Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 128/2020//0527/З |
Дугаар | 001/ХТ2024/0030 |
Огноо | 2024-03-15 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 001/ХТ2024/0030
“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Барилга
байгууламжийг ашиглалтад оруулах комисст
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Х.Батсүрэн
Танхимын тэргүүн: Д.Мөнхтуяа
Шүүгчид: П.Соёл-Эрдэнэ
Ц.Цогт
Илтгэгч шүүгч: Г.Банзрагч
Нарийн бичгийн дарга: Л.Содномдорж
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0681 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/721 дүгээр магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд “П о” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, өмгөөлөгч Э.Т, гуравдагч этгээд “М У Х б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б нарыг оролцуулж,
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2024/0053 дугаар хэлэлцүүлэх тогтоолтой хэргийг хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн эсэх үндэслэлээр нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч “Б” ХХК нь Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулахаар анх нэхэмжлэл гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий дүгнэлт хууль бус байсан болохыг тогтоолгох гэж өөрчилсөн.
2.Хэргийн нөхцөл байдал:
2.1.“П о” ХХК нь “Б” ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 28-ны өдөр VI/11 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж 2 давхар үйлчилгээний төвтэй 16 давхар 4 блок орон сууцны цогц барилгыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр гүйцэтгэж захиалагчид хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр захиалагчаас уг гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн. Үүний дагуу 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК нь гуравдагч этгээд “П о” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, тус гэрээгээр ..... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа 16 давхар 4 блок орон сууцны барилгын хоёр давхар “Үйлчилгээний төв”-ийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр, мөн “Д” ХХК-тай 16 давхар 4 блок орон сууцны барилгын 203 блокийн 11-16, 204 блокийн 12-16 дугаар давхар болон техникийн давхрын барилга угсралтын ажлыг хийхээр тус тус тохирсон байна.
2.2.“П о” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь маргаан бүхий 2019/310 дугаар дүгнэлтээр “П о” ХХК-ийн захиалгатай өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн.
2.3.Уг дүгнэлт нь “П о” ХХК-ийн захиалан бариулсан 203, 204 тоот орон сууц болон үйлчилгээний төвийн барилга, зоорийн давхарт хамаарах бөгөөд (201, 202 тоот орон сууцанд хамаарахгүй) үүний үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлыг нэхэмжлэгч хийж гүйцэтгэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр маргаж байна. Үүнд:
3.1.“... “Б” ХХК нь “П о” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-ээр ажил хийж гүйцэтгэсэн. Манай компани тухайн актад дурдагдсан компаниудтай гэрээ байгуулж, тухайн компаниудыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулсан бөгөөд ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргээр ажиллаж, өөрийн компанийн 16 давхар барилгын тусгай зөвшөөрлийг ашиглан ажиллаж байсан. Барилгын угсралтын ажил болон барилгын гүйцэтгэлийн хяналтын чиг үүргийг манай компани хариуцан ажилласнаас гадна 14,000 м.кв цутгалтын ажлыг хийж гүйцэтгэн, зохих барилгын далд ажлын актыг гаргаж өгсөн. Тухайн үед “П о” ХХК барилгын 16 давхрын тусгай зөвшөөрөлгүй байсан бөгөөд манайхтай гэрээ хийж ажил гүйцэтгэсний дараа буюу 2018 онд 16 давхрын тусгай зөвшөөрлөө авсан байдаг.
3.2.“П о” ХХК, ерөнхий гүйцэтгэгч “Б” ХХК-ийн хооронд гэрээний төлбөрийн маргаан гарч .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдах явцад “П о” ХХК хуурамч бичиг баримт үйлдэн барилга, орон сууцыг ашиглалтад оруулах актыг гаргуулсан. Нэхэмжлэгч компанийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулахгүйгээр энэ барилгыг хүлээн авсан. Улсын комиссын дүгнэлтэд ерөнхий гүйцэтгэгч нь “П о” ХХК гэж бичсэн нь бодит үнэнд нийцэхгүй. Маргаан бүхий 2019/310 дугаар дүгнэлтээр 201, 202, 205 тоот барилгуудыг байнгын ашиглалтад хүлээн авсан ... Иймд 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар улсын комиссын дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоож өгнө үү ...” гэжээ.
4.Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрсөн. Үүнд:
4.1.“... “П о” ХХК-ийн хүсэлтийн дагуу 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр комисс томилогдон ажилласан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 4 дэх хэсэгт заагдсан үйл ажиллагааг хэрэгжүүлж комиссын гишүүд мэргэжлийнхээ чиглэлээр илэрсэн зөрчил дутагдалд санал өгч шийдвэрлүүлсний дараагаар тухайн барилга байгууламжийн барилгын ажил зохих зөвшөөрөл, зураг төслийн хүрээнд бүрэн хийгдэж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан гэж үзээд ашиглалтад оруулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гарган баталгаажуулсан байна.
4.2.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангуулсан бөгөөд улсын комисс нь дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д заасан чиг үүргийг хэрэгжүүлсэн. ... Бичиг баримтад үндэслэн комисс ажилласан нь хууль зөрчөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
5.Гуравдагч этгээд “П о” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... Нэхэмжлэгч компанийг цутгалтын ажлыг хэсэгчлэн хийсэн гэдэг дээр маргахгүй бөгөөд ажлын болон гүйцэтгэлийнх нь хөлс бүрэн олгогдсон. Уг компани нь Улсын комисс хүлээн авсан барилгын нэгийнх нь зөвхөн карказ буюу цутгалтын ажлыг гүйцэтгэсэн. Улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох ёстой гэж хууль болон журамд зохицуулалт байхгүй. Улсын комиссын дүгнэлтийн удиртгал хэсгийн ерөнхий мэдээлэл дээр “П о” ХХК нь туслан гүйцэтгэгч байгууллагынхаа мэдээллийг оруулсан. “Б” ХХК ч хийснээрээ л орсон байгаа. Комиссыг ажиллах үед байгаагүй нь өөрсдийнх нь эс үйлдэхүй юм. Тэгэхээр комиссын актыг хүчингүй болгох, нөгөө талаараа хууль бус байсан болох үндэслэл биш. “П о” ХХК нь комисс ажиллах 2019 онд тусгай зөвшөөрөлтэй байсан. 1-16 давхар барилгын карказ, цутгалтын ажлыг хийж байгаа 2 компани хоёулаа албан ёсны тусгай зөвшөөрөлтэй, үүний нэг нь “Б” ХХК ба нөгөө нь комисс авсан 203, 204 тоот барилгын цутгалтыг хийсэн “Д” ХХК байгаа. Энэ нь Барилгын тухай хуулийн холбогдох дүрэм журмын шаардлагыг бүрэн хангасан. ... Хууль бус байсан болохыг тогтоосноор ямар эрх ашиг нь сэргэх болон улсын комисс нэхэмжлэгчийн ямар эрх ашгийг хөндсөн нь тодорхойгүй байна ...” гэжээ.
6.Гуравдагч этгээд “М У Х б” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч “... М У Х б нь 2017 онд “П о” ХХК-д Б... з... хороолол буюу 296 айлын барилгыг барьж хэрэгжүүлэх төслийн хүрээнд 4 блок барилгад 15 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосны дагуу тухайн төсөл хэрэгжүүлэгч аж ахуй нэгж нь 100 хувиар 4 блок барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн. “Б” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбогдуулаад 203, 204 тоот блок барилгыг улсын комисс хүлээж авсан боловч тухайн хоёр блок орон сууц болон үйлчилгээний талбайг банк зээлдэгч талтай хамтраад худалдан борлуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
7.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0681 дүгээр шийдвэрээр: “Барилгын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 37 дугаар зүйлийн 37.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1.23, 48 дугаар зүйлийн 48.1, 48.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-аас Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст холбогдуулан гаргасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийсэн байна. Үүнд:
7.1... Маргаж буй комиссын дүгнэлтээр “П о” ХХК-ийн захиалан бариулсан 4 блок 201, 202, 203, 204 тоот орон сууцуудаас 203, 204 тоот орон сууц болон үйлчилгээний төвийн барилга, зоорийн давхарт хамаарах барилгыг ашиглалтад оруулсан бөгөөд харин 201, 202 тоот орон сууцуудын тухайд хамааралгүй. Захиалагч “П о” ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахдаа Барилгын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон. Дээрх баримтууд хуурамч болох талаар холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй, нэхэмжлэгчээс энэ талаар баримт гаргаж маргаагүй.
7.2.Тус барилга байгууламжийг ашиглалтад авах комиссын бүрэлдэхүүнд бусад туслан гүйцэтгэгч компаниуд оролцсон, маргаан бүхий комиссын дүгнэлтийн Ерөнхий мэдээлэл хэсгийн Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага хэсэгт нэр бүхий 9 компанийг, үүний дотор нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэрийг оруулсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-д гүйцэтгэгч байгууллага тус бүрийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулах талаар заагаагүй бөгөөд энэ тохиолдолд бусад туслан гүйцэтгэгч компаниуд төлөөлөн оролцсон гэж үзэхээр байна. Харин “Б” ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.6-д зааснаар захиалагчийн зохион байгуулалтын асуудал бөгөөд үүнд хариуцагч байгууллагыг буруутгах, улмаар маргаан бүхий актыг хууль бусад тооцох үндэслэл болохгүй.
7.3.Барилгын тухай хуулийн …40 дүгээр зүйлийн 40.1.23-т зааснаас үзэхэд гүйцэтгэгч, захиалагч нь нэг байж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан тул тус барилга байгууламжийн захиалагч болон гүйцэтгэгчээр “П о” ХХК ажилласныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй. Тухайн ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн угсралтын ажлыг тусгай зөвшөөрөл бүхий “Б” ХХК, “Д” ХХК-ууд гүйцэтгэсэн байх бөгөөд “П о” ХХК нь барилга угсралтын ажил эхэлснээс хойш 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тусгай зөвшөөрөл авч улмаар тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгч болсон нь барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулж, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгүүдийг бүрдүүлсэн эсэхэд хяналт тавьж, улмаар комиссын дүгнэлт гарган барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах чиг үүргийн дагуу гарсан маргаан бүхий актыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
7.4.Маргаж буй комиссын дүгнэлтэд барилга байгууламжийн барилгын ажлын туслан гүйцэтгэгчээр “Б” ХХК-ийн нэр дурдагдсан байгаа, мөн ашиглалтад хүлээж авсан барилга байгууламжийн үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Б” ХХК ажилласан гэдэг нь хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ болон барилга угсралтын ил, далд ажлын акт зэрэг баримтаар нотлогдохын зэрэгцээ гуравдагч этгээд “П о” ХХК-аас хүлээн зөвшөөрсөн, ажил гүйцэтгээгүй гэж маргаагүй гэдгээ илэрхийлсэн энэ тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авснаас болон “Б” ХХК-ийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүйгээс шалтгаалан тус компанийн түүхэнд нөлөөлөх, хийсэн ажлыг үгүйсгэх үр дагаврууд үүсэхээргүй байх бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна ...” гэх зэргээр дүгнэжээ.
8.Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/721 дүгээр магадлалаар: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг өгсөн байна. Үүнд:
8.1.Барилгыг ашиглалтад оруулахаар улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч”-ээр “П о” ХХК гэж, харин “Барилгын ажлын туслан гүйцэтгэгч байгууллага”-аар “Б” ХХК, “Д” ХХК-уудаас гадна нэр бүхий 10 компанийг тусгасан байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгч компанийг комиссын бүрэлдэхүүнд оролцуулаагүй гэх үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хууль бус гэж үзэх, мөн ... талуудын хооронд үүссэн ажил гүйцэтгэх гэрээнээс үүдэлтэй маргаанаас шалтгаалж маргаан бүхий улсын комиссын дүгнэлтийг хууль бус болгуулахаар шүүхэд хандсаныг эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахаар гаргасан гэх боломжгүй төдийгүй дүгнэлтэд гүйцэтгэгчээр “Б” ХХК бичигдээгүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөнө гэх тайлбар тус тус үндэслэлгүй.
8.2.Маргаан бүхий акт нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй төдийгүй маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй, эрх зүйн ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй. Харин анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан болохыг тэмдэглэж, энэ талаар талууд маргаагүйг дурдах нь зүйтэй ...” гэжээ.
9.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу гомдол гаргаж байна.
9.1.Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах тухайд: Магадлалын Хянавал хэсгийн 2.3-т “... маргаан дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй” гэжээ. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан барилгын ажлын ил, далд ажлын акт, ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл нь “Б” ХХК-ийн нэр дээр бичигдсэн зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.9-д заасныг хэрэгжүүлж ажилласан нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар нотлогдож байхад давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй асуудлаар үндэслэлгүй дүгнэсэн.
9.2.Магадлалын Хянавал хэсгийн 2.7-д “... дүгнэлтэд гүйцэтгэгчээр “Б” ХХК бичигдээгүйгээс эрх, хууль ёсны эрх ашиг нь хөндөгдөнө гэх тайлбар үндэслэлгүй юм”, 2.8-д “...маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, ашиг сонирхол хэрхэн сэргээгдэх нь ойлгомжгүй эрх зүйн ямар үр дагаварт хүрэх нь тодорхойгүй байна” гэжээ. Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “Барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” гэж хууль тогтоогчоос барилгын салбарт төрийн үйлчилгээ үзүүлэх зарчмыг хуульчилж өгсөн бөгөөд манай компанийн нэр маргаан бүхий комиссын актын удиртгал хэсэгт бичигдсэн боловч Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь бүрэлдэхүүнд оруулаагүй, дээрх зарчим хангагдаагүй байхад анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй.
9.3.Мөн 2.11-д “... тус баримтуудыг архивт хүлээлгэн өгсөн байх ба харин нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар өгсөн “барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл” болох улаан дэвтрийг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байхад гуравдагч этгээдийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсанаар баримт бичиг дутуу бүрдүүлсэн гэж үзэхээргүй байна” гэжээ. Барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл болох улаан дэвтрийг захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй гэж хэн хаанаас тогтоосон юм бэ? Мөн улсын комиссын дүгнэлтэд бичиг баримтын эх хувийг архивт хүлээлгэн өгөхийг захиалагчид даалгасан байдаг бөгөөд захиалагч “П о” ХХК нь манай хийсэн ажлыг Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т заасан “гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах” гэсэн үүргээ биелүүлээгүй тул эдгээр баримтууд эх хувиар манай компанид өнөөдрийг хүртэл байгаа учир шалтгааныг анхан болон давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар үнэлээгүй.
9.4.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн тухайд: ... Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох эрхтэйг тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолыг жишиг шийдвэр болгохыг Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/83 дугаар албан бичгээр мэдэгдсэн бөгөөд уг албан бичиг нь “тодорхой хуулийн зохицуулалтыг өмнө нь хэрэглэсэн байдлыг ижил төстэй өөр хэрэг маргаанд адилтган хэрэглэх боломжтой талаар буюу хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийсэн агуулгатай болох”-ыг, мөн “... Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан барилгын ажил гүйцэтгэгч компани тухайн барилгыг байнгын ашиглалтад оруулах эрх бүхий комиссын үйл ажиллагаанд оролцох эрхтэй эсэх маргаанд Барилгын тухай хуулийг хэрхэн тайлбарлаж хэрэглэхтэй холбоотой асуудал болох”-ыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 50 дугаар тогтоолд тус тус дүгнэснээс анхан болон давж заалдах шатны шүүх өөрөөр хэрэглэсэн.
9.5.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой тухайд: ... Манай нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснээр ... Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан “барилгын үйл ажиллагаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдлыг хангах” зарчмыг тогтооход чухал нөлөөтэй, нийтлэг ач холбогдолтой юм ... Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
10.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Г хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 дахь хэсгийг тус тус үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
10.1.Магадлалын Хянавал хэсгийн “... 2.3-т. Харин маргаан бүхий Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2019/310 дугаар дүгнэлтээр ..... дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өндөр төвөгшилтэй ангиллын зоорьтой 16 давхар 148 айл, нэгдсэн зоорийн давхрын 78 автомашины дулаан зогсоол бүхий орон сууц, 5000 м.кв үйлчилгээний барилга байгууламжийг ашиглалтад оруулсан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл уг дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Тодруулбал, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна” гэж зааснаас үзвэл комиссын акт нь тухайн барилга байгууламж анх батлагдсан зураг төслийн дагуу баригдсан эсэх, бусдын аюулгүй байдлыг хангахуйц хэмжээнд баригдсан эсэхийг шалган зөвшөөрөл олгож байгаа захиргааны акт гэж үзнэ ...” гэжээ.
10.2.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар маргаж буй барилга байгууламжуудыг улсын комисс хүлээн авах ажиллагаанд нэхэмжлэгч буюу “Б” ХХК-ийг оролцуулаагүй болох нь тогтоогддог. Хариуцагч болон гуравдагч этгээд “П о” ХХК-ийн зүгээс энэ талаар маргадаггүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 18 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “... Түүнчлэн, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д барилгын ажил гүйцэтгэгчийн үүргийг “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх”, “барилга байгууламжид хэрэглэгдсэн материал, тоног төхөөрөмж, зураг төсөлд заасан техникийн үзүүлэлтийг хангаж байгааг нотлох шаардлагатай тохиолдолд лабораторийн шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулан баталгаажуулах”, “барилга байгууламжийн хийц, бүтээцийн даацын бат бэхийг барилгын ажлын үе шат бүрд лабораторийн шинжилгээ хийлгэж дүгнэлт гаргуулан баталгаажуулах”, “барилгын ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийг ажиллуулж, ерөнхий гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэх тохиолдолд туслан гүйцэтгэгчийн ажлын үр дүн, эрсдэлийг захиалагчийн өмнө хариуцах” гэх зэргээр тодорхойлсон байх тул уг барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн “Г ф” ХХК хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй, тус компанийг оролцуулалгүй барилгыг ашиглалтад оруулснаар “Г ф” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу байна.
10.3.Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх “... захиалагч нь улсын комисс ажиллуулах хүсэлт гаргахдаа баримт бичгийг бүрэн бүрдүүлээгүй байсан, барилгын чанарын баталгааг барилга угсралтын ажлын гүйцэтгэгч биш барилгын дотоод заслын ажлыг хийсэн “И М” ХХК гаргасан нь холбогдох хуулийг зөрчсөн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзсэн атлаа “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй, уг компаниас баталгаа гаргаагүй байхад хариуцагч барилгыг ашиглалтад оруулсан үйл баримттай дээрх хуулийн холбогдох заалтуудыг уялдуулан тайлбарлаж хэрэглээгүй нь буруу болжээ” гэж дүгнэж хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэнд гомдолтой.
10.4.Мөн “Б ц” ХХК-ийн захирал Б.Б-ийн зүгээс “Улсын дээд шүүхэд хандан Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлсэн компани улсын комиссын бүрэлдэхүүнд заавал оролцох эсэх талаар албан ёсны тайлбар гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан байдаг. Үүний хариу болох Улсын дээд шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4/83 дугаар албан бичигт “... Харин Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 18 дугаар тогтоолоор “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн Г х, б х б г-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж “... техникийн болон чанарын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй нь хууль, дүрмийн заалтад нийцээгүй, барилгыг ашиглалтад хүлээн авах үйл ажиллагаанд барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлыг бие даан гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй ...” гэж шийдвэрлэснийг адил төрлийн маргаанд адилтган хэрэглэх боломжтой.” гэжээ.
10.5.Нэхэмжлэгч “Б” ХХК нь 7800 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын угсралтын ажлыг дангаараа хийж гүйцэтгэсэн, хариуцагч, гуравдагч этгээдийн зүгээс энэ талаар маргадаггүй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэмд заасан гүйцэтгэгч байгууллагын төлөөллийг оролцуулах гэснийг хоёр шатны шүүх буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Магадлалын Хянавал хэсэгт “... Нөгөөтээгүүр, Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.12-т “Барилгын ажил гүйцэтгэгч гэж захиалагчтай гэрээ байгуулсны үндсэн дээр барилгын ажлыг гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээдийг”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Барилгын ажил гүйцэтгэгч дараахь чиг үүрэгтэй”, 40.1.9-д “барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэх” гэж тус тус зааснаас үзэхэд барилгын ажлыг гүйцэтгэгч нь захиалагчтай гэрээ байгуулан, барилгын ажил гүйцэтгэх эрх бүхий хуулийн этгээд байхын зэрэгцээ тухайн барилга байгууламжийн суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн этгээд байхаар байна ...” гэжээ.
10.6… Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар “Б” ХХК нь эрх бүхий этгээдийн олгосон тусгай зөвшөөрлийн хүрээнд маргаж буй захиргааны акт буюу 2019/310 дугаар дүгнэлтээр байнгын ашиглалтад хүлээн авсан 78 автомашины дулаан зогсоол бүхий зоорийн хамт 3 давхар, 7800 м.кв талбай бүхий үйлчилгээний барилгын суурь, зоорь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажлуудыг бие даан гүйцэтгэсэн болох нь тогтоогддог. Хариуцагч болон гуравдагч этгээд “П о” ХХК-ийн зүгээс энэ талаар маргадаггүй. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 18 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “... Барилгын тухай (2016 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “... (3 жилийн) хугацаанд гарсан зөрчлийг захиалагч, зураг төсөл зохиогч, гүйцэтгэгч, материал ханган нийлүүлэгч, эзэмшигчийн аль буруутай этгээд арилгаж, хохирлыг барагдуулах”-аар, 40 дүгээр зүйлийн 40.1.8-д “... (барилгын ажил гүйцэтгэгч нь) барилга байгууламжийн ашиглалтыг зүгшрүүлэх, тохируулах хугацаанд өөрийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас гарсан хохирлыг хариуцах”-аар зааснаас үзэхэд, барилгын суурь, хана, хучилт, шат, араг бүтээц, дээврийн ажил гүйцэтгэсэн “Г ф” ХХК нь өөрийн гүйцэтгэсэн ажилд холбогдох хариуцлагыг “3 жилийн хугацаанд” бүрэн хүлээх үүргийг хуулиар хүлээсэн, түүнчлэн, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа”-нд өөрийн хийж гүйцэтгэсэн барилгын хийц, бүтээц, эдлэхүүний ашиглалтын хэвийн нөхцөлийг хариуцан хангахаар заажээ.” гэсэн үнэлэлт дүгнэлтийг хийсэн байдаг.
10.7.Магадлалд “... Дээр дурдсанчлан “П о” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч “Б” ХХК-тай, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” тус тус байгуулан барилгын ажлыг гүйцэтгүүлж байсан ба энэ хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барилга барих тусгай зөвшөөрлийг авч улмаар маргаан бүхий дүгнэлтэд гүйцэтгэгчээр орсныг буруутгах боломжгүй бөгөөд ... барилга байгууламжийн захиалагч болон гүйцэтгэгчээр “П о” ХХК нь ажилласныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй ... гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй тул “П о” ХХК захиалагч ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж өөрөө өөрийгөө хянаж дүгнэлт гаргасан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгчээс үйлчилгээний төвийн барилгын талбайг маргаан бүхий дүгнэлтэд 5000 м.кв гэж хүлээн авсан атал бодит байдалд 7800 м.кв байгаа тул дүгнэлт хууль бус гэж тайлбарлаж байгаа боловч үүний улмаас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчиж байгаа болох нь тодорхойгүй байна ...” гэжээ.
10.8.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анхан шатны шүүхээс Үндэсний төв архивт очиж үзлэг хийсэн. Үзлэгээр маргаж буй барилга угсралтын ил, далд ажлын актуудын огноо, гарын үсгүүд засвартай, хууль ёсны нотлох баримтаар тооцох боломжгүй болох нь нотлогдсон. Өөрөөр хэлбэл үнэн зөв, эргэлзээгүй байх зарчимд нийцэхгүй бичиг баримтуудыг бүрдэл хангасан мэтээр үнэлж дүгнэсэн гэж үзэж байна. Зураг төслийн зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэдэг нь Барилга, хот байгуулалтын сайдын тушаалын хавсралтаар батлагдсан загварын дагуу хийгдэх ёстой. Хавтаст хэрэгт авагдсан нэгдсэн дүгнэлт нь шаардлага хангахгүй, бүрдэл дутуу, эрх бүхий этгээд хянаагүй байдаг. Тухайлбал, зураг төсөл өөрчлөгдсөн эсэх, өөрчлөгдсөн бол түүнийг баталгаажуулсан эсэх, барилга угсралтын явцад гарсан зөрчил дутагдал, тэдгээрийг арилгасан эсэх талаар бичигдээгүй, барилга архитектур, барилга бүтээц, халаалт, агаар сэлгэлт, цэвэр, бохир ус, цахилгаан хангамж, автоматик холбоо дохиолол зэргийг хийж гүйцэтгэсэн аж ахуйн нэгжүүдийн эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаагүй, тамга тэмдэг дарагдаагүй. Хавтаст хэрэгт авагдсан захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт гэх баримт бичиг нь хууль бус. Учир нь захиалагч, ерөнхий гүйцэтгэгч нь нэг компани буюу “П о” ХХК, өөрөөр хэлбэл өөрөө өөрийгөө хянаж дүгнэлт гаргасан. Нөгөө талаас энэхүү дүгнэлтээр 2018 онд 16 давхар хүртэлх цутгамал болон угсармал барилга барих зөвшөөрөл авсан “П о” ХХК нь 2015 оноос эхлэн маргаж буй 16 давхар орон сууц барьсан гэдгээ хүлээн зөвшөөрсөөр байхад хоёр шатны шүүх энэ талаар бодитой үнэлэлт дүгнэлт хийгээгүй.
10.9.Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 18 дугаар тогтоолын Хянавал хэсэгт “... Барилгын тухай /2016 оны/ хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “захиалагч ... барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах ...(-даа) барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл, барилгын ажлын ил, далд ажлын акт, зураг төсөл, зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт, захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт, барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээний холболтыг техникийн нөхцөлийн дагуу гүйцэтгэсэн, эсхүл өөр эх үүсвэр ашигласныг баталгаажуулсан тэмдэглэл, холбогдох мэдээлэл, барилга байгууламжийн өөрчлөлтийн зураг төсөл, тоног төхөөрөмж угсарсан актууд, холбогдох байгууллагаар баталгаажуулсан тоног төхөөрөмжийн туршилтын баримт бичиг, тоног төхөөрөмжийг зааврын дагуу суурилсан эсэхэд хийсэн туршилтын дүгнэлт... хавсаргах”-аар, 48.7-д “... (эдгээр баримт бичгийг бүрдүүлээгүй тохиолдолд) барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах ”-аар заажээ.
10.10.Түүнчлэн, Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм” (Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолоор хүчингүй болсон)-ийн Дөрөвдүгээр зүйлийн 4.4-т “... барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулах хүсэлтийг захиалагч гаргах”-аар, 4.5-д “... хүсэлт гаргахдаа ... (уг) дүрмийн 4 дүгээр хавсралтын Б хэсэгт заасан бичиг баримт, холбогдох материалыг бүрдүүлэх”-ээр, “... (комисс томилох байгууллага нь) баримт бичгийн бүрдлийг хянаж, ... комиссын үйл ажиллагааг зохион байгуулах”-аар, 4.6-д “Зураг төсөл зохиогч, захиалагч ..., гүйцэтгэгч талууд хамтран тухайн барилга байгууламжид техникийн болон чанарын үзлэг, шалгалт хийж дотоодын хяналтын дүгнэлт гаргана. Энэхүү дүгнэлтийг ... (хүсэлт)-д хавсаргах”-аар, 4.12.3.2-т “... (комисс нь) барилга байгууламжийн техникийн баримт бичгийн бүрдүүлэлтийг хийсэн ажилтай нь уялдуулан үзэх”-ээр, 4.13.4, 4.13.5, 4.13.6-д “... (захиалагч нь) барилгын ил, далд ажлын гүйцэтгэлийн актуудыг холбогдох байгууллага, албан тушаалтнаар баталгаажуулан, фото зургийг материалд хавсаргах, ... барилгын ажилд хэрэглэсэн түүхий эд, материал, бүтээц эдлэхүүний үйлдвэрийн паспорт, гарал үүсэл, тохирлын болон техникийн гэрчилгээ, чанарын баталгааг холбогдох ил, далд ажлын актад хавсаргах, ... барилгын ажлын үе шатны хяналтын ... акт, албан шаардлага, дүгнэлтийн биелэлтийг гүйцэтгэгчтэй хамтран гаргах”-аар тус тус заасан байна.
10.11.Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, барилгын захиалагч болох “Г с” ХХК (иргэн Э.А)-аас Д аймгийн Г х, б х б г-т хандан 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21 дүгээр албан бичгээр “... улсын комисс ажиллуулах” хүсэлт гаргахдаа дээрх хууль, дүрэмд заасан бүрдүүлбэл зохих материалуудыг бүрэн гүйцэд хавсарган ирүүлээгүй, дүрмийн 4.6-д заасан техникийн болон чанарын дотоодын хяналтын дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэсэн “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй, уг барилгад “плита ..., паркет ..., будаг ...” гэх зэрэг ажил гүйцэтгэсэн “И М” ХХК-ийн төлөөллийг байлцуулан, уг компанийг барилгын “гүйцэтгэгч байгууллага”-аар тодорхойлж, баримт бичгийг бүрдүүлэн ирүүлсэн нь хууль болон дүрмийн заалтуудад нийцээгүй, энэ тохиолдолд, хариуцагч Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д зааснаар уг барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үүрэгтэй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан, нэхэмжлэгч “Б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь маргаж буй захиргааны актын улмаас зөрчигдөж хөндөгдсөн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
11.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээд нарын өмгөөлөгч, төлөөлөгч нараас “нэхэмжлэгч талын гаргасан гомдол үндэслэлгүй тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн утгатай тайлбарыг өгөв.
12.Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
13.Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
14.Тодруулбал, барилгын эрх зүй гэдэг нь барилгын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн хэм хэмжээний цогц бөгөөд энэ нь нийтийн болон хувийн эрх зүйд хуваагддаг. Барилгын нийтийн эрх зүй нь захиргааны эрх зүйн тусгай ангийн нэг хэсэгт хамаарах ба энэ нь дотроо барилгын төлөвлөлт болон барилгын дүрэм журам (норм, норматив, техникийн дүрэм, стандарт ...) гэсэн хэсгээс бүрдэнэ. Барилгын дүрэм журмын гол зорилго нь нийтийн аюулгүй байдлыг хамгаалахад оршино. Энэ утгаараа төрөөс барилгын үйл ажиллагаа эрхлэх, барилгын материал үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх, ашиглалтад оруулах зэрэгт холбогдох дүрэм, журмыг мөрдүүлэх үүднээс зөвшөөрөл олгох, татгалзах, цуцлах, хүчингүй болгох, хяналт шалгалт хийх, дүгнэлт гаргах зэргээр оролцдог. Харин барилгын хувийн эрх зүй нь нэг талаас барилгын захиалагч, нөгөө талаас барилгын ажил гүйцэтгэгч (ерөнхий болон туслан гүйцэтгэгч) нарын хооронд барилгын үйл ажиллагаа явуулахтай холбоотой үүсэх харилцааг зохицуулж буй хэм хэмжээний цогц юм (Иргэний хууль гэх мэт).
15.Нэхэмжлэгчийн зүгээс “... манай компани “П о” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаад 201, 202 гэсэн барилгыг 9-16 давхар хүртэл, зоорийн давхрыг оруулаад 3 давхар үйлчилгээний зориулалттай барилгын бүрэн цутгалтыг хийж дуусгасан, гэтэл уг барилгыг улсын комисс хүлээж авах ажиллагаанд оролцуулаагүй, улсын комиссын дүгнэлтэд ерөнхий гүйцэтгэгч нь “П о” ХХК гээд бодит үнэнд нийцэхгүй зүйл бичсэн, ... бид ажлаа хийчхээд мөнгө төгрөгөө авах асуудал дээр эрүү болон иргэний журмаар маргаан тодорхой хэмжээнд хянан шийдвэрлэгдэж байгаа, компанийн эрх ашиг хөндөгдсөн хэвээр байна ...” гэж, хяналтын шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч “... Би гарын үсэг зурж, тамга дараагүй нөхцөлд улсын комисс хүлээж авахгүй байсан. Учир нь мөнгөө аваагүй учраас комисст оролцоогүй ...” гэж зөрчигдсөн эрхээ тайлбарлаж байгаагаас үзвэл барилгын хувийн эрх зүйгээс үүдэлтэй маргааны үндэслэлээ нийтийн эрх зүйн хүрээнд хамаатуулж, хариуцагч захиргааны байгууллагыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, захиалагчтай байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой төлбөрийн маргаан нь энэхүү хэргийн хувьд нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэл болохгүй юм.
16.Харин нэхэмжлэгчээс “барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгчийн хувьд барилга ашиглалтад оруулах улсын комиссын бүрэлдэхүүнд оролцох ёстой байтал оролцуулаагүй” гэх үндэслэл нь түүний хувьд нийтийн эрх зүйн шаардах эрхийн үндэслэл болохоор байна.
17.Тодруулбал, Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлд “Барилга байгууламж ашиглалтад оруулах” үйл ажиллагааг зохицуулахдаа комиссын бүрэлдэхүүнд гүйцэтгэгч байгууллагыг заавал оролцуулахаар заагаагүй байх тул хуулийн дагуу шаардах эрх үүсэхгүй. Гэвч тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 317 дугаар тогтоолоор батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 1 дүгээр хавсралтад заасан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүн гэсэн хэсэгт “Гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл” байхаар заажээ.
18.Захиргааны дүрэм, журам нь ихэнхдээ захиргааны албан хаагчдад чиглэсэн дотогш чиглэсэн шийдвэр байдаг тул зарчмын хувьд бусад этгээдийн шаардах эрхийн үндэслэл шууд болдоггүй. Гэхдээ дээрх дүрэмд барилгын ажил гүйцэтгэгчийг барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцуулахаар заасан байх тул тухайн этгээд оролцохыг шаардах, ийнхүү оролцсоноор өөрийн хийж гүйцэтгэсэн ажил нь барилгын норм, дүрэм, стандартад нийцсэн, нийтийн аюулгүй байдлыг хангасан болохыг тайлбарлах, нотлох зэрэг эрхийг хэрэгжүүлэх, түүнчлэн тодорхой үүргийг хүлээхээр байна. Уг дүрэмд заасан “гүйцэтгэгч байгууллагын төлөөлөл” гэдгийг Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар Барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргийг хэрэгжүүлэгч этгээд гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл, тухайн барилга, байгууламжийг эхнээс нь дуустал буюу ашиглалтад оруулах хүртэл барилгын үйл ажиллагааны ерөнхий хяналт тавих, хуулиар хүлээсэн бүхий л чиг үүргийг хариуцан ажиллах этгээдийг хэлнэ.
19.Харин энэхүү маргааны тухайд, нэхэмжлэгч нь маргаан бүхий комиссын актаар ашиглалтад авсан барилгын ерөнхий гүйцэтгэгчээр эхнээс нь дуустал Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан чиг үүргийг бүхэлд нь хэрэгжүүлж ажилласан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй талаар анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэсэн байна. Тодруулбал, барилгын ажлыг эхлэх үед гуравдагч этгээд “П о” ХХК нь (өндөр төвөгшилтэй барилга байгууламж барих) тусгай зөвшөөрөлгүй байсан тул уг ажлыг гүйцэтгүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй “Б” ХХК-тай гэрээ байгуулж тодорхой ажлуудыг хийж гүйцэтгүүлсэн, гэвч нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай гүйцэтгээгүйн улмаас захиалагч гэрээгээ цуцалж, барилгын ажлыг “Д” ХХК-аар үргэлжлүүлэн хийлгүүлж, улмаар “П о” ХХК нь тусгай зөвшөөрлөө авснаар өөрөө гүйцэтгэгч болж барилгын ажлыг хийж дуусгасан. Иймд барилгыг улсын комисст хүлээлгэн өгөхдөө “Барилгын ажлын ерөнхий гүйцэтгэгч”-ээр “П о” ХХК гэж, харин туслан гүйцэтгэгчээр нэхэмжлэгч “Б” ХХК-аас гадна “Д” ХХК болон нэр бүхий 10 компанийг тусгасан, гүйцэтгэгч компаниудын төлөөлөл оролцсон энэ тохиолдолд нэхэмжлэгчийг барилгын ажлын “ерөнхий гүйцэтгэгчээр” комисст оруулаагүйд хариуцагч буруутай гэх үндэслэл алга байна.
20.Хэдийгээр нэхэмжлэгч маргаан бүхий дүгнэлтээр ашиглалтад оруулсан барилгыг бүхэлд нь хийж гүйцэтгээгүй ч үндсэн суурь, хана, хучилт, шат, араг бүтээцийг хийж гүйцэтгэсний хувьд барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын бүрэлдэхүүнд оролцох, оролцуулахыг захиалагч болон хариуцагчаас шаардах эрхтэй. Харин маргаан бүхий дүгнэлтэд нэхэмжлэгчийг “туслан гүйцэтгэгч”-ээр тусгасан нь хариуцагчийн гэхээсээ илүүтэй захиалагчийн асуудал байхаас гадна нэхэмжлэгчийн төлөөлөгч комисст ороогүй шалтгаанаа “мөнгөө аваагүй учраас оролцоогүй” гэж тайлбарлаж байгаагаас үзвэл хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна. Түүнчлэн дүгнэлтэд тус компанийг “ерөнхий гүйцэтгэгч” бус “туслан гүйцэтгэгч” гэж бичсэнээс болж түүний комисст оролцох эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх боломжгүй.
21.Мөн “... “П о” ХХК нь 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчтэй, 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр “Д” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан ажилласан ба энэ хугацаанд буюу 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр барилга барих тусгай зөвшөөрлийг авч улмаар барилга ашиглалтад авах комисст захиалагч болон гүйцэтгэгчийн төлөөлөгчөөр орсныг хууль бус гэж үзэхгүй, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.23-т зааснаар зөвшөөрөгдсөн ...” гэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэстэй байна.
22.Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д “Захиалагч энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллагад барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар хүсэлт гаргах бөгөөд түүнд дараахь баримт бичгийг хавсаргана:” гээд 48.5.1-48.5.7-д барилгын үе шатны ажлын гүйцэтгэлийн тэмдэглэл; барилгын ажлын ил, далд ажлын акт; зураг төсөл зохиогчийн хяналтын нэгдсэн дүгнэлт; захиалагчийн барилгын техникийн хяналтын нэгдсэн дүгнэлт зэрэг хавсаргах ёстой баримтуудыг тодорхой заасан, ийнхүү хуулийн дагуу хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллага холбогдох баримт бичгийг хянаж, ажлын 10 өдрийн дотор ашиглалтад оруулах комисс ажиллуулахаар 48 дугаар зүйлийн 48.6-д зохицуулсан. Мөн зүйлийн 48.7-д “Барилга байгууламжийг дараахь тохиолдолд ашиглалтад оруулахаас татгалзана” 48.7.1-д “энэ хуулийн 48.5-д заасан баримт бичгийг бүрдүүлээгүй”, 48.7.2-т “захиалагч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ хуулийн 47.2, 47.5-д заасан хяналт шалгалт хийхэд саад учруулсан, татгалзсан”, 48.7.3-т “энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан зөвшөөрлийн нөхцөлүүдийг зөрчсөн” гэж тодорхой заажээ.
23.Анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн, “П о” ХХК нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлт гаргахдаа Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5-д заасан баримт бичгийн бүрдлийг хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин тухайн баримтууд нь хуурамч болох талаар эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүйгээс гадна дээрх хуулийн 48 дугаар зүйлийн 48.8-д зааснаар баримт бичгийн үнэн зөвийг захиалагч хариуцна. Нэгэнт захиалагч буюу хүсэлт гаргагч хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэн өгсөн бөгөөд ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэл (48 дугаар зүйлийн 48.7.1-48.7.3-т заасан) байхгүй тохиолдолд барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай улсын комиссын маргаан бүхий дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
24.Барилга байгууламжийг ашиглалтад авах тухай комиссын дүгнэлт нь тухайн барилга байгууламж батлагдсан зураг төсөл, норм дүрэм, стандартын дагуу баригдсан эсэх, бусдын буюу нийтийн аюулгүй байдлыг хангасан эсэхийг шалган зөвшөөрч буй акт бөгөөд хэрэв комисс уг шаардлагыг хангасан байхад ашиглалтад оруулахгүй, эсхүл хангаагүй байхад ашиглалтад оруулахаар дүгнэсэн бол хууль бус гэж үзнэ. Харин маргаан бүхий тохиолдолд энэхүү үндэслэлийн аль нь ч тогтоогдоогүй байна.
25.Хэрэв тухайн тохиолдолд хариуцагч барилгыг ашиглалтад оруулахаас татгалзсан бол, нэхэмжлэгчийг комисст оролцуулаагүйгээс хууль бус дүгнэлт гарсан гэж үзэх боломжтой, тодруулбал “барилгын ажил гүйцэтгэгч ороогүйгээс өөрийн хийсэн ажил нь чанар, стандартын шаардлага хангасан болохыг тайлбарлах, хамгаалах боломж олгогдоогүй” гэсэн үндэслэлээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжтой. Гэтэл энэ тохиолдолд хариуцагчаас нэхэмжлэгчийн оролцож барьсан барилга байгууламжийг “шаардлага хангасан” гэж үзэн ашиглалтад оруулахаар дүгнэлт гаргаснаар нэхэмжлэгчийн ажил хэргийн нэр хүнд, ажлын түүхэнд сөргөөр нөлөөлөх, хийсэн ажлыг нь үгүйсгэх зэргээр эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй, иймд маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн “хамгаалагдах эрх” байхгүй байна.
26.Нэхэмжлэгч талын хяналтын журмаар гаргасан гомдолд дурдсан Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 18 дугаар тогтоолоор “Г ф” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д аймгийн Г х, б х б г-т холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцсэн хэргийн үйл баримт өөр байна. Тухайлбал, тухайн хэрэгт хамааралтай үйлчилгээний төвтэй, 65 айлын орон сууцны барилгыг захиалагч нь “Г с” ХХК, барилгын үндсэн ажлыг гүйцэтгэгч нь “Г ф” ХХК, барилгын ажлыг 2014 оны 06 сард эхэлж, 2015 онд дуусгасан, эдгээр үйл баримтын талаар талууд маргаагүй, ... “Г с” ХХК-аас хариуцагчид хандан хүсэлт гаргахдаа хууль, дүрэмд заасан бүрдүүлбэл зохих баримтуудыг бүрэн гүйцэд хавсаргаагүй, дүгнэлт гаргахдаа барилгын үндсэн ажлыг гүйцэтгэгч “Г ф” ХХК-ийг оролцуулаагүй, уг барилгад плита, паркет, будаг гэх ажлыг гүйцэтгэсэн “И М” ХХК-ийн төлөөллийг оролцуулсан ... нь хуульд нийцээгүй ...” гэх зэргээр дүгнэжээ.
27.Гэтэл энэ хэргийн тухайд дээр дурдсанчлан, маргаан бүхий дүгнэлтээр ашиглалтад оруулсан барилгын ажлын ерөнхий (үндсэн) гүйцэтгэгч мөн эсэх тал дээр хэргийн оролцогчид буюу ажил гүйцэтгэгч-нэхэмжлэгч болон захиалагч-гуравдагч этгээд нар маргасан, ашиглалтад оруулсан барилгын үндсэн хийцийг нэхэмжлэгч бүхэлд нь дангаараа гүйцэтгээгүй, комиссын бүрэлдэхүүнд нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хувиар оролцох боломжтой байсан ч оролцоогүй, үүнд хариуцагчийг буруутгах боломжгүй, ашиглалтад оруулсан барилгын зарим хэсгийг барьсан “Д” ХХК болон бусад туслан гүйцэтгэгч нар комисст оролцсон, захиалагч хуульд заасан журмын дагуу хүсэлт гаргаж, холбогдох баримт бичгийг бүрэн гүйцэд өгсөн, иймээс маргаан бүхий дүгнэлтийг гаргахгүй байх буюу татгалзах хуульд заасан үндэслэл байхгүй зэрэг ялгаатай үйл баримт тогтоогдсон, иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
28.Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол ... –с өөрөөр тайлбарлан хэрэглэсэн” гэсэн агуулгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9, 10 дахь хэсэг дэх нэхэмжлэгчийн төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 128/ШШ2023/0681 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 221/МА2023/721 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.5-д зааснаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоол нь шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД П.СОЁЛ-ЭРДЭНЭ
Ц.ЦОГТ
Г.БАНЗРАГЧ