| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 181/2024/00296/И |
| Дугаар | 210/МА2024/01491 |
| Огноо | 2024-07-24 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 210/МА2024/01491
2024 07 24 210/МА2024/01491
Б.Э ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч Б.Э ын нэхэмжлэлтэй
Хариуцагч М.Д.Т ХХК-д холбогдох
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Сайханбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. Миний бие ***сервис ХХК-аас 2008 онд ажлаас халагдах үед орон сууцны үнийг 50% хөнгөлж үлдэгдэл төлбөр 18,600,000 төгрөгийг 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх шийдвэр гарсан. Ингээд 2008 оны 12 дугаар сард М.Д.Т ХХК-д ажилд орохдоо орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 18,600,000 төгрөгийг ***сервис ХХК-д шилжүүлүүлж орон сууцаа өөртөө үлдээхэд том дэмжлэг үзүүлсэн. М.Д.Т ХХК-ийн тавьсан болзлын дагуу орон сууцны гэрчилгээг компанийн нэр дээр шилжүүлсэн. Тус компанид үр бүтээлтэй 3 жил ажиллавал орон сууцыг бэлэглэх аман шийдвэр гаргасан тул би М.Д.Т ХХК-д болон түүний хараат компаниудад 2008-2016 оны 03 дугаар сар хүртэл 8 жил тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан. 3 жил ажиллаад орон сууцаа өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлт тавихад гэрчилгээ зээлийн барьцаанд тавигдсан байгаа сулрахаар амалсны дагуу шилжүүлнэ гэсэн. Жил бүр энэ асуудлаа тавьж байсан боловч барьцааны асуудал шийдэгдээгүй. 2020 оноос М.Д.Т ХХК-ийн үйл ажиллагаа доголдож зогссоноос хойш холбогдох боломжгүй байсаар өнөөдрийг хүрсэн.
1.2. 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Эд хөрөнгө битүүмжлэх тухай 23420883/12 тоот тогтоолыг хүлээн авлаа. Тогтоолд дурдсан орон сууцны гэрчилгээ М.Д.Т ХХК-ийн нэр дээр байгаа ч тус компанийн өмчлөлийнх биш, иргэн Б.Э миний өмчлөлийн орон сууц юм. Тус орон сууц нь М.Д.Т ХХК-ийн барьцааны багцад орж барьцаалагдсан.
1.3. Тус орон сууцанд миний бие 2007-2015 онд, 2015 оноос өнөөдрийг хүртэл миний том хүү Э.С эхнэр 2 хүүхдийн хамт амьдарч байна. 16 жил амьдарсан орон сууцаа өөрөөс хамаараагүй шалтгаанаар алдах нөхцөл байдал үүссэн. М.Д.Т ХХК-ийн удирдлагатай шийдвэр гүйцэтгэгчээс өгсөн утсаар холбогдоход барьцааны багцаас тусад нь шийдвэрлүүлэх боломж, гаргалгаа гарвал надад шилжүүлэх асуудлыг дэмжихээ илэрхийлсэн. Энэ мэдэгдэл нь хууль бус учир намайг Баянгол дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, *** орон сууцны 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа эрхийн улсын бүртгэлийн *** дугаартай, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** байр, *** тоот хаягтай үл хөдлөх эд хөрөнгийг 2018 онд ***сервис ХХК-аас шилжүүлэн авсан. Тухайн үед Б.Э амьдардаг байсан ба үлдэгдэл төлбөр болох 18,600,000 төгрөгийг төлөөд өгвөл танай компанид тогтвор суурьшилтай сайн ажиллая гэдэг санал тавьсны дагуу уг мөнгийг ***сервис ХХК-д төлж М.Д.Т ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авсан. Үл хөдлөх эд хөрөнгийг Б.Э ын нэр рүү шилжүүлж өгөх нь манай үүрэг байсан ба ямар нэгэн гэрээ болон тушаал, шийдвэр байхгүй, амаар харилцан тохиролцсон юм. Б.Э нь 8 жил тогтвортой сайн ажилласан боловч манай компанийн зүгээс уг үл хөдлөх эд хөрөнгийг түүний нэр рүү шилжүүлж амжилгүй өнөөг хүрээд байгаа болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Э ын Баянгол дүүрэг, *** хорооны нутаг дэвсгэрт байрлах, ***орон сууцны *** м.кв талбайтай 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Э ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 343,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдол, тайлбарын агуулга:
2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 26/5 орон сууцны 31 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны жинхэнэ өмчлөгчөөр тогтоолгоход хариуцагч М.Д.Т ХХК-тай хийсэн ажлын үр дүнг үнэлсэн, тухайн ажлын байрны гүйцэтгэл байсаар атал мөн түүнийг хариуцагч хүлээн зөвшөөрч байхад бэлэглэлийн гэрээ гэж үзсэн. Гэвч тухайн үеийн хэргийн бодит нөхцөл байдал нь өөрийн ажиллаж байсан байгууллагаас дараагийн байгууллагад шилжин ажиллахдаа ажлын үр дүнгээр орон сууцыг хангалттай үнээр худалдаж авсан байдаг. Гэвч энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүхээс бэлэглэлийн гэрээ гэж үзэж байгааг эс зөвшөөрч шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах гомдлыг гаргаж байна. Гомдлыг хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч М.Д.Т ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргажээ.
3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...***сервис ХХК-д ажиллахдаа оон сууцыг эзэмшилдээ авсан, 2008 онд М.Д.Т ХХК-тай харилцан тохиролцсоноор орон сууцны үнийн үлдэгдэл төлбөр 18,600,000 төгрөгийг ***сервис ХХК-д төлүүлж, 3 жил тогтвор суурьшилтай ажилласан боловч барьцаанд тавьсан шалтгаанаар хариуцагч өмчлөх эрхийн гэрчилгээг шилжүүлж өгөөгүй гэж тайлбарлажээ.
3.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн боловч орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлын талаар хэрэгт баримт авагдаагүй байна.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт буюу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай баримтат мэдээлэл тодорхой бус байгаа нөхцөлд зохигч, төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулж, нэхэмжлэгчээс тодруулах боломжтой.
3.2. Энэ тохиолдолд нэхэмжлэгчээс 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг гуравдагч этгээдээр оролцуулах тухай хүсэлт гаргасныг шүүх тодруулалгүйгээр хангахгүй орхисныг буруу гэж дүгнэнэ. Учир нь хариуцагчаас орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг тогтооход тухайн хүсэлт ач холбогдолтой байж болохоор бөгөөд шүүх зохигчдод Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн зохицуулалтын агуулгыг үндэслэлтэй тайлбарлаж, талуудыг мэтгэлцээнд чиглүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг оролцуулснаар хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой ямар нөхцөл байдал хэрхэн тодорхой болохыг талуудаас шүүх тодруулах ажиллагааг хийгээгүй байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй, хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/01930 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 343,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ШҮҮГЧИД Т.БАДРАХ
Д.ЗОЛЗАЯА