Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0588

 

 

“М” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Д.Баатархүү, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, өмгөөлөгч М.Б, хариуцагч Т.Б, Д.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “М” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрээр: Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Т.Б, С.Л, Д.Д нарын 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 0005529 дугаар шийтгэлийн хуудсыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох “М” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Х-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нар 2018 оны 08 сарын 03-ны өдрийн №0005529 дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 10.7.1-д заасныг үндэслэн тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 0.5 хувиар тооцож 11,955,330 төгрөгийн торгууль оногдуулсан.

Хариуцагчаас гомдол гаргагч “М” ХХК-ийн гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, “М” ХХК, “Н” ХХК болон “С” ХХК нарыг холбогдогчоор татаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн байдаг.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад үйлдэгдсэн Зөрчлийн хэрэг бүртгэл явуулах хугацааг сунгах тухай тогтоол, Нийслэлийн прокурорын газрын 77 дугаар тогтоол, Зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны хугацааг сунгах тухай санал, холбогдогчоос мэдүүлэг авсан тухай тэмдэглэл, хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг хохирогч “М” ХХК, холбогдогч “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК гэж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааг явуулж, 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдөр шийтгэлийн хуудас үйлдэж зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгавар болгосон байгаа нь хэрэгт цугларсан нотлох баримт буюу 1802000242 дугаар Зөрчлийн хэргийн хувийн хэргээс тодорхой харагддаг.

Гэтэл анхан шатны шүүхээс “...Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гомдол гаргагч “М” ХХК-ийг хохирогчоор тогтоон оролцуулж байсан эрх зүйн байдлыг өөрчлөлгүйгээр зөрчил үйлдсэн гэж үзэж торгох шийтгэл оногдуулсан зөрчилтэй боловч энэ үндэслэлээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй болно” гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын гаргасан актын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн этгээдийн нэхэмжлэл, гомдлоор захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хянах бөгөөд захиргааны байгууллага нь маргаан бүхий актыг гаргахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдвол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргахаар хуульчлагдсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.2.1-д тодорхойлсны дагуу “М” ХХК-ийг хохирогч, “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-ийг холбогдогч гэж зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа хийсэн атлаа хохирогчид шийтгэл оногдуулсан байгаа нь хууль хэрэгжүүлэгч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зөрчиж хууль бус шийтгэлийн хуудас гаргасан гэж үзнэ.

Түүнчлэн Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчил үйлдсэн холбогдогчид шийтгэл оногдуулах эрх хэмжээг хариуцагчид олгосон болохоос хохирогчид шийтгэл оногдуулах зохицуулалт хуульчлагдаагүй буюу захиргааны байгууллага, албан тушаалтны эрх хэмжээг хууль тогтоомжоор нарийн зааглан тогтоох бөгөөд албан тушаалтны эрх мэдлийг нь хуулиар тусгайлан зөвшөөрч олгосон тохиолдолд захиргааны актыг хуульд заасан журмыг баримталж гаргах үүрэгтэй байтал анхан шатны шүүхээс хууль хэрэгжүүлэгчийн хууль зөрчсөн үйлдлийг зөвтгөн, хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэлт хийгээгүй.

Хариуцагчаас “М” ХХК “М” ХХК-иуд бүтээгдэхүүний нийлүүлэлтийн гэрээ байгуулж тухайн бараа бүтээгдэхүүний зах зээлд борлуулах жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож, дагаж мөрдсөнөөр Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.1-д заасныг зөрчсөн гэж үзсэн.

Нэг зах зээлд дээр дээрх компаниуд тохиролцож өрсөлдөөнөө зогсоохыг өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулах гэж ойлгодог. Энэ нь ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлдэг компаниуд хоорондоо үнэ, тоо хэмжээ, худалдаалах газар нутгийг тохиролцох үйлдэл нь өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл байгуулсан гэж үзнэ. “М” ХХК нь кока кола ундааг Монгол улсын зах зээлд дангаар нийлүүлдэг ганцхан аж ахуй эрхлэгч тул Өрсөлдөөний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасны дагуу “М” нь кока кола ундааг нийлүүлэлт хийдэг зүй ёсны монополь юм. Харин “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-иуд пь “М” ХХК-ийн кока кола ундааг Монгол улсын зах зээлд борлуулалт хийж байгаа аж эрхлэгчид буюу Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д заасны дагуу “М” ХХК-ийн бүтээгдэхүүнийг борлуулагчид юм.

Тиймээс “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-иуд нь нэг төрлийн үйл ажиллагаа эрхлэгчид, ижил төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаж байгаагийн хувьд хоорондоо бараа бүтээгдэхүүний үнийг тохирч, худалдаалах газар нутгийг тохиролцсон тохиолдолд Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хориглолт үйлчлэхээр байна. “М” ХХК болон “М” ХХК нарын хороонд байгуулагдсан нийлүүлэлтийн гэрээний тухайд “М” ХХК-иас “М” ХХК-ийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнийг өөрийн сүлжээ дэлгүүрээр худалдан борлуулахаар авч байгаа худалдах худалдан авах гэрээ юм.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргын 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах үүргийг хэд хэдэн эрх бүхий албан тушаалтанд даалгах тухай 07 дугаар тогтоолоор улсын ахлах байцаагч Т.Б, С.Л, улсын байцаагч Д.Д нарын бүрэлдэхүүнтэй “М” ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК-д холбогдуулан 1802000242 дугаартай зөрчлийн хэрэг нээж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Улмаар 2018 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Зөрчилд шийтгэл ногдуулах тухай” 0005529 дүгээр шийтгэлийн хуудсаар “М” ХХК-д “үнийг хэлцэн тогтоосон” гэсэн үндэслэлээр 11,955,330 төгрөгийн торгуулийн шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлд Өрсөлдөөний тухай хууль зөрчих гээд 1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн”, 1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэрээ, хэлцэл /картель/ байгуулсан бол аж ахуй эрхлэгчийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 6 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор зохицуулжээ.

Хэрэгт авагдсан “М” ХХК-иас Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлсэн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 30/05 дугаартай гомдолд хавсаргасан баримтаас үзэхэд “М” ХХК-иас 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаар албан бичгээр “...жижиглэнгийн нэг үнийн бодлого баримталж ажиллах...” талаар, 493 дугаар албан бичгээр “...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн гэрээний үүргээ хэрэгжүүлэх хүртэл хугацаанд бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хязгаарлаж байгаа талаар...” мэдэгдлийг тус компанид ирүүлсэн, мөн “М” ХХК нь “...өөрийн бараа бүтээгдэхүүнээ зах зээл дээр нэг үнээр худалдаалах бодлого баримтална гэсэн шахалтаар “О” супермаркетыг одоо худалдаалж байгаа бүтээгдэхүүний үнэ дээр дахин 5 хувь нэмж, “Н” болон “И”-ын сүлжээ дэлгүүрүүдтэй ижил үнэтэй бол гэсэн шаардлага тавьж байгаа нь хууль бус...” талаар дурдсан байна.

Түүнчлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 07/13 дугаар “Мэдэгдэл гаргах тухай” албан бичгээр “Танай байгууллагад 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр гаргасан хүсэлт нь үгсэн хуйвалдаж, үндэсний үйлдвэрлэгч нарыг дарамталж байгаа “Н”, “И” дэлгүүрүүдэд манай гомдол хамаатай, үндэсний үйлдвэрлэгч “М” ХХК-д уг гомдол хамааралгүй...” гэсэн албан бичгийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлжээ.

Мөн “М” ХХК нь бараа бүтээгдэхүүн борлуулахдаа үнэ өөрчлөгдөх бүр “бүтээгдэхүүний үнэ өөрчлөх тухай” албан бичгийг барааны үнийн жагсаалтын хамт харилцагч нартаа хүргүүлдэг болох нь тогтоогдсон бөгөөд хамгийн сүүлд 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн өөрчлөгдөх 43 бүтээгдэхүүний үйлдвэрийн үнийг саналын үнийн хамт 5 дугаар сард харилцагч нартаа хүргүүлсэн байна.

“М” ХХК болон “М” ХХК-ийн хооронд 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр МСSCC17-05-035 дугаартай “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэлтийн гэрээ”-г байгуулсан байх бөгөөд уг гэрээний уулзалтын үеэр жижиглэнгийн үнийн саналыг баримтлан ажиллахыг талууд харилцан тохиролцож, танай компанийн зүгээс хүлээн зөвшөөрч, дээрх гэрээний 3 дугаар зүйлийн 3.14-д “Худалдан авагч нь худалдагч талын санал болгосон үнийн саналыг дагаж мөрдөнө” гэсэн заалтыг гэрээнд тусгажээ.

Ийнхүү “М” ХХК-ийн жижиглэнгийн нэг үнийн бодлогыг баримталж, сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж буй “М” ХХК нь “М” ХХК-ийн жижиглэнгийн үнийг харилцан тохиролцсон нь Өрсөлдөөний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Аж ахуй эрхлэгчид өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн дараахь гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглоно” гэж, 11.1.1-д “бараа бүтээгдэхүүний үнийг хэлцэн тогтоох” гэж заасныг зөрчсөн гэж үзэхээр байна.

Өрсөлдөөний тухай хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглоход чиглэгдэх бөгөөд энэхүү хуулийн хэрэгжилтийг хангаж, өрсөлдөөнийг зохицуулах нь хариуцагчид хуулиар олгосон бүрэн эрх юм.

Иймд тус Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь ус ундааны үйлдвэрлэлийн зах зээлд давамгай байдалтай аж ахуй эрхлэгч болох “М” ХХК-ийн тогтоосон бараа бүтээгдэхүүний үнэ бусад ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг сүлжээ дэлгүүрийн тогтоосон үнийн хязгаартай ижил үнээр худалдаалагдаж буй эсэх, тус хуулийн этгээд нь зах зээлд шударга өрсөлдсөн эсэх, өрсөлдөгчийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг хянан шалгах бүрэн эрхтэй.

Дээрхээс дүгнэвэл, “Өрсөлдөөний эрх зүй, практикт үйлдвэрлэгч, бөөний худалдаа эрхлэгч нь аливаа бараа бүтээгдэхүүнийг дахин борлуулах жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ байгуулах нь босоо хэлбэрийн картель юм. Үйлдвэрлэгч болон борлуулагчид бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож тогтоосноороо борлуулагч буюу жижиглэнгийн худалдаачид бусад худалдаачидтайгаа үнээр өрсөлдөх өрсөлдөөнийг хязгаарладаг” гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй юм.

Хариуцагч улсын байцаагч нараас “М” ХХК-ийн гомдлыг үндэслэн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол үйлдэж, хохирогч “М” ХХК, холбогдогч “М” ХХК, “Н” ХХК, “С” ХХК гэж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан атлаа хохирогчид шийтгэл оногдуулсан нь хууль бус гэх гомдлын тухайд:

Хариуцагч нар хуульд заасан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаарх гомдол гаргагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх боловч энэ нь “М” ХХК-ийн гаргасан зөрчилд холбогдуулан гаргасан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 128/ШШ2019/0633 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагч “М” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

ШҮҮГЧ                                               Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН