Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 287

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Ц

Хариуцагч: Монголын хуульчдын холбоонд,

Нэхэмжлэлийн шаардлага: Хуульчдийн нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өмнө нь төрийн албанд ажиллаж байгаад Монголын хуульчдын холбоонд элсэн орох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг шалтгаангүйгээр хүлээж аваагүй. Энэ асуудлаар Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгчид хандах гэсэн боловч өрөөндөө байгаагүй. Тиймээс шүүхэд нэхэмжлэл гаргасан билээ. Миний бие 2009, 2012 онд “Авто тээврийн компани” болон “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д зэрэг төрийн албанд ажиллаж байсан. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-д ажиллаж байх хугацаанд Хуульчдын холбооны бүртгэл явагдаж дууссан байсан. Тухайн үед ажлын шаардлагын улмаас хөдөө, орон нутагт явж байсан тул бүртгэл явагдаж байсныг мэдээгүй. “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК нь Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, нийт 5 салбартай бөгөөд миний бие төвийн бүсийн салбарын Захиргаа удирдлагын хэлтэст ажилладаг байсан. Төвийн бүсийн салбар нь 18 дэд станцтай бөгөөд гол салбар нь Төв аймгийн Заамар суманд байдаг. Энэ станц нь Дархан хотоос 350 км зайтай байрладаг. Бид нэг тойроход 15 хоног явж тойрдог байсан. Аваар осол их гардаг. Тэр бүрт давхар хуульчийн ажлаа хийж, техникийн үйл ажиллагаанаас шалтгаалсан эсэх, хүний буруутай үйл ажиллагаанаас болдог эсэхийг шалгаж явдаг. Энэ шалтгаанаас болж Хуульчдын холбооны бүртгэлээс хоцорсон. Хэрэв мэдсэн байсан бол би очоод бүртгүүлэх байсан. Монгол Улсын иргэний хувьд надад Монгол Улсын Үндсэн хуульд заасан хаана ч хүсэлт гаргах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх байгаа.

Би өмгөөлөгчөөр олон жил ажилласан. Одоо надад иргэний 6 хэрэг, эрүүгийн 2 хэрэг явж байна. Эрүүгийн хэрэгт төлөөлөх эрх байхгүй тул би татгалзсан байгаа. Иргэний хэрэгт би итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Миний үйлчлүүлэгчийн чөлөөтэй дуугарах эрх хязгаарлагдмал байгаа учраас би төлөөлөх эрхээ заавал авах эрхтэй гэж бодож байна. Хариуцагч байгууллага биднийг зөвөөр ойлгох хэрэгтэй байна. Хуулийн хатуу шаардлага байж болох боловч хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаад авч үзэх боломжтой. Хуульчдын холбоонд нэг хуульч нэмэгдэнэ гэдэг нь иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн хамгаалах чухал нөлөөтэй юм. Би өмгөөлөгчөөр ажилладаг байхдаа үйлчлүүлэгчийнхээ эрхийг хангахын тулд Баян-Өлгий аймаг хүртэл явж архиваас баримт бүрдүүлж явсан. Иймд миний бүртгүүлж чадаагүй аргагүй байдлыг үндэслэн миний эрхийг сэргээж, Монголын хуульчдын холбоонд намайг бүртгэж авахыг даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг унших хугацаа нэхэмжлэгчид хангалттай байсан. 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль батлагдсан. Уг хуульд энэ хууль батлагдсанаас хойш 90 хоногийн дотор бүртгүүлэхээр заасан тул бүртгэх асуудлыг орон даяар зарласан. 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 4478 хуульч бүртгүүлсэн байсан. Гадаад сурч байсан, орон нутагт ажиллаж байсан бүх хуульчид бүртгүүлсэн. Үүний дараагаар Монголын хуульчдын холбоо, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэнд нийт 128 хүний өвчтэй байсан, гадаадад байсан, очих боломжгүй байсан, хуульчийн гэрчилгээгээ олохгүй байсан гэсэн үндэслэлтэй хүндэтгэн үзэх шалтгаантай өргөдөл, хүсэлт ирсэн. Хууль зүйн сайдаас энэ асуудлыг авч хэлэлцэнэ үү гэсэн хүсэлт ирсний дагуу Монголын хуульчдын холбооны дүрмийн 2.2-т заасан бүрэн эрхийн хүрээнд Зөвлөл нэг удаа энэ асуудлыг авч хэлэлцэж хуралдсан. Зөвлөлийн хуралдаанаар өөр ийм хүндэтгэн үзэх шалтгаан гарч магадгүй гэдэг үүднээс хуралдааныг хойшлуулж, 30 хоног сунгах талаар ярилцсан. Үүний дүнд нэмж бүртгэхээр өдрийн мэдээ зэрэг 3 сонин хэвлэлд, вэб сайтаар, телевизийн доогуурх урсдаг зараар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлээгүй хүмүүсийг бүртгүүлэх өргөдлөө 30 хоногийн хугацаанд ирж өгнө үү гэсэн зарыг албан ёсоор зарласан. Ийнхүү нэмж бүртгүүлэх хугацаанд 40 хүн нэмэгдэж, нийт 168 хүний бүртгүүлэх хүсэлт ирснээс 148 хүнийг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас дахин бүртгэж авсан. Энэ бол эцсийн шийдвэр байсан бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүсийн асуудлыг үүгээр дуусгавар болгосон. Дахин энэ асуудлаар бүртгэх үндэслэл байхгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н.Ц нь  2005 онд явагдсан Хуульчдын сонгон шалгаруулалтанд тэнцсэн тул 2006 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 0000236 дугаартай хуульчийн гэрчилгээ  олгожээ.

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн № 22 дугаар тушаал -аар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл  олгожээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2012 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Захиргаа аж ахуйн албаны даргаар ажилласан, энэ хугацаанд өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан” гэж тодорхойлжээ.

Нэхэмжлэгч нь “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-нд ажиллаж байх хугацаандаа өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан гэх боловч энэ нь Монголын өмгөөлөгчдийн холбооны 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн № 17/238 тоот албан бичиг -ээр үгүйсгэгдэж байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авч хуульч мэргэжлийн нэрийг хэрэглэх эрхтэй болно”, 19.6-д “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн үндсэн дээр хуульч нь өмгөөлөгч, прокурор, шүүгчээр ажиллана” гэжээ.

Мөн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө Хуульч сонгон шалгаруулах тухай хуульд заасны дагуу хуульчийн гэрчилгээ авсан хуульч /цаашид хуульчийн гэрчилгээ эзэмшигч гэх/ нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хандан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх бөгөөд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүртэлх хугацаанд хуульчийн гэрчилгээ нь хүчинтэй байна”, 1.2-т “хуульчийн гэрчилгээ эзэмшигчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэснээр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан хуульч-д тооцно.”, мөн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “хуульчийн гэрчилгээ эзэмшигч нь хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтээ энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор гаргана”. 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хуулийн 2.1-д заасан хугацаанд хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд хуульчийн гэрчилгээ эзэмшигчийн хуульчийн гэрчилгээг хүчингүй болсонд тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч Н.Ц нь өмгөөллийн үйл ажиллагаа явуулах эрхийг түр хугацаагаар түдгэлзүүлэх хүсэлтийг гаргасан эсэхээс үл хамааран дээрх хуулийн хугацаанд хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх хүсэлтийг эрх бүхий байгууллага болох Хууль зүйн яаманд гаргахаар байжээ.

Гэтэл тус байгууллагад хандаж өргөдөл гаргаагүй болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд мэдүүлсэн “хуульчийн нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд хандаагүй” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацааны дотор хүсэлтээ гаргаагүй шалтгаанаар хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгээгүй хариуцагчийн үйлдлийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нөгөөтэйгүүр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлд хуульчдын холбооны чиг үүргийг тодорхойлж өгсөн бөгөөд тус хуулийн 45.1.2-т “хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох” гэжээ.

Хууль зүйн яам, Монголын Хуульчдын холбооноос хуульчийн шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх талаар, мөн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй хуульчдын хүсэлтийг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хүлээн авахаар 30 хоногийн хугацаа тогтоож, энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд мэдээлжээ.

Нэхэмжлэгч нь мөн хугацааны дотор Монголын Хуульчдын холбоонд хүсэлт гаргаагүй, бүртгүүлээгүй байх бөгөөд түүний хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байсан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй байх тул Монголын хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.2, Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 2 дугаар зүйлийн 2.1, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг баримтлан А.Ц ын нэхэмжлэлтэй Монголын хуульчдын холбоонд холбогдуулан гаргасан хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.МӨНХ-ЭРДЭНЭ