Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2019/ШЦТ/56

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1904000870059 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                              Б.Баттуяа

Улсын яллагч                                               Б.Оюунцэцэг

Хохирогч                                                  *******

Шүүгдэгч                                                  ******* нар оролцов.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19… оны .. дугаар сарын ..-ны өдөр ... аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин мэргэжилтэй, мал малладаг, ам бүл .., хадам ах, эхнэр .. хүүхдийн хамтаар .. оршин суух Ш- овгийн ******* ******* /РД:................/.

           Прокурорын үйлдсэн яллах дүгнэлтэд: ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Замчин хэсгийн 3 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн амьдардаг гэрт гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч *******г өшиглөх, галын төмөр хайчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож биед нь зулайд язарсан шарх гэмтэл үүсгэж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд

              Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт байх хөдөө гэртээ байж байхад Улаанбаатар хотоос 17 цагийн үед манай найзууд болох Ш-, Э-, М- эхнэр 2 хүүхдийн хамт ирсэн. Оройн 20 цагийн үед найзуудтайгаа хамт 3 шил 0.75 литр хэмжээтэй архи уугаад тасарчихсан байсан. Би Багануур дүүргийн 3 дугаар хороо Замчины 3-8 тоот гэртээ ирж эхнэртэйгээ маргалдаж муудалцсан талаар санахгүй байна. Тэр өдөр гаднаас согтуу орж ирээд эхнэртээ уурлаж байгаад галын хайчаар толгой руу нь цохьсон талаар эхнэр надад хэлсэн. Би эхнэрээсээ уучлалт гуйж бид эвлэрсэн. Би урьд нь эхнэртээ гар хүрч зодож байгаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-н 46, 47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

              Хохирогч *******ийнн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Замчины 3-8 тоотод байх гэртээ хүүхдүүдтэйгээ хамт амарч байхад шөнийн 02 цагийн үед манай нөхөр гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд би алхаж ирлээ гээд чанга чанга дуугараад байхаар нь би айгаад гэрээсээ гараад хажуу айл руу орсон. Манай нөхөр хажуу айлын хаалгыг тогшоод манай эхнэр байгааг мэдэж байна, хаалгаа тайлаад өгчих эртхэн амармаар байна гэхээр нь би айлаас гараад хамт гэртээ орсон. Би урьд нь хүний машин мөргөчихөөд нөхөртөө хэлээгүй байсан юм. Гэтэл манай нөхөр тэр явдлыг хуурай дүүгээсээ сонссон байсан. Тэгээд намайг юм нууж хэлсэнгүй гэж уурлаж байснаа галын хайчаар миний толгой хэсэг рүү цохиж миний толгойг хагалсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 28-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/,

              Гэрч Б.******* өгсөн: “...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шөнийн 02 цаг өнгөрч байхад манай ээжийн дүү ******* манай хаалгыг цохиод эхнэрээ асуухаар нь байхгүй гэж хэлсэн. Тэгсэн чинь манай хажуу талын Замчины 3-9 тоотод байдаг айлын гэрийн хаалгыг нүдээд байсан. Тэгээд удалгүй эхнэрээ тэр айлаас гаргаад ирэх шиг болсон. Тэгээд гэртээ ороод орилолдоод байсан. Би айгаад байсан болохоор орж чадаагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/

              Гэрч ******* өгсөн: “...тухайн шөнө гэртээ унтаж байхад 02 цагийн үед манай хаалгыг хүн тогшсон. Тэгээд хаалгаа тайлж өгтөл манай хажуу айлын О- гэх эмэгтэй утсаа өгч байгаач дүүтэйгээ ярих гэсэн юм гээд манайд орж ирээд удаагүй байхад нөхөр нь ирээд эхнэрээ авах гэсэн юм гээд О- манайхаас гараад явсан. О- манайхаас гарахдаа манай нөхөр ууртай байгаа элдэв юм болвол манайх руу ороод ирээрэй гэж хэлсэн. Тэгээд унтах гээд хэвтэж байхад хүн орилох чимээ гарахаар нь цагдаад дуудлага өгчихөөд *******ийн гэр рүү ороход О-гийн толгойноос цус гарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуудас/

              Хэрэг учралын газрын үзлэгийн үед үйлдсэн гар схем зураг /хх-н 3-р хуудас/

              Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 4-8-р хуудас/

              Аюулын зэргийн үнэлгээ “...Бага...” гэсэн маягт /хх-н13-14/

              Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н16-19/

              Эд мөрийн баримтаар тооцох тухай “... урт нь 38 см, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 23 см урт, бариул хэсгийг гар аргаар гагнаж хийсэн төмөр хадаасаар тогтоосон хуучирсан хүрэн өнгөтэй, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй галын хайчийг эд мөрийн баримтаар тооцсугай...” гэсэн мөрдөгчийн тогтоол /хх-н 22-р хуудас/

              Эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 23-24-р хуудас/

              Шинжээч эмчийн 09шэ/104 дугаартай “…*******гийн биед зулайд язарсан оёдолтой шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. /Шинэ гэмтэл/ Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/

 Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...ял шийтгэлгүй...” гэх хуудас /хх-н 61-р хуудас/

  Иргэний үнэмлэхний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлгүй тухай лавлагаа  /хх-н 56-59-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

 Улсын яллагчаас “…Шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “...Би гэм буруугаа хүлээж байна. Ял шийтгэлийн хувьд тохиролцсон торгуулийн 1.000.000 төгрөгийг хэсэгчлэн төлөх хүсэлттэй байна...“ гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Шүүгдэгч ******* нь 2019 оны 04 дүгээр сарын 29-нөөс 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг шилжих шөнийн 03 цаг 30 минутын орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр, Замчин хэсгийн 3 дугаар гудамжны 8 тоот хашаанд байрлах өөрийн амьдардаг монгол гэрт хамтран амьдрагч *******г өшиглөх, галын төмөр хайчаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож зулайн баруун дээд хэсэгт 5х0,2см язарсан шарх гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн талаархи бодит байдал нь прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тогтоосон хэргийн байдалтай нийцжээ.

Хэргийн үйлдлийг нотолж байгаа баримтуудыг шалгахад мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан үүргийг сануулж, хуульд заасан шаардлагын дагуу авсан, гэрч хохирогч нарын мэдүүлгийн агуулга зөрүүгүй төдийгүй хэргийн бодит байдлыг гүйцэд тодорхойлсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан ба хохирогчийн биед үзлэг хийж гэмтлийг тогтоосон тул үндэслэл нь тодорхойлогджээ.

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын үед гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр давхар батлагдсан. Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.

******* нь гэмт үйлдэлдээ санаатай хандсан болох нь хохирогчтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн хэсэгт язарсан шарх гэмтэл учруулсан үйлдлээр нь тогтоогдсон.

Энэ үйлдлийн улмаас хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол нь хөнгөн хохирол болох нь шинжээчийн “…*******гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн 09шэ/104 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч *******ийн үйлдэл нь *******гийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу хүний эрүүл мэндийн халдашгүй эрхийг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэсэн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлж, 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “…хамтран амьдрагч...” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ******* нар гэр бүлийн харилцаатай болох нь нотлогдож байгаа тул *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн субъект гэж үзэж хэргийг зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутай гэж дүгнэлээ. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч нь хэргийн үйлдэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нь батлагдаж байна.

              Хохирогчийн “хохирол төлбөр авсан, одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн “…эхнэртэйгээ эвлэрсэн, хохирол төлбөр байхгүй…” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэхээр байна.

Шүүгдэгч ******* нь учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нь 38 см, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 23 см урт бариул хэсгийг гар аргаар гагнаж хийсэн төмөр хадаасаар тогтоосон хуучирсан хүрэн өнгөтэй, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй галын хайчийг шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь хохирогч шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул хуульд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар байна.

Шүүгдэгч, хохирогч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө өмгөөлөн оролцох тухай хүсэлт гаргасаныг тэмдэглэе.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгүүд,  36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Ш- овгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ш- овгийн ******* *******ийг нэг мянган /1000/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая /1.000.000/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар торгох ялыг 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг ялтан *******эд мэдэгдсүгэй.
  4. Хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн урт нь 38 см, ажлын хэсэг нь 15 см, бариул хэсэг нь 23 см урт, бариул хэсгийг гар аргаар гагнаж хийсэн төмөр хадаасаар тогтоосон хуучирсан хүрэн өнгөтэй, үйлдвэрлэсэн улс тодорхойгүй галын хайчийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. *******эд холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг  тус тус мэдэгдсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулж бичгээр гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
  9. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ         А.БЯМБАЖАВ