Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2019/ШЦТ/61

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.И-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201601070222 дугаартай хэргийг Улсын дээд шүүхээс 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                                Б.Баттуяа     

 Улсын яллагч                                                 Б.Буяндэлгэр

 Шүүгдэгч                                                     Л.И- нар оролцов.

 

           Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 19_ оны .. дугаар сарын ..-ны өдөр.. аймгийн .. суманд төрсөн, эрэгтэй, ..настай, эрэгтэй, дээд боловсролтой, .. ажилтай байсан, ам бүл .., эхнэр .. насны .. хүүхдийн хамт, .. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, А- овгийн Л-ийн И- /РД:............../

 

Нийслэлийн Багануур дүүргийн прокуророос:

            Яллагдагч Л.И-ыг ..............ээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-ад цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслыг хийхдээ түүний нарийн гэдсийг хагалгааны багажаар түлсний улмаас хагалгааны дараа нарийн гэдэс цоорч, хэвлийн хөндийн тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогод орсны улмаас өвчтөн нас барсныг тогтоож эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ердийн журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлжээ.

Шүүхээс Л.И-т холбогдох хэргийн талаархи шүүхийн хэлэлцүүлгийг  явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг хэлэлцүүлэв.  Үүнд:

            Шүүгдэгч Л.И-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 15-нд Багануурын Эрүүл мэндийн төвд мэс заслын эмчээр ажиллаж байхдаа өвчтөн М-ын цөсний хүүдийг чулуутай нь авах мэс заслыг дурангаар хийсэн. Цөсний хүүдий нь чулуугаар дүүрсэн байсан. Цөсний хүүдийд сэмж наалдсан байсныг салгасан, цөсний хүүдий цоорч чулуу асгарсан тохиолдол гарсан тул чулууг түүж авсан  Мэс засалд зохих ёсны бүрэлдэхүүн орж зохих ёсоор хийгдсэн. Гэвч мэс заслын дараа хүндрэл гарсан. Хүндрэлийн улмаас өвчтөн нас барсан. Нас барсан шалтгааныг нарийн гэдсийг нь багажаар хайрч түлснээс цоорч гэдэсний агууламж асгарч хордлогод орсон гэж үзээд байна. Дурангийн мэс заслын үед дурангаар энгийн нүднээс 35 дахин томсгож хардаг. Мөн хагалгаанд хэрэглэсэн багажуудаас зөвхөн дэгээ л халдаг. Элэгнээс цөсний хүүдийг салгахдаа фидал дээр гишгэж халаагаад дуусмагц халахаа больдог багаж юм. Иймд өөр эрхтэнг хайрах боломжгүй. Хагалгаа хийсний нөгөөдрөөс гуурсаар цөсний шүүс гарсан байсан тул цөсний сувагт тавьсан хавчаарыг тавигдсан байх гэж үзээд шинжилгээ бүрдүүлж рентген болон ЭХО-д харуулсан. Гэвч өвчтөнд хүндрэл үүссэн тул 3-р шатлалын эмнэлэгт яаралтай хүргэсэн. Тухайн үед гэмтэл үү, үрэвсэл үү гэдгийг тогтоох боломжгүй байсан. Өвчтөн М-ад дурангийн хагалгаа хийхээс хэд хоногийн өмнө 4-5 хүнд тэр багажаар дурангийн мэс засал хийсэн.  Би 2005 онд эмчийн мэргэжлээр төгсөөд 2007 онд мэс заслын эмч болсон…” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            Хохирогч Э.Д-гийн “…Миний нөхөр М-ын цөс нь 2016 оны 8 дугаар сарын 10-наас эхлэн өвдсөн. Багануур дүүргийн эмнэлэгт цөс гэж оношлогдоод цөсний чулууг авах мэс засалд орсон. 8 дугаар сарын 15-ны өдөр 11 цагт мэс засалд орж 16 цагт мэс заслын өрөөнөөс гарсан. Наалданги ихтэй тул салгах гэж удлаа гэж эмч И- хэлсэн. 17-ны шөнийн 01 цагт бие нь муудсан гэж И- эмч дуудаад 03 цагт 1-р төв эмнэлэгт хүргэгдэж 07 цагт очсон. Тэр өдрөө мэс засалд ороход И- эмчийг авч орсон. Хагалгаанаас А- эмч гарч ирээд “гэдэс нь цоорсон байна, тэр хэсгийг тайраад цэвэрлэгээ хийчихлээ, сэхээний өрөөнд оруулна” гэсэн. 2016 оны 8 дугаар сарын 18-ны өглөө эмч нуруунд нь  үхжилт явагдсан байна гээд дахин хагалгаанд орсон. Эрчимт эмчилгээ хийж эхэлсэн боловч 18-наас 19-нд шилжих шөнө нас барсан…” гэжээ. /1-р хх-13, 213  дахь тал/

              Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр жижүүр хүлээж авахад мэс заслын эмч И- дурангаар цөс авахуулах хагалгаа хийлгэсэн биеийн байдал дунд, зовиур шаналгаа багатай, амин үзүүлэлт тогтвортой өвчтөн М-ыг хүлээлгэж өгсөн. 22 цагийн үед тасгаар үзлэг хийхэд М- тайван унтаж байсан. Үзлэгээр даралт, зүрхний цохилт, амин үзүүлэлт хэвийн байсан. 17-ны 01 цагт өвчтөн М- гэдэс дүүрч цанхайна, доош юм гарахгүй, гуурсны хажуугаар шар шүүс гарч зовиурласан байсан. Цөс аваад үлдсэн хэсэг дээр нь тавьсан хавчаар тавьсан байж болзошгүй гэсэн онош тавиад И- эмчид мэдэгдэхэд 01 цаг 10 минутад ирээд өөрөө үзэж 1-р төв эмнэлэгт яаралтай шилжүүлье гэсэн шийдвэр гаргасан. Өвчтөнд цусны шинжилгээ хийлгэхэд 02 цаг 41 минутад хариуг авахад үрэвслийн шинж байхгүй байсан…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 229-230 дугаар хуудас/

              Гэрч Л.А-гийн мөрдөн байцаалтад өгсөн:  “….Д.М-ын биеийн байдал хүнд, шокийн байдалтай хагалгааны дараах хэвлийн хөндийн түгээмэл үрэвсэлтэй ирсэн. Хагалгаа хийхэд нарийн гэдэс цоорсон байсан…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-21 дүгээр хуудас/

              Гэрч С.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “…Талийгаач Д.М- нь хүнд хордлогын байдалтай ирсэн. Хордлогын байдал гэдэг нь шингэн эрдэс дутсан, ам нь хуурайшиж омголтсон байсан. Хагалгааны дараах хэвлийн гялтантас /хэвлийн гялтан хальсны үрэвсэл/ гэсэн онош тавьж хагалгаа хийж хэвлийг нээхэд бага зэргийн сул шингэнтэй, нарийн гэдэс нэг газарт 0,5 см  онгойсон байдалтай байсан. Хэдийд цоорсныг мэдэхгүй…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 24 дүгээр хуудас/

              Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын тасагт Д.М- цөсний чулуу авахуулах хагалгаанд төлөвлөгөөт байдлаар төлөвлөгдөж байгаад хагалгаанд орсон. Хагалгааг мэс заслын эмч И-, Батзаяа нар хийсэн байгаа. Мэс заслын дараах хүндрэл, халдвар оношоор Улаанбаатар хот руу хүргэгдэж Улсын клиникийн нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Манай эмнэлэгт хоёр хоносон, Улаанбаатар хотод 1 хоносон. Уг хагалгаан дээр мэс заслын эмч И-ын мэдлэг чадвар дутагдсанаас болж хүндрэл гарсан харамсалтай тохиолдол гэж үзэж байна. Манай эмнэлэг 2 дугаар шатлалын эмнэлэг болохоор эмч нараа мэргэшүүлж, хагалгааг хийх боломжтой ямар нэгэн зөвшөөрөл, эрх авах шаардлагагүй. 2016 оны 8 сард Солонгос улсаас мэс заслын эмч нар ирж дурангийн мэс заслын хагалгааг 4 хүнд хийсэн. Тэр үед нь манай эмч И-, Батзаяа, Шинэбаяр нар цуг орж байсан.  Тэгээд уг дурангийн хагалгааны багажийг манай эмнэлэгт бэлэглэсэн. Талийгаач М-ад Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн мэс заслын эмч И-, Батзаяа, Шинэбаяр нар нь анх удаа дурангийн мэс заслыг хийсэн…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 18, 19 дүгээр хуудас/

              Гэрч Б.Л-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “…талийгаач М- ээлжийн амралттай байсан. Тэгээд цөсний чулуу авахуулах хагалгаа хийлгэх гэж эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдсэн. Хагалгаанд ороод маргааш нь бие нь муудаад хот руу явах гэж байгаа гэдгийг сонссон. Улаанбаатар хотод очоод тэр шөнөдөө бүр их муудсан гээд эхнэр Д- нь утсаар ярьсан. Хагалгааны хүндрэлээс болж нас барсан гэж сонссон…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 31 дүгээр хуудас/

              Гэрч Ц.Б-гийн мөрдөн байцаалтад өгсөн: “…талийгаач М- нь олон эрхтний дутагдлаар нас барсан байсан. Эмгэг судлалын шинжилгээг хийхэд талийгаач М-ын нарийн гэдэсний дунд хэсэгт хөндлөнгөөр залгасан мэс заслын оёдол бүтэн залгаастай байсан. Миний ойлголтоор шарх байгаад цоорсон байж магадгүй…”  гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 25-р хуудас/

              Багануурын эмнэлгийн мэс заслын тэмдэглэлд “…Д.М-ад хүйсний дээр 2 см зүслэг хийж үечлэн нээж трокар оруулан дурандаж аюулхайд 1ш, баруун сүврэгцэд 2ш трокар оруулан цөсний хүүдийг шалгахад сэмж цөсний хүүдийд эргэн тойрон нягт наалдац үүссэнийг салгаж цөсний цоргыг ялган үлдэх талд 2ш авах талд 1ш клип тавьж тайрав. Цөсний хүүдийг гох дэгээгээр шарж салгав. Цөсний хүүдийг хэвлийгээс гаргах үед цоорч чулуу хэвлийд тарсныг цэвэрлэж түүж авав. Хэвлий элэг орчмыг угааж цэвэрлэн гуурс тавьж хагалгааг дуусгаад хэвлийг хаав…” гэжээ. /2-р хх-185-186 дахь тал/

              Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэл, эмгэг судлалын шинжилгээний протоколд “…2016 оны 8 дугаар сарын 17-ны 14 цаг 10 минутад яаралтай журмаар мэс засал эхэлсэн, нарийн гэдэсний дунд хэсэгт 0,3х0,3 гэдэс цоорсон, баас гарч байсан, цоорсон гэдсийг тайрч дунд У залгалт хийсэн…” гэжээ /1-р хх-164,168 дахь тал/

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн М.Энхбаяр, М.Туяа, Г.Батцэцэг нарын бүрэлдэхүүнтэй /2016 .11. 04-ний өдрийн/ шинжилгээний

  1. Д.М-ын цөсний хүүдийг авах дурангийн мэс засал хийхдээ цөсний хүүдийг хэвлийгээс гаргах үед цөсний хүүдий цоорч агууламж нь хэвлийн хөндийд асгарснаас цөсний гаралтай хэвлийн гялтангийн үрэвсэл үүсч улмаар нарийн гэдэс цоорч хүндрэн үжил болж олон эрхтэний дутагдлаар нас барсан байна.
  2. Талийгаач М-ын биед ямар нэгэн гэмтэл, шарх  тогтоогдохгүй байна
  3. И- эмч техникийн алдаа гаргасан байна. Энэ нь эмчийн дадлага туршлага дутсантай холбоотой техникийн алдаа болно УНТЭ-ийн эмч нар талийгаачид эмнэлгийн тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлсэн байна. гэсэн 1316 дугаартай дүгнэлт  /1-р хх-46 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Ганболд, Ө.Сарангэрэл, О.Ганбат, С.Эрдэнэ, В.Маслов нарын бүрэлдэхүүнтэй дахин /2017. 01.16-ны өдрийн / шинжилгээний

  1. Талийгаач М-ын нарийн гэдэс гэмтсэний улмаас хэвлийн хөндийн баасан гялтантас үүсч нас баржээ
  2. Талийгаач М-ад эмчлэгч эмч И-, жижүүр эмч Б- нарын онош тавьсан 2018 оны 8 сарын 16-ны өдрийн үзлэг, шинжилгээгээр хагалгааны заалт хараахан гараагүй байжээ.
  3. Дурангийн аргаар цөсний хүүдий авах хагалгааны үед нарийн гэдэс цоорох магадлал бага. Харин түлэгдэж хайрагдсан нарийн гэдэсний хана хагалгааны дараах эрт үед цоорсон байж болно
  4. Багануур дүүргийн Эрүүл мэндийн төв нь 2-р шатлалын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй учир дурангийн мэс заслыг хийнэ.
  5. Цөсний хүүдийг дурангаар авах мэс заслын үед техникийн алдаа гаргаж нарийн гэдсийг гэмтээсэн байна” гэсэн 53 дугаартай дүгнэлт  /1 дүгээр хх-ийн 250 дугаар хуудас/

              Шүүх эмнэлгийн Б.Ундармаа, Б.Ариунзул, Долгормаа, Ш.Цэцэгмаа, Ж.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй /2017.10.09-ны өдрийн/ давтан шинжилгээний:

  1. 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаартай шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй байна.
  2. Талийгаач Д.М- нь нарийн гэдэс гэмтэж цоорсны улмаас хэвлийн хөндийд тархмал баасан гялтантас, гялтангийн арын зайн идээт үрэвсэл үүсч ерөнхий хордлогот орсноос нас баржээ.
  3. Эмч И-, Б- нар дурангийн мэс засал хийхдээ эмчилгээ үйлчилгээний стандарт, дүрэм заавар зөрчөөгүй байна.
  4. Багануур дүүргийн ЭМТ нь 2 дугаар шатлалын эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхтэй учир дурангийн мэс засал хийнэ.
  5. 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 1316 дугаар дүгнэлт үндэслэлгүй байна. 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 53 дугаар шинжээчдийн дүгнэлт үндэслэлтэй байна. Цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед нарийн гэдсийг багажаар түлж хайрснаас болж гэдэс цоорсон байх боломжтой байна” гэсэн 1025 дугаартай дүгнэлт /3 дугаар хх-ийн 112 дугаар хуудас/

              Шинжээч Ц.Ганболдын “…би 53 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. 1316 дугаартай дүгнэлтийн цөсний агууламж асгарснаас үрэвсэл үүссэн гэсэн дүгнэлттэй санал нийлээгүй. Цөс асгарснаас нарийн гэдэс цоорохгүй, харин цөсний гаралтай үрэвсэл үүсдэг. Харин эмч И-ыг техникийн алдаа гаргасан гэдэг дүгнэлттэй санал давхацсан, зохих ёсоор эмчилгээ үйлчилгээ үзүүлсэн байсан. Хүндрэл гарах үед оношлоход төвөгтэй. Цаг хугацаа алдаагүй, дурангийн хагалгааны стандарт гэж байхгүй…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4, 5 дугаар хуудас, 3 дугаар хх-ийн 76 дугаар хуудас/

              Шинжээч С.Эрдэнийн “…Би 53 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. Өвчний түүхээс харахад хүндрэлийн шинж тэмдэг 2016 оны 8 сарын 17-ныг хүртэл илрээгүй байсан. эмч И- Б- нарыг цаг хугацаа алдаж тусламж үзүүлсэн гэх юм уу зохих ёсоор тусламж үзүүлээгүй гэж үзэхгүй. цөсний хүүдий цоорч агууламж асгарснаас болж нарийн гэдэс цоорох боломжгүй…” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 9 дүгээр хуудас/

              Шинжээч Д.Долгормаагийн “…Би 1025 дугаартай дүгнэлт гаргахад оролцсон. Талийгаачид хийгдсэн цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед гэдсийг багжаар түлж хайрснаас болж үүссэн байх боломжтой. Хагалгааны хүндрэл гарсан учраас дараагийн шатны эмнэлэгт хандсан байна. Нэгэнт нарийн гэдэс цоорч хэвлийн хөндийд баасан гялтантас идээт үрэвсэл үүссэн учир амь нас аврах боломж муутай байжээ…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 164 дүгээр хуудас/

              Шинжээч Б.Ариунзулын “...цөсний хүүдийн чулуу авах дурангийн мэс заслын үед нарийн гэдсийг түлж хайрснаас болж гэдэс цоорсон байх боломжтой байна. Хагалгааны үед гэдэс цоороогүй бөгөөд хагалгааны дараа үхжил үүсэж цоорсон байна. Үүний улмаас хэвлийн хөндийд идээт үрэвсэл үүсэж дахин мэс засал хийгдсэн. Хэвлийн гялтангийн үрэвслийн шинж тэмдэг маш бүдэг явагдаж байсан тул оношилгоо бага зэрэг оройтсон байна…” гэсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 168 дугаар хуудас/

              Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан:“...ЦЕГ-ын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын лавлагааны санд бүртгэлгүй....” гэсэн хуудас /2-р хавтас 46-р хуудас/  

              Л.И-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хавтас 76-р хуудас/

              Л.И-ын ажлын тодорхойлолт /1-р хавтас 77-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

              Улсын яллагч дүгнэлтдээ: “…Л.И-ын өвчтөн М-ын цөсний хүүдийг авах мэс засал хийхдээ өөр эрхтэн гэмтээсэн үйлдлийг эмчилгээ үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй үйлдэл гэж үзээд түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна…” гэв.

Шүүгдэгчээс“…Би өөрийгөө яг гэм буруутай болон гэмгүй гэж дүгнэхэд хэцүү байна…” гэжээ.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Мөрдөн байцаалтын үед эмчлэгч эмчийн бичсэн өвчний түүх, мэс заслын тэмдэглэлүүд, шинжилгээний баримтууд, Л.И-ын эмчлэх эрхийг нотолж байгаа гэрчилгээ, диплом, тушаал зэрэг бичгийн баримтуудыг мөрдөгчийн шаардсаны дагуу Багануур дүүргийн эрүүл мэндийн  төв хуулбарлан үнэн болохыг баталж өөрийн байгууллагын тэмдэгийг дарж албан ёсоор баталгаажуулан ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 4; 6 дахь хэсгүүдэд заасан шаардлагыг хангасан байна.

Гэрч С.Б-ын мэдүүлэг, шинжилгээний баримтууд нь цөсний хүүдий авах хагалгааны дараа өвчтөнд хүндрэлийн шинж тэмдэг илэрмэгц хугацаа алдалгүй 17-ны шөнийн 01 цагт И- эмч өвчтөнийг үзэж холбогдох шинжилгээнүүд хийлгэж улсын төв  эмнэлэгт өглөөний 07 цагт хүргэснийг тус тус нотолж байна.

Улсын нэгдсэн төв эмнэлгийн мэс заслын тэмдэглэл, эд эсийн шинжилгээний протокол, гэрч Л.А-, С.Отгонбаяр нарын мэдүүлгүүд нь Улсын нэгдсэн төв эмнэлэгт дахин шинжилгээ хийгдэж 14 цагт мэс засалд ороход нарийн гэдэс 0,3х0,3мм хэмжээтэй цоорсон, үүний улмаас гэдэсний агууламж хэвлийн хөндийд гарч идээт үрэвсэл үүсгэсэн байсныг нотолсон. Гэрчүүдийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1, 25.2 дахь зүйлүүдэд заасан журмын дагуу гаргуулж авсан бөгөөд гэрчүүд мэдүүлгийн эх сурвалжаа зааж байна. Мэс заслын тэмдэглэл болон өвчний түүхүүд нь гэрчүүдийн мэдүүлгийн үнэн зөвийг баталжээ.

Шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч эмч нарын 3 өөр бие даасан бүрэлдэхүүн гаргасан ба дүгнэлтийн үндэслэл нь тодорхойлогдсон, ойлгомжтой байна.

              Мөрдөн байцаалтын явцад хийгдсэн тус бүр бүрэлдэхүүнээр гаргасан дүгнэлтүүдийг авч үзэхэд 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 1316 дугаартай эхний дүгнэлтэд “өвчтөний хагалгааны дараах хүндрэлийг цөсний хүүдий цоорч хэвлийн хөндийд цөс асгарснаас нарийн гэдэс түлэгдэж цоорсон” гэж, тус бүр таван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 53, 1025 дугаартай дүгнэлтүүдэд “өвчтөний нарийн гэдэс мэс заслын багажаар хайрагдсаны улмаас мэс засал дууссаны дараа цоорсон” гэж тус тус дүгнэсэн байна. Харин өвчтөний нарийн гэдэсний гэмтлийг зөвхөн И- эмч үүсгэсэн байх боломжтой, энэ нь дадлага туршлага дутсан техникийн алдаа байсан, эмчилгээ үйлчилгээний стандарт, дүрэм заавар зөрчөөгүй, Багануур дүүргийн эмнэлэгт, мэс заслын эмч дурангийн мэс засал хийнэ гэсэн адил дүгнэлтүүд хийсэн байна.  Эдгээрийг нэгтгэн үнэлэхэд нарийн гэдэсний цоорлын шалтгааныг сүүлчийн 2 дүгнэлтэд адил тодорхойлсон, аль ч шалтгаанаар цоорсон байсан эмчийн дадлага туршлагатай холбоотой гэдэг нэг л дүгнэлтэд бүх шинжээчид санал нэгтэй хүрчээ.  Шүүгдэгчийн өмгөөлөгч өөр өөр мэргэжлийн шинжээч оролцсон 53 тоот дүгнэлтийг хууль зөрчсөн гэж мэтгэлцсэн хэдий ч үндэслэл болон дүгнэлтүүд дараагийн дахин дүгнэлтээр батлагджээ. Шүүх эхний дүгнэлтийн “нарийн гэдэс цөсний агууламжид түлэгдсэн гэдэг нь үндэслэл муутай халсан багажинд хайрагдсанаас цоорсон гэсэн сүүлийн хоёр дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Харин бусад асуудлаар гаргасан 3 удаагийн дүгнэлтүүд адил бөгөөд үндэслэлтэй дүгнэлт гэж үзсэн болно.

              Гэрч Б.Батзаяагийн “өвчтөн М-ын цөсний хүүдий авах мэс засалд туслах эмчээр Шинэбаяр бид хоёр оролцсон. Хагалгааны үед гэдэс цоорсон зүйл мэдэгдээгүй, хэвлий цэвэр байсан” /1-р хх-26 дахь тал/, гэрч Г.Азбаярын “Цөсний хүүдий авах хагалгаанд сувилагчаар орсон. Нарийн гэдэс тасарсан цоорсон зүйл мэдэгдээгүй” /1-р хх-28 дахь тал/  гэх мэдүүлгүүд авагдсан байх ба эдгээр мэдүүлгүүд нь цөсний хүүдий авах хагалгааны үед эмчлэгч эмчийн үйл ажиллагаанаас шалтгаалж нарийн гэдэс цоорсныг үгүйсгэх үндэслэл биш юм. Учир нь дахин шинжилгээний шинжээчдийн дүгнэлтэд “халсан багажинд хайрагдсан гэдэс хагалгааны дараа цоорсон байх боломжтой” гэж дүгнэсэн байна.

              Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Л.И-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

              Л.И- нь Нийслэлийн Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвд мэс заслын тасгын эрхлэгч, их эмчээр ажиллаж байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр өвчтөн Д.М-ад цөсний хүүдий авах мэс заслыг дурангаар хийхдээ техникийн алдаа гаргаж /дадлага туршлага дутсан/ нарийн гэдсийг гэмтээсний улмаас хэвлийн хөндийд идээт үрэвсэл үүсч мэс заслын дараах хүндрэлээр нас барсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн хэлэлцсэн дээрхи баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

              Өвчтөнд мэс заслын дараах хүндрэл үүсэх шалтгаан нь нарийн гэдэсний гэмтэл байсан, уг гэмтэл нь И- эмчийн гүйцэтгэсэн мэс заслын үед үүссэн зэрэг нь улсын 1-р төв эмнэлгийн эмч нарын хийсэн мэс заслын тэмдэглэл, эмгэг судлалын шинжилгээний протокол, шинжээчдийн 1316, 53, 1025 дугаартай дүгнэлтүүд, шинжээч нарын мэдүүлэг зэрэг дээрхи баримтуудаар  нотлогджээ.

Шүүгдэгч нь 2005 оноос эмчээр, 2007 оноос мэс заслын эмчээр ажилласан ба 2016 оны 8 дугаар сарын 8-наас 10-ны хооронд Багануур дүүргийн эрүүл мэндийн төвд 4 өвчтөнд цөсний хүүдий авах мэс заслыг солонгос эмчтэй хамтран хийж байсан. Мэс заслын эмч нь өвчтөн М-ад дурангийн мэс заслыг хийх боломжтой зэрэг нь гэрч Х.Эрдэнэчимэг, Ж.Мижиддорж, Ж.Нарангэрэл нарын мэдүүлэг /3-р хх-48-48, 61 дэх тал/, өвчтөнүүдийн өвчний түүх 2-р хх-52-155-р тал/, шинжээчдийн дүгнэлтүүд зэргээр  тогтоогдсон.

Л.И- нь өвчтөнийг эмчилж эдгэрүүлнэ гэсэн сэдэлт, зорилгоор үйлдэлдээ ханджээ.

              Эмчилгээ үйлчилгээний стандартыг зөрчих үйлдэл нь эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээний үед хайхрамжгүй хандаж тогтоосон стандартын заалтыг зөрчсөнийг ойлгох бөгөөд И- эмчид  анхаарал, зүтгэл чармайлт байсан хэдий ч дадлага туршлага дутсанаас алдаа гаргажээ гэж шүүх дүгнэлээ.   

              Хэрэг 2016 оны 8 дугаар сарын 15-ний өдөр үйлдэгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, дагаж мөрдсөн 2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг шүүх буцаан хэрэглэнэ.” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж тус тус заажээ.

              2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээг “...тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч гурван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг “...нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар эрх хасаж ... нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял...” гэж тус тус заажээ.

              2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт гэм буруутай этгээдэд оногдуулах хорих ялын дээд хэмжээ 5 жил байхад 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын дээд хэмжээ 3 жил байх тул Л.И-т 2002 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх нь түүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байна.

              Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулахаар санал гаргасан нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

              Иймд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул шүүхээс Л.И-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч дүгнэлтдээ: “…Л.И-ыг  гэм буруутайд тооцсон тул 2002 оны Эрүүгийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх саналыг шүүхэд оруулж байна …” гэв.

Шүүгдэгчээс“…Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй байдлыг харгалзан үзэж, тэнсэж хянан харгалзаж өгнө үү, өмнө нь 1 жилийн хугацаанд ажлаа хийгээгүй байдлыг харгалзан үзэж тэр хугацааг эрх хасуулсан хугацаанд тооцож өгнө үү …” гэжээ.

              Хохирогчоос шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдэж шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа “...эмч И-аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй, оршуулгын зардал болон зээлийн нийт 26 310 005 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж байна...” гэжээ. Шүүгдэгчээс “...хохиролд 6.000.000 төгрөг төлсөн...” гэж мэдүүлжээ. Иймд шүүгдэгчийг хохирол төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж үзхээр байна.

              Шүүх шүүгдэгч Л.И-т ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

              Шүүгдэгч Л.И- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг мөн хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцохоор байна.

 Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, дээрхи хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар түүний эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг тодорхой хугацаагаар хасаж, хуульд зааснаар хорих ял оногдуулахаар байна.

Шүүгдэгч нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэм хэмжээ, түүний хувийн байдал, учирсан хохирол төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байх тул Л.И-т оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болно.

            Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдвал зохино.   

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан  шүүгдэгч А- овгийн Л-ийн И-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт заасан өвчтөнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс өвчтөн нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан А- овгийн Л-ийн И-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасч, нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.И-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
  4. Шүүгдэгч Л.И- нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.
  5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд заасныг журамлан Л.И-т оногдуулсан нэг /1/ жилийн хорих ялыг тэнсэж, нэг /1/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Л.И-т оногдуулсан эмчлэх эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хугацааг тоолсугай.
  7. Тогтоол хүчин төгөлдөр болтол Л.И-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Л.И-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүйг тус тус дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                           А.БЯМБАЖАВ