Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2024/02085

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 12 02 210/МА2024/02085

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Гандиймаа, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/04338 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: *******

Хариуцагч: *******

Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 4,442,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байршилтай орон сууцны дээрээс 2023 оны ******* сарын 20-ны өдөр тус байрны 47 тоотоос ус алдаж, их хэмжээний хохирол учруулсан. Бүх өрөөний хана, таазны эмульс обой хууларч, гэрэлийн цахилгааны монтаж гэмтэж шатсан. Бүх өрөөний паркетан шалд зай завсар гарч, овон товон болж хууларсан. Мөн зарим нэг цахилгаан хэрэгслүүд шатсан. Хохирлын үнэлгээг албан ёсны газраар үнэлүүлсэн. Иймд надад учирсан хохирол 4,442,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 2023 оны ******* сарын 20-ны өдрийн өглөө 06:20 цагийн үед *******ийн гэрийн үүдний хэсгийн хаалтын цаана байрлах халуун усны босоо шугам гэнэт задарч, ус алдаж эхэлсэн. Улмаар ОСНААУГ-т дуудлага өгсөн ба энэ хугацаанд ус алдсаар байсан. 2 цаг орчмын дараа слесарь ирж доод хонгил руу орж усыг хаасан. Усыг нь хаагаад *******ийг ...2 метр труба олж ир гэсний дагуу барилгын дэлгүүрээс авч, задарсан шугам засагдсан.

2.2 Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.7, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар *******ийн орон сууцны үүдний хэсэгт, хаалтын цаана байрлах шугам задарсан бөгөөд энэ шугам нь хонгилоос дээшээ 5 дугаар давхар хүртэл явж буй халуун усны шугамд хамаарна. Энэ нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарах тул хариуцах эзэн нь Орон сууцны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт тус тус зааснаар тухайн орон сууцны сууц өмчлөгчдийн холбоо, эсхүл мэргэжлийн байгууллага юм. ******* нь Орон сууцны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлсэн.

2.3 Мөн ******* нь тухайн орон сууцанд 1979 оноос хойш амьдарч байгаа ба энэ хугацаанд дээрх задарсан шугам хоолой огт засварлагдаж, солигдож байгаагүй. ******* тухайн орон сууцны өмчлөгч нь биш тул хариуцагчаар татагдвал зохих этгээд нь биш. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:

3.1 Хариуцагч тал хохирлыг нь төлөх үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн слесарь нь удаан ирснээс болж нэхэмжлэгчид хохирол учирсан байна гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

4.1 Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс гэм хорын хохиролд 4,442,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,670 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 85,670 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож шийдвэрлэсэн.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1 Анхан шатны шүүх 1980 оноос хойш орон сууцны засвар үйлчилгээ хийгээгүй гэх хариуцагчийн тайлбарыг үндэслэн түүнийг дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй,Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.4 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Уг заалт дахь г дэх засвар үйлчилгээ хийх зорилгоор нэвтрэн орохыг зөвшөөрөх гэх зохицуулалтыг орхигдуулж, зөвхөн нэхэмжлэгчийн хувьд ашигтай байдлаар тайлбарласан. Хэвийн байдлыг хангах гэдэг нь засвар үйлчилгээ хийх гэсэн ойлголт биш. Харин хэвийн байгаа байдлыг нь алдагдуулахгүй, хөндөхгүй байх, засвар үйлчилгээ хийх ёстой бусад этгээдийг нэвтрүүлэх ёстой гэсэн ойлголт.

5.2 Нөгөөтэйгүүр, ус алдсан халуун усны шугам нь хариуцагчийн орон сууц доторх хананы цаана байрладаг, хонгилоос дээш 5 дугаар давхар хүртэл үргэлжилсэн босоо шугам. Аливаа этгээд гэртээ засвар үйлчилгээ хийхдээ өөрийн гэр рүү салаалсан шугам сүлжээнд засвар үйлчилгээ хийнэ. Харин бусад оршин суугчдын хэрэглээний усыг дамжуулж буй, гэрийнх нь хананы цаана дайран өнгөрч буй шугамд хэсэгчлэн засвар үйлчилгээ хийх үүрэггүй.

5.3 Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсгийг үндэслэсэн нь хариуцагчид хамааралгүй зохицуулалт. Ус алдсан шугам нь СӨХ-ны засвар үйлчилгээ хийж байх үүргээ биелүүлээгүйтэй холбоотой. *******ийн хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас ус алдсан үйл баримт болоогүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

6.1 Тухайн орон сууцны дундын өмчлөлийн шугам буюу 5 давхрын босоо шугамаас гарсан шугамыг ******* хариуцах ёстой. Учир нь, тухайн байрны 5 давхрын босоо шугамаас гадагш гарсан шугамыг хариуцагч сольсон гэж үзсэн бөгөөд энэ бүхэлдээ *******д хамаардаг. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 4,442,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. 2023 оны ******* сарын 20-ны өдөр хариуцагч *******ийн оршин суух, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, 47 тоот хаягт байрлах орон сууцны харалдаа хананы цаана байрлах хэрэглээний халуун усны босоо шугам цоорсны улмаас ус алдаж, нэхэмжлэгчийн өмчлөлийн, Чингэлтэй дүүрэг, ******* хороо, ******* хороолол, ******* байр, ******* хаягт байрлах орон сууцанд ус нэвтэрсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

3.1 ******* ОНӨААТҮГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-6-ын 2023 оны ******* сарын 26-ны өдрийн 20 дугаар, мөн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн Техникийн комиссын дүгнэлт-ээр 47 тоот орон сууцны халуун усны хэрэглээний шугам цоорсны улмаас ус алдсан шалтгааныг тогтоосон байна. /хх 5, 50/ Түүнчлэн, талууд дээрх үйл баримтын талаар маргаагүй.

4. Анхан шатны шүүх хариуцагчийг орон сууцны дангаар өмчлөх хэсэгт байгаа дундын өмчлөлийн зүйлийн хэвийн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

4.1 Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэгт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар Орон сууцны дээвэр, доод хонгил, халаалт болон халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалт хүртэл, цахилгаан оролтын самбар хүртэл холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэл, шалны +0.00 тэмдэгтээс дээшхи бохир усны шугам сүлжээ, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг дундын өмчлөлийн зүйлийн засвар үйлчилгээ, даатгал болон холбогдох бусад зайлшгүй зардлыг санхүүжүүлэхэд сууц өмчлөгчийн оролцох хэмжээг тодорхойлохдоо сууц эзэмшигчийн дангаар өмчлөх талбайг, тухайн орон сууцны байшингийн дангаар өмчлөх өмчлөлд байгаа нийт талбайд харьцуулан гаргана гэж заасан.

4.2 Дээрх хуульд зааснаар орон сууцны халуун, хүйтэн усны удирдах зангилааны анхны хаалтаас орон сууц руу орсон хэсгийн хэвийн байдлыг тухайн орон сууцны оршин суугч буюу хариуцагч хариуцна. Харин түүнээс гадагш буюу орон сууцнаас гарсан хэсгийг оршин суугч хариуцахгүй. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны халуун усны босоо шугам нь далд шугамд хамаарах тул хариуцагч түүний хэвийн байдлыг хангах боломжгүй. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар тухайн халуун усны босоо шугам нь орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгөд хамаарахаар байна.

Иймд хариуцагчийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учруулсан байдал тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэг хариуцагчид үүсэхгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон нэхэмжлэгчид учирсан хохирлын хооронд шалтгаант холбоо хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хорын хохиролд 4,442,000 төгрөгийг шаардах эрхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг анхан шатны шүүх шийдвэртээ тусгасан нь Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсэгт нийцсэн байна. Иргэдийн төлөөлөгч дүгнэлтдээ хариуцагчийн гэм бурууг тайлбарлаагүй байх тул дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2024/04338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул *******д холбогдох, гэм хорын хохиролд 4,442,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 85,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

М.БАЯСГАЛАН