ үйл баримт Г.Н гийн дансны хуулгаас тодорхой харагдана. Тийм учраас нэхэмжлэгч Д.Г ын давж заалдах гомдолд дурдсан зээл гэсэн утгаар шилжүүлсэн үйл баримт огт байхгүй. Мөн тэдэн сарын тэдний өдөр буцааж өгнө гэж ярилцсан зүйл огт байхгүй.

8.2. Д.Г ын давж заалдах гомдлын хувьд хэрэгт гэрч Ж.И , Б.Т , Г.О нарын мэдүүлэг байгаа. Нэхэмжлэгч тал Ж.И мэдүүлгийг өөрт ашигтай байдлаар гомдолдоо дурдаж байна. Ж.И нь Д.Г , Д.Г нарын найз, Г.О нь Г.Н гийн ээж, харин хэргийн оролцогч нартай ямар ч хамааралгүй Б.Т гийн мэдүүлэг байгаа. Б.Т , Д.Г нарын хооронд харилцсан фэйсбүүк чатад үзлэг хийсэн тэмдэглэлд Д.Г ын зүгээс миний жимс гэх мэтээр бүх зүйлээ дурдсан байдаг. Тийм учраас Г.Н Ж.И ямар ч байдлаар гэрээ байгуулаагүй. Харин Г.Н гийн Б.Х.У ХХК өмнө нь жимс оруулж ирж байсан учраас Д.Г нь чиний компанийн нэр дээр жимс оруулж ирье, мөнгийг нь гаргая, жимсийг зарах асуудлыг би өөрөө хөөцөлдье гэдэг асуудал ярьсан. Г.Н нь зөвхөн өөрийн компанийн нэрийг ашиглуулсан төдий. Жимс орж ирсэн, муудсан, тодорхой хэмжээний жимсийг Д.Г өөрөө авч худалдан борлуулаад цааш нь хүмүүст мөнгө өгсөн гэдгээ тайлбарласан. Гэрч Ж.И зүгээс Д.Г өөрөө худалдан борлуулсан гэж хэлсэн. Зөвхөн Ж.И болон Г.Н нарын хооронд болсон асуудал биш, Д.Г , Г.Н , Ж.И нар гурвуулаа оролцсон. Тийм учраас талуудын хоорондын харилцаа нь зээлийн гэрээ биш хамтран ажиллах гэрээний харилцаа гэж анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Г нь 18,000,000 төгрөг, нэхэмжлэгч Д.Г нь 25,000,000 төгрөгийг тус тус зээлийн гэрээний үүрэгт гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Г.Н д холбогдуулан гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгч Д.Г аас 95,335,810 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

3.1. Д.Г нь Хаан банк ХК дахь өөрийн эзэмшлийн ***тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10,000,000 төгрөгийг турк жимс захиалга урьдчилгаа гэсэн утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 8,000,000 төгрөгийг турк жимсний тээвэр гэсэн утгаар тус тус,

Д.Г нь Голомт банк ХК дахь өөрийн эзэмшлийн *** тоот данснаас 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 8 удаагийн гүйлгээгээр нийт 23,000,000 төгрөг ***, Skinzo, *** гэсэн утгаар, 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 2,000,000 төгрөг *** гэсэн утгаар тус тус Хаан банк ХК дахь Г.Н гийн *** тоот дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

3.2. Г.Н нь дээрх данснаасаа Д.Г ын шилжүүлсэн 10,000,000 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр, 8,000,000 төгрөгийг мөн өдөр 3 удаагийн гүйлгээгээр тус тус ***, *** гэсэн утгаар зарлага хийсэн байх ба уг гүйлгээнүүд Д.Г ын дээрх дансанд орлогоор орсон болох нь эдгээр 2 дансны хуулгаар нотлогдож байна. Иймээс хариуцагч миний данс руу 18,000,000 төгрөг орж ирснийг Д.Г ын хэлснээр түүний дансанд хийсэн гэж тайлбарласан нь үндэслэлтэй.

3.3. Түүнчлэн Г.Н нь түүний дансанд Д.Г ын шилжүүлсэн 25,000,000 төгрөг, мөн Идэрхангай номин жимс гэсэн утгаар орлогоор орсон 25,969,000 төгрөгийг нэгтгэн 49,472,000 төгрөгийг доллар авав гэсэн утгаар зарлагын гүйлгээ хийсэн байна.

Анхан шатны шүүх гэрч Б.Т , Ж.И , Г.О нарын мэдүүлгүүд, Б.Т болон Д.Г нарын фэйсбүүкээр харилцсан зурвасын агуулгыг тус тус зөв тогтоож, дээрх мөнгөн хөрөнгийн шилжүүлгүүдийн цаг хугацаа, гүйлгээний утгатай харьцуулж, Д.Г болон Г.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч Д.Г давж заалдах гомдолдоо хэргийн 2 дахь хавтсын 207-208 дахь талд авагдсан гэрч Ж.И мэдүүлгийн агуулгыг тусгаж, шүүх уг мэдүүлгийг үнэлээгүй гэснийг хүлээн авах боломжгүй. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар шүүх зохигчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамтай бөгөөд гэрч Ж.И мэдүүлгийг тусад нь үнэлэх үндэслэлгүй.

Гэрч Г.О ... Д.Г найзыгаа дагуулж ирээд хамтрах уу, жимсний бизнес эрхлэх гэж байгаа, би ахаасаа мөнгө зээлсэн гэж байсан. Би тэр үед мөнгөгүй байсан болохоор хамтраагүй. Турк улсад байдаг Б.Т г гуйж тээврийг зохицуулж өгөх гэсэн боловч бүтээгүй, тэгээд сүүлд нь Д.Г ахаасаа гуйж тээврийг зохицуулсан гэж мэдүүлсэн, гэрч Б.Т ...Д.Г *** ***гэх хаягаас холбогдож байсан. Эхлээд Г.О залгаж охины найз жимс авах гэж байгаа юм, чи тусалж өгөөч гэж асуусан. Тэгээд бэлнээр над руу хүнээр дамжуулан 18,000 ам.доллар явуулсан, би очиж жимсийг нь авсан. Тэгээд надад Д.Г чамтай өөрөө холбогдоно гэсний дагуу холбогдсон. Миний тохиролцсон байсан унаа асуудалтай болсон учраас Д.Г надтай холбогдохдоо манай ахын найзууд байгаа юм гээд Турк улсад байгаа хүний утасны дугаарыг өгч, тэр хүнтэй уулзаач гэсэн. Д.Г өөрөө тээврийн жолоочоо олсон. Би Д.Г ын холбосон н.Б гэх хүнд мөнгийг өгсөн гэж мэдүүлсэн байх бөгөөд фэйсбүүкийн Tuya Tuya хаягаас *** ***хаягтай 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хугацаанд харилцсан зурвасуудад шүүх үзлэг хийхэд гэрч Б.Т гийн дээрх мэдүүлэгт дурдагдсан үйл баримт нотлогдсон байна. Тухайн жимсийг улсын хилээр хариуцагч Г.Н гийн хамаарал бүхий Б.Х.У ХХК оруулж ирсэн нь талуудын хамтран ажиллах харилцааг үгүйсгэх үндэслэл болохгүй.

4. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Г , Д.Г болон хариуцагч Г.Н нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан нь баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хуульд нийцжээ.

Иймд нэхэмжлэлийг хангуулах агуулгаар гаргасан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

5. Хариуцагч Г.Н нь нэхэмжлэгч Д.Г аас зээлийн гэрээний үүрэгт 95,335,810 төгрөгийг дараах тооцоогоор гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

- 35,524,260 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хугацаанд Голомт банк ХК дахь өөрийн ***тоот данснаас,

84,307,550 төгрөгийг 2021 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд Хаан банк ХК дахь өөрийн *** тоот данснаас тус тус нэхэмжлэгч Д.Г ын Голомт банк ХК дахь *** тоот дансанд шилжүүлснээс 40,2610,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хугацаанд буцаан шилжүүлсэн үндэслэлээр зөрүү 79,570,810 төгрөгийг гаргуулах.

- 29,205,000 төгрөгийг 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн хугацаанд Хаан банк ХК дахь өөрийн *** тоот данснаас мөрийтэй тоглоом тоглуулдаг, цэнэглэдэг нэр бүхий иргэдийн данс руу болон өөрийн данс руу *** rэх нэрээр шилжүүлэн авснаас 13,440,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн үндэслэлээр зөрүү 15,765,000 төгрөгийг гаргуулах.

Анхан шатны шүүх хариуцагч Г.Н , нэхэмжлэгч Д.Г нарын дээрх хэлбэрээр харилцан шилжүүлсэн мөнгөө буцаан авах зорилгоор шилжүүлсэн буюу зээлдүүлсэн болохоо нотолж чадаагүй гэж дүгнэж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй болно.

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 102/ШЗ2023/07789 дугаар, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 102/Ш32024/09111 дугаар захирамжуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Н нь Д.Г т холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргасан эсэхтэй холбоотой баримтуудыг Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба нэхэмжлэгч нь эдгээр захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй тул нэхэмжлэгчийн мэтгэлцэх эрх, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/02716 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.Г оос 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 247,950 төгрөг, нэхэмжлэгч Д.Г аас 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 282,950 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Д.ЗОЛЗАЯА