Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/02081

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 11 29 210/МА2024/02081

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/03356 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Гуравдагч этгээд: *******

Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, орон сууцыг *******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Намайг 2001 оноос Сүхбаатар дүүргийн ******* хорооны Засаг даргаар ажиллаж байхад Улсын Их хурлын гишүүн ******* өөрөөсөө 1,000,000 төгрөг гаргаж *******ын өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , байр, хаягт байрлах орон сууцыг худалдаж авсан. Миний бие уг 1,000,000 төгрөгийг *******ад 2003 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээлгэн өгч, тэрээр хүлээн авсан гэж гарын үсэг зурж бичиг хийж өгсөн. Ийнхүү уг сууцанд манай хорооны цагдаагийн хэсэг орж, үйл ажиллагаа явуулж, Сүхбаатар дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын мэдэлд шилжүүлсэн.

1.2 Улмаар Сүхбаатар дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тогтоолоор хорооны цагдаагийн хэсэг байрлаж байсан дээрх орон сууцыг *******эд шилжүүлсэн. Уг орон сууцны гэрчилгээ цагдаагийн ажилтан *******т байсан, мөн гэрчилгээ олдохгүй байгаа гэсэн шалтаг, зааж уг орон сууцыг миний нэр дээр шилжүүлээгүй.

1.3 Миний бие 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр *******т холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар ******* нь орон сууцны гэрчилгээг гаргаж өгсөн. Гэтэл *******гийн нэр дээр орон сууцны гэрчилгээ олгогдож, түүнд өмчлүүлсэн байна. Би уг орон сууцыг 2005 оноос хойш 18 жил эзэмшиж, ашиглалтын хөлсийг сар бүр төлж ирсэн.

Иймд Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар миний бие дээрх орон сууцыг өмчлөх эрхийн давуу эрхийнхээ дагуу тэргүүн ээлжинд өмчлөх ёстой тул *******гийн уг орон сууцны өмчлөх эрхийг нь хүчингүй болгож, ******* миний өмчлөх эрхийг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Тус орон сууцыг 1988 онд миний эцэг ******* нь өөрийн өмч болгон авсан ба миний бие тус орон сууцанд 1995 он хүртэл амьдарсан. Эрүүл мэндийн улмаас манай гэр бүл зуслан дээр 1996-1998 он хүртэл амьдарсан. 1999 оноос эцэг ******* нь уг орон сууцыг бусдад түрээслүүлсэн. 2002-2003 оны хооронд орон сууцаа шалгахаар очиход түрээслэгч нь орон сууцны ашиглалтын зардлыг удаан хугацаагаар төлөөгүйн улмаас орон сууцыг суллаад зугтсан байсан.

2.2 Үүнээс хойш хэсгийн цагдаа *******, хорооны засаг дарга ******* нар үгсэн хуйвалдаж, хариуцагчийн эцгийг цагдаагийн газар 2 хоног байлгаж байцаан орон сууцны гэрчилгээг хураан авсан. 2017 онд эцэг *******ыг нас барсны дараа Улсын бүртгэлийн байгууллагаас шүүлгэж түүний нэр дээрх орон сууцны лавлагааг авсан. 2017-2019 оны хооронд миний бие БНСУ-д ажилласан.

2.3 Өөрийн эцэг *******ын өмчлөлийн дээрх орон сууцыг миний бие өв залгамжлалаар авсан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1 Миний бие энэ хэрэгт оролцож буй хүмүүсийг танихгүй. Маргааны зүйл болж буй орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн зуучлагчаар дамжуулан *******той уулзаж, гэрээний дагуу үнийг төлж хариуцагчаас худалдаж авсан. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр миний нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан.

3.2 Миний бие гэрээг байгуулахаас өмнө улсын бүртгэлээс шалгасан. Мөн нотариатч шалгаж гэрээг баталгаажуулсан. Улсын бүртгэлд миний нэр дээр өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа тул энэ мэдээллийг үнэн зөв гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч П.Пүрэвёндонд холбогдох, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, , байр, орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Маргааны зүйл болох орон сууцыг анх ******* нь *******аас 1,000,000 төгрөгөөр худалдан авч, цагдаагийн хэсгийг байртай болгосон. Улмаар цагдаагийн хэсэг шинэ байртай болж, хуучин байрыг хорооны Иргэдийн нийтийн хурлын мэдэлд өгсөн. Уг Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчид тухайн орон сууцыг надад шилжүүлэн өгсөн. Уг үйл баримтыг хариуцагч баримтаар няцаагаагүй.

5.2 Анхан шатны шүүх дээрх үйл явдлыг өмчлөлийн эрх шилжүүлсэн гэж буруу дүгнэсэн. *******, *******, цагдаагийн хэсэг, Иргэдийн нийтийн хурал, түүний тэргүүлэгчид, хорооны засаг дарга ******* нарын хооронд орон сууцыг шилжүүлэх үйлдлийг Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаар иргэний эрх зүйн харилцаа явагдсан гэж үзэж байна. Орон сууц өмчлөгч ******* нь 1,000,000 төгрөгөөр *******д орон сууцыг зарснаар уг орон сууцыг эзэмших эрх *******д үүссэн. Үүнийг Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт заасны дагуу дээрх хүмүүс орон сууцыг эзэмшиж, бие биедээ шилжүүлэн өгсөн тул шүүхийн шийдвэрт ...иргэний нийтийн хурал нь бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Дээрх этгээдүүдийн хооронд орон сууц шилжүүлэх хэлцэл хийгдсэн байхад, шүүх үүнийг өмч хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн гэх буруу дүгнэлт хийсэн.

5.3 Хоёр этгээд хүсэл зоригоо илэрхийлж, мөнгөөр орон сууцыг худалдан авсан байрыг нэхэмжлэгч нь хууль ёсны эзэмшигчийн шийдвэрээр мэдэлдээ шилжүүлэн авсныг хууль зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь уг орон сууцыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсныг орон сууц нийтийн аж ахуйн -ийн 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 302 дугаар албан бичиг нотолно. Уг нотлох баримтууд нь шүүхийн ...үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг нэхэмжлэгч ******* нь бусдаас шилжүүлэн авсантай холбоотойгоор иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн болох нь нотлогдоогүй тул хариуцагчийн татгалзал бодитой гэж дүгнэв гэх дүгнэлтийг үгүйсгэж байгаа.

5.3 Хариуцагч нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үрэгдүүлсэн гэж худал хэлж, *******ын дугаартай орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулсан. Гэтэл *******ын орон сууц өмчлөх дугаартай уг гэрчилгээ нь цагдаагийн хэсгийн байцаагч *******т хадгалагдаж байсан.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

6.1 Шүүхэд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй. Тиймээс захиргааны акт илт хууль бус эсэхтэй холбоотой асуудал өнөөдрийн шүүх хуралдаанд буюу иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа тэр дундаа анхан шатны шүүхийн шийдвэрийг хянадаг давж заалдах шатны шүүхийн ажиллагаанд хамаарахгүй. Анхан шатны шүүхэд талуудын хэн аль нь тайлбар хэлсэн. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий орон сууц нь дахин төлөвлөлтөд орсон талаар талуудын хэн аль нь маргадаггүй. Тухайн орон сууцыг ******* гэх хүнд худалдан борлуулсан буюу дахин төлөвлөлтөд орсон байрны гэрчилгээ захиалгын гэрээний дагуу гарах гэж байгаа талаар анхан шатны шүүхийн мэтгэлцээний шатанд яригдсан.

6.2 Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь амьд сэрүүн байхдаа энэ талаарх асуудлаа шийдвэрлүүлэхгүй яасан юм бэ гэж маргасан. Анхан шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргаж хэргийг шийдвэрлэсэн. 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр маргаан бүхий орон сууцыг Иргэдийн нийтийн хурлын бусдад шилжүүлсэн үйлдэл хууль ёсны биш байна гэж дүгнэсэн. Ингэхдээ Иргэний хуульд заасны дагуу орон сууц өмчлөх эрх хэрхэн үүсдэг, хэрхэн дуусгавар болдог, улсын бүртгэл үнэн зөв байх ёстой гэх зарчим баримталсан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх ...бодит байдал дээр *******д маргаан бүхий орон сууцыг өмчлөх эрх шилжсэн тул *******гаас өмчлөх эрхийг нь шилжүүлж авах боломжгүй гэж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Нэхэмжлэгч ******* ******* нар гэрээ байгуулж, маргаан бүхий орон сууцыг ******* худалдан авсан гэж тайлбарладаг. Ингэхдээ гэрээ байгуулсан тал биш ******* гэх хүн *******аас маргаан бүхий орон сууцыг авах ёстой байсан гэж нэхэмжлэл гаргадаг. Аливаа шаардах эрх хууль болон гэрээнд заасны дагуу үүсдэг. Талуудын хооронд, тэр дундаа *******, ******* нарын хооронд хууль болон гэрээнд заасны дагуу шаардах эрх үүсээгүй.

6.3 Шүүх иргэний хэрэг үүсгэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон. Ингэхдээ өв залгамжлуулсан байр, гуравдагч этгээдэд шилжүүлсэн байр гэдэг байдлаар үндэслэлгүй дүгнэлт хийсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг үүсгэснээрээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэнэ гэсэн үг биш. Шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан зөрчил байгаа эсэхийг дүгнэнэ. Хэрвээ нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй бол иргэний хэрэг үүсгэнэ. Шүүх нь нэхэмжлэгч болон хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд, хууль хэрэглэн хэргийг шийдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг үүсгэсэн нь давж заалдах гомдол гаргах үндэслэл болох ёсгүй.

6.4 Иргэдийн нийтийн хурлаас нэхэмжлэгч *******эд маргаан бүхий хөрөнгийг шилжүүлсэн. Анхан шатны шүүх Иргэдийн нийтийн хурал өөрийн өмчлөлд байхгүй хөрөнгийг бусдад шилжүүлсэн нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч тухайн хөрөнгө нь Иргэдийн нийтийн хурлын эзэмшилд байсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч хариуцагчид байгаа тодорхой эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах шаардлага гаргасан бөгөөд эзэмшилд байсан болохыг тогтоолгох тухай шаардлага гаргаагүй. Хэрвээ тухайн хөрөнгө Иргэдийн нийтийн хурлын эзэмшилд байсан гэх үндэслэлээр өмчлөлд шилжүүлэх ёстой байсан гэж шаардлага гаргаж байгаа бол энэ шаардлага хууль бус. Нэхэмжлэгч Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасны дагуу өмчлөх эрхтэй буюу тэргүүн ээлжинд өмчлөх эрх олж авсан гэж маргадаг. Шүүх талуудын хооронд үүссэн маргааныг Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан заалт хамааралгүй гэдэг байдлаар тодорхой дүгнэсэн.

6.5 Шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тооцох талаар Иргэний хуулийн 81 дугаар зүйлийн 81.1 дэх хэсэгт ...Нэхэмжлэгдвэл зохих эд хөрөнгө нь эрх залгамжлалын журмаар гуравдагч этгээдэд шилжсэн бол өмнөх эзэмшигчийн эзэмшилд байх үеэс хөөн хэлэлцэх хугацааг үргэлжлүүлэн тоолно гэж заасан. Эрх залгамжлал буюу өв залгамжлалтай холбоотой асуудлаар талууд маргасан. Тиймээс хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс эхлэн тоолох талаар шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

7. Гуравдагч этгээд давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, х-100 айл гудамж, 3 дугаар байр, хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөх эрхийг хүчингүй болгуулах, орон сууцыг *******ийн нэр дээр шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2.1 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, хариуцагчийн тайлбар, татгалзлыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1 Улаанбаатар хотын захиргаанаас олгосон 1982 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 82250 дугаартай эрхийн бичиг, Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны хүсэлтийг үндэслэн, Сүхбаатар дүүрэг, ******* хороо, х-100 айл гудамж, 3 дугаар байр, хаягт байршилтай, 10 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны анхны өмчлөгчөөр 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдөр *******ыг бүртгэсэн. /хх 55/

3.2 Улмаар 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0052 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ний дагуу дээрх орон сууцны өмчлөгчөөр *******ын өвлөгч *******г улсын бүртгэлд бүртгэж, 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон. /хх 153-171/

3.2 ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 01*******тай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх орон сууцыг *******гийн өмчлөлд бүртгэж, мөн оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэрчилгээ олгосон байна. /хх 176-179/

4. Хэргийн 15 дугаар талд УИХ-н гишүүний 1,000,000 төг иргэн *******ад өгсөн. Авсан-Пүрэвжамц, өгсөн Засаг дарга 2003-03-19 гэх баримт авагдсан.

4.1 Анхан шатны шүүх ...Улсын Их хурлын гишүүн ******* хувиасаа 1,000,000 төгрөг гаргаж, Сүхбаатар дүүргийн ******* хороо, х-100 айл гудамж, 3 байр , *******ын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хорооны цагдаагийн хэсгийг байршуулах зорилгоор өмчлөгчөөс нь худалдаж авсан болох нь гэрчийн мэдүүлгээр нотлогдсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болсон байна. Учир нь, уг орон сууцны өмчлөх эрх тухайн хорооны Цагдаагийн хэсэгт байсан, мөн Цагдаагийн хэсгээс Сүхбаатар дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хуралд шилжсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, тухайн үл хөлдөх эд хөрөнгө нь дээрх байгууллагуудын хөрөнгөд тусгагдаагүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул тэднийг өмчлөгч гэж үзэх боломжгүй.

5. Түүнчлэн, Сүхбаатар дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдийн 2005 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тай Шагнал урамшил олгох тухай тогтоолд ...******* нь Улаанбаатарт 1999 онд шилжин орж ирсэн өөрийн гэсэн орон гэргүй амьдралын хүнд байдал хүсэлт өргөдлийг уламжлан 100 айлын 3-р байрны цагдаагийн байр-ыг идэвх зүтгэл, амьдрал ахуйг нь харж үзэн олгосугай. гэжээ. /хх 9/

5.1 Гэтэл хэрэгт авагдсан баримтаар тухайн орон сууц нь Сүхбаатар дүүргийн ******* хорооны Иргэдийн нийтийн хурлын өмчлөлд байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Иймд тухайн Иргэдийн нийтийн хурал нь өөрт байхгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх боломжгүй тул уг тогтоолын дагуу *******эд тухайн орон сууцны өмчлөх эрх үүссэн гэж үзэх нь үндэслэлгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна. Хуульд заасан уг зохицуулалт нь өмчлөгчөөр бүртгэгдсэн этгээдийн эсрэг хэрэгжүүлэх давуу эрхийн шаардлага болохгүй. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

5.2 Түүнчлэн, мөн хуулийн 1******* зүйлийн 110.1 дэх хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болоогүй байна.

6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 4209 дугаар дүгнэлтээр *******ад олгосон дээрх орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгосон нь /хх 170/ нэхэмжлэлийг хангах үндэслэл болохгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2024/03356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

М.БАЯСГАЛАН