| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 101/2024/04583/И |
| Дугаар | 210/МА2024/02083 |
| Огноо | 2024-12-02 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2024/02083
2024 12 02 210/МА2024/02083
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 145,679,586 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч *******ий давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1 ******* нь *******-тай 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр КН4-214 дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* хороо, *******ын аманд баригдах ******* хотхонд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулан, Баянзүрх дүүрэг, ******* хороонд байрлах, ******* хотхонд 5-04 загварын, *******, дотор засалгүй 78.69 м.кв бүхий амины орон сууцыг захиалсан. Гэрээний 5.1-т заасны дагуу орон сууцыг 2023 оны 04 дүгээр улиралд барьж, хүлээлгэн өгөх, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах, холбогдох бичиг баримтыг гаргахаар харилцан тохиролцсон. Улмаар 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулж, 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өөрийн хуримтлалаас 52,164,000 төгрөгийн урьдчилгаа төлбөр, 72,036,000 төгрөгийн зээлийн эхний санхүүжилтийг авч, нийт 124,200,000 төгрөгийг *******-д шилжүүлсэн.
1.2 Гэвч барилгын ажлын явц удааширч, зогсонги байдалтай байсан тул гэрээг цуцлах тухай 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хариуцагчид мэдэгдсэн. ******* нь гэрээг цуцлахыг зөвшөөрч, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/277 дугаар албан бичгээр гэрээ дуусгавар болсон. Уг албан бичигт Гэрээ дуусгавар болох үед урьдчилгаа төлбөрийг буцаан олгох талаар гэрээний 7.5.4-т заасны дагуу тантай харилцан тохиролцож энэ мэдэгдэл очсон өдрөөс 120 хоногийн дотор төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Мөн *******-ийн ногоон зээлийн санхүүжилтийн зээлээр авсан төлбөрт ногдох хүүг захиалгын гэрээ цуцлагдах өдөр хүртэл банкнаас ирсэн тооцооллын дагуу төлөх болсон гэсэн. Гэвч энэхүү мэдэгдлийг хүргүүлснээс хойш 160 гаруй хоног өнгөрсөн боловч өнөөг хүртэл төлбөрийг буцаан төлөөгүй.
1.3 Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 04 дүгээр сарыг дуустал хугацаанд төлсөн хүү 6,203,586 төгрөг, гэрээний 7.4.1-т зааснаар 123 хоногийн алданги 15,276,000 төгрөг болж байна.
Иймд *******-аас гэрээний дагуу төлсөн төлбөр 124,200,000 төгрөг, алданги 15,276,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 6,203,586 төгрөг, нийт 145,679,586 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хариуцагч *******-аас 124,200,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 21,476,586.46 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 886,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 778,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1 Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 7.4.1-т ...5.1-т заасан амины орон сууц барьж дуусгах үндсэн хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн, захиалагчийн зүгээс ямар нэгэн үндсэн үүргийн болон захиалагчийн өөрчлөлтийн саналын хугацааны зөрчилгүй байхад хугацаанд нь гүйцэтгээгүй тохиолдолд гүйцэтгээгүй үлдсэн үүргээс хоног тутам 0,1 хувийн алданги тооцно. гэж гэрээний хугацаа зөрчсөний хариуцлагыг тодорхой заасан. Гүйцэтгэгч талаас захиалга өгч, гэрээ байгуулснаас хойш барилгын ажил огт хийгдэхгүй, хугацаандаа орохгүй болсон нь нийтэд илэрхий үйл баримтаар тодорхой болж, хүлээлгэж өгөх хугацааг 1 жилээр хойшлуулах тухай захиалагч нарт мэдэгдэж байсан. Иймд гэрээг дуусгавар болгох талаар харилцан тохиролцох хүртэл хугацаанд гэрээний 7.4.1-т заасны дагуу гүйцэтгээгүй үлдсэн үүргийн хариуцлага нэхэмжлэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн, гүйцэтгэгч талаас 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/277 дугаар албан бичгээр ирүүлсэн гэрээг дуусгавар болох мэдэгдэл нь гэрээний 8 дугаар зүйлд зааснаар зохицуулагдаж байгаа гэрээний нэг хэсэг. Гэрээ болон мэдэгдэлд заасан гүйцэтгэгчийн бүхий л үүргийг биелүүлээгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 болон гэрээнд алданги тооцож нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл, гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас гэрээг дуусгавар болгохоор харилцан тохирсон, ийнхүү харилцан тохирсон үүргээ гүйцэтгэгч буюу хариуцагч талаас биелүүлээгүй, биелүүлэхгүй нь нийтэд илэрхий үйл баримтаар тодорхой болсон тул захиалагч буюу нэхэмжлэгчийн өмнө хариуцлага хүлээхгүй байх алданги шаардахгүй байх үндэслэл болохгүй.
4.2 Гэрээний 8.1, 8.3.1-т заасны дагуу талууд гэрээг дуусгавар болгохоор тодорхой болзол, нөхцөлтэйгөөр харилцан тохиролцсон. Үүнд *******-ийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/277 дугаар албан бичгээр ...Мөн ******* ногоон зээлийн санхүүжилтийн зээлээр авсан төлбөрт ногдох Хас банкинд Захиалгын гэрээ цуцлагдах өдөр хүртэл тооцогдсон хүүг, Хас банкнаас ирсэн тооцооллын дагуу төлөх болно. гэсэн. Хариуцагч талаас гэрээг дуусгавар болгох нөхцөлөө зээлийн хүүг, банкнаас ирсэн тооцооллын дагуу төлөхөө тодорхой илэрхийлсэн. Энэ нөхцөлөөр гэрээг дуусгавар болгох тул нэхэмжлэгч талаас банкны тооцооллын дагуу төлсөн хүүг нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
4.3 Шүүх нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээ дуусгавар болсон гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үүргээ биелүүлэхгүй нь нийтэд илэрхий үйл баримтаар тодорхой болж, гэрээний үүрэг зөрчиж байсан тул гэрээг дуусгавар болгохоор тодорхой болзол тавьж харилцан тохиролцсон. Улмаар гэрээ болон гэрээ дуусгавар болгох нөхцөлөө биелүүлээгүй.
4.4 Хэрэгт Хас банкнаас зээлийн тооцооллыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хавсаргасан. Энэ нь дээрх хуулийн зохицуулалтад заасан гэрээнээс татгалзсантай холбоотой учирсан хохирлыг арилгахаа илэрхийлсэн гэж үзэж байна. Ийнхүү гэрээ дуусгавар болох нөхцөл биелээгүй, гэрээний хариуцлага, төлбөр, гэрээ дуусгавар болгох үүргийн биелэлтийг биелүүлээгүй байх тул эдгээр хариуцлага, үүргийн биелэлт, хохирсон эрх ашгаа шүүхийн журмаар нэхэмжилж байгаа.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч давж заалдах гомдолд хариу тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******-д холбогдуулан гэрээний дагуу төлсөн 124,200,000 төгрөг, алданги 15,276,000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт төлсөн 6,203,586 төгрөг, нийт 145,679,586 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
2.1 Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
3. Талууд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр КН4-214 дугаартай, Баянзүрх дүүрэг, 20-р хороо, *******ын аманд баригдах Хадат вилла IV хотхонд эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц захиалгаар бариулах гэрээ-г байгуулсан. Гэрээгээр ******* нь Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлах Хадат вилла IV хотхонд загварын ******* дотор засалгүй, 78,69 м.кв талбайтай таун хаусыг 2023 оны 04 дүгээр улиралд барьж хүлээлгэн өгөх, *******, ******* нар орон сууцны үнэд 276,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон байна. /хх 21-25/
3.1 Нэхэмжлэгч нь гэрээний урьдчилгаа төлбөрт 124,200,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон. /хх 106/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
4.1 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
5. Нэхэмжлэгч нь хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр гэрээг цуцлах санал гаргасныг хариуцагч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/227 дугаар албан бичгээр зөвшөөрсөн. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ мөн өдрөөр цуцлагдаж, дуусгавар болсон гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.
5.1 Гэрээ цуцлагдаж, дуусгавар болсноос үүсэх үр дагаврыг мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар зохицуулсан. Анхан шатны шүүх гэрээний үүрэгт нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн 124,200,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосон нь зөв.
6. Гэрээний 5.1-т зааснаар хариуцагч нь 2023 оны 4 дүгээр улиралд гэрээний зүйлийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй бөгөөд гэрээний 7.4.1-т хариуцагч нь уг хугацаанд үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хоног тутамд 0,1 хувийн алдангийг нэхэмжлэгчид төлөхөөр заажээ.
6.1 Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. Талууд гэрээний 7.4.1-т алдангийн талаар заасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцсэн байх боловч нэхэмжлэгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцалсан тул алданги шаардах эрхгүй. Өөрөөр хэлбэл, гэрээг хугацаанаас өмнө цуцалж алданги шаардах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцэхгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас алданги гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Иймд алданги гаргуулах тухай нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгчээс зээлийн хүүгийн төлбөрт банкинд төлсөн мөнгөн хөрөнгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт нийцээгүй байна.
7.1 Нэхэмжлэгч нар нь *******-тай 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 1730088465-01 дугаартай Ипотекийн гэрээ, 1730088465 дугаартай Зээлийн гэрээ-г тус тус байгуулж, үндсэн хөрөнгийн зориулалтаар 196,236,000 төгрөгийг, 240 сарын хугацаатай, жилийн буюу 365 хоногт 12 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. /хх10-17/ *******-ийн зүгээс уг зээлийн мөнгөн хөрөнгөөс 72,036,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хариуцагчид шилжүүлсэн. /хх 106/
7.2 Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно.
7.3 Нэхэмжлэгч нар нь дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагчид шилжүүлсэн 72,036,000 төгрөгийн хүүгийн төлбөрт 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс гэрээг цуцалсан 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл нийт 2,566,879 төгрөгийг *******-д төлсөн байна. /хх 107/ Нэхэмжлэгч нараас уг зээлийн хүүгийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар гэрээ цуцлагдсантай холбоотой үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгчид учирсан хохирол гэж давж заалдах шатны шүүх үзэв.
7.4 Түүнчлэн, хариуцагч нь гэрээ цуцлахыг зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 23/277 дугаар албан бичгээр ...******* ногоон зээлийн санхүүжилтийн зээлээр авсан төлбөрт ногдох Хас банкинд захиалгын гэрээ цуцлагдах өдөр хүртэл хүүг, Хас банкнаас ирсэн тооцооллын дагуу төлөх болно гэж хүсэл зоригоо илэрхийлсэн байна. /хх 93/ Иймд нэхэмжлэгч нар нь мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хохирол 2,566,879 төгрөгийг шаардах эрхтэй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулна.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 101/ШШ2024/04703 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 232 дугаар зүйлийн 232.6, 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******-аас 126,766,879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 18,912,707 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...778,950 гэснийг ...791,784 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 265,500 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
М.БАЯСГАЛАН