Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2019/ШЦТ/55

 

                                                                                                                                                                                                                                                                             

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.*******д холбогдох эрүүгийн 1904000620053 дугаартай хэргийг 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            З.Ганцоож

 Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

 Шүүгдэгч                                                 Н.******* нар оролцов.

 

Монгол улсын иргэн, 1989 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, эцэг болон 4-12 насны 3 хүүхдийн     хамт Улаанбаатар хотын ******* дүүргийн 1 дүгээр хороо, *******ын 84 дүгээр гудамжны 11а тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД:*******/

       

Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Н.******* нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 17 цагийн орчимд Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төмөр замын өртөөний байранд хохирогч Г.*******д “МВ” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс тус бүрийг 30.000 төгрөгөөр нийт 60.000 төгрөгөөр худалдан авсан / / 100 мл, // 100 мл хэмжээгээр савласан 2 ширхэг үнэртэй уснуудын хайрцаг дээр хэвлэгдсэн баркодыг өөрийн гар утсандаа татаж суулгасан “QR scanner” гэх нэртэй баркод зургаар уншигч программыг ашиглан уншуулж “жинхэнэ доллараар худалдаалагддаг бүтээгдэхүүнийг хямдхан зарж байна, нилээн хямдруулаад хоёуланг нь нийлүүлээд 200.000 төгрөгөнд өгнө, дээр нь бэлгэнд уруулын будаг 2 ширхэг, ком нүүрний тос, гуужуулагч шингэн, крем зэрэг эд зүйлсийг бэлгэнд өгнө” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж худалдан борлуулсны улмаас 200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Н.*******гийн шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...Би үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг ориг гэж худлаа ярьж 200.000 төгрөгөөр зарсан нь үнэн. Би МВ дэлгүүрээс 2 ширхэг үнэртэй усыг 60.000 төгрөгөөр, 3 ширхэг нүүрний тосыг 45.000 төгрөгөөр, гуужуулагчийг 1.800 төгрөгөөр, уруулын будаг 1.500 төгрөг, шингэн саван 8.000 төгрөг, крем 3.500 төгрөгөөр тус тус худалдаж авсан. Эдгээр  бүтээгдэхүүнийг доллораар зардаггүй. Би утасныхаа Play store цэснээс, QR баркод уншуулдаг программыг дээрх гоо сайхны бараа бүтээгдэхүүний баркодыг уншуулах зорилгоор татаж авсан. Би тухайн үед ийн утас ашиглаж байсан. Өөрийн үйлдэлдээ гэмшиж байна дахин ийм зүйл хийхгүй. Би хохирогчид 200.000 төгрөгийг нь буцааж өгсөн...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч Г.*******ын мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Багануур өртөөн дээр жижүүртэй байсан бөгөөд тухайн өдөр гэдэг хүнтэй хамт ажиллаж байсан. Орой 17 цаг өнгөрч байхад манай өртөөн дээр 30 орчим насны эмэгтэй хүн ганцаараа орж ирээд гоо сайхны бүтээгдэхүүн үнэртэй ус сонирхох уу гэхээр нь би эрэгтэй ус үзье гэсэн чинь нэртэй үнэртэй ус үзүүлсэн. Тэгээд уг үнэртэй усыг худалдаж авах гэсэн чинь эмэгтэй үнэртэй ус байна энийг авбал нилээн хямдруулаад хоёуланг нь нийлүүлээд 200.000 төгрөгт өгнө гэсэн. Дээр нь бэлгэнд уруулын будаг 2 ширхэг, ком нүүрний тос, гуужуулагч, шингэн крем зэрэг зүйлсийг өгнө гэж хэлэхээр нь би 200.000 төгрөгийг данс руу нь шилжүүлээд дээрх эд зүйлсийг авсан. Тэр эмэгтэй гар утсан дээрээ баркод уншдаг аппликейшн татчихсан байсан бөгөөд тэр аппликейшнээрээ зарж байгаа бараануудынхаа баркодыг уншуулахаар барааных нь зураг гарч ирж байсан. Тэгээд энэ бүтээгдэхүүн ямар ч асуудалгүй орги бүтээгдэхүүн гэж хэлж байсан ба мөнгө шилжүүлж авч байгаа дансыг манай найзын данс гэж хэлж байсан. Худалдаж авсан үнэртэй уснуудаа задалж өөрийнхөө төрсөн эгчээсээ гар утсаараа залгаж асуусан чинь шинж байдлаараа хуурамч үнэртэй ус юм биш үү гэхээр нь ус зарсан эмэгтэйн дугаарын утас руу залгасан чинь миний гар утсыг авахгүй таслаад байсан. Тэр эмэгтэй өөрийнхөө гар утсан дээрх аппликэйшнээрээ баркодыг уншуулж харуулахад уг барааны зураг, доллараар бичигдсэн үнэтэйгээ гарч ирж байхаар нь би итгээд ямар нэртэй байсныг нь ч анзаарч хараагүй. Ямар ч байсан доллараар гарч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12/,

Мөрдөн байцаалтад гэрч Б.ын мэдүүлсэн: “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр би Багануур өртөөн дээр хамт ажилд гарч байсан. Тухайн үед миний туслах жижүүрээр ******* ажиллаж байсан бөгөөд бид хоёрыг ажил дээрээ сууж байтал 17 цагийн үед гаднаас нэг 30 орчим насны эмэгтэй орж ирээд ******* бид хоёрт гоо сайханы бараа зарна гээд үзүүлсэн. Тэгээд бид хоёр уг барааг үзэж байгаад ******* гоо сайханы бараануудаас нь 200.000 төгрөгөөр бараа худалдаж авсан. ******* 200.000 төгрөгөөр мобайл банкаар данс руу нь шилжүүлсэн. Тэр эмэгтэй бараануудыг *******д зарахдаа оргинал бүтээгдэхүүн гэж яриад байх шиг байсан ба ганцаараа явж байсан. *******д бараа бүтээгдэхүүн үзүүлж байхдаа гар утсаараа нөгөө бараануудынхаа баркодыг уншуулаад энийг хараарай, зураг үнэ нь шууд гарч ирж байна, энэ оргинал бүтээгдэхүүн гэж харуулаад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,

Мөрдөн шалгах туршилт хийсэн “яллагдагч *******гийн Samsung маркийн гар утасны Play store-оос Bar code уншдаг аппликейшн хайлгаж өөрийнх нь хэрэглэж байсан гэх QR scanner гэсэн бичиглэл бүхий аппликейшнийг татуулж “” гэх нэртэй тамхины хайрцаган дээр Bar code-г уншуулж үзэхэд автоматаар Google accountruu шилжиж эссээ тамхины зураг 18 доллар гэсэн үнэлгээтэй хамт харагдаж байлаа” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/

Шүүгдэгч Н.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэлгүй” гэх ял шалгах хуудас /хх-н 41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-н 46/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 47/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэгт гэм буруу болон эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэргийн үйл баримт, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараахь дүгнэлтийг гаргаж шийдвэрлэлээ.  

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

 Шүүгдэгч Н.******* нь 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 17 цагийн үед Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төмөр замын өртөөний байранд хохирогч Г.*******д “МВ” нэртэй гоо сайхны бүтээгдэхүүн зардаг дэлгүүрээс тус бүрийг 30.000 төгрөгөөр нийт 60.000 төгрөгөөр худалдан авсан / / 100 мл, // 100 мл хэмжээгээр савласан 2 ширхэг үнэртэй уснуудын хайрцаг дээр хэвлэгдсэн баркодыг өөрийн гар утсандаа татаж суулгасан “QR scanner” гэх нэртэй баркод зургаар уншигч программыг ашиглан уншуулж “жинхэнэ доллараар худалддаг бүтээгдэхүүнийг хямдхан зарж байна, нилээн хямдруулаад хоёуланг нь нийлүүлээд 200.000 төгрөгөөр өгнө, бэлгэнд нь уруулын будаг 2 ширхэг, ком нүүрний тос, гуужуулагч шингэн, крем зэрэг эд зүйлсийг өгнө” гэх зэргээр хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж худалдан борлуулсны улмаас бусдад 200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “Би үнэртэй ус, гоо сайхны бүтээгдэхүүнийг ориг гэж худлаа ярьж 200.000 төгрөгөөр зарсан нь үнэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Г.*******ын “манай өртөөн дээр 30 орчим насны эмэгтэй хүн ганцаараа орж ирээд 2 ширхэг үнэртэй усыг 200.000 төгрөгөөр зарна, бэлгэнд нь уруулын будаг 2 ширхэг, ком нүүрний тос, гуужуулагч, шингэн крем зэрэг зүйлсийг өгнө гэж хэлсэн. Надад өөрийнхөө гар утсан дээрх  аппликэйшнээрээ үнэртэй усныхаа бар кодыг уншуулж харуулахад уг барааны зураг, доллараар бичигдсэн үнэтэйгээ гарч ирж байхаар нь би итгээд би 200.000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн” талаарх мэдүүлэг /хх-н 9-12/, гэрч Б.ын “******* бид хоёрыг ажил дээрээ сууж байтал 17 цагийн үед гаднаас 30 орчим насны эмэгтэй орж ирээд ******* бид хоёрт гоо сайхны бараа зарна гээд үзүүлсэн. *******д бараа бүтээгдэхүүн үзүүлж байхдаа гар утсаараа нөгөө бараануудынхаа баркодыг уншуулаад энийг хараарай, зураг үнэ нь шууд гарч ирж байна, энэ оргинал бүтээгдэхүүн гэж харуулаад байсан. ******* гоо сайханы бараануудаас нь 200.000 төгрөгөөр бараа худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-н 15-16/, Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь тус хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үнэлэв.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Н.******* нь гэм буруугийн талаар маргаагүй, түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Г.*******, гэрч Б. нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Залилангийн гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субъектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг ба уг гэмт хэргийн арга нь хуурамч байдлыг зориудаар бий болгож, худал амлах, төөрөгдүүлэх гэх зэрэг аргаар үйлдэгддэг.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг дүгнэвэл шүүгдэгч Н.******* нь хохирогч Г.*******д өөрийн гар утсандаа татаж суулгасан “QR scanner” гэх нэртэй bar cod зургаар уншигч программыг ашиглан үнэртэй ус зарахдаа “жинхэнэ доллараар худалддаг оргинал бүтээгдэхүүн” гэж хуурч, төөрөгдөлд оруулан хохирогчийн эд хөрөнгийг залилсан нөхцөл байдал хангалттай тогтоогджээ.

Н.*******гийн “Би МВ нэртэй дэлгүүрээс хямдхан авсан гоо сайхны бүтээгдэхүүнээ утсан дээрээ суулгасан “QR bar cod уншдаг программ ашиглан дээрх бараануудаа оргинал гэж хэлээд зарсан” гэсэн мэдүүлгээс үзэхэд тэрээр амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор өөрийн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй ханджээ.      

Иймд Н.*******гийн үйлдэл нь залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчид 200.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Н.******* нь хохирогчид 200.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хавтаст хэргийн 11 дүгээр талд байгаа хохирогч Г.*******ын “хохирлын мөнгө болох 200.000 төгрөгийг бэлнээр авсан болохоор гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Н.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Н.*******д “урьд ял шийтгэгдэж байгаагүй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг болон 4-12 насны 3 хүүхдийн хамт амьдардаг” зэрэг хувийн байдлууд тогтоогдсон болно.

 

Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан 200.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн торгох ял оногдуулах саналтай мэтгэлцээгүй ба прокурорын шатанд торгуулийн ялыг зөвшөөрсөн байна. Иймд прокурорын саналыг харгалзан шүүгдэгч Н.*******д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь шүүхэд торгуулийн ялыг хэрхэн төлөх талаар санал дүгнэлт гаргаагүй байх тул уг торгуулийн ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1; 8; 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.
  3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар уг торгуулийн ялыг шүүхийн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг Н.*******д мэдэгдсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.*******д мэдэгдсүгэй.
  5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, уг тогтоол хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.******* нь гэмт хэргийн улмаас учруулсан 200.000 төгрөгийн хохирлыг хохирогч Г.*******д төлж барагдуулсан болохыг дурдсугай.
  7. Н.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА