| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2024/02877/И |
| Дугаар | 210/МА2024/01489 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01489
2024 07 24 210/МА2024/01489
И.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/03002 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч Г.М д холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 2,132,434.74 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Зээлдэгч Г.М нь манай компанитай 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр L00300457 дугаар Цахим зээлийн эрх нээх гэрээг байгуулсан. Г.М гийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу Pocket аппликейшний 7702563603 дугаартай зээлийн дансанд 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,173,000 төгрөгийн зээл олголтыг хийсэн. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.3 дахь хэсэгт ББСБ-аас санал болгох зээлийн хугацаа нь 14 хоног, 30 хоног, 60 хоног болон бусад гэсэн сонголттой байх ба зээлдэгч зээл авах тухай бүрд зээлийн хугацааг өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн сонгоно хэмээн заасан. Г.М нь зээлийн хугацааг 30 хоног байхаар сонгож, зээлээр олгосон мөнгийг өөрийн Цахим покетын дансанд хүлээн авсан.
Зээлдэгч нь эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, шимтгэлийг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөс эхлэн гэрээний үүргээ зөрчсөн тул зээлийн төлбөр төлөх талаар утсаар болон мессежээр, түүний хувийн аппликейшн дэх цэс рүү мэдэгдэл хүргүүлсэн боловч төлөөгүй.
Г.М гээс 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар үндсэн зээл 1,172,999.41 төгрөг, шимтгэл 44,000 төгрөг, үндсэн хүү 749,112.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,822.55 төгрөг, нийт 2,115,934.74 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон нотариатын зардал 16,500 төгрөгийг нийт 2,132,434.74 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлээс 1,173,000 төгрөгийг төлнө. Бусад хэсгийг зөвшөөрөхгүй. Учир нь зээл аваад төлөх боломжит хүүгээ төлсөн тул одоо хүү төлөх боломжгүй. Зээл аваад хэдэн төгрөгийн төлбөр төлснөө санахгүй байна. 47,240 төгрөгийг гэрээ сунгахдаа өгсөн байх гэж бодож байна. Аппликейшн руу орж чадахгүй байгаа болохоор харж чадахгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Г.М гээс 1,174,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 958,434.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 49,069 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 32,726 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт Хүү тооцох зээлийн гэрээг бичгээр байгуулж тодорхой хувь заасан байх учиртай, мөн хариуцагч нь зээл олгоход хэдэн хувийн хүүтэй байсан талаар мэдэхгүй гэж тайлбарласан. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэг талын санаачилгаар хүүгийн хэмжээг тогтоосон байна гэжээ.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасны дагуу зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг хугацаанд нь төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлээ эргүүлэн төлөх хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
Талуудын байгуулсан Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3-т зааснаар хариуцагч нь гэрээ байгуулагдсанаар зээл олгогчтой цаашид Аппликейшн /покет/-ээр дамжуулан харилцана гэдгээ бүрэн ухамсарлаж байсан. Түүнчлэн гэрээний үндсэн дээр зээл олгогчоос санал болгож буй аливаа үйлчилгээ, зээлийн бүтээгдэхүүний нөхцөлийг сайтар уншиж танилцан, бүрэн ойлгосны дараа зөвшөөрөх үйлдэл хийсэн байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний 2.4.1-т Үндсэн хүүгийн хэмжээ нь сарын 5.0% хүртэл байх ба зээл олгогчоос тухай бүр шинэчлэн баталсан журмын дагуу аппликейшний зээл авах хэсэгт Зээлдэгчид танилцуулсан байна гэж заасны дагуу зээлдэгч өөрийн бүртгэлтэй аппликейшнээр зээл авах бүртээ тухайн зээлийн нөхцөлөө бүрэн харах боломжтой бөгөөд үндсэн хүүгийн хэмжээг хүлээн зөвшөөрснөөр дараагийн үйлдлээ хийж өөрийн харилцах дансанд зээл хүлээн авдаг. Гэрээний 2.4.4-т заасны дагуу зээлийг эргэн төлөх хугацаанд нь төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн 20%-тай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү тооцохыг хариуцагч өөрийн бүртгэлтэй аппликейшний зээлийн нөхцөл хэсгээс харагдах ба хэдэн хувийн хүүтэй байсан талаар мэдэхгүй гэж тайлбарласан нь түүний үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй.
4.2. Зээлийн шимтгэлийг хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байгаа үндэслэлийн тухайд. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5, 6.6 дахь хэсэгт банк, эрх бүхий хуулийн этгээд харилцагчаас зөвхөн гэрээнд тусгасан шимтгэл, хураамжийг авах, шимтгэл, хураамжийг үндэслэлтэй тогтоох, үүнд банк бус санхүүгийн байгууллагын хувьд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавихаар заасан.
Цахим зээлийн эрхийн гэрээний 2.4.3-т Зээлийн шимтгэл нь сарын 8 хувь хүртэл дүнгээр аппликейшнд тооцоологдсон дүн байна гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас найдвартай системийн үйл ажиллагаа бүхий программ хангамжаар цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч зээл авах үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн үйлчилгээний төлбөрт төлүүлэхийг шаардаж байгаа болно.
4.3. Нотариатын зардлын тухайд. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2011 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Нотариатын үйлчилгээний хөлс зардал, хэмжээг батлах тухай 123 дугаар тушаалын хавсралтад баримт бичгийн хуулбарыг гэрчлэхдээ нүүр тутмаас 1,000 төгрөгийн үйлчилгээний хөлс авна гэж заасны дагуу хариуцагчтай байгуулсан гэрээний хуулбарыг гэрчлэхдээ нүүр бүрийн үнийг тооцож авсан болно. Хэрэв гэрээ хэлцэлтэй холбогдсон баримт бичиг гэж үзсэн бол 5,000 төгрөгөөр тооцож авах байсан. Мөн хэрэгт дан ганц гэрээний хуулбар байгаагүй ба хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг мөн нотариатаар гэрчлүүлсэн. Ингэхдээ хөлсийг 2,500 төгрөгөөр тооцож нийт 16,500 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан төлбөрийн баримтаар тогтоогдоно.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагч нь давж заалдах гомдолд тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч И.Х ББСБ ХХК нь хариуцагч Г.М д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2,132,434.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч үндсэн зээл 1,173,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, бусад хэсгээс татгалзжээ.
3. И.Х ББСБ ХХК болон Г.М нарын хооронд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээл олгогч И.Х ББСБ ХХК нь цахим зээлийн үйлчилгээний нөхцөлийн дагуу зээлдэгчид цахим зээлийн эрх нээх, зээлдэгчийн хүсэлтийн дагуу цахимаар зээл олгох, зээлдэгч нь Г.М нь авсан зээлийг түүний хүү, шимтгэлийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэн. Уг гэрээ хүчин төгөлдөр байна.
4. Нэхэмжлэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний дагуу 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 1,173,000 төгрөгийн зээлийг хариуцагчид олгосон талаар зохигч маргаагүй.
5. Нэхэмжлэгч нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх үндсэн зээл 1,172,999.41 төгрөг, шимтгэл 44,000 төгрөг, үндсэн хүү 749,112.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,822.55 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардаж, тооцооллыг зээлийн дансны хуулганд тусгажээ.
5.1. Хариуцагч нь зээл 1,173,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бусад хэсгийг төлөхөөс татгалзсан байна.
5.2. Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.1-д Үндсэн хүүгийн хэмжээ сарын 5.0% хүртэл байх ба Зээл олгогчоос тухай бүр шинэчлэн баталсан журмын дагуу Аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид тодорхой харуулна, 2.4.4-т ...нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нь үндсэн хүүгийн 20% байна гэж тус тус заасан байх ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд зээлийн хүү сарын 3.5 хувь гэж тайлбарласан.
Түүнчлэн талууд гэрээний 3.2.2-т Зээлдэгч нь Зээлийн нийт төлбөрийг эргэн төлөх хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн үргэлжлэх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж харилцан тохиролцжээ.
Хариуцагч нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг гардаж авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй тул түүнийг мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно гэж зааснаар дээрх хүү, нэмэгдүүлсэн хүү, тэдгээрийн тооцооллыг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэнэ. Үүний зэрэгцээ хариуцагч нь үндсэн зээлээс бусад хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн агуулга бүхий тайлбарыг анхан шатны шүүх хуралдаанд гаргасанд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй байна.
Иймээс талуудыг Цахим зээлийн эрх нээх гэрээний 2.4.1-д зааснаар Зээл олгогчийн журмын дагуу аппликейшнээр дамжуулан зээлийн хүүний хэмжээг сарын 3.5 хувиар тооцохоор тохиролцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.
5.3. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар үндсэн зээл 1,172,999.41 төгрөг, хүү 749,112.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,822.55 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардах эрхтэй.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан зээлийн шимтгэл 44,000 төгрөгийн талаар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт нийцүүлэн зөв дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь шимтгэлийг найдвартай системийн үйл ажиллагаа бүхий программ хангамжаар цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч зээл авах үйлчилгээг түргэн шуурхай үзүүлсэн үйлчилгээний төлбөр гэж тодорхойлсон ба гэрээний 2.4.3-т зааснаар шимтгэлийг сарын 8 хувь хүртэл гэж тогтоосон үндэслэл тодорхойгүй, мөн хариуцагчийн зээлд ямар тооцоогоор 44,000 төгрөг шимтгэлд тооцогдсон нь мөн тодорхойгүй байна.
7. Түүнчлэн нотариатын зардал 16,500 төгрөгийн үндэслэлийг нэхэмжлэлд тодорхой тусгаагүй, анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ...Манайх шүүх рүү шилжүүлж байгаа харилцагч нараа 3 сард нэг удаа нэхэмжлэл гаргадаг. Тэгэхээр нотариатаар батлуулахдаа нийтэд нь шилжүүлдэг гэсэн тайлбар гаргаснаас үзэхэд, уг хохирол Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нотлогдоогүй байна. Харин хариуцагчаас нотариатын зардалтай холбоотой хохиролд 1,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй тул талуудын зарчмын дагуу тус шийдлийг хэвээр үлдээнэ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү 749,112.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 149,822.55 төгрөгт холбогдох хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчилж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШШ2024/03002 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 1,174,000 гэснийг 2,072,934.74 гэж, 958,434.74 гэснийг 59,500 гэж, 2 дахь заалтын 32,726 гэснийг 48,117 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 31,873 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Д.ЗОЛЗАЯА