| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/02114/И |
| Дугаар | 210/МА2024/01468 |
| Огноо | 2024-07-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01468
2024 07 22 210/МА2024/01468
С.Ж гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01382 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч С.Ж гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Ш.Ц.З ХХК-д холбогдох
Үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 37,800,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Анхбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Марал-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Түвшинтөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Нэхэмжлэгч С.Ж гийн нөхөр Ц.М нь Ш.Ц.З ХХК-д цагийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд автозамын засварын ажилд туслах ажилтнаар өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажилласан болно.
1.2. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн орой ажлын байран дээрээ буюу зам дээр засварын ажлаа хийж байх үедээ автомашинд мөргүүлж амь насаа алдсан. Тус эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийдвэрлэж, гэм буруутай жолооч Ч.Б д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа иргэний нэхэмжлэлтэй холбоотой зарим асуудлыг жич иргэний шүүхээр шийдвэрлүүлэхээр нээлттэй үлдээсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтээр хариуцагч Ш.Ц.З ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг огт сахин мөрдүүлээгүй, холбогдох дүрэм журмын олон заалтыг зөрчсөн болох нь тогтоогддог. Энэ эс үйлдлийн улмаас 2-9 насны 3 хүүхэд, эхнэр С.Ж нар өнчрөн үлдээд байна. Шинжээчийн дүгнэлтээр Ш.Ц.З ХХК нь автозам дээр ажил явагдаж байх үед хаалт хийж, хашлага тавиагүй, талийгаачийг гэрэл цацруулагч хантаазаар хангаагүй, хамгаалалтын каск малгай өмсгөөгүй гэх дүрмийн заалтыг зөрчсөн болох нь тогтоогддог. Гэтэл шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр Ц.М нь машинд мөргүүлэх үедээ салхины шилийг толгойгоороо цохиж, тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь тогтоогддог. Хэрэв ажил олгогчийн зүгээс ажилтныг хамгаалалтын малгайгаар хангасан бол Ц.М өнөөдөр амьд байх бүрэн боломжтой байсан болно. Хохирогч Ц.М нь нэг өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан бөгөөд нэг сард 21 өдрөөр тооцвол нэг сарын цалин 1,050,000 төгрөг болох ба Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-т зааснаар 36 сараар үржүүлэхэд 37,800,000 төгрөг болж байна.
Иймд хариуцагчаас нөхөн төлбөрт 37,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг хэлнэ гэж заасан. Мөн хуулийн 21 дүгээр зүйлд заасны дагуу хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүдийг тохироогүй, 24 дүгээр зүйлийн дагуу хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тул талийгаач Ц.М компанид ажилтнаар авч ажиллуулсан мэтээр нэхэмжлэлд дурдсан нь үндэслэлгүй. Харин Ш.Ц.З ХХК нь НЗДТ газартай 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан явган замын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажилдаа 7 хоногийн ажлыг 8,500,000 төгрөгийн хөлсөөр гүйцэтгүүлэхээр С.О ахлагчтай бригадтай хэлцэл хийж, тус бригад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа эхлүүлсэн бөгөөд 3 дахь хоног дээр согтуу жолооч Ч.Б талийгаачийг дайрч амь насыг нь хохироосон. Захиалагч нь хүйтрэхээс өмнө ажлаа яаралтай дуусгахыг шаардаж байсан учраас Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар туслан гүйцэтгэгчийг оролцуулсан. С.О ахлагчтай бригад нь ажил гүйцэтгэх гэрээгээр ажилласан юм. Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ний өдрийн 15 дугаартай Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаарх эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хуулийн зарим заалтыг эрүү, иргэн шүүн таслах ажиллагаанд хэрэглэх тухай тогтоолын 5.1 дэх заалтад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээдэд Иргэний хуулийн 498 дугаар зүйлд заасан ажил олгогч хуулийн этгээдээс гадна мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3, 499.4, 500 дугаар зүйлийн 500.1, 501 дүгээр зүйлийн 501.1, 502 дугаар зүйлийн 502.1, 512 дугаар зйүлийн 512.1-д заасан иргэн, хуулийн этгээд хамаарна гэж тодорхойлсон.
С.О тай амаар гэрээ хийх үед бригад нь хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлаа өөрсдөө хариуцахаар тохирсон. Иймд талийгаач нь манай компанид хөдөлмөрийн гэрээгээр ажил үүрэг гүйцэтгээгүй, харин ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан нь нотлогддог.
2.2. Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2 дахь заалтаар үйлдвэрийн осолд өртсөн нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь заалтын дагуу үйлдвэрлэлийн осол гарсныг тогтоосон хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн акт үйлдэгдээгүй. Мөн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолын Хохирол, хор уршиг гэх хэсэгт хуулийн этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэхүй нь хүний амь нас хохирсон хохирол, хор уршигтай шалтгаант холбоогүй байна. Иймд оршуулгын зардлыг Ш.Ц.З ХХК-ийн захирал Б.Н хариуцах үндэслэлгүй, Ш.Ц.З ХХК-аас хохиролд орон сууц гаргуулах шаардлага тодорхойгүй үндэслэлгүй байна гэж үзэж уг шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэв гэж дурдсан болно.
2.3. Нэхэмжлэгч нь Ц.М өдрийн 50,000 төгрөгөөр цалинжиж байсан мэтээр дурдсан нь үндэслэлгүй. Ажил гүйцэтгэх аман хэлцлээр тохиролцсоны дагуу С.О ын бригадад ажлын урьдчилгаа гэж 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,500,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр үлдэгдэл 5,000,000 төгрөгийг С.О ын 5020739519 тоот дансанд шилжүүлсэн. Уг банкны баримтаар ажил дуусаагүй байхад буюу 3 хоногийн ажлын хөлсөнд 8,500,000 төгрөг шилжүүлсэн байдаг тул өдөр бүр 50,000 төгрөгөөр цалинжиж байгаагүй нь нотлогддог. Гэрч С.Т , Ч.Э нар нь С.О ын бригад ирж ажилласан, талийгаач нь компанийн үндсэн ажилтан биш байсан, компанийн үндсэн ажилтан 10 гаруй хүн ажиллаж байсанд хөдөлмөр хамгааллын хувцас өгсөн гэдгийг гэрчилж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан. Манай компани нь үндсэн 20 ажилтантай бөгөөд тэдний нийгмийн даатгалыг цаг тухай бүрд нь төлж нийгмийн даатгалын дэвтрийн бичилт хийж ирсэн.
Талийгаач хэдийгээр манай ажилтан биш байсан боловч ар гэрт нь эхнэр, хүүхдүүд өнчирч үлдсэнийг харгалзан хүний мөс чанар гарган оршуулах үед 2,000,000 төгрөг, цагаан сарын үед 3,000,000 төгрөг өгсөн. Шүүхийн шийтгэх тогтоолд манай компаниас хохирол төлбөр гаргуулахаар шийдээгүй боловч хурлын дараа эцэг эх, эхнэр хүүхдүүдэд нь 5,000,000 төгрөг өгч нийт 10,000,000 төгрөгийг тусламж болгон өгсөн.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 125 дугаар зүйлийн 125.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ц.З ХХК-аас 37,800,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч С.Ж д олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц.З ХХК-иас 346,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийн талаар огт дурдаагүй. Гэтэл маргааны гол асуудал нь ажил олгогч тал үйлдвэрлэлийн ослыг гаргасан гэм буруутай эсэх, энэ осолтой холбоотойгоор Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн дагуу акт, дүгнэлт гарч, баталгаажсан эсэхийг тодруулах байсан. Шүүхээс энэ талаар дүгнэлт өгөхгүйгээр үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг олгох шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Учир нь нь хууль, дүрэмд зааснаар үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэний ар гэрт нөхөн төлбөр шаардах эрх нь үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийн хүрээнд бий болох юм. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1.9-т Осолдогч ажил, үүргээ гүйцэтгэж байх үедээ зам тээврийн осолд орсон тохиолдолд ослыг "замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрнйн хяналтын улсын байцаагч" судалж багалгаажуулнa, 3.11-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын улмаас хүний амь нас хохирсон тохиолдолд хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргана, 7.2-т Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарснаас хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд акт, дүгнэлт нөхөн гаргахгүй гэж заасан.
Анхан шатны шүүхээс энэхүү маргаанд хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид хамаарах дээрх журмыг хэрэглэх ёстой байсан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 1018 дугаар шийдвэрээр Ч.Б г гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуугаар үйлдэж, хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцсон. Энэхүү осол нь зам тээврийн осол байсан ба энэ тохиолдолд ослыг замын цагдаагийн байгууллагын дүгнэлтийн дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч судалж баталгаажуулах журамтай. Хэргийн материалд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хийгдсэн ХАБ-36/21 дугаартай шинжээчийн дүгнэлт байна. Гэхдээ энэхүү дүгнэлт хангалтгүй юм. Учир нь энэ дүгнэлтийг инженер мэргэжилтэй шинжээч хийсэн болохоос бус дүрмийн 3.11-т заасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч тусгайлан дүгнэлт гаргаж баталгаажуулаагүй. Шүүх энэ талаар дүгнэлт хийхгүйгээр, хэрэглэх ёстой дүрмийг хэрэглэхгүйгээр тус маргааныг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т "шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасантай нийцэхгүй байна.
4.2. Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгтээ "Ц.М нь 2021 оны 11 дүгээр сард Ш.Ц.З ХХК-д хөдөлмөр эрхэлж байсан тул түүний хөдөлмөр эрхлэлттэй холбоотой харилцааг Хөдөлмөрийн тухай /1999 он/ хуулиар зохицуулна ...Ц.М нь өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан болох нь Б.Б гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбараар тоггоогдож байх ба Ц.М сард 1,050,000 төгрөг ...цалинтай ажиллаж гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. 1999 оны Хөдөлмөрийнн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-т үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлборийг нэг ба түүнээс дээш удаа нөхөн төлбөр олгоно гэж зохицуулсан. Энэ хуульд сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр гэсэн нэр томъёог баримталсан. Амь хохирогч Ц.М нь манай компанитай хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ зэргийг байгуулаагүй. Харин манай компанийн туслан гүйцэтгэгч бригадын ахлах С.О тай гэрээ байгуулж ажилласан байдаг. Манай компанийн явган зам хийх ажлын төслийн ажлын төлбөрийг С.О т төсвийн дүнгээр шилжүүлж байснаас бус Ц.М цалин хөлс олгож байгаагүй. Тиймээс Ц.М ийн сарын үндсэн цалинг мэдэхгүй. Гэтэл шүүхээс Ц.М ийн нэг сарын цалинг тооцохдоо зөвхөн гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэсэн. Цалин хөлс авч байсан талаар нэхэмжлэгч нь дансны хуулга болон холбогдох баримтыг өгөөгүй. Харин манай компани нь бригадын ахлах С.О т 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 3,500.000 төгрөг, гүйлгээний утга: О бригад, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 5,000,000 төгрөг гүйлгээнийутга: Бригад үлдэгдэл төлбөр буюу нийт 8,500,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтаа шүүхэд гаргаж өгсөн. Мөн Ц.М нь тус төсөлд нийт 3 хоног ажилласан. Энэ хугацаа болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаас ажилтны 1 сарын цалин хөлсийг шууд тогтоох боломжгүй юм.
Хэрэв үйлдвэрлэлийн осол гэж үзэж, нөхөн төлбөрийг гаргуулах тохиолдолд 2021 оны 11 дүгээр сард үйлчилж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөр нэг сарын цалин хөлсийг тооцох нь шударга ёсны зарчим болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ гэж үзэж байна. Түүнчлэн анхан шатны шүүхээс манай компаниас ар гэрт нь хүний мөс чанар, сайхан сэтгэлийн илэрхийлэл болгож өгсөн 8,000,000 төгрөгийн талаар дүгнэлт өгөөгүй. Хэрэв үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрийг манай компаниас гаргуулж шийдвэрлэх нөхцөлд хууль ёсны төлөөлөгч, ар гэрт нь бэлнээр 5,000,000 төгрөг, дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг буюу нийт 8,000,000 төгрөгийг үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрөөс хасч тооцох ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлуудыг дүгнээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцэхгүй.
4.3. Нэхэмжлэгч талын төлөөлөгч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өгсөн нийт 18 хуудас баримтад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архивын хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна. Нэхэмжлэгч талын төлөөлөгч нь дээрх баримтыг шүүхээр гаргуулахаар хүсэлт гаргасан боловч шүүх тус хүсэлтийг хангаагүй. Иймд төлөөлөгч өөрөө тус баримтыг өгчээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-т бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэж зохицуулсан. Гэтэл уг баримт нотариатаар баталгаажаагүй, хуульд заасан нотпох баримтын шаардлагыг хангахгүй байна.
Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Миний бие эрүүгийн хэрэгт хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Хариуцагч нь баталгаажуулаагүй дүгнэлт гээд байгааг ойлгохгүй байна. Замын цагдаагийн мөрдөгчийн дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтний дүгнэлт гарсныг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Талийгаачийн 50,000 төгрөгийн цалингийн баримт байхгүй гэж байна. Эрүүгийн хэрэгт гэрчүүд амь хохирогчийг өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажиллаж байсан талаар мэдүүлсэн. Шүүхээр нэгэнт тогтоогдсон үйл баримт учраас дахин иргэний шүүх дээр нотолж тогтоох шаардлагагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх ийм байдлаар үндэслэлтэй шийдвэр гаргасан. Хариуцагчийн зүгээс 10,000,000 төгрөгийг ар гэрт нь оршуулгын зардал байдлаар өгсөн болохоос Хөдөлмөрийн тухай хуульд заасан 36 сарын тэтгэмж байдлаар өгөөгүй. Нотлох баримтыг шүүхийн архиваас хуулбар үнэн тэмдэг даруулаад шүүх өөрөө шаардаж авсан. Давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч С.Ж нь хариуцагч Ш.Ц.З ХХК-д холбогдуулан үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 37,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Ч.Б г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж хүний амь насыг хохироосон гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэжээ.
Уг шийтгэх тогтоолд 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 20 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн замд жолооч Ч.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хьюндай верна маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 3.4.а, з, 12.2-д тус тус заасныг зөрчиж автозам засварын ажил хийж байсан Ц.М мөргөж амь насыг хохироосон гэж дүгнэснийг анхан шатны шүүх зөв тогтоожээ.
3.2. Хариуцагч Ш.Ц.З ХХК нь Автозам, замын байгууламж барих, засварлах *** тоот тусгай зөвшөөрлийн дагуу НЗДТ газартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээгээр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн замд явган замын засварын ажлыг гүйцэтгэж байсан байх ба уг ажлыг бусдаар гүйцэтгүүлэх тохиолдолд мэргэжлийн байгууллагаар, эсхүл байнгын ажлын байранд ажилтан авч ажиллуулах байсан тул С.О ахлагчтай бригадыг ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллуулсан гэх татгалзлыг хүлээн боломжгүй. Иймээс Ш.Ц.З ХХК болон талийгаач Ц.М нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг анхан шатны шүүх 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн гэрээний харилцаанд хамааруулж дүгнэсэн нь үндэслэлтэй.
3.3. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д зааснаар "үйлдвэрлэлийн осол"-ыг хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах хүчин зүйлийн үйлчлэлд өртөхийг ойлгох бөгөөд мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарах бүрд Засгийн газраас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх үүрэгтэй.
Дээрх 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарсан зам тээврийн осолд ***тоот эрүүгийн хэрэг үүсгэн ажиллагаа явагдаж улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гарсан тул Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан журмын дагуу үйлдвэрлэлийн ослын акт гараагүй нь нэхэмжлэгчийн шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.
3.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ш.Ц.З ХХК-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөн эсэх асуудлаар шинжээч Г.Гантөмөрийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ХАБ-36/21 тоот дүгнэлт гарчээ.
Уг дүгнэлтэд Ш.Ц.З ХХК-ийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4, 28 дугаар зүйлийн 28.1.2-д зааснаар аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтан Ц.М аар ажил үүрэг гүйцэтгүүлсэн, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийн 5.13, 5.20, 5.30, 7.1, 7.1.8, 7.2, 9-д заасан аюулгүй ажиллагааны шаардлагууд хангагдаагүй, анхааруулах түр тэмдэг тавигдаагүй, хаалтаар хашиж тусгаарлаагүй, гэрэл ойлгогчтой хантааз, хамгаалалтын дуулга малгай хэрэглээгүй, түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д ажлын байр-ыг, 3.1.20-д үйлдвэрлэлийн осол"-ыг, 3.1.21-д үйлдвэрлэлийн орчин-г тус тус томъёолсон, Ш.Ц.З ХХК-ийн ажилтан Ц.М нь ажил үүргээ гүйцэтгэж байхдаа автомашинд мөргүүлж осолдсоны улмаас нас барсан асуудал нь Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор батлагдсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 2.1-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 4.1-д заасан хөдөлмөр эрхлэгч иргэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод дараах тохиолдолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол акт тогтооно: 2.1.1. ажлын байрандаа ажил үүргээ гүйцэтгэж байх үед гэсэн заалтад хамаарах үйлдвэрлэлийн ослын акт тогтоогдоно гэж дүгнэжээ.
Дээрх баримтуудыг харьцуулж үзэхэд, Ш.Ц.З ХХК-ийн ажилтан Ц.М нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны Бэлхийн замд автозамын засварын ажлыг гүйцэтгэж байхдаа автомашинд мөргүүлж нас барсан нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.20-д заасан үйлдвэрлэлийн осол гэж дүгнэх үндэслэлтэй байна.
3.5. Иймээс Ц.М эхнэр С.Ж нь 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 97.1.2-т зааснаар Ш.Ц.З ХХК-аас үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөр төлөхийг шаардах эрхтэй.
4. Үйлдвэрлэлийн ослын улмаас нас барсан ажилтны ар гэрт 36, түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөр олгохоор дээрх хуульд заасан.
4.1. Нэхэмжлэгч нь Ц.М өдрийн 50,000 төгрөгийн цалинтай ажилласан гэж тайлбарласан ба уг тайлбарыг хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд буюу Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн *** дугаар шийтгэх тогтоол, шүүх хуралдааны тэмдэглэл, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авсан гэрч С.Т , О.Ж , Ч.Э , Ч.С нарын мэдүүлгүүд, хариуцагчийн тайлбар зэрэгтэй харьцуулж үзэхэд уг нөхцөл байдал тогтоогдоогүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлаа баримтаар нотлоогүй байна.
Анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдсан Б.Б гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдаагүй тул уг дүгнэлт үндэслэлгүй. Харин гэрч Ш.Ц.З ХХК-ийн талбайн инженер С.Т ын 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн мэдүүлэгт ...өдрийн 50,000 төгрөгийн цалинтай... гэсэн боловч 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ч.Э талийгаач өдөр бүр 50,000 төгрөгийн цалин авдаг уу гэсэн асуултад үгүй гэж хариулсан, эдгээрийг харьцуулахад хоорондоо зөрүүтэй, энэ талаар хэрэгт өөр баримт авагдаагүй тул гэрч С.Т ын мэдүүлгийг нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй байна.
Хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан баримтууд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны баримт учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан шаардлагад нийцнэ. Иймээс эдгээр баримтыг мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлэх боломжтой.
4.2. Зам тээврийн осол 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр гарах үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөг байсан нь нийтэд илэрхий үйл баримт тул 36 сараар тооцоход үйлдвэрлэлийн ослын нөхөн төлбөрт 15,120,000 төгрөг тооцогдох үндэслэлтэй. Уг үнийн дүнгээс хариуцагчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Мөнгө өгсөн баримтын дагуу 5,000,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дансаар шилжүүлсэн 3,000,000 төгрөг, нийт 8,000,000 төгрөгийг хасч, 7,120,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 7,120,000 төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 183/ШШ2024/01382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.2-д заасныг баримтлан хариуцагч Ш.Ц.З ХХК-аас 7,120,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Ж д олгож, нэхэмжлэлээс үлдэх 30,680,00 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын 7.1.2 гэснийг 7.1.1 гэж, 56.1 гэснийг 56.2 гэж, 346,950 төгрөгийг гаргуулж гэснийг 128,870 төгрөгийг гаргуулж гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 33,746 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА