Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2024/02165

 

 

 

 

 

 

2024 12 13 210/МА2024/02165

 

 

Р ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04641 дугаар шийдвэртэй,

Р ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБТЗ-д холбогдох

2016 оны 05 сарын 01-ний өдрийн ***** ******г түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 130,000,000 төгрөг болон засвар, тохижилтын зардалд нийт 1,436,102,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн *** тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн *** магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн *** тогтоолоор УБТЗ- ХНН-ийн Худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний төвийн дарга Д.Б- нь Р ш- ХХК-ийн захирал Д.М-ыг залилан мэхэлсэн нь тогтоогдсон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагаа Д.Б-ийн саналын дагуу Р ш- ХХК-ийн захирал Д.М- нь ***** ******г худалдан авч байгаа гэж ойлгон түрээсийн төлбөр буюу сарын 5,000,000 төгрөгийг 2016 оны 05 сараас 2018 оны 07 сар хүртэлх 26 сараар тооцон 130,000,000 төгрөгийг төлсөн тул 130,000,000 төгрөгийг гаргуулахаар өөрчилсөн.

******н түрээс нь 2013 оны 06 сарын 01-ний өдрөөс 2016 оны 04 сарын 01-ний өдрийн хооронд 149,870,000 төгрөг, ашиглалтын зардал 20,424,027 төгрөг, нийт 170,924,027 төгрөгийг, мөн ** байрны дэлгүүрийн түрээс 2016 оны 03 сарын 01-ний өдрөөс 2018 оны 06 сарын 30-ны өдрийн хооронд 138,000,320 төгрөг, ашиглалтын зардал 44,374,626 төгрөг, нийт 182,694,626 төгрөгийг, мөн ** дэлгүүрийн түрээс 2014 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 07 сарын 01-ний өдөр хүртэл 32,400,000 төгрөг, ашиглалтын зардал 13,964,611 төгрөг, нийт 33,964,611 төгрөгийг тус тус төлсөн. Эдгээр төлөлтийн нийт дүн 386,953,964 төгрөг төлснийг буцаан гаргуулахаар шаардаж байгаа.

1.2. Дээрх объектуудыг засч тохижуулахад гарсан зардлаас *****зооринд 178,690,000 төгрөг, ** байрны дэлгүүрт 68,312,790 төгрөг, ** дэлгүүрийн засварын зардлын тайлангаар 82,107,800 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд эдгээр нь 329,110,590 төгрөг болсон. Манайхаас 2023 оны 05 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 716,110,590 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Түрээсийн зүйлийг засч тохижуулахтай холбоотой үйл ажиллагааны талаар шинжээч томилсон бөгөөд шинжээчийн дүгнэлтээр 589,992,000 төгрөгийн тохижилтын ажил хийгдсэн гэсэн дүгнэлт гарсан. Иймд хариуцагчаас нийт 1,436,102,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай байгууллагаас нэхэмжлэгчид 2014 оноос эхлэн өөрийн эзэмшлийн объектуудыг түрээслүүлж эхэлсэн ба 2014 оны 09 сарын 15-ны өдөр дээрх 3 объект тус бүрийг тусад нь гэрээ байгуулж байсан. Түрээслэгч түрээсийн зүйлийг гэрээнд заасны дагуу ашиглаагүй гэж үзэн түрээсийн гэрээг цуцалсан. Хэрэгт энэ талаархи 3 шатны шүүхийн шийдвэр авагдсан. Тэгэхээр нэхэмжлэлийн талаархи үйл баримт хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хэлэлцэгдээд хэрэгсэхгүй болсон учраас энэ үндэслэлээр буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан байдал тогтоогдож байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах үндэслэлийг үүгээр гаргаж байна.

2.2. Түрээсийн гэрээ байгуулахад УБТЗ-ыг төлөөлж гэрээ байгуулсан Д.Б- хууран мэхэлсний улмаас түрээсийн төлбөрт төлж байсан 130,000,000 төгрөгийг гаргуулна гэжээ. Эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолд Д.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулсан нь түрээсийн гэрээний харилцаатай огт холбоогүй. Д.Б- нь нэхэмжлэгчтэй албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө өгч авалцсан үйлдэл нь өнөөдөр хэлэлцэгдэж байгаа түрээсийн гэрээ, засвар, тохижилт, түүнтэй холбоотой зүйлтэй огт холбогдолгүй гэж шүүх шийдвэрлэсэн. Монгол Улсын дээд шүүхээс энэ талаар шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Иймээс нэхэмжлэгч засан сайжруулалт, тохижилтын ажлын төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар Р ш- ХХК-ийн нэхэмжлэлтэй, УБТЗ-д холбогдох 2016 оны 05 сарын 01-ний өдрийн ***** ***** түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, түрээсийн төлбөрт шилжүүлсэн болон засварын зардал нийт 1,436,102,590 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,794,762 төгрөгийг төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт нэхэмжлэгч 2016 оны 05 сарын 01-ний өдөр байгуулсан ***** ***** түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцсон шийдвэр байхгүй гэж маргасан ч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр ***** ******н гэрээг түрээслүүлэгч УБТЗ- нь 2017 оны 06 сарын 01-ний өдрөөс цуцлах үндэслэлтэй, Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3, 295 дугаар зүйлийн 295.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн зүйлийг хариуцагчийн эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй гэж дүгнэжээ. Зохигчдын хооронд үүссэн түрээсийн гэрээ, түрээсийн төлбөр, засварын зардалтай холбоотой маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй, түрээсийн гэрээний харилцаа, үүрэг дуусгавар болсон нь тогтоогдож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Үйл баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал дахин нотлохгүй гэж заасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний харилцааны үүрэг дуусгавар болсон, нэхэмжлэгчийн шаардах эрх үндэслэлгүй тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.

Нэхэмжлэгч нь 2019 оны 11 сарын 01-ний өдөр "Р ш-" ХХК болон УБТЗ ХНН-ийн хооронд 2016 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** ******г түрээслэх гэрээг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хийсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, ***** ******н түрээсийн төлбөр 130,000,000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлагаа 2023 оны 05 сарын 17-ны өдөр ***** *****, ** дэлгүүр, ** дэлгүүрийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд төлсөн 716,110,590 төгрөгөөр, 2025 оны 05 сарын 28-ны өдөр шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 589,992,000 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Шүүгч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн **** шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг өмнө нь шүүх тогтоосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан зааснаар дахин нотлохгүй гэснийг үндэслэжээ. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага бол хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах байсан бөгөөд хүчин төгөлдөр гэрээг цуцлах, гэрээний зүйлийг чөлөөлөхөд хамааралгүй. Өмнөх шүүхийн шийдвэрээр тогтоосон гээд байгаа гэрээг цуцлах, гэрээний зүйлийг чөлөөлөх асуудал нь гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэх үндэслэл болгодог, харин хууран мэхэлж хийсэн хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл учраас гэрээгээр тохирсон эрх үүрэг зөрчигдөх, гэрээний харлцаа дуусгавар болох асуудал байхгүй болно. Иймээс шүүх Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасныг үндэслэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх ёстой бөгөөд хууран мэхэлж хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагын хүрээнд нотлох баримтыг үнэлж, Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн үйл баримт болсон эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Бодит үйл баримтын хувь "Р ш-" ХХК болон УБТЗ ХНН-ийн хооронд хийгдсэн түрээсийн гэрээг УБТЗ ХНН-ийн **** *******ны төвийн дарга Д.Б- залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэж хийсэн хуурамч гэрээ болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 сарын 16-ны өдрийн 2022/ШЦТ/*** тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн *** магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн *** тогтоолоор тогтоогдсон. Шүүх хариуцагчийн төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагч талаас Д.Б-т эрүүгийн хариуцлага оногдуулсан нь түрээсийн гэрээний харилцаатай огт хамааралгүй гэсэн. Д.Б- нь өөрийн нэрийн өмнөөс биш УБТЗ ХНН-ийг төлөөлж гэрээ байгуулах явцдаа Д.М-д ***** ******г зарах гэж байгаа чи худалдаж ав гэж худлаа хэлж түрээсийн гэрээг байгуулсан. Хүсэл зоригийн хувьд түрээсийн гэрээ ч биш худалдах, худалдан авах гэрээ байсан. Нэхэмжлэгч "Р ш-" ХХК-ийн захирал Д.М- нь УБТЗ ХНН-ийн нэхэмжлэлээр хэрэг үүсэн хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед энэ гэрээг хууран мэхэлж хийсэн талаар ярьж хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэл бий болж байгааг мэдэж гэрээний нөгөө талыг эрүүгийн журмаар шалгуулах гомдлыг Цагдаагийн байгууллагад гаргасан учраас Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4 дэх хэсэгт заасанд хамаарахгүй. Мөн Эрүүгийн хэргийн шүүхийн тогтоолыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулахаар гаргасан хүсэлтийг Монгол Улсын дээд шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал биш гэрээ хуурамч гэж тогтоогдсон баримтгүй гэсэн болохоос Д.Б- гэдэг хүн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө авалцсан үйлдэл нь түрээсийн гэрээ, засвар, тохижилттой холбоотой зүйлтэй холбогдолгүй байна гэсэн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй. Гэрээг хууран мэхэлж хийснийг шүүх тогтоогоогүй гэсэн ойлголт. Байгууллагаа төлөөлж хийсэн гэрээ нь хууран мэхэлсэн үйлдэл болоод ирэхээр байгууллагад хамааралгүй болно гэж байхгүй. Эрүүгийн шүүхээр хууран мэхэлсэн үйлдэл тогтоосон учраас уг үйлдлээр хийгдсэн гэрээ нь хуурамч болохыг тогтоолгох гэж нэхэмжлэл гаргасан. Өмнө нь шүүх хуурамч гэрээ гэж тогтоосон бол шүүгч нэхэмжлэлд дурьдсан үйл баримтыг өмнө нь тогтоогдсон гэж үзэх ёстой. Гэтэл өмнө нь гэрээ цуцалж, гэрээний зүйл чөлөөлсөн болохоос хуурамч гэсэн ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байхад ийм дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн зүгээс эрүүгийн хэргийн тогтоолыг үндэслэж Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасныг баримталж давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. 2017 оны 08 сарын 15-ны өдрийн 2286, 2017 оны 12 сарын 25-ны өдрийн ***, 2018 оны 07 сарын 16-ны өдрийн ****, 2018 оны 07 сарын 30-ны өдрийн *** дугаартай шийдвэрүүд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн **** дугаартай тогтоолуудаар Р ш- ХХК-ийн УБТЗ- ХНН-ийн ***** *****, ** дэлгүүр, ** дэлгүүрүүдтэй холбоотой маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байдаг. Анхан шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримталж, урьд нь шүүхээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Монгол Улсын Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг доод шатны шүүхүүд дагаж мөрдөнө гэж зохицуулсан. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг баримталсан анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Р ш- ХХК нь хариуцагч УБТЗд холбогдуулан 2016 оны 05 сарын 01-ний өдрийн ***** ***** түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, түрээсийн төлбөрт төлсөн 130,000,000 төгрөг болон засвар, тохижилтын зардалд нийт төлсөн 1,436,102,590 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, Р ш- ХХК-д түрээслүүлсэн объектуудын гэрээг манайх цуцалсан, эдгээр гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг 3 шатны шүүхээр тогтоосон бөгөөд манай байгууллагыг төлөөлж гэрээ байгуулсан Д.Б- эрүүгийн хариуцлага хүлээсэн нь түрээсийн гэрээний харилцаанд хамааралгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн 11 дугаар шийдвэрээр УБТЗ, Р ш- ХХК нарын хооронд үүссэн ***** *****, **, **-р дэлгүүрийн байрыг түрээслэх гэрээнүүдийг цуцалж, түрээсийн төлбөр, ашиглалтын зардал гаргуулах болон түрээсийн зүйлийг чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, түрээслэсэн объектод хийсэн засварын зардал 149,928,800 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ.

Тус шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 09 сарын 15-ны өдрийн 14/2-53 тоот ***** ***** түрээслэх гэрээ, мөн 2015 оны 05 сарын 01-ний өдрийн 15/2-36 тоот ** дэлгүүрийг түрээслэх гэрээ, мөн 2015 оны 03 сарын 01-ний өдрийн ** дэлгүүрийг түрээслэх гэрээнүүд хүчин төгөлдөр болохыг дүгнэж, ***** ***** болон ** дэлгүүрийг Р ш- ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж, Р ш- ХХК-ийн 149,928,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн ***  магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн **** тогтоолоор хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Энэхүү нөхцөл байдал хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон бөгөөд энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

4. УБТЗ-ын **** *******ны төвийн даргаар ажиллаж байсан Д.Б- нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж тус нийгэмлэгийн эзэмшлийн ***** ******г худалдана хэмээн хуурч мэхлэн Д.М-аас 30,000,000 төгрөг авсан үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хүлээж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 сарын 24-ний өдрийн *** шийтгэх тогтоолоор Д.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар ял шийтгэжээ. Уг тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 сарын 06-ны өдрийн *** магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 11 сарын 23-ны өдрийн *** тогтоолоор тус тус хэвээр үлдээж, хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "Түрээслүүлэгч УБТЗ-ыг төлөөлж түрээслэгч Р ш- ХХК-тай дээрх ***** ***** болон **, **дэлгүүрүүдийг түрээслүүлэх гэрээг байгуулсан Д.Б- нь албан тушаалын байдлын урвуулан ашиглаж түрээслүүлсэн ***** ******г худалдана гэж Р ш- ХХК-ийн захирал Д.М-ыг хууран мэхэлж 30,000,000 төгрөг авсан нь талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан хууран мэхэлж хийсэн хэлцэлд тооцуулах үндэслэлтэй гэж тодорхойлжээ.

5.1. Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хууран мэхэлсэн гэдэгт хэлцлийн нөгөө тал санаатайгаар хэлцэл хийх үндэслэлд хамаарах нөхцөл байдлын талаар худал хэлэх, худал мэдээлэл өгөх, эсхүл мэдэгдэх ёстой нөхцөл байдлын талаар мэдэгдээгүй байхыг ойлгоно. Хэрэгт авагдсан түрээсийн гэрээнүүдэд нэг талаас УБТЗ нь ***** ***** болон **, **дэлгүүрүүдийг түрээслүүлэх, нөгөө талаас Р ш- ХХК нь уг объектуудыг түрээслэх талаарх талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, гэрээнүүд бодитой хэрэгжсэн байна.

5.2. Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2022 оны 11 сарын 23-ны өдрийн ***дугаар тогтоолд ...хохирогч Д.М-ын удаа дараагийн үйлдлээр шүүгдэгч Д.Б-т өгсөн нийт 30,000,000 төгрөг нь түүний УБТЗ- нийгэмлэгийн эзэмшлийн ***** ***** болон бусад обьектыг түрээслэн эзэмшиж байсан үйл баримттай холбоотой иргэний хэргийн маргаанд хамааралгүй байна гэж дүгнэсэн байна.

Тодруулбал Д.Б-ийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Р ш- ХХК-ийн захирал Д.М-аас 30,000,000 төгрөг авсан үйлдлийг зохигчийн хооронд байгуулагдсан ***** *****, **, ** дэлгүүрийн байрыг түрээслэх гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдалд хамааралгүй болохыг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр дүгнэжээ.

5.3. Мөн нэхэмжлэгч Р ш- ХХК нь Д.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг үндэслэл болгон Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 сарын 25-ны өдрийн ** шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 сарын 02-ны өдрийн ** магадлал, Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 06 сарын 19-ний өдрийн **** тогтоолыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.2-т заасны дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн 2022 оны 03 сарын 07-ны өдрийн ** тогтоолоор хангахаас татгалзжээ.

Энэхүү тогтоолд ...Д.Б-ийн гэм буруутайг тогтоож, ял шийтгэл ногдуулсан үйл баримтыг тогтоосон эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэр нь иргэний хэргийн буюу УБТЗ болон Р ш- ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг цуцлахтай холбоотой маргаанд шинэ нөхцөл байдлыг тогтоосон баримт болохгүй..., мөн 2016.05.01-ний өдрийн түрээсийн гэрээ нь уг маргааныг шийдвэрлэх явцад хэрэгт авагдсан байсан ба энэ гэрээг хуурамч гэж тогтоогдсон баримтгүй байна гэж тус тус дүгнэжээ.

Иймд зохигчийн хооронд 2016 оны 05 сарын 01-ний өдөр байгуулагдсан ***** ***** түрээслэх болон **, ** дэлгүүрийн байрыг түрээслэх гэрээнүүд хүчин төгөлдөр бөгөөд уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Нэхэмжлэгч нь зохигчийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түүний үр дагаварт 1,436,102,590 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь үндэслэлгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв. Харин ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлаагүй тул шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, мөн хэргийг хэрэгсэхгүй болгосныг залруулна.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулан, шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 сарын 03-ны өдрийн 102/ШШ2024/04641 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч УБТЗ-д холбогдуулан гаргасан Р ш- ХХК, УБТЗ нарын хооронд 2016 оны 05 сарын 01-ний өдрийн ***** ***** түрээслэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, түрээсийн төлбөр, засвар, тохижилтын зардалд төлсөн 1,436,102,590 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Р ш- ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7,794,762 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЭНЭБИШ