Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 160

 

Н.С-д холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн шүүгч Д.Эрдэнэбалсүрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалтай, Н.С-ид холбогдох 2230000000103 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд 1994 оны 03 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, ****оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн С- /РД: ***/

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б овогт Н-ийн С-ийг мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Н.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Н.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ.

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Прокурор хяналтын шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ “... давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, мөн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь Эрүүгийн хариуцлагын төрөл биш бөгөөд нийтлэг байдлаар хэрэглэгдэхгүй, зөвхөн хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэгт хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэж хязгаарлалт тогтоох арга хэмжээ нь хуульд нийцнэ. Өөрөөр хэлбэл, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах, 7.1 дүгээр зүйлд заасан тусгай журамд заасан шаардлага, хориглосон заалттай нийцэж буй эсэх талаар нягталж, шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж хориглосон заалт байхад шүүх эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн шүүгдэгч Н.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож тус тус шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үүгэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “ ... Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Н.С-ийг бусдын малыг хулгайлсан, мөн бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон боловч хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасныг баримталж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ 7.1 дүгээр зүйлд заасан хориглосон заалттай нийцэж байгаа эсэхийг нягтлах шаардлагатай. Шүүгдэгч Н.С- нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг үйлдсэн бөгөөд мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хориглосон байхад шүүх хууль буруу хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэх солихоор хуульчилсан байхад шүүгдэгчид холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсонтой холбогдуулан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хянан хэлэлцэх нь зүйтэй ... ” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Прокурор М.Сумъяагийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.С-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд хоёр шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй байна гэж үзлээ.

2. Н.С- нь 2021 оны 04 дугаар сард Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын нутаг дэвсгэрт хохирогч Ж.Э-ын эзэмшлийн хонгор зүсмийн гүүг хулгайлж 977.400 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2021 оны 08 дугаар сард түүний шаргал байдсан гүүг тус аймгийн Асгат сумын нутгаас олж, бусдын эзэмшлийн алдуул мал гэдгийг мэдсээр байж завшиж, 706.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

3. Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.С-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, түүний үйлдлийг “мал хулгайлах, алдуул мал завших” гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилсэн байна.

4. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

5. Прокурор эсэргүүцэлдээ “... гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлээр зохицуулсан бөгөөд тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ мөн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан 7 дугаар бүлэгт заасан журмыг баримтлах, 7.1 дүгээр зүйлд заасан тусгай журамд заасан шаардлага, хориглосон заалттай нийцэж буй эсэх талаар нягталж, шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дурджээ.

6. Шүүх хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээ, шинж чанар, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой зөв дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь /ял оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх/ шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

7. Анхан шатны шүүх шүүгдэгч Н.С-ид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн хоёр өөр зүйлд заасан санаатай гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан зохицуулалтыг хэрэглэн, хууль хэрэглээний алдаа гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан “тэнсэх” ерөнхий журам нь тус хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан тусгайлсан зохицуулалтын хүрээнд хэрэглэгдэнэ.

Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд эрүүгийн хариуцлага оногдуулах нийтлэг харилцааг зохицуулсан хэм хэмжээ бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд хорих ялыг тэнсэх буюу харилцан өөр агуулга бүхий харилцааг зохицуулсан бөгөөд тус хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар тэнсэхдээ мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хорих ялыг тэнсэх шаардлага, хориглосон зохицуулалттай нийцсэн тохиолдолд хэрэглэх нь зүйтэй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн ... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэсэн хориглосон заалтыг хоёр шатны шүүхээс  шүүгдэгч Н.С-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгож тус тус шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

8. Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн даган мөрдөгдөж, хяналтын шатны шүүхээс шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт, эсхүл шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээгүй болсон хэдий ч тус хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгох ...” эрх олгогдсоны дагуу анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоол, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.

2. Прокурор М.Сумъяагийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                        Ч.ХОСБАЯР

                                                                        Б.ЦОГТ