Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 128/2018/0458/З |
Дугаар | 221/МА2019/0604 |
Огноо | 2019-11-20 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2019/0604
“Х” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ш, хариуцагч М.А, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн гомдолтой, Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Г.С, М.А нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасныг тус тус үндэслэн Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 220180019 дугаартай шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.
Хариуцагч нар давж заалдах гомдолдоо: “...Нэгдүгээрт, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны “Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх” хэлтсээс ирүүлсэн албан бичиг болон Татварын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн газрын даргын тавьсан шаардлагын дагуу “Х” ХХК-ийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн хяналт шалгалт хийгээд 2016 оны 06, 07 дугаар саруудын Нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт, төлөлтийн зөрчилд 38,116,790.50 төгрөгийн төлбөрийн актыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болно. Бидний тогтоосон энэхүү шийтгэлийн хуудас нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2017 оны 169,197 дугаар дүгнэлт, Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчдын 340000491 тоот дүгнэлт, 340000940 тоот акт, Нийслэлийн прокурорын газрын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 87 тоот тогтоол, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03 тоот тогтоол, санхүүгийн тайлан, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт болон Нийслэлийн Татварын газарт шалгагдаж байх хугацаанд энэ компанийн зүгээс Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан засварлах хүсэлт өгсөн байдал, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ш-ын өгсөн мэдүүлэг зэрэг хөдөлшгүй баримтуудаар тогтоогдсон юм. Гэтэл шүүх хэт нэг талын шаардлагад үндэслэн төлбөрийн актыг дахин шинэчлүүлэхээр 6 сарын хугацаатай түдгэлзүүлэхдээ ямар үндэслэл шалтгаан байгааг тодорхой заагаагүй. Тэгээд ч дээрх болон бусад нотлох баримтуудаар “Х” ХХК нь энэ төлбөрийг төлөх нь бүрэн тогтоогдсон, өөрөөр хэлбэл уг асуудлыг дахин шалгах ямар ч шаардлага байхгүй.
Хоёрдугаарт, маргаанд холбогдох цаг хугацаа нь “Зөрчлийн хууль” мөрдөгдөхөөс өмнө буюу 2016 оны 06, 07 дугаар саруудад хамааралтай үйл явдал. Түүнчлэн шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүчингүй болсон 2001 оны “Нягтлан бодох бүртгэлийн тухай” хуулийн заалтыг барьж дүгнэлт хийсэн нь хууль буруу хэрэглэсэн үйл ажиллагаа юм.
Гуравдугаарт, Бидний үйлдсэн 220180019 дугаартай шийтгэлийн хуудсыг үндэслэл муутай гэж үзсэн бол Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт арга зүйн газар эсхүл Нийслэлийн татварын газарт шийтгэлийн хуудсыг шинэчлэхийг даалгах ёстой байсан. Шүүхийн шийдвэрээс харвал Татварын улсын байцаагч нарт энэ үүргийг даалгасан шинжтэй байна. Тэгвэл тухайн үед Нийслэлийн татварын газрын Хяналт шалгалтын хэлтэст ажиллаж байсан Г.С, М.А нарын албан тушаал нь өөрчлөгдөөд 2 жил шахам хугацаа болж байна. Иймд доорх шаардлагуудыг тавьж байна.
“Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн татварын газарт холбогдох 38,116,790.50 төгрөгийн төлбөртэй холбоотой маргааныг шийдсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн дугаар 128/ШШ2019/0660 шийдвэрийг хүчингүй болгож, улмаар “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нарын давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Гомдол гаргагч “Х” ХХК-иас “Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 220180019 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг гаргажээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанаас Татварын ерөнхий газрын Хяналт шалгалт, арга зүйн газрын даргад 2017 оны 12 дугаар сарын 05-ны 10д/6570, 2017 оны 12 дугаар сарын 06-ны 10д/6590 дүгээр албан бичгүүдийг хүргүүлж, улмаар Татварын ерөнхий газраас 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 07/3530 дугаар албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхийг Нийслэлийн татварын газарт өгсөн бөгөөд Нийслэлийн татварын газрын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 22180100029 дугаар томилолтоор хариуцагч Нийслэлийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар “Х” ХХК-ийн 2016 оны татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн байна.
Шалгалтаар зөрчилд холбогдогч “Х” ХХК нь “И” ХХК-иас 136,363,636.5 төгрөгийн худалдан авалтад 13,636,363.65 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар, “Э” ХХК-иас 105,243,290.91 төгрөгийн худалдан авалтад 10,524,329.1 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн гэж тайлагнасан боловч, “И” ХХК, “Э” ХХК-иуд нь борлуулалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татварын падаанд хий бичилт хийсэн, ийнхүү хий бичилттэй падаанаар “Х” ХХК нь худалдан авалт хийгээгүй атлаа татвар ногдох орлогыг бууруулан тайлагнасан” гэжээ.
Хариуцагч татварын улсын байцаагч нар нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3-д заасан үндэслэлээр “Х” ХХК-д холбогдох зөрчлийг хялбаршуулсан журмаар шалгаж, “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 220180019 дугаар шийтгэлийн хуудсаар “...2016 онд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлогыг бууруулсан 241,606,927.4 төгрөгийн зөрчилд 24,160,692.70 төгрөгийн нөхөн татвар, 7,248,207.80 төгрөгийн торгууль, 6,707,890.0 төгрөгийн алданги, нийт 38,116,790.50 төгрөгийн төлбөр ногдуулжээ.
Ингэхдээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн “1.4.3, 1.4.4, 1.5.8” гэсэн хуульд байхгүй заалтыг үндэслэсэн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцээгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Учир нь “хуульд үндэслэх” зарчмын дагуу захиргааны байгууллага, албан тушаалтан иргэн, хуулийн этгээдэд үүрэг бий болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан шийдвэр /захиргааны акт/ гаргахдаа гагцхүү хуулиар тогтоосон хүрээ хязгаарын дотор, тухайн хуулийн холбогдох зохицуулалтыг үндэслэл болгож шийдвэрлэх ёстой.
Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д “Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-т “зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 1.3-д “зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол” гэж тус тус зааснаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах зохицуулалттай.
Гэтэл хариуцагч нар нь хуульд заасан дээрх нөхцөл бүрдээгүй байхад “Х” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд “хялбаршуулсан журмаар” зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж 220180019 дугаар шийтгэлийн хуудсаар тус хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байхад зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг дахин шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2019/0660 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН