Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 1583

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Баярсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00233 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Баярсайхан нэхэмжлэлтэй,

Хариуцагч Ш.Лхагватулгад холбогдох

 

Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч: Ш.Лхагватулга

Хариуцагчийн өмгөөлөгч: С.Сансартуяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би Ш.Лхагватулгатай хамтран 2012 оноос паб түрээслэн ажиллуулж байх явцад Ш.Лхагватулга өрөнд орчихлоо, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэсэн шалтгаанаар баарны орлогоос 16 000 000 төгрөгийг хувьдаа авч өр төлбөрөө төлсөн. Зохигч хамтран данс нээж баарны орлогоос 16 000 000 төгрөгийн өрийг төлсөн. Ш.Лхагватулга өөрөө 16 000 000 төгрөгийг төлнө гэж баталгаа гаргаж өгсөн. 2 тал хамтран ажиллах талаар амаар тохирсон. 2013 оны 6 сараас би хамтран ажиллах боломжгүй болсон бөгөөд Ш.Лхагватулгатай харилцан тохиролцож 16 000 000 төгрөгийг надад баарны орлогоос гаргаж өгөхөөр болсон юм. Тохирсон ёсоор мөнгөө төлөөгүй удсан тул намайг мөнгөө нэхэхэд 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр уулзаж жилийн дараа буюу 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр мөнгийг бүрэн төлнө гэсэн батламж гаргаж өгсөн. Гэвч уг хугацаа дуусаад мөнгөө өгөөгүй тул би 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч Ш.Лхагватулга нь надад мөнгө төлөхгүй гэж маргасан тул эвлэрэх боломжгүй болсон. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй бөгөөд энэ талаар талууд маргаагүй. Хариуцагч Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар үүргээ гүйцэтгэнэ гэж батламж хийж өгсөн. Талуудын хооронд итгэлцлээр л харилцаа үүссэн байсан. Уг нь хамтарч баар ажиллуулаад ашгаа хувааж авья гэж тохирсон боловч баарны ашгаас Ш.Лхагватулгын өрийг төлөөд байсан. Мөн баар ажиллуулаад 1 жил гаран болохдоо нэхэмжлэгч ашиг огт авч байгаагүй.

Иймд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу иргэн Г.Лхагватулгын хүлээсэн үүргийг гүйцэтгүүлж 16 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би Э.Баярсайханаас 16 000 000 төгрөг авч байсан удаа байхгүй. Уг 16 000 000 төгрөгийн өрийг би ганцаараа ажиллаж байхдаа 2014 оны 6 сараас 11cap хүртэл 9 800 000 төгрөг Спирт бал бурамд төлж байсан. Бид анх 2013 оны 3 сараас эхлэн “Цогт-Тэнгэр” караокэг түрээслэн ажиллуулж эхэлсэн. Харин 2014 оны 6 сараас хойш Э.Баярсайхан надтай хамтарч ажиллахаа больсон юм. Энэ хугацаанд олсон орлогоо бид зардалдаа өгөөд үлдэгдлийг нь хувааж авдаг байсан. Тооцож үзвэл нэг сард ойролцоогоор 6 000 000 орчим төгрөгийн орлого ордог бөгөөд үүнээс түрээсийн төлбөр 1 500 000 төгрөг, ажилчдын цалин 500 000 төгрөг, тог хогны мөнгө 100 000 төгрөг, бараанд нийт 3 000 000 орчим төгрөг зарцуулдаг байсан. Ингээд үзвэл 900 000 - 1 000 000 төгрөг орчим цэвэр ашиг ордог байсан бөгөөд үүнийг л тэнцүү хувааж авдаг байсан юм. 2014 оны 6 сард намайг хуучин ажлаасаа гарахад Э.Баярсайхан хамт караокэд ажиллахаа больсон. Хуучин ажлаасаа гарахдаа би өртэй гарсан юм. Тэгээд түүнийг ажиллахаа больсноос хойш өр төлбөрөө төлж эхэлсэн бөгөөд түүнийг хамт ажиллаагүй учир тэр төлбөрийг түүнээс авсан гэж үзэхгүй байна. Батламж бичгийн хувьд Э.Баярсайхан миний гэр бүлийг байнга дарамталж, агсан согтуу тавьж, ажил хийлгэхгүй, тайван амьдруулахгүй байсан учраас арга буюу хийж өгсөн. Харин 6 000 000 төгрөгийг 1 жилийн дотор цувуулаад эсвэл 13 000 000 төгрөгөөр үнэлэгдэх байшингийн дүнзэн торхыг 2016 оны 7 сард багтаан өгөх байдлаар эвлэрч болох юм.  Тухайн үед найзаа гэж бодон итгэж байсан, нөгөөтэйгүүр түүний дарамт шахалтаас залхаж батламж хийж өгсөн болохоос биш түүнд тийм хэмжээний мөнгө өгөх үүрэгтэй гэж бодохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Лхагватулгаас 16 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Баярсайханд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Баярсайханаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Ш.Лхагватулга давж заалдах гомдолдоо: “Иргэн Э.Баярсайханы нэхэмжлэлтэй Ш.Лхагватулгад холбогдох иргэний хэргийн хариуцагчийн хувиар дараах гомдлыг гаргаж байна. Учир нь шүүхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт уг шийдвэрийн үндэслэл болсон “Батламж гаргах нь” гэсэн баримтыг дүгнэхдээ хэтэрхий нэг талыг барьж нөхцөл байдлыг бүрэн гүйцэт судалж үзээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Дээрхи “Батламж гаргах нь” гэсэн баримтад бичигдсэн 16 000 000 төгрөгийг хувьд хэрхэн бий болсон нь тодорхойгүй байдаг. Өөрөөр хэлбэл уг үнийн дүн яаж, ямар баримтад үндэслэн бүрдсэн нь ойлгомжгүй. Энэ тухай нэхэмжлэгч тал ч тодорхой сайн тайлбарлаж чадахгүй, мэдэхгүй байхад шүүх өөрийн таамгаар баримтгүй зүйлд үндэслэж шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна. Хэрэв шүүх талуудыг хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэж үзэж байгаа бол тухайн хамтран ажиллах хугацаанд гэрээнээс олсон ашиг орлого, гарсан зардал, түүнийг талуудад хувиарласан нөхцөл байдлыг нарийн судлан үзэх ёстой байсан. Хамтран ажиллаж байх хугацааны орлогоос түүнд оногдох хэсэг нь 16 000 000 төгрөг байсан гэж үзэн тодорхойлсон нь эргэлзээтэй байгаа нөхцөл байдлыг судлалгүй орхисонтой холбоотой. Энэ нь харин ч хариуцагчид биш эсрэгээр нэхэмжлэгчид сөрөг байж болох нөхцөл байдал юм. Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл болсон нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй байсан билээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

            Нэхэмжлэгч Э.Баярсайхан нь хариуцагч Ш.Лхагватулгад холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 16 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Зохигчид нь тус бүр 3 000 000 төгрөгийн хөрөнгө оруулж 2012 оноос 2014 оны 06 дугаар сар хүртэл хугацаанд хамтран баар түрээслэн ажиллуулж ашгийг нь хуваан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогдсон тул шүүх зохигчдын хооронд байгуулсан гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлж Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1 дэх хэсэгт засан хамтран ажиллах гэрээ гэж дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй байна.

            Хэрэгт хариуцагч Ш.Лхагватулга, иргэн Г.Нарантуяа нарын үйлдсэн “Батламж гаргах нь” нэртэй баримт, Э.Баярсайхан Ш.Лхагватулга нарын хамтран эзэмшдэг Хас банкы 5000896678 тоот данс бүхий хадгаламжийн дэвтрийн хуулбар, Хас банк дахь уг дансны хуулга, бараа материалын орлого, зарлагын падаан зэрэг нотлох баримт авагджээ. /хх-4, 16, 17, 24-37/

            Дээрх хадгаламжийн дансны гүйлгээ, орлого зарлагын падаан нь зохигчдыг хамтран ажиллаж байх хугацаандаа нийт 32 765 961.26 төгрөгийг орлогоор авч, 32 753 500 төгрөгийн зарлагадсан, баарны борлуулалтын орлогоос бараа, материал хүлээн авч зарцуулсан болохыг нотолж байгаа болохоос хамтран ажиллах гэрээний үүрэгт хамааралтай бараа борлуулалтын орлогоос хариуцагч Ш.Лхагватулгын “Спирт бал бурам” ХХК-д төлөх өр төлбөрийг төлсөн болон хаасан, үйл ажиллагааны ашиг, алдагдлыг хуваарилсан гэх байдлыг нотлоогүй байна.

            Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 16 000 000 төгрөгөө хамтын үйл ажиллагаанаас хуваарилагдах ашиг гэдгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрөө нотлох үүрэгтэй.

            Иймд шүүх хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Батламж гаргах нь” гэсэн баримтад “...Ш.Лхагватулга миний бие 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 16 000 000 төгрөг төлнө гэж” бичсэн нь талуудын хооронд хамтран ажиллах гэрээнээс үүсэх ашиг алдагдлыг тооцсон баримт гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм. Гэтэл шүүх уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ.” гэсэн заалтад нийцээгүй байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар нь нотлох баримтыг тогтоох нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд шүүх хуралдаанд хариуцагч Ш.Лхагватулга “...анх баар нээхдээ оруулсан хөрөнгө болох 3 000 000 төгрөг, 2014 оны 06 дугаар сараас хойшхи ашиг 3 000 000 төгрөгийг нэмж, нийт 6 000 000 төгрөгийг төлье, бусад хэсгийг зөвшөөрөхгүй, учир нь Э.Баярсайханаас 16 000 000 төгрөг аваагүй” /хх 41, 42/ гэсэн тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас 6 000 000 төгрөгийг нотлогдсон гэж үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 184/ШШ2016/00233 дүгээр шийдвэрийн 1 дэх заалтын “16 000 000 төгрөг” гэснийг “6 000 000 төгрөг” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 237 950 төгрөг...” гэснийг “...хариуцагч Ш.Лхагватулгаас улсын тэмдэгтийн хураамжид 110 950 төгрөг...” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Ш.Лхагватулгын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ш.Лхагватулгын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                        ШҮҮГЧИД                                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                           Д.ЦОГТСАЙХАН